1997 онд ашигт малтмалын хууль буй болсноор хувь хүмүүс болон хувийн хэвшлийнхэн уул уурхай ашигт малтмалын салбарт ажиллах үүд хаалга нээгджээ. Үнэндээ энэ хууль нь ашигт малтмалын гэхээсээ лицензийн хууль байсан юм. Энд уул уурхайг ашиглах, байгаль орчныг хамгаалах зэрэг олон асуудлыг огт хөндөөгүй. Буруутгаж буй хэрэг биш, тэр үед дэлхий даяар уул уурхайн салбар уналтанд орсон байсан учир Монголын баялагийг чулуу болгох тухай биш, урдаа барьж болох ганц салбараа хүнд тоолгох асуудал нь гол байлаа. Монгол улс уул уурхай дээрээ түшиглэн босож ирнэ гэдэг жараад оноос хойшхи бүх үеийн сэхээтэн, эдийн засагч, төрийн хариуцлагатнуудын мөрөөдөл байв. Гэтэл ерээд он гэдэг уул уурхайн бүрэн уналтын үе байлаа. 1990 онд дэлхий даяараа геологийн хайгуулд ердөө л ганцхан зуун сая доллар гаргаж байсан баримт байна. Геологичид ажилгүй болж ихэнх нь өөр мэргэжил ажилд шилжиж байлаа. Монголчуудын гуч дөчин жилийн мөрөөдөл тун ч бүдэгрэн сүүмийж байсан хэрэг. Бараг л сүүлчийн горьдлого болгож ийнхүү маш либераль хуулийг УИХ батлан гаргалаа. Монголын уул уурхайд хөрөнгө оруулалт хийвэл төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэхээр амалж байв. Үүнээс өмнө Өрнийн нэлээд жижиг компаниуд Монголд нефть, ураан, зэсийн хайгуул хийж байжээ. Нефтийн хайгуул бүтэл муутай, урааны үнэ хэтэрхий доогуур гээд нэг л урагшгүй. Монголын удирдлага болгон гадаадад явахдаа илэрц бүхий хэдэн ордоо суртчилан хөрөнгө оруулахыг гуйдаг ганц ажилтай байлаа. Өнөө л Таван толгой, өнөө л Асгат, өнөө л Цагаансуврага, өнөө л Улаан, Цав. Гэхдээ эдний алин дээр нь ч ТЭЗҮ байхгүй, манайд нэг гоё юм байгаа ирж ухаач гэх маягийн бүдүүн баараг юм л яриастай. Дэлхийн уул уурхайн салбарт хэдхэн том гигантууд байдаг. Тэдний нэг нь Австралийн Би Эйч Би юм. Азид тэд бүрэн ноёлодог. Хятадын зах зээлийг түүхий эдээр голлон хангагч. Тэд саяхан нээгдсэн Монголд хайгуулийн нэлээд хэдэн лиценз авчээ. Үүний нэг нь өнөөгийн бидний Оюутолгой гэж нэрлээд байгаа Өмнөговийн Ханбогд сумын нутаг дахь газар. Энэ хавьд зэсийн илэрцтэй гэж нэгэн монгол геологич хэлсний дагуу тэд лицензийг нь авсан гэдэг. Ийм илэрц Монголд олон бий, харин зэс байж ч магадгүй, үгүй ч магадгүй. Баялаг туршлагатай Би Эйч Би тэр хавиар хорь гаруй өрөмдлөг хийн хайгуул явуулаад юу ч олсонгүй. Тэгээд ч зэсийн үнэ шалан дээр уначихсан байхад энэ нь дэндүү эрсдэлтэй ажил байлаа. Ингээд салахын түүс болжээ. Уг компани бас Тавантолгойн нүүрсний ордын лицензийг авсан байсан юм. Хоюуланг нь зарах гэж нэлээд оролдлоо. Хэн ч авахгүй болохоор нь Тавантолгойн лицензийг монголчуудад эргүүлж өгөв. Харин Оюутолгойг Канадад бүртгэлтэй Айванхо майнз хэмээх компани авлаа. Уул уурхайн бизнест нэгэн бичигдээгүй дүрэм бий. Эхний хайгуул, магадгүй анхны ашиглалтыг жижиг компаниуд гүйцэтгэдэг. Тэд хамаг эрсдлийг үүрдэг. Ингээд “савалж баглан” багц болгоод жинхэнээр ашиглах том компанид зардаг. Ашгаа эндээс хийдэг боловч асар их эрсдэл үүрч буй учир дампуурах нь ч элбэг. Ийм компанийг “жуниор” гэдэг. Өсвөрийн гэх маягтай. Айванхо майнз бол ийм компани. Гэхдээ энэ зэрэглэлээсээ дөнгөж гараад томоохон биржүүд дээр анхны хөлөө тавьсан байв. Тэд Монголд бас нэг аз үзэхээр шийджээ. Ингээд нэмж баахан цооног ухсаар 150 хүргэсэн аж. Цөхөрлөө. Бүрэн шатаад орхиж явахаар шийдэв. Өрөмдлөг болгон олон арван мянган доллар шүү дээ. Одоо геологичдийн дунд домог шиг яриа үлдэж. Канадын геологич Кирвин 150 дахь өрөмдлөгийн цэгийг зааж өгчээ. Ингээд бараг 600 метрийн гүнд зэсийн олдоцод тулсан байна. Айванхогийн Монголоос бүр мөсөн явахын өмнө хийсэн хамгийн сүүлчийн өрөмдлөг нь геологийн түүхэнд эхний аравт багтахаар асар том нээлт боллоо. Оюутолгойн зэсийн нөөцийг өнөөдөр 72 тэрбум унци, алтыг нь 30 сая унци гэж барагцаалдаг. Дэлхийд тоологдох ховор баялаг. Энэ бол ХХI зуун гарсны анхны жил, 2001 он байлаа. Өдгөө Оюутолгойн зэсийн хүдрийн биетийг тоймолбол цувсан дөрвөн том бөөгнөрөл гэж дүрслэгдэнэ. Нэгнийх нь толгойг дээрх домогт өрөмдлөг хальт онож орхижээ. Энэ бол асар том аз, шинжлэх ухаан технологийн лут ололт байв. 150 дахь цооногийг гаргасан геологчид ч, Айванхогийн хувьцаа эзэмшигчид ч, тэр тусмаа монголчууд энэ нээлт хувь заяанд нь ямар том эргэлт болж байгааг тэрүүхэн үедээ төсөөлсөнгүй. Гурван жил үргэлжилсэн дараагийн судлагааны эцэст үнэлж баршгүй эрдэнэ олдсоныг сая ойлгосон юм. Хэдэн арав, заримдаа зуунаар хэмжигдэх жилээр ийм олдворын дээгүүр хайгуул хийгээд олоогүй тохиол геологийн түүхэнд тун элбэг гэнэ. Азын хувьд Айванхо компаниас гадна үүнийг хөрсөн доороо хадгалж байсан монголын ард түмэн ховор хоншоортой байлаа. Төв Америк, Өмнөд Азид хэд хэдэн ордтой Айванхо майнз компанийн эзэн Робэрт Фридланд нэлээд өвөрмөц ааштай сонин эр. Хамаагүй эрсдэл хийдэг, тэр хэрээрээ аз нь гийдэг, хамаагүй ярьдаг, тэр хэрээрээ хэл аманд орооцолдох нь элбэг. Калифорнийн алтны харуурлын үеийн ковбой маягийн зантай. Монгол дахь гийсэн аз нь түүний хувьцааг бирж дээр суга өсгөв. Дорхноо тэрбумаар тоологдох хөрөнгийг бирж дээр босгож ирлээ. Паблик компани ийм болж буй нь Оюутолгойн эзэмшигчид дэлхий даяар олон боллоо гэсэн үг. Түүнд итгэн мөнгөө өгч уурхайгаа ажиллуулан их ашиг олоод хувьцааны ноогдол маягаар эргүүлээд өсгөөд өг гэсэн хар мянган хүн гараад ирсэн гэсэн үг. Мань хүн ч хувьцаагаа өсгөхийн тулд сурсан зангаараа үнэн худал хамаагүй юм бурж хүн амьтан цочролд оруулж байна. Зах дээр бараа зарж суугаа наймаачинтай утга нэг боловч биржийн наймаа нь тогтсон ёс зүйтэй байдаг тул арай ингэж дэгсдүүлж боломгүй. Тэрээр нэг удаа Монголд олсон баялагаа таван доллароор подволк хийгээд 100 доллароор зарж байгаа байдлаар төсөөлүүлэн ярьж хөөрчээ. Харин хавтгай болсон дэлхийд түүний Өмнөд Америкт ярьсан яриа маргааш нь Монголын сонинд нийтлэгдэх нь тэр. Ингээд монголчуудад хар үүслээ. Угаасаа ч хардах нь тэдний цусанд байдаг зан чанар. Фридланд Монголыг ганц хүн шийдвэр гаргадаг Казахстан маягийн орон байна гэж үзээд олон нийтийн санал бодлыг сонирхсон ч үгүй. Хийсэн болон хийх гэж байгаа ажлаа олон нийтэд танилцуулахын оронд эзэн хаан болон түүний урдуур хойгуур бөхөлзөн гүйх шадруудтай “хараар” тохирохыгоо илүүд үзнэ. 2003 онд монголчууд Орост өрөө төлөх болоход Айванхо майнз Засгийн газарт 50 сая доллар зээлүүллээ. Энэ бол үнэндээ Засгийн газартай гэрээ хийх болзлын хахууль байв. Хэрэв гэрээ хийгдээд цааш явсан бол мөнгө буцаагдахгүй Монголын эздийн хармай руу чимээгүй гулсан алга болох байсан болов уу даа. Айванхо майнз Монголд гайхамшигт нээлт хийж өөртөө болон Монголын ард түмэнд аз авч ирсэн. Монголд үйлчилж байгаа хуулийнх нь дагуу ажиллаж, ард түмэн, олон нийтэд нь тайлбарлан, шудрагаар хандан зүгээрл ном журмаар ньявсан бол аль аль талдаа ашигтайгаар толгой эргэм мөнгийг “хийж” болох байлаа. Харин тэд ажлаа “хөнгөвчилж” эзэдтэй нь нууц ч юм шиг, хуйвалдсан ч юм шиг, хууль бусаар ч юм шиг тохиролцох гэж яваад хүнд байдалд тулав. 2004 онд түүний эзэн нь гэж ойлгож байсан нөхөр хамаг эрх мэдлээ алдаж, эгээтэй л шорон явчилгүй нэг юм тогтов. Шинэ Засгийн газар мөнөөх 50 сая долларыг нь буцаагаад өгчихлөө. Монголчууд төрлөхийн хартайгаас гадна байхгүй юм булаацалдахдаа гаргуун хүмүүс. Засагт шинээр гарч ирэгсэдийн ойлголтоор хууччуул нь Айванхогоос асар их мөнгө авилгаар авсан, харин өөрсдийг нь “доош нь хийгээд” юу ч хялайлгахгүй байгаа аж. Ингээд “тэмцлийн хурц хэлбэр”-т шилжлээ. Зурагтаар нэгэн бичиг үсэгтэй эр Фридланд монголчуудыг хэрхэн турж үхтэл нь шулж байгааг интернэтээс жишээ татан бут авлаа. Энэ нь уул уурхайн дэлхийн тогтсон жишиг жаягийг мэдэхгүй олон хүний зүгээр л эх оронч үзлийг нь бадраасан юм. Үүний зэрэгцээ шантаажаар баяжих аргыг нийгмийн идэвхи бүхий олон гарууд бас олоод харчих нь тэр. Тэд жишиг жаягийг ойлгохыг ч хүссэнгүй, ойлгоод ч яах юм билээ, өөр зорилго агуулж байлаа. Монголын ард түмэн дор хаяж 50 хувийг нь эзэмшинэ гэсэн тулгалтын “бодлогыг” хөгжүүлэв. Жагсаал цуглаан ч найгаа алдлаа. Их хурлын гишүүн нэгэн энэ бүхнээс хоцрохгүйн тулд талбайд майхан барин гарын үсэг цуглуулж ард түмэнтэйгээ нэгдэв. Харанхуй масс дээр тоглож алдрын зэрэглэлээ нэмэгдүүлэх сайхан бай нь Оюутолгой болж хувирав. Эрүүл саруул юм ярьсан хүн шууд л эх орноосоо урвагч болох нигуртай. Хэн илүү тэнэгтэнэ тэр л жинхэнэ эх оронч. Зохион байгуулагчид эх орны төлөө зүрхээ цохилуулахаас гадна өөрсдийгөө мартсангүй. Айванхо майнзын байрны гадаа үймээн дэгдээж машиныг нь шатаана гэж байсан нөхөд дотогшоо ороод 250 мянган доллароор энэ ажиллагаагаа бүрэн зогсоох наймааны санал тавьж байлаа. Өөр бусад гадаадын компанид шахалт үзүүлэгчид ч бэлэн мөнгөөр асуудал шийдэж болох санал тавьж байсны дээд хэмжээ нь 50 сая долларын нэхэмжлэл байсан юм. Төр ч ард түмэнтэйгээ нэгдлээ. Зэсийн олзворлолтонд 68 хувийн онцгой татвар тавьсан нь Оюутолгойд хөрөнгө оруулагчдад тавьсан нэхэмжлэл байлаа. Эрдэнэт энэ татварыг төлж эхэлсэн нь Оростой байгуулсан тогтвортой байдлын гэрээг нэг талаас дангаар зөрчсөн бүдүүлэг дайралт байв. Эрхтэн дархтан болгон төрийн нэрийн өмнөөс Айванхо майнзыг дайран хөөж туух нь өдрийн дэглэм болжээ. Гол санаа нь авилга өгөхдөө “ард түмний төлөөлөгчдийг” ялгаварлан гадуурхсан явдал болох нь эх оронч ярианы цаанаас нь цухуйхаар үл барам бултайна. Гудамжинд бол бүр замбараагаа алдсан. Ганц биеэрээ “фронт” хүртэл байгуулж шууд Фридландыг өөрийг нь чаддаггүй юм гэхэд гэрээ хийж буй монгол хурган дарга нарыг шантаажлан хэдэн цаас салгаж авах арга хүртэл гарчээ. Эх оронч шантааж бүх нийтийн үйлс болж эмнэлэгийн хяналтанд байдаг хүмүүс ч идэвхийлэн оролцож манлайлах болов. Нэг л үгэндээ бирдийн лонхны амыг Фридланд өөрөө нээгээд тавьчихжээ. Оюутолгой бизнесийн утгаа алдаж улс төрийн тоглолтын талбар боллоо. Хэрэв энэ солиорлыг улстөр гэж нэрлэдэг юм бол шүү дээ! Монголд хэрэгжиж байсан хайгуулын олон арван төсөл хаагдаж, энэ аймаар орноос компаниуд хохирлын бага дээр гарч эхлэв. Монгол улс улсынхаа төсвөөр чардайж байж хоёр сая долларын хайгуул хийдэг бол, энэ үед гадаадын компаниуд жилд 100 сая долларыг хайгуулд зориулж байжээ. Энэ хооронд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ галзууран өсч, 8000 долар давсан нь түүхэнд үзэгдээгүй явдал болов. Айванхогийн хувьцааны үнэ Монгол дахь эх орончдын зүрхний цохилтыг даган огцом буурч өсдөг болов. Энэ нь магадгүй Фридландад сайхан далим өгч бирж дээр спекуляц хийх бололцоо олгов. Магадгүй Улаанбаатар дахь олон эсэргүүцлийн хөдөлгөөнийг өөрөө далдуур зохион байгуулж санхүүжүүлсэн байхад гайхах явдалгүй. Хувьцааны үнэ гэрээ хийгдэхэд 15 доллар болтол өсч, жагсаал болоход бараг 3 доллар болтлоо унаж байлаа. Савалгаанд 100 сая доллар алдаж байхад эргээд 400 сая доллар хожих жишээтэй. Фридланд хожиж, хувьцаа эзэмшигчид хохирно. Харин хөөрхий бирж савлуулагчид хүссэн хахуулийнхаа хэлтэрхий ч олж долоож чадахгүй. Тэд сайн шантаажлахаар мөнгө олно гэсэн тэнэгдүү, харанхуй, үл бүтэх мөрөөдөлтэй. Гэрээ анхлан төлөвлөснөөр хийгдсэн бол Оюутолгойн орд ашиглагдаж эхлээд зөвхөн татвар, роялтигаар өдөрт сая доллар Монголд өгөх байлаа. Таван жил таг гацаасан энэ ордоос олж болох монголчуудын алдагдсан мөнгө бараг хоёр тэрбум доллар болжээ. Гэвч нэг тал биржийн спекуляци хийсээр, нөгөө тал хахуулиа нэхсээр. Үр дүнд нь ашигт малтмал экспортлогч 72 орон дотроо Монгол нь хөрөнгө оруулах тааламжаар 69-р байранд ухран орж ирлээ. Хэн ч орж ирж хөрөнгө оруулахаас айна, аймаар гэж цаанаас нь анхааруулж буй хэрэг. Гэвч нэг талаас зэсийн үнэ аймаар өссөн, нөгөө талаас гайхамшигтай баялаг болох Оюутолгойн ашиглалт гацаанд орсон нь зарим орнууд болон томоохон уул уурхайн компаниудын зохицуулах сонирхлыг нь хөдөлгөжээ. Дэлхийн хамгийн том компани Британийн Рио Тэнто Айванхогийн тодорхой хувьцааг худалдан авчээ. Ёс зүй, жишиг жаягийг мэддэг төдийгүй яс баримтладаг энэ компани монголчуудтай Фридланд маягаар биш, олон улсад тогтсон жишгийн дагуу ойлголцвол нийт ордыг ч эзэмшин ашиглахад бэлэн аж. Харин тэд Улаанбаатарт ирээд үнэндээ галзуу хүмүүстэй уулзлаа. Хэлэлцээрийг Засгийн газар нь биш харин хариуцсан гэх парламентийн сөрөг хүчнийхэн ирж хийдэг гэнэ. Айванхо яг шулах гэж байхад нь 68 хувийн гэнэтийн татвараар шоконд оруулж байгаад Засгийн газартаа 30 хувь эзэмших эрх олж өгсөн гэнэ. Гучин хувь авчихаад тэрнийхээ мөнгийг нь өөрснөөр нь гаргуулах юм яриад уналаа. Гучин хувь нь багадаад 50 хувь авах ба хөрөнгө оруулалтын мөнгийг нь харин өөрснөө гаргахгүй гэнэ. Ер нь л байсхийн орж ирээд үг сүггүй Монголоос дарай зайлахыг сануулж хөөнө. Солиотой Уго Чааваас ч арай ингэж тэнэгтэхгүйсэн. Уул уурхайн менежментийг төр хийдэггүй юм, төр өндөр татвараар бий болох ашгийн 50 хувиас дээшийг авч байвал монголын ард түмэнд хамгийн том ашиг болно, төр хувь авах юм бол түүндээ таарсан хөрөнгө оруулалтыг гаргах болно, энэ нь Монголын өнөөгийн нийт ДНБ-ээс давах учраас дэндүү том даралт болно, бид дээрэмчид биш, энэ хорвоо дээр байдаг нийтлэг жишгээр танайд манайд аль алинд нь ашигтай бүр дэндүү ашигтай ажиллана, өнөөгийн ертөнцөд тэгэж өм цөмөөр нь шулах бололцоо ч байхгүй, тийм юм гарлаа ч зохицуулах олон улсын арбитраж байдаг гэх мэтийн эрүүл тайлбарынхаа хариуд бараг л зодуулах дөхөв. Жижиг хөршид нь Өрнийн хөрөнгө оруулалт, түүнээ дагаад эрх ашиг нь идэвхитэй орж ирж байгаад умарт өмнөд хоёр хөрш нь төдий л таатай хандсангүй. Энэ бол бизнес гэхээсээ геополитикын асуудал. Иймээс дам болон шуудаар “галзуучуудад” нөлөөлж өрнийн хөрөнгө оруулагчдыг өөрсдөөр нь хөөж гаргуулах янз бүрийн арга ил далдаар хэрэглэх болов. Шинхуа компани хэлэлцээ хийгчдийг урьж авчран өөрийн уурхайнуудаа үзүүлж найрсгаар ярилцав. Эргэж ирсэн хойноо уурхай сонирхогчдын яриа хөөрөө бүр ч гаарч солиорлын дээд хэмжээнд тулан, хөөж туух нь бүр ихслээ. Оюутолгойг гадаадын дээрэмчдээс аварсан хүний тоо ч замбараагаа алдав. Парламентийн сонгуулийн компанийн нэгэн салшгүй хэсэг нь Оюутолгой. Эх орноо аврагчид алдагдсан хөрөнгийн 50 хувийг эргүүлж авчирсан хэмээн хөөрч үлдэх тавин хувийг нь хэрэв ард түмэн сонговол дайлаар мордон олж ирэх гэж байгаагаа зарлан тунхаглана. Үнэндээ зүгээр л татвараар ашгийн ихэнхийг нь аваад сууж байх юмыг эх орноо чадамжаас нь давсан өрөнд түлхэн оруулсан хэрэг шүү дээ. Тэд үнэндээ Монголын хөгжлийн гарцыг хааж, ядуурлыг гааруулж, нийгмийн бухимдлыг дэвэргэж, улс орны ирээдүйг хорлосон юм. Зарим нь мөнгөний төлөө, зарим нь хоосон нэр алдрын төлөө, зарим нь эрх мэдлийн төлөө, ихэнх нь зүгээр юу ч ойлгодоггүй тэнэгтээ! Дундад зууны Европт алдаршиж байсан “Тэнэгүүдийн хөлөг онгоц” зохиол үүнтэй харьцуулахад олигтой илүү мангар юм бодож олж чадаагүйдээ өөрөөсөө ичиж доош ормоор. Ашигт малтмалын хууулиндаа өөрчлөлт оруулах гэсэн парламент нөгөөхөө огт байхгүй болгож орхив. Засвар хийсэн нь хууль бус болж, түүнээ эргүүлээд засах гэхээр зохих хахуулиа олж аваагүй гишүүд сүүлдээ үүнээ намаасаа сонгуульд нэр дэвших эсэхээр барьцаалан бүр гацааж орхив. Зэсийн үнэ унаж эхэллээ. Энэ намраас 6000 доллар руу уруудаж байна. Монгол дахь алтны халуурал ч удахгүй биз, юу гэвэл 1000 даллар дөхөж байсан алт 600 руу ойртон унана. Нефтийн үнэ оны эцсээр 200 хүрнэ гэж байсан мэрэг талаар болж эргээд 100 доллар болон бууж байна. Нефтийн үнийн өсөлтийг дагаж оцойж байсан олон түүхий эд, түүний дотор нүүрс галзуурлын үеэ өнгөрөөж эргээд доошлоно гэх таамаг ч байна. Монголын бололцооны алтан үе ч өнгөрөх магадлал их болж байна. Энэ орны удирдлага гадаадын хөрөнгө оруулагчдыг царайчлан ашигт малтмалыг нь аваад өгөөч хэмээн гуйж явсан тэр цаг үе эргэж ирэхэд тун ойр байх шиг.
Ашигт малтмал нь ноолуурын нэгэн адил үнэ нь өсөж буурах өөрийн мөчлөгтэй байдаг. Далаад оны эцсээр унци нь 800 доллар хүрч байсан алт 97 онд 250 болтлоо унасан байлаа. Алтны халуурал дөнгөж эхэлж байсан цаг боловч гар аргаар хувин түмпэнгээр ухаж байснаас гадна дотны томоохон хөрөнгө оруулагчид алт ухах тухай сонсох ч дургүй болсон байлаа. Учир нь ийм хямд үед өртөг нь алтнаасаа илүү гарчихаад байв. Монголын гол экспорт болсон зэсийн дэлхийн үнэ 1500 доллар байв. Эрдэнэтийн тонн зэс гаргах өртөг 1700 доллар.
Tuesday, September 23, 2008
Оюу толгой
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Баабар бол сайн нийтлэлч, өсч яваа түүхч. Хэн ч маргахгүй. Нийтлэлч буюу Columnist хүн бол аливаа үйл явдлын талаар өөрийн санал бодлыг уран сайхны аргаар хүмүүст хүргэдэг хүн. Түүний үзэл бодол, санал нь зөв эсэхийг зах зээл тунгаана.
Миний хувьд Баабарын фен байхгүйн учир гэвэл би түүний улс орны төвшинд асуудлыг шийдвэрлэх мэргэжлийн болоод төрлөх чадварт эргэлздэгийнх. Баабар бол лидер биш, эдийн засагч биш, бас стратегич ч биш. Магадгүй Баабар өөрийн гэсэн фенүүдтэй анхны нийтлэлч байх. Миний бие өөрийн нүдээр эрхэм Баабарыг Сангийн сайд байхдаа үзэглэж явсан гэрээг нь харсан. Энэ гэрээг Бороо голд хэмээх компанитай байгуулсан байв. Гэрээний агуулга нь үндсэндээ Бороо голд компани Монголын баялагийг ухаж авсаныхаа хариуд байгалийг хэзээ ч хуучин хэвэндээ эргэж орохооргүй болгон сүйтгэснийхээ төлөө заавал төлөх ёстой байдаг нөөцийн төлбөр /royalty/-өөс авахуулаад орлогын албан татварыг тэглэж, бүүр НӨАТ-г нь гадаадад төлсөн татвараараа хаах нөхцөлтэй байв. Анх үзээд ихэд цочирдож ийм юм байдагаа гэж бодож байж билээ. Ингэж л Монгол улсын дунджаар 10 тонн алт жил бүр ямар ч татваргүй, дээрээс нь байгал сэргээх төлбөр ч үгүй гадагш гарах болсон юм даа. Нэг унц алт нь 31.1034708 грамтай тэнцэнэ. 10 тонн алтаа унцид шилжүүлээд олон улсын зах дээрх нэг унц алтны үнээр үржүүлээд үзээрэй дээ. Бид 500-хан хүнийг цалинжуулах гэж энэ их баялагаа гадагш нь өгсөн юм гэж үү дээ? Бид Өмнөт африкт ашиглаж байсан секонд хэнд Тоног төхөөрөмжийг Монголд дахиад угсарсаныг нь Монголд орсон гадаадын хөрөнгө оруулалт гэж бүртгэсэн юм гэж үү дээ. Бороогийн алтны уурхай дуусах үед эргүүлээд 50 сая долларын өртөгтэй тоног төхөөрөмжөө аваад явахаар нь Монголоос гадаадад оруулсан хөрөнгө оруулалт гэж бүртгэх үү? Ийм л учраас Баабарын фен байх байхгүй, түүний бичсэн эдийн засаг улс орны эрх ашгийн талаарх нийтлэлүүдэд нь итгэх итгэхгүйн тухай том асуудал босч ирж байгаа юм даа...
nuudel suudal 1, 4 ub-n nomiin delguuruudeer baihgui baisniig gaihaj baina. dahin hevleh heregtei gej uzej bn. bas tedniig haanaas olj avch boloh ve?
BABABAR-iin TUHAI ILUU IHIIG UZEEREI
http://www.youtube.com/watch?v=Mc7fmIp4t7Q
Post a Comment