Thursday, February 28, 2008

Завсардсан Баабар

Баабарын бичсэн „Завсарын үеийнхэн“ гэсэн нэртэй өгүүлэл „Өдрийн сонин“-ы 35 дугаарт нийтлэгдсэнийг уншаад төрсөн бодлоо илэрхийлэх гэсэн юм. Үүний шалтгаан нь Баабар өгүүлэлдээ дэндүү олон сэдвийг холилдуулан бичиж мэдээлэлийн, боловсролын, мэдлэгийн болон шинжлэх ухааны олон алдаанууд хийжээ. Нэгэнт би энэ талын мэргэжлийн хүн болохоор засвар залруулга хийх шаардлагатай гэж үзлээ. Баабарт өөрт нь энэ өгүүлэлээрээ дамжуулан хэд хэдэн санамж өгч зарим зүйлийг анхааруулж байна гэдгээ энд зориуд хэлмээр байна.

Баабар өгүүлэлдээ байгалийн хөгжил, ниймийн хөгжил, байгалийн шалгарал, нийгмийн шалгарал, улс төрийн хөгжил, улс төрийн шалгарал гэсэн өнөөгийн монголчуудын бидний тулгамдсан асуудлуудыг хөндөж бичсэн нь үнэхээр л зөв бас цаг үеэ олжээ. Гагцхүү Баабар энэ л чухал ойлголтуудыг нухацтай ойлгоогоогүй юм уу аль эсвэл зориуд ингэж хольж хутгаж бичсэн юм уу байж боломгүй үйлдэлүүд хийжээ. Иргэн Баабар юугаа бичих нь түүний эрх мэт боловч түүнд болохгүй зүйлүүд бий. Тэр юуг болохгүй вэ гэвэл олон нийтэд буруу зөв мэдээлэл өгөх, цаанаа өргөн утгатай мэргэжлийн нэр томьёонуудын тухай үнэн худал бичиж болохгүй.

Баабар болон өнөөгийн улс төрчидөөс боловсрол, мэдлэг шаардах нь мэдээжийн хэрэг дэндүү ахадсан гэдэг нь ойлгомжтой. Тэд нэгэнт л арван жилийн сургууль төгсөөд түүнээс хойш боловсролдоо анхаараагүй, хэрвээ зарим нь дээд сургууль төгссөн бол тухайн мэргэжлээрээ ажиллаагүй, цол зэрэг хамгаалаагүй, түүнийхээ талаар олон ном зохиол уншаагүй тул тэднээс өндөр мэдлэг хүлээх боломжгүй. Гэхдээ л тэдэнд анхааруулах зүйл бол мэдлэгийг хүндэлж, дэлхийн шинжлэх ухааны өмнө хүлцэл өчиж сурах. Аугаа их мэдлэгийн өмнө даруухан байх юунаас ч чухал.

Баабарын нэрлэсэн „алдагдсан үеийнхэн“ социализмын боловсрол дээрээ л нэг дэгэн дуган явна. Харин тэр „завсарын үеийнхэн“ бол ардчилалын өөрчлөлтүүдээс шалтгаалан боловсрол авах боломж ч байсангүй. Ерөөсөө ч монголын улс төрчид боловсрол, мэдлэгийг ярих тун дургүй. Улс төрийн шинжлэх ухааны нэр томьёонуудыг хооронд нь ялгаж салгаж чадвал их юм. Тиймээс л манай улс төрд хөгжил ч явагдахгүй бас шалгарал ч явагдахгүй байна шүү дээ. Мэдэхгүй хүн чинь юу хийх вэ дээ. Нэгэнт л боловсрол, мэдлэгээрээ уралдах чадваргүй тул хий хоосон шуугиан дэгдээж биеэ нааш цааш хөдөлгөж эсвэл өмссөн зүүснээрээ л уралдах юм даа.

Баабарын бичсэн биологийн хөгжил, биологийн шалгарал хоёр нь тухайн шинжлэх ухааныхаа тайлбараар олон сая жил явагдсан урт удаан хугацааны үйл явц. Хүүхэд төрж өснө гэдэг биологийн хөгжил. Үр хөврөл гэх мэт биологийн нарийн төвөгтэй үйл явцын дунд хүүхэд ээж аавынхаа удамын генүүдийг аван төрнө гэдэг ёстой л байгалийн шалгарал. Монгол хүн бүр л байгалийн хөгжилөө даган шалгаран төрсөн. Хүн өсөж том болоод дараа нь хөгширч жижгэрэх нь бас л биологийн хөгжилийн үйл явц. Баабарын нэрлэсэн улс төрчидийн 10 жил ажилласны дараа "тэтгэвэрт" гарах мөн хөгширч "өвгөн" болох нь бас л биологийн үйл явц. Хэрвээ тэтгэвэрт гарахгүй гэж зүтгээд цаашаа бас байр сууриа тавьж өгөхгүй шинэ боловсролтой мөн шинэ мэдлэгтэй хүмүүсийг ад үзээд байвал биологийн биш нийгмийн үйл явц.

Баабарын бичсэн эволюц, организм, мутаци гэсэн биологийн нэр томьёонууд нь энэ төвөгтэй биологийн шинжлэх ухааныг ойлгоход тустай болов ч түүний цаана бүхэл бүтэн шинжлэх ухааны салбар бий шүү гэдгийг л хүндэлж үзэх чухал. “Мутаци бол хувьсгал” гэжээ. Энд хувьсгал болохгүй биологийн л үйл явц болон өнгөрдөг. Эволюцийн эсрэг утга нь бол рэволюци. Хэдийгээр рэволюцийг монголоор хувьсгал гэж орчуулдаг ч гэсэн мутаци чинь рэволюци биш. Энэ мэт үгийн болон утгын олон алдаанууд байна. Энэ бяцхан өгүүлэлээр тэр болгоныг бичих боломжгүй тул ингээд дараагийн сэдэвтээ орлоо.

Баабар цааш нь өгүүлэлдээ өнөөгийн монголын нийгмийн чухал сэдвүүдийг хөндөж дүгнэлт гаргаж бас зарим тааваруудыг тавьжээ. Дүгнэлт, таамаглал бол шинжлэх ухааны салбарт хэрэглэж мэдлэгт хүрдэг маш чухал нэр томьёонууд. Дүгнэлт гэдэг бол аливаа явагдсан үйл хэргийг өнгөрсөн хойно ажиглалтаасаа мөн олон баталгаатай баримтууд дээр түшиглэн хийдэг арга. Энэ дүгнэлт зөв бас үнэн болж чадвал хүн тухайн сэдвээр мэдлэгтэй болдог. Баабар улс төрийн дайралтаараа ямар ч мэдлэгтэйгээ харуулсангүй бас биологийн салбарын нэр буруу хэрэглээд зогссонгүй үүн дээрээ монголын нийгмийн талаар дүгнэлт болон таамаглал хийхийг оролджээ.

Хэрвээ Баабар монголын нийгмийн хөгжилд бас шалгаралд дүгнэлт бас тамаглал хийх гэж хүсэж байгаа бол нийгмийн шинжлэх ухааны дүгнэлт ба таамаглал гэсэн аргуудыг хэрэглэж сурах шаардлагатай. Эмпир болон теори гэсэн ойлголтууд нь нийгмийн хөгжилийг бас шалгаралыг хэмжихэд чухал нэр томьёонууд. Хэрвээ энэ аргуудыг зөв хэрэглэж чадвал монголын нийгмийг дүгнэж бас урьдчилан тааварлах боломж бий. Буруу хэрэглэвэл маш осолтой бас нийгэмд аюултай. Францын соён гэгээрэл, Оросын Октябрийн хувьсгал болон Монголын ардчилал гэсэн нийгмийн хөдөлгөөнүүд нь аж амьдрал болон оюун санаанд нөлөөлсөн үйл хэргүүд. Энэ үйл хэргүүд зөв буруу гэж үнэлэхийн тулд нийгмийг хэмждэг хэмжүүрүүд чухал үүрэгтэй.

Нийгмийн сайн мууг хэмжихэд мораль, шударга ёс, эрх чөлөө гэсэн хэмжүүрүүдийг хэрэглэдэг. Тэдгээр нь нийгмийнхээ хэр амжилттайг ойлгож мэдэхэд чухал нэр томьёонууд бөгөөд шинэ үүссэн нөхцөл байдалд хүнлэг чанар их үү, үнэнч шударга зонхилсон уу, хайр халамж тархсан уу гэж нийгмийнхээ сайн эсвэл муу тухай эцсийн дүгнэлтэнд хүрдэг. Харин таамаглал бол өөр хэрэг. Нийгмийн хөдөлгөөнүүдийг урьдчилан таах боломж тун бага. Францад, Оросд, Монголд болсон нийгмийн хөдөлгөөнүүдийг хэн ч урьдчилан тааж чадаагүй. Тэдгээрийг удирдан явуулсан хүмүүс ч гэсэн хэрхэн төгсгөл болохыг тааж чадахгүй байсан. Энэ бол баримт. Өөр бас нэг баримт бол Францын соён гэгээрэл өөрийн орноосоо хальж хүн төрөлхтөнд мораль, шударга ёс, эрх чөлөө гурвууланг нь авчирсан. Харин Монголын ардчилсан хувьсгал мораль, шударга ёс, эрх чөлөө гурвын алинийг нь монголын нийгэмд авчирсаныг ард олон өөрсдөө мэдэж байгаа. Монголын улс төрд бол аль нь ч байхгүй. Энэ бол баримт.

Баабар монголын нийгмийг урьдчилан таах гэж ”дахиад арван жил төр барина”, “нийгэмд шинэчлэлт явагдахгүй” гэх мэт таамаглалуудыг дэвшүүлжээ. Үүний тулд яагаад ийм таамаглалд хүрсэнээ тайлбарлаж баталгаажуулаагүй тул учир дутагдалтай. Дүгнэлтэнд эмпир хэрэгтэй харин таамаглалд заавал теори хэрэгтэй шүү дээ. Баабар хаанаас ч юм бэ үндэслүүлэн хэд хэдэн дүгнэлтүүд гаргажээ: “социализмын үеийнхэн тус ч хүнийг өрөвддөг”, “ардчилалын үеийнхэн харанхуй бүдүүлэг”. Баабар ийм дүгнэлтэнд хэрхэн хүрсэн бэ? Энэ дүгнэлтээрээ улс төрчидийг нэрлэсэн бол шинэ зүйл биш. Хэрвээ Баабар шинэ үеийн монголчуудыг хэлж байгаа бол буруу алдаатай. Яагаад гэвэл Баабар улс төрчидтэй зөрчилдөх эрхтэй. Харин монголын ард түмэнтэй зөрчилдөх эрх түүнд байхгүй.

Өнөөгийн орчин үеийн монголын шинэ үеийнхэн мэдлэгтэй, боловсролтой бас оюунлаг болсон шүү дээ. Шинэ үеийн монголчууд хэдийгээр социализмын үед төрж өсөж тэд өнөөдөр 40, 50, 60 настай ч гэсэн мэдлэг чадвар нь нэмэгдэж нийгмийн хөгжилийг удирдах бүрэн нөөцтэй боловсрол эзэмшижээ. Биологийн хувьд хүн хэдэн настай байх нь нийгмийн хөгжилд заавал муу сайнаар нөлөөлнө гэсэн онол байхгүй. 60 настай хүн төр барьж болохгүй яагаад гэвэл “хөгшин” гэсэн хууль ч байхгүй. Хувьсгал болсон ч болоогүй ч 60 настай хүнийг монголын амьдралд ямар ч боломжгүй гэсэн Баабарын дүгнэлт юм уу таамаглал ч юм уу тулгалт бол нийгэмд хагарал үүсгэх гэсэн оролдлого гэж болгоомжлохоос өөр газар байхгүй.

Оюунлаг, шинэ, орчин үеийн монгол Баабарын хаалгыг тогшиж байхад Баабар сонсоогүй дүр үзүүлж бас хажуу хавийнхан чинь “одоо хаалгаа нээгээд өгөөч” гээд зөвлөөд байхад тэрээр үгүй гээд байвал ёстой л монголын “нээлттэй нийгмийн” эсэргүүцэгч болж хувиран ардчилалын үнэт эд эс болох эрх чөлөөг дарагдуулсан болно шүү дээ. Шинэ үеийн монголчууд магадгүй Баабартай нас чацуу зарим нь ахмад настай. Гэхдээ тэдэнд нэг том ялгаа бий. Энэ бол боловсрол, мэдлэг бас хүн чанар. Хэдийгээр шинэ үеийн монголчууд социализмын үед төрж өссөн ч тэд багаасаа “төр улсаа” үзэн ядаж бас “ хүн ардаа” доромжилж өсөж хүмүүжээгүй юм шүү. Дэлхийн нэрт зохиолч Виктор Гюго хэлэхдээ: “Шинэ үеийн цаг нь ирсэн бол түүнийг ямар ч эрх мэдэл зогсоож чадахгүй.” гэж нийгмийн шинэчлэлийг магтан дуулжээ.

Боловсролтой, мэдлэгтэй, оюунлаг монголчууд өнөөдөр ирээдүйгээ зорин алхаж байна. Баабар хэдийгээр завсардаж хоцорсон ч гэсэн шинэ үеийн монголчуудтай хөл нийлүүлэн алхахыг зорилгоо болгох нь зөв. Үүний тулд эхлээд ярилц, мэтгэлц бас асуугаа ч. Ингэж чадвал ухаан сэргэдэг юм шүү. Философийн “цивилизац” гэж ухагдахуун юуг илэрхийлдэг вэ гэхээр “сайн иргэн” гэсэн утгыг. Баабар сайн иргэн болохын тулд нийгмийнхээ оюуныг ойлгож түүний шинэчлэлтйиг зөвшөөрөх хэрэгтэй. Цааш нь бас оюунлаг хүн болохын тулд “шижир” бодож бас “тунгалаг” хэлээр бичиж байх. Тэгсэн цагт Баабар хүмүүст тал засдаггүй, нэг талыг барьдаггүй, хэдхэн хүнийг л онцгойлж ялгадаггүй, шүүмжтэй, барьцтай, үнэний төлөө, хэлсэн үгнээсээ буцдаггүй, эхэлсэн үйл хэргийнхээ эцсийн төлөө тэмцэгч болж чадах боломж бий.

Хэзээ нэгэн цагт, ямар нэг зүйл Баабарын хувьд шал эсрэгээр эргэж бас буруу зам руу гаа хөгжсөн нь харамсалтай. Тиймээс Баабар энэ бүгдийг ухамсарлаж өөрийнхөө төлөө хэрэгтэй зүйлсийг хиймээр санагдана. Баабарт шинэ идейнүүд тус болно гэхдээ Баабар боловсролоо системтэйгээр нэмэгдүүлж чадах нь л шийдвэрлэх үүрэгтэй. Ингэж чадвал Баабар нийгмийнхээ өмнө хүлээсэн сургамжтай зүйлс бичих хариуцлагаа ойлгох болно. Үүнийг л Баабар мэдэх нь чухал. Дэлхийн нэрт физикч Алберт Эйнштэйн ингэж хэлсэн байдаг: “Мэддэггүйгээ мэддэг хүн харин мэддэггүйгээ мэддэггүй хүнийг бодоход бас мэддэг.”

2008 оны 2 сарын 18
Философч С. Молор-Эрдэнэ

Баабар гуайн хариу:

1. Залуу ихэд бухимджээ. Бухимдсандаа болоод бичвэрээ бүх мэдээллийн хэрэгслэл рүү пулемот аятай цацан “зар мэдээ” маягтай бүхэнд хүргэх гэж яарч. Би "Завсрын үеийнхэн” гэж өгүүлэл бичсэн. Надаас арав дүү “улс төрчдийн” тухай шүү дээ. Өгүүллийг уур хилэн үгүйгээр яльгүй анхаарч уншвал тэнд зөвхөн 2000 оны үед Монголын улс төрийн тайзан дээр гараад ирсэн хэсэг бүлэг хүмүүсийг л онцлон заасныг ойлгож болохуйц. "Нийгэм нээлттэй болж түмэн бололцоо үүсэнгүүт эдний үеийн олон залуучууд амь амьдралаа авч явах гэж ухаан сийлж, хөдөлмөр зарж байхад улс төрөөр бөөлжиж хийрхэлээр цамнаж хөнгөн аргаар амьдрах гэсэн адгийн хэсэг нь нийгмийн донсолгоог далимдуулан улс төрийн тавцан дээр гарч иржээ.” Яг ийм өгүүлбэр дотор нь цохиж яваа. Ерөөсөө энэ нь ч өгүүллийн гол санаа.

2. Хэрэв миний урьд бичсэн өгүүллүүдийг уншиж үзсэн бол шинэ үе нь хуучнаа түрж нийгмийн дэвшил явагддаг тухай маш их ярьсан. Гагцхүү дараа үеийх нь түрүүчийнхээсээ илүү боловсрол мэдлэгтэй байж давж гарахгүй бол нийгмийн дэвшил гарахгүй шүү гэж залуучуудад би байнга захидаг. “Монголын нийгэм хэзээ төлөвшиж, монголчууд хэзээ хүн шиг амьдрах вэ?” гэсэн сэтгүүлчийн хариултанд “Намайг оролцуулаад бидний үеийнхэн үхэж дууссаны дараа манай нийгэм тогтворшино” гээд хариулчихсан нь бөөн шуугиан болж байсан. Олон хүн гомдсон байх. Гэхдээ би үе солигдох тухай, өөрөөр хэлбэл цаг хугацааны фактор голлох үүрэгтэй гэдгийг л арай дэндүү ширүүн хэлчихсэн хэрэг. Тиймээс “социализмын үеийнхэн тусч хүнийг өрөвддөг”, “ардчилалын үеийнхэн харанхуй бүдүүлэг” гэж огт хэлээгүй.

3. Дараа үеийнхэн бидний үеийнхээс үргэлж дээр байх болно, ерөөсөө ч тийм байх ёстой гэж боддогоо би олон бичсэнээс гадна тэдэнд хамаг найдлагаа тавьдаг. Миний дараагийн үеийнхэнтэй би төрсөн болоосой, тэгвэл мөн ч их бололцоо амьдралд минь гарах байсандаа гэж харуусан бодож тэдэнд атаархдаг. Гэхдээ би тэдэнд л найддаг. Тэдэнд туслахын тулд би залуучуудтай маш их уулздаг. Долоо хоног болгон аль нэг сургууль дээр залуучуудтай уулзан ярилцлага зохиодог. Надад тэднээс сурах юм асар их байдаг.

4. Эволюци, мутацийн талаар тэр байтугай философи утгаар нь ч мэргэжлийн бус хүнтэй маргамааргүй байна. Хэзээ ч хэрэглэдэггүй болохоос би биологийн ухааны доктор хүн. Биохимийн ухааныг биологийн салбарт оруулдаг. Хэзээ ч хүнд үзүүлдэггүй болохоос би Монголын шинжлэх ухааны академийн профессор хүн. Хаана ч гайхуулдаггүй болохоос би олон улсын оюуны өмчийн алтан медалийг социализмын үед Швейцариас хүртэж байсан. Би эрдэм шинжилгээний байгууллагад туслах ажилтнаас нь ахлах хүртэл дэвшиж ажилласан. Би Англид авамори хэмээх бактерийн генид инжинерчлэл хийх судалгааны төсөл дээр ажиллаж байсан. Генетикч гэсэн үг. Миний дээд сургуулийн диплом “биофизикч” гэж бичээстэй байгаа. Би мэргэжилдээ сайн байсан. Одоо мэргэжлээрээ ажиллаагүй байж цол гуншингаа дуудаж яваад юугаа хийхэв гэж боддог. Нөгөөтэйгүүр бихимич хүн түүх, философи бичиж болдог, гачлантай нь философич түүхчид биохимийн сурах бичиж болдоггүй юм. Ийм л муухай нэг парадокс гашуун үнэн байдаг юм даа.

5. Маргааныг цааш үргэлжлүүлэх ямар ч сонирхол алга. Энэ бол маргаан биш дайралцаан шүү дээ. Хүний захиасаар мэдэхгүй юм руугаа дайран үсчих л залуу хүний цаашдын амьдралд хамгийн том толбо болон үлддэг юм даа.

БААБАР
Дэлгэрэнгүй унших...

Завсрын үеийнхэн

Аль ч нийгмийг 40-60 наснынхан авч явдаг. Нийгмийн салбар болгонд. Наслалт урттай Япон шиг нийгэмд 50-70 насныхан болж хойшилсон байна. Гэхдээ Мэйжийн хувьсгалын vед Японы Ерєнхий сайд 24 настай байв.

Нийгэм солигдох vед шинэ залуу vе цоо цохин гарч ирдэг. Нийгмийн донсолгооны vед арвин туршлага гэхээсээ эрч хvч илvv чухал байдаг бололтой. Ийм vед ихэнхдээ туршлага vгvйсгэгддэг. Энэ нь ч аргагvй байх, нийгмийн шинэ дэг тогтоох гэж байгаа бол хуучин туршлага хэрэг болохгvй.

1911 оны vндэсний хувьсгалыг толгойлогчид залуучууд байлаа. Хамгийн ахмад нь гэгдэх Богд хаан дєнгєж дєч шvргэж байв. 1921 онд ч ялгаагvй. Хамгийн ахмад нь гэгдэх Бодоо, Данзан нар дєнгєж гуч гарч байсан юм. Чойбалсанг нас барсны дараа 1953 оноос Монголыг 36 настай Цэдэнбалаар ахлуулсан залуучууд удирдах болжээ. 1990 оны ардчилсан хувьсгалын толгой дээр мєн л залуучууд байсан. Ахмад нь болох Гончигдорж 36 настай байжээ. Зориг, Элбэгдорж нар гуч хvрээгvй байв. Нийгмийн хувьсгал гэдэг шинэ эрч хvчийг шаарддагаараа тэргvvний залуучуудад тvvхэн бололцоо олгодог аж. Гэтэл vе болгоны залуучуудад ийм бололцоо олддоггvй. Тогтсон нийгэмд юун тvрvvн туршлага хэрэгтэй. Харин нийгмийн хувьсгалын vед туршлага гээч юмтай уялдаагvй шинэ цус шаарддаг онцлогтой аж.

Энэ чанараараа биологийн эволюцитай их тєстэй. Алив организм байгалийн жамаар шалгарлаараа дасан зохицож аажмаар хєгжиж байснаа, явцдаа орчинтойгоо огт таарахаа болиод эхлэнгvvт мутаци хэрэгтэй болдог. Мутаци бол хувьсгал. Гэхдээ мутаци амьд байгальд єдєр тутам тохиолдож байдаг авч 99,99999... хувь нь хортой, организмыг єєрийг нь ихэнхдээ vхэлд хvргэнэ. Чухам тэр ховор 0,0000...1 хувьд л аугаа ололт, цаашид шинээр хєгжин дэвжих vр хєврєл бий. Иймээс амьд байгалийг хєдєлгєх жинхэнэ хvч нь єдєр тутмын шалгарал биш, хэдэн сая живаад нэг тохиолдох мутаци билээ.

Ерэн оны бацаанууд єнєєдєр 50 хvрцгээж байна. Тогтсон нийгмийг удирдан авч явах ид насныхан. Ерэн оны их хувьсгалын оройлогч тєдийгvй оролцогч, хєндлєнгийн ажиглагч, эсэргvvцэгч бvгдээрээ нийгмийн энэхvv донсолгоонд хамрагдсан бvтээгдэхvvн юм. Єнгєрсєн хорин жилд эд бvгдээрээ нийгмийг удирдахад оролцсон. Чухам тэд єнєєдєр манай нийгмийг авч яваа 40-60 насныхан болчихоод байгаа юм. Эдэнд Монголын нийгмийг удирдан авч явах дахиад арван жилийн хугацаа бий. Гуч хvрээгvй нийгмийн хувьсгалд оролцон оройлж явсан Элбэгдорж єдгєє Ерєнхийлєгчийн насанд хvрсэн, улс орныг хєгжvvлэх арван жилийн хєтєлбєр гаргалаа, энэ бол тvvний нийгмийн идэвхтэй байх хугацаатай мєргєж байна. Чухам энэ хугацаанд л нийгэм тvvнээс хамаг ашгаа шимэн авах ба дараа нь хvссэн хvсээгvй нийгмийн менежмент шинэ vеийнхэнд очно. Анхны парламентын гишvvн асан Баяр ч тавь єнгийлєє, дахиад арван жил тэрээр цуглуулсан туршлагаа нийгмийн сайн сайханд зориулна, дараа нь євгєн партизаны яриа эхэлнэ.

Хvний vе солигдох хугацааг 20-25 жил гэж vздэг. Ингэхээр дараа vеийнхэн єдгєє гуч орчим настай л байна. Социализм, коммунизмын тухай сураг ажигаар л мэддэг, єєрєєр хэлбэл тэр vзэл суртлаар хордоогvй, эрх чєлєєг бэлэг гэж vздэггvй, хvнд угаасаа заяамал зvйл гэж хар нялхаасаа мэдэрсэн, зах зээлийн харилцааг луйвар гэхээсээ хvний нийгмийн байх ёстой ердийн тєлєв гэж хардаг, ардчилсан тогтолцоогvйгээр хорвоо оршин тогтнох бололцоогvй гэж vздэг залуус. Нийгмийн менежментийн тєлєєх эдний євєр хоорондын єрсєлдєєн эрvvл саруул явагдах болно. Шалгарч гарч ирэх боловсрол мэдлэгтэй залуус нь єрнийн боловсролтой, соёлтой, хvнлэг, шударга, хариуцлагатай байх болно. Нийгэм жинхэнээрээ тєлєвшинє. Урт хугацаагаар vргэлжилсэн шилжилт дуусах болно. Нийгэмд мутаци биш ердийн шалгарал голлох vvрэг гvйцэтгэнэ. Гэхдээ л тэр болтол дор хаяж арван жилийн зай байна.

Монголчуудад vе мултрах хэмээх 12 жилийн мєчлєг бий. Энэ нь тооллоосоо л болж байгаа болохоос хvний vеийн мєчлєгтэй хамаагvй. Ерэн оныхон ба арван жилийн дараа гарч ирэх учиртай шинэ vеийнхэн хоёрын голд монгол тооллоор vе дєнгєж мултарч буй завсрын vеийнхэн зоолттой байна. Энэ насны мянга мянган залуусыг энд хэлээгvй, нийгэм улс тєрийн гаж шалгарлаар тодорч єдгєє улс тєрийн тавцанд vvрэг гvйцэтгэх болсон цєєн бvлгийг хамруулж байна. Голдуу хоёр зууны зааг дээр тодорсон. Ерэн оны хавьцаа арван жилийн сургууль, зарим нь дээд сургууль дєнгєж тєгсєєд байлаа. Шилжилтийн эхэн vед хорвоотой танилцсан. Социалист мораль нуран унасан боловч хvний мораль нийгэмд бvрэлдэж амжаагvй байх завсрын vеийн бvтээгдэхvvнvvд. Олон жил тогтсон боловсролын шалгарсан систем дампууран унасан vед мэргэжлийн vнэмлэхтэй болцгоосон. Боловсролын vнэ цэнэ шалан дээр байсан vе учраас єєрєє ч тогтоож амжаагvй олон мэргэжлийн vнэмлэх євєртєлсєн тєдийгvй жуулчилж явсан орнуудынхаа худал vнэн нь мэдэгдэхгvй єргємжлєл маягийн гуншинтай болцгоосон. Мєнгєєр зодож жилийн дотор хуульч, эдийн засагч хоч зvvсэн нь нэн олон.

Улс тєрийн тавцанд тэдний гарч ирсэн шалтгаанд олон юм байж болох авч юутай ч эх оронч дуудлага, авъяас, vзэл бодол гэх мэтийн “хийсвэр” зvйлс огтоос багтахгvй. Тэд прагматикчид боловч нэг зvйл дээр тун их андуурчээ. Нийгмийг залуучууд удирдаад байна, ингэхээр бид хоолноос хоцрох ёсгvй гэсэн эндvvрэл. Ерэн онд Зориг хорин наймтай байсан учраас одоо миний ээлж гэсэн гэнэн ойлголт. Vнэндээ хvний нийгэмд хувьсгал удирдагч нартайгаа хєгширсєєр тогтсон нийгэмтэй залгадаг. Элбэгдорж ч, Баяр ч, Бат-Vvл ч, Энхбаяр ч тэтгэвэрт гарч байж л нийгмийн биш биологийн шалтгаанаар зай тавьж єгнє. Нийгмийн дэвшил цаашдаа мутациар биш шалгарлаар явна, ингэж байж тогтворжсон нийгэм бvрэлдэнэ. Хvний нийгмийн бvхий л vед ийм байсан, гэнэт одоо л Монголд гаж єєр юм болох шалтгаан байхгvй. Нийгмийн хувьсгал ч єєрєє дэндvv єртєгтэй эд учир хэн нэгний дарга болох гэсэн сонирхлоос болоод байн байн давтагдаад байдаг зvйл биш аж. Харин тэд нэг зvйл дээр бодитоор оносон. Юу гэвэл МАХН хэмээх хуучин хvчин хєгшин хєвєєгєєрєє дуудуулж улс тєрийн тавцан дахь байр суурь нь ганхаж байсан тул тэнд “орон тоо” элбэг байгааг гярхай ажиглажээ. Тэдний хэнээг ашиглаж улс тєрийн хожоо гаргах гэсэн хэсгийнхэн удирдлагад байсан тохироо ч бvрэлдсэн тал бий. Гэхдээ энэ нь завсрын vеийнхэн Ардчилсан намд байхгvй гэсэн vг огт биш, концентраци нь арай л бага юм уу даа. Нэг хэсэг нь єнєєгийн улс тєрийн голлох хоёр хvчнийг тvлхэн унагаад оронд нь цоо шинээр гарч ирэх хий мєрєєдєлдєє хєтлєгдєн “эволюцийн хууль”-ийг зєрчих гэж мурчийна.

Ерэн оны хувьсгалчид, хоёр мянган оны завсрынхан хоёрын хооронд дэндvv том ялгаа бий. Эхнийх нь нийгмийн дуудлагаар тєрж буй болсон, єєрийн гэсэн идеалтай, хэдийгээр хуучин нийгмийн бvтээгдэхvvн боловч vvнээсээ салах бvрэн эрмэлзлэлтэй, гол тєлєв романтик бодолд хєтлєгдсєн залуус. Тэд насан туршдаа нийгмийн зєв менежмент хийж чадахгvй тєєрєгтэй, учир нь ид мэдлэг, мэдээлэл, боловсрол олдог vе нь социализмын хордлого. Ил ухамсар нь нийгмийн шинэчлэлийн тєлєє авч нэгэнт бараг биеийн эд эрхтэн нь шахам болоод ургачихсан далд ухамсар нь хойш чангаана. Иймээс нэг талаас алдагдсан vеийнхэн юм. Єнєєдєр нийгэм мєнгєжиж хєрєнгєжихийн хэрээр тэдний тарааж vрж цацаж “ард тvмнээ харж vзэх” зєн билэг нь улам ил гарна. Нэг амаараа зах зээлийн зарчим сурталчлах боловч ард тvмнээ єрєвдсєндєє болоод нєгєє амаараа тєрєєс vнийг зохицуулж барих тухай сургана. Тєрийг vйлчилгээний газар гэж онолдох авч єєрєє тєр болчихоороо бvхнийг зохицуулж хянаж байдаг эцэг болон хувирна. Насжаад ирэхээрээ сентименталь, настолги нь хєдєлдєг бололтой уяраад л уйлаад л харж vзээд л буян vйлдээд л. Бэлэг тараадаг євлийн євгєнтэй улам тєстэй болно. Социализм бол патриархи vзлээс гаралтай. Иймээс ард тvмнийг єєрснєє шийдвэр гаргах чадваргvй гэж vздэг учраас эцгийн халамжийг байнга vзvvлнэ. Алдагдсан vеийнхний далд ухамсар єнєєгийн Монголын нийгмийн менежментийг явуулж байгаа юм. Гэхдээ шилжилт хийж байгаа манай нийгэм эднээс зайлах бололцоо байхгvй. Зєв шалгарлаар гарч ирэх дараа vеийхнийг дахиад арван жил хvлээхээс єєр арга vгvй.

Эдний орыг одоо шууд залган эрхийг булаах гээд байгаа Завсрын vеийнхэн бол харин нийгмийн зєв шалгарлаар гарч ирээгvй. Алдагдсан vеийнхэн нь єєрийн vеийхнийхээ тэргvvний хэсэг бол завсрынхан болохоор єєрийн vеийнхнийхээ хамгийн жудаггvй, ёс тєргvй хэсгийн тєлєєлєл. Шилжилтийн vеийн хамгийн хvнд, хамгийн дампуурсан, хамгийн моральгvй болсон vеийн зэрэмдэг бvтээгдэхvvн. Алдагдсан vеийнхэн шиг сайн боловсрол ч vгvй, нийтийн тєлєє гэсэн романтик vзэл ч vгvй, шударга vнэн гэсэн баримтлал ч vгvй. Цэвэр прагматикууд. Гэхдээ хамгийн вулгар прагматизм. Мєнгєнєєс єєр ариун нандин эрхэм vнэлэмж vгvй. Мєнгєнд хvрэх цорын ганц аргыг эрх мэдэл гэж vзнэ. Єєрсдийгєє шинэ vеийнхэн хэмээж ээлж нь болсон гэж дайрцгаах авч vнэндээ ердєє л хоолны оочирын тухай ярьж буй хэрэг. Нийгмийн демораль жилийн бvтээгдэхvvн нь, золиос нь, хог ургамал нь. Улаан ногоон, алтан мєнгєн сарнай саргай, ардчилсан ардчилаагvй, социалист капиталист залуучууд болон талцан бvлгэрхэж эх орон ард тvмэн хэмээн зурагдсан пянз шиг орилолдох авч луйвар хулгай дээрэм гэсэн аль л олхиогvй болгоны vнэр нэвт шингээстэй. Нийгэм нээлттэй болж тvмэн бололцоо vvсэнгvvт эдний vеийн олон залуучууд амь амьдралаа авч явах гэж ухаан сийлж, хєдєлмєр зарж байхад улс тєрєєр бєєлжиж хийрхлээр цамнаж хєнгєн аргаар амьдрах гэсэн адгийн хэсэг нь нийгмийн донсолгоог далимдуулан улс тєрийн тавцан дээр гарч иржээ.

Бvхий л сэтгэлгээ нь люмпэн. Люмпэн гэдэг нь харьяалалгvй, хvсэл эрмэлзлэлгvй, эрхэлсэн ажил мэргэжилгvй нийгмийн шавхрууг хэлдэг. Тэд сэхээтэн ч биш, ажилчин ч биш, тодорхой хєдєлмєр хэзээ ч эрхэлдэггvй, нийгмийн паразит хэсэг юм. Завсрын vеийнхэн харанхуй, бvдvvлэг, соёлгvй, залхуу, моральгvй-тогтсон нийгэмд бол нийгмийн хамгийн доод шаар байдаг авч vймсэн нийгэмд дээш хєвєн гарч хєлжин цадаж манлайлагчийн дvрээр тодорч элитар анги болдог байна. Энэ бол нийтлэг vзэгдэл. Францын хувьсгалаар ийм люмпэн элитvvд хэрхэн тодорч байсан тухай Камю, Фромм нар бичиж гvнзгий анализ хийжээ. Ийм люмпэн элитvvд Октябрийн эргэлтийн дараа сvрэг болон гарч ирснийг Булгаков бичиж Шариков хэмээх дvрээр илэрхийлсэн байдаг. Сурвалжит язгууртан дvр эсгэсэн, сюртюктэй гахай. Организмыг єєрийг нь vхэлд хvргэдэг мєнєєх 99,9999... хувь болсон мутаци л юм даа.

2008 оны 2 сарын 13 Нийтлэлч: Б.Баабар

Дэлгэрэнгүй унших...