Wednesday, May 23, 2007

БАТ-VVЛИИН VГЭНД VГ НЭМЭРЛЭХ НЬ

Чоноор хонь мануулбал идэж орхино. Яагаад идчихэв гэж асуувал мань чоно бvр гайхаж орхино. Засгийн газар Монгол Улсын хєрєнгийг захиран зарцуулж байгаа.

Энэ манаж байгаа мєнгєє єєрснєє гударч орхидог. Яагаад ингэв гэхээр гайхаад, “хєгжилд саад боллоо, хорон санаа агуулж байна” гэж уурсахын ялдамд ер нь ингэж асууж байгаад маш их гайхана. Бат-Vvл саяхан хэвлvvлсэн Люмпэн тєр єгvvлэлдээ ингэж бичжээ. Ийм манаач нараас бvрдсэн Тєр ямар л олиг байв гэж. Гэтэл “хамаг асуудлаа тєрєєр шийдvvлнэ”, “тєрєєс л энэ бvхнийг зохицуулах ёстой”, тєрийн бодлого vгvйлэгдэж байна”, “тєр vvнд анхаарлаа хандуулмаар” гэж аахилагсад улам олширсоор.

Тєрийн vvрэг ролийг бид єєрснєє буруу ойлгодог учир тэндээс байж боломгvй юм нэхдэг мєртєє vндсэн vvргээ биелvvлэхийг шаарддаггvй. Тєр бол юун тvрvvн улс vндэстний аюулгvй байдлыг хангах vvрэгтэй. Батлан хамгаалах, гадаад бодлого авч явахаас эхлээд vйлдвэрлэл vйлчилгээнд аюулгvйн жишиг тогтоож мєрдvvлнэ. Мєн иргэд болон институци хоорондын маргааныг шvvн таслах vvрэгтэй. Чингэхийн тулд болох болохгvйн зааг тогтоож тvvнээ бvх иргэдээр мєрдvvлэх ёстой юм. Vvнд хэрэгцээтэй мєнгийг ард тvмнээс гаргуулж тэдний нэрийн ємнєєс зарцуулна. Энэ vvргийг гvйцэлдvvлэх эрх мэдлийн vvрэг функц нь бие даасан, харилцан шvтэлцээтэй, харилцан хяналцдаг институциудэд хуваагдана. Ардчилсан тєрийн системд энэ vvргийг гvйцэтгэгч этгээдvvдийг ард тvмэн сонгоно. Эдгээр нєхдийн гаргаж байгаа шийд­вэрийг бид Тєрийн шийдвэр, хууль, журам, дvрэм хэмээгээд даган мєрдєнє. Ямар л ард тvмэн байна, тийм л тєр байна. Єєрєєр хэлбэл тєрийн нэрээр шийдвэр гаргагчид нь бидний байж байгаа царайны илрэл юм.

Люмпэн гэсэн герман гаралтай нэршил байна. Энэ нь соёлгvй, жишээргvй, ичих нvvргvй, улаандаа гарсан, тогтсон ажил хийгээд сонир­хол vгvй, нийгмийн байтугай гэр бvлийнхээ ємнє ч хариуцлага хvлээдэггvй, жудаггvй хvнийг хэлдэг. Архичин, янхан, тэнvvлчин нарыг бас ингэж нэрлэнэ. Люмпэн нь нийгмийн празит хэсэг юм. Тэд бол нийгмийн шаар шавхруу. Люмпэнгvvд ажилчин ангийн дунд шургалан орж ядуу зvдvv яваагаа дарлуулж мєлжvvлснээс болсон мэтээр тайлбарлан элдэв бослого хєдєлгєєнд бусдыг єдєєн хатгаж нийгмийн бужигнаанаас дээрэм тонуул луйвраар юм олж авах гэж улайран увайгvйтэж амьтан vймvvлнэ. Эднийг пролетари ажилчин ангиас ялгахын тулд люмпэн пролетари гэж нэрлэдэг. Октябрийн хувьсгалыг гардагсад нь Оросын ажилчин анги биш харин Петроградын усан цэрэг, дайны фронт орхин зугтаж ирсэн тэнvvлчид, гудамжны луйварчид гэсэн люмпэнгvvд билээ.

Люмпэн нь єєрийн хамаарах анги давхарга vгvй тул нийгмийн алив хєдєлгєєн донсолгооны vеэр элит давхаргад ч гараад ирнэ. Цєєрмийн ёроолын шаврыг оролдохоор баас хєвєєд гараад ирдэг лугаа адил. Булгаковын зохиолд гардаг Шариков хэмээх нохой бол чухам тэр люмпэний сонгодог тєлєєлєгч юм. Бусдын бvтээсэн баялаг дээр тарвалзах тєдийгvй ард тvмний нэрийн ємнєєс шийдвэр гаргана. Сигар зууна, пижам ємсєнє, бортгон малгай духдуулна, “хvн сармагчингаас vvсээгvй” хэмээн єєртэйгєє таарсан нэгнийг эшлэн мулдаактана. Тогтоо­сон гол хэллэг нь-ард тvмэн-эх орон-vндэсний эрх ашиг-хєгжил дэвшил гэх мэт. Очиж очиж хагас бичиг vсэгтэй ийм ичгэвэргvй луйварчингийн амнаас байнга унах эдгээр vгс ой гутааж бєєлжис цутгуулна. Мал хулгайлсан чоно хvний бараанаар зугтаадаг бол єнчин хvvхдийн сvvл­чийн зvсэм талх дээрэмдсэн элит люмпэн харин ч саймшран шударга vнэнийг номлон хоолойгоо сєєтєл орилно. Тэдний ихэнх нь ийм юм ярихдаа уран сэцэн, гэхдээ ичнэ гэж мэддэггvйн дээр огтоос боловс­рол vгvй тул утга холбоо, логикийг vл хэрэгсэн мэлзэнэ, гvрийнэ, бvлт­рэнэ, хадуурна, худал зална, амлана, булзааруулна. Vзэл бодол, эрмэлзлэл, тэмvvлэл, итгэл vнэмшил гэх мэтийн хvнлэг ойлголтоос хол хєндий тул урваж шарвах, биенээ хєнєєх, хуйвалдах бvхий л увайгvй vйлдэл єдєр тутмынх нь норм. Монголын уран зохиолд урвагчийн жишээ болж явдаг Дvлзэн бол эдний дэргэд жижиг гарын халтуурчин. Ер нь Дvлзэн яасан юм, зvгээр л сайн хvн, vнэнч тєрийн албан хаагч шvv дээ. Хойч vе нь л тvvний нэрийг гутаагаад байгаа хэрэг. Люмпэн элитvvд газрын єндєрлєгт гараад зогсчихсоныгоо хурмастад хvрсэн мэт сэтгэн ярвалдах нь єрєвдєм. Язгууртан, сэхээтэн, оюунтан дvр эсгэх гэж хичээх нь бяцхан тархитай нь авцалдаж єгєхгvй инээд барна. Люмпэн элитvvд хуулийн бус аргаар хєрєнгєжсєн байдаг тул материаллаг тал дээрээ лут. Харин хvн тєрлєхтний хэдэн мянган жил хуримтлуулсан оюуны их євийг vл ойшооно, ойшоолоо гээд ч аль нь юунд хэрэгтэй талаар ойлголт vгvй.

Гэхдээ Монголын парламент дан люмпэнгvvдээс бvрдээгvй. Ийм байх бололцоо ч vгvй. Сонгуулиас сонгуульд люмпэн элитvvдийн эзлэх хувь процент улам эрчимтэй нэмэгдсээр илт олонхи болж байгаад хамаг зовлон байгаа юм. Энэ нь эдний суурь дэвсгэр болсон манай нийгмийн сэтгэлгээ улам больхижин люмпэнжиж буйн илрэл болой. Амьдралдаа ганц сар болов ердийн хvн шиг хєдєлмєрлєж vзээгvй, улсад улаан мєнгєний татвар єгч байгаагvй мєртєє лухайтлаа баяжин цэлцийсэн тэд хоноц хоноцдоо дургvйн vлгэрээр “мєнгєтэй нэг нь тєрийг гартаа авлаа” хэмээн нэгнээ гадуурхана. 35 vсэгнээс цєєн хэрэглэгддэг арваа­дыг нь хэдийнээ мартчихсан атлаа “дээд боловсролгvй хvмvvс сонгог­дож байна”, “их хуралд боловсролгvй хvмvvс орж ирчихээд хийх юмаа олж ядаж байна” хэмээн биендээ дээрэлхэнэ. Яг vгчлээд ингэж хэлж байхыг нь зурагтаар чихээрээ сонссон шvv.

Vнэндээ манай нийгмийн сор нь биш гэхэд парламентэд суудлаа олж байршсан цєєнгvй хvн бий. Нийгэм улс тєр эдийн засгийн талаархи Бат-Vvлийн мэдлэг лут талдаа. Тэр маш их уншдаг, иймээс єєрийн тогтсон зарчимтай, зарчмаа дэндvv гэмээр хатуу баримталдаг. Оюун, Лундаажанцан, Баярцогт нарын улс тєрийн мэдлэг боловсрол тун єндєр. Баяртсайхан, Бадамдамдин, Одбаяр, Ерєнхий сайд биш нєгєє хоёр Энхболд нар ч ер дутахгvй. Гэвч улс тєрийн зvтгэлтэнд дан ганц мэдлэг боловсрол хангалтгvй юм. Тухайн vндэстний ємнє ямархуу гvн ангал угтан байгааг философич шууд хэлж зvрхийг нь vхvvлдэг бол улстєрч мэдсэн ч vvнийг эс хэлэн нийгмийг зоригжуулан урагш дагуулж хагасыг нь ангал руу унаган vлдсэн нь тvрvvчийнхээрээ гvvр хийн туучиж цаана нь гарах нєхцєлийг бvрдvvлдэг. Энд л философичийн vнэнд дурлах, улстєрчийн зоригжуулан зохион байгуулах эрс тэс ялгаа харагддаг гэнэ. Ингэж зохион байгуулах авьяас Ганди, Батбаяр, Энх­сайхан, Баттулга нарт бий. Гэвч эд нийлээд нийлээд Энхбаярын хаана нь ч хvрэхгvй. Харин сайн зохион байгуулагч нь аргаа зорилгоороо зєвтгєдєг хорон муу санаатан бол тvр зуурын амжилт олж болох авч эцсийн бvлэгт vндэстнээ сvйрvvлдгийг Гитлерээс биш гэхэд Мобуту, Иди Амин, Арафат, Бокассо нарын жишээнээс эрхбиш мэдэх биз ээ.

2007 оны тавдугаао савын 22
БААБАР Дэлгэрэнгүй унших...

ИХНАЯД ТӨГРӨГНИЙ ЗҮСЭМ ТАЛХ

Одоо ч тооны орон хамаагүй болж дээ. 5 мянган төгрөг суйлаад баригдчихсан гудамжны хүүхдийг зурагтаар харуулахаар хүн болгон ойлгоно, тэр дарга авилгалд 5 тэрбум төгрөг авчихжээ гэхээр нөгөө нусгай хүүхэдтэй л адилтгаж үзнэ. Хэрэв сонингуудад үнэмших юм бол сая шийтгүүлдэг Баатар 107 тэрбум төгрөг тууж орхижээ. Хүмүүс маш их ойлгож байна, учир нь энэ тоо хэдэн оронтой болохыг бараг цөмөөрөө мэдэхгүй буюу анзаарахгүй юм чинь. Гэтэл энэ хэлээд байгаа тоо бол Монгол улсын Үндэсний нийт бүтээгдэхүүний 5 хувь шүү дээ. Улсын төсвийн бол 12 хувь хүрч байна. Хэрэв улсынхаа нийт үйлдвэрлэлийн ийм хувийг шуучихсан бол лав Гиннесийн номд бичигдэх ёстой ба тэндээ бүр үүрд хадагдах биз! Хүний түүхэнд байгаагүй ихээр баяжсан хүн бол 100-аад жилийн өмнө амьдарч байсан Рокфеллер. Тэрээр 900 сая долларын хөрөнгөтэй болсон нь АНУ-ын Үндэсний нийт бүтээгдэхүүний 2 хувьд хүрч байв. Ханшаар нь бодоход өдгөө дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтс хэдийгээр 50 тэрбум долларын хөрөнгөтэй боловч Рокфеллер шиг болохын тулд одоогийн хөрөнгөө дор хаяхад дөрөв дахин нэмэх хэрэгтэй гэнэ. Тэгэхээр яаж хулгайлаад саванд байгаагаас ихийг авч болдоггүй юм. Эсвэл даахаасаа илүүг авах бололцоогүй. Кран, камазтай байгаад ч. Шаравдорж гэж нэг гишүүн дарга байх, тээр жил намайг 27 тэрбум төгрөг авчихсан юм шиг баахан ярьж зурагтын баатар болов. Тухайн үедээ Монгол улсын бүх хөдөлмөрлөж буй хүмүүсийн хагас жилийн цалин тэтгэвэртэй тэнцэх энэ тоо-мөнгийг 100-тийн дэвсгэрээр бодоход 30 ширхэг Зил 130 машин хэрэгтэй гэсэн тооцоо гарч байсан.

Авилга, хээл хахуул л гэцгээх юм, үүнийг хаанаас авдаг юм бэ? Энэ нь улсын төсвөөс л гардаг юм. 1999 онд улсын төсвийн хэмжээ 290 сая доллар байсан, одоо бараг тэрбум доллар болж байна. Дор хаяхад гурав дахин нэмэгджээ. Тэр үед улсаас цалин авдаг хүн 120 мянга байсан одоо 135 мянга болж. Мөнгийг нь авдаг хүн 10 хувиар л нэмэгджээ. Тэгвэл цалин нь хорогдоогүй юм гэхэд лав л гурав дахин нэмэгдсэнгүй. Харин авилга хэдэн зуу дахин нэмэгдсэнийг бурхан л мэдэх биз. 2000 онд Энхбаяр ДНБ-ийнхээ 29 хувийг улсын төсөвт цуглуулдаг улс хүлээж аваад 2004 онд 47 хувийг нь цуглуулдаг улс хүлээлгэж өгсөн. Ингэхээр авилгын мөнгө ямар эх үүсвэрээс гардаг нь харагдаж байна уу? Чухам тэр шуудайн дотор л өнчин хүүхдийн сүүлчийн талх, үхэж буй өвчтөний эцсийн тариа байсан нь авилга болоод алга болсон хэрэг.

Хэдийгээр дэлхийн хамгийн зэвсэгжсэн орон боловч АНУ-д ДНБ-ий 26 хувь нь төсөв болдог, харин хэдийгээр социализм байгуулж байгаа боловч энэ тоо Хятадад 18 хувь байдаг. Гэтэл бараг тэн хагасыг нь бид сонгож буй болгосон хүмүүстээ итгэн захиран зарцуулагчаар томилдог. Тэд маань хулгайлдаг, гэр рүүгээ зөөдөг. Иймээс төрийн захиран зарцуулах мөнгө ихсэх тутам танд ноогдох мөнгө улам багасна. Энэ урвуу харьцааг хүний хэлээр “авилга” гээд байгаа юм.

Хулгайчийг шоронд хийгээд ч засрахгүй, тэртэй тэргүй хулгайч болж төрсөн юм чинь. Мэдээж иргэн та хамгийн мундаг хулгайчид нь хамгийн их итгэл найдвар тавина, яагаад гэвэл та ч бас тийм болж төрсөн. Ингэхээр хоттой хонио хэнээр ч мануулсан тэр нь ямар нэг амьтны (заримдаа ХҮНИЙ) арьс нөмөрсөн чоно л байхаар цаанаасаа тийм үйлтэй учраас хулгайлах юмыг нь багасгах хэрэгтэй. Хэрэв хэдхэн жилийн өмнө улсын төсөв 300 сая байгаад болоод байсан юм бол, одоо тэрбум хүрчихээд дордож байгаа бол үүнийг нь эргүүлээд 300 сая болгох хэрэгтэй. (Төгрөгний ханш замбараагүй учир арай гайгээр нь энд америк доллароор яриад байна шүү дээ.) Ингэснээр танд ноогдох цалин орлого багасахгүй харин сайд байтугай нэг муу золбин хурган дарга хүртэл Бэнц, Ланд унахаа болино.

Яаж үүнийг багасгах вэ? Амьдрал муу, ядраад байна юм өгөөч гэж царай алдаж байхаар төсөв багасгахыг л шаард, тэгвэл аяндаа амьдрал чинь дээшлээд явчихана. Мянганы замыг заавал өвөлжөө рүүгээ татуулах гэж байхаар төсөвийг л багасга гэж шаард, жагс, өлсгөлөн зарла, суулт хий. Яг үнэндээ төсөв өсөөд байгаа чинь эцсийн бүлэгт таны өөрийн чинь дэмий ярианаас үүдэлтэй. Чухам тэр дэмий үгийг чинь шүүрч аваад улс орноо улам янаглан хайрлаж байгаа хүмүүс л таныг тонож буй хэрэг шүү дээ. Та нэг их итгэж байгаа царай гаргаж ганц зүсэм талх монжчих гэсэн чинь цаадуул чинь тэр хар талхыг танд тэрбум доллар буюу их наяд төгрөгөөр чинь сольчиж буй хэрэг. Их наяд гэдэг нь гадаадаар триллион буюу аравын 12 зэрэгт юм. Та энэ тоог түрийвчиндээ буй хэдэн төгрөгний тооноос төдийлөн ялгадаггүй, ач холбогдол өгдөггүй учраас их наяд төгрөгөөр ганцхан зүсэм талх авч буй хэрэг шүү дээ.

Та олон жил хоолойгоо хаттал цалин нэм гэж ориллоо, зөндөө өргөдөл өглөө, шанд нь ганц зүсэм талхны нэмэгдэл. Гэтэл тэр нэмсэн зүсэм талх чинь цаадуулын чинь танаас хулгайлдаг тогоог улам том болгоод байгаа хэрэг. Тэд таны төлөө бараг л үхэхээс бусдыг хийнэ. Харин эцсийн балансыг нь харахаар та зүсэм талхны нэмэгдэлтэй, цаадуул чинь их наяд төгрөгтэйгээр л дуусаж буй хэрэг дээ. Таныг тооны орон ойлгодог болтлоо боловсорсны дараа цаадуул чинь хармайны хулгайч Баатар бүгдийг нь цөлмөчихсөн гэж хариулах болно. Харин та пинжээкний хармайнд ийм хэмжээний мөнгө багтдаг эсэх талаар бодох ч үгүй. Хамаг зовлон танд өөрт чинь байгаа шүү.

2006-9-17 /Өдрийн сонин/ Дэлгэрэнгүй унших...

ОЙ ТЭМДЭГЛЭХ ЭДИЙН ЗАСГИЙН БА ТҮҮХЭН УТГА

Одоо Германд дэлхийн хамгийн том найр болж байна. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулалтыг манай гаригийн хүн амын гуравны хоёр нь үзэж цэнгэдэг гэнэ. Германчууд энэ том цэнгээнийг тохиолдуулж өдөрт хэдэн зуун сая долларын пиво борлуулчиж байгаа аж. Хэдэн тэр бум доллар зарцуулж буй боловч тэндэхийн эдийн засаг зарснаасаа илүүг олж чадаж байгаа учир энэ тэмцээнийг булаацалдан байж өөртөө зохиох эрх олж авсан юм. Ой, баяр цэнгээн бол нийгэмд байгаа мөнгийг түргэн эргэлтэнд оруулдаг нэгэн далим болжээ, өнөөгийн ертөнцөд. Хятадууд майн баяраар долоо хоног амрана. Энэ нь ард түмнээ ажил хийлгүүлэхгүйгээр цэнгүүлэх гэсэндээ биш тэдний ажиллаж байж олсон мөнгийг түргэн эргэлтэнд оруулах гэсэн санаа. Цагаан сараар хагас сар амруулж байгаад үүнээс ч их мөнгийг эргэлтэнд оруулдаг аж. Цэнгэл гэхээсээ эдийн засгийн бодлого нь амралтыг сунгах гол шалтгаан болдог.

Социализмын бүтээгдэхүүн, нүүдэлчин удмын бид болохоор баяр ёслол, ой цэнгээнийг өөр ухаанаар тэмдэглэдэг. Энэ жил Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ой тохиож байгааг өргөн сайхнаар тэмдэглэхээр шийдэцгээлээ. Хэдэн зуун саяар ур муутай зураг уулан дээр сараачив. Жуулчид тэрийг үзэх гэж ирэхгүй, тэнд нь амралт цэнгээн болохгүй, тэгэхээр цэвэр үрэлгэн эд байгаа биз. Ой болох гэж байна гээд төв цэнгэлдэхийг шохойдож байна, уул нь ийм зүйлийг ой далимдуулж суудал шинээр нэмж засдаг, өөрөөр хэлбэл орлого нэмэгдүүлж засвараа үнэгүй хийгээд авч буй нь тэр. Саяхан 800 жилийн ойн “хандив” боллоо. Шашинаар далимдуулж өргөл өгвөл хожоо гардаг маягтай юм суртчилсан болохоор хандив гэхээсээ мунхруулсан дээрэм болж. Учир нь тэр хандиваар юу хийх гэж байгааг “тас нуугаад” хэлсэнгүй, ерөнхийдөө л сайхан наргих юм байх. Найр наадам, ой, тэмдэглэлт баярыг одоо болтол зах зээлжүүлж чадаагүй болохоор социализмын бүтээл болох бидний хувьд энэ нь цэвэр гарлага сүйтгэл аж. Гарлага сүйтгэлийн хөрөнгө эргээд ард түмнээс татвараар дамжин гардаг, үргүй зардлаас хожиж чадаж байгаа нь улс төрийн луйварчид. Хаа хамаагүй хүн шоуг нь зохион байгуулна гээд хэдэн тэрбумаар нь аваад хармайлчиж байгаа болохоор атаархахаас өөр яая гэхэв.

Төв талбайгаа Чингисийн хөшөөгөөр мялаах гэж байгаа юм байна. Энэ ч үнэндээ нэр төрийн хэрэг. Мөд ашигаа өгөхгүй байсан ч үндэсний бахархал. Гэтэл тэнд Их Монгол улсын албан ёсны хаан Гүег, Мөнх нар байхгүй мөртөө Хятадын Юань династийг үндэслэгч Хубилай хаан байх юм. Хубилай монгол хүн, Чингисийн ач. Гэхдээ тэрээр Их Монгол улсыг саринааж Хятадын шинэ династийг байгуулсан билээ. Хятадын уламжлалт төрийн хаан ширээнд очиж суусан монгол хүн. Тэрээр бага наснаасаа Алтан улсын хятад багш нараар заалгаж иргэншсэн боловсролтой болсон хүн. Тэр урвагч мэдээж биш, гэхдээ дэлхийг захирч байсан Монголын түүхийн үргэлжлэлийг Хятад, Монголын хамтарсан нэг улс болгон салгасан.

Хятадууд Хубилайг Хятадын Юань династийг үндэслэгч, Хятадын олон үндэстний нэг болох монгол хүн, өөрөөр хэлбэл Дундад улсын монгол үндэстэн хүн гэж үздэг. Манайхан бол үүнийг нь зөвшөөрдөггүй. Одоо хятадууд Юань династийг үндэслэгч эх сурвалжийг Чингисээс эхэлж тоолох болсон ба энэ нь мэдээллийн хэрэгслэл, ном товхимолоор нэг дүүрчээ. Тэдний логикоор Хятадын олон үндэстний нэг монголчууд Чингис хаанаар удирдуулан дэлхийг эзэлсэн, Өгөөдэй, Гүег, Мөнх нар үүнийг улам үргэлжлүүлсэн, Хубилай Өмнөд Сүн улсыг эзлээд жинхэнэ Хятад улсыг дахин нэгтгэж хүчирхэг династиа байгуулсан аж. Гэтэл үнэндээ Чингис, Өгөөдэй, Гүег, Мөнх нар Хятадын хаан болж байгаагүй. Хубилай Хятадын түүхэн дэх хамгийн аугаа хааны нэг мөн. Түүний нэр Кан Ши, Цэн Ши хуанди нарын хамт Хятад үндэстний бахархал мөн. Гэхдээ хятадууд Цагаадай, Зүч нарын удмынхны улс гүрнийг өөрийн гэж мэтгэдэггүй. Хубилайн дүү Хүлүгүгийн Ил хаадын улсыг ч өөрийн түүхэнд хамруулдаггүй.

Үнэхээр Хятадын хаан байсан Хубилайг бид булаацалдсанаар Чингис хааныг Дундад улсын олон үндэстний нэг монгол хүн байсан гэсэн логик руу нь хөтлөгдөн дагаж ороод байгаа хэрэг. Юань династийг Хятадын түүхээс салгах, Монголын төр байсан мэтээр мэтгэх нь юунд ч хүргэхгүй. Түүх түүхээрээ л үлдэнэ. Бээжин хотын суурийг тавьсан энэ түүхэн хүн Хятад Монголын хамтарсан төр, династийг байгуулж, Чингис болон түүний үр ач нарын байгуулсан бусад орнуудаас салгасан учир Монголын гэхээсээ Хятадын түүхтэй илүү холбоотой билээ. Чингисээс Мөнх хааныг дуустал Их Монгол улсын монгол төр байсан, Хубилайгаас эхлээд Хятадын Юань династи гараагаа эхэлсэн гэвэл түүхэн үнэнд тохирохоос гадна Чингис хааныг Дундад улсын хүн байсан гэсэн гуйвуулга гүжирдлэгт няцаалт өгөх нотлогоотой, үнэн, логиктой дүгнэлт болно. Бид Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэж байгаа болохоос Хятадын Юань династийн үүслийг тэмдэглэж байгаа биш шүү дээ. Хятадууд ч энэ ойд их ач холбогдол өгч тэмдэглэх гэж буй нь чухам 1206 оноос Юань династи гараагаа эхэлсэн гэж харуулах гээд буй хэрэг. Үүнийг нь батлах мэт бид тусгаар улсынхаа нийслэлийн төв талбай дээр монгол цусны хүнээр удирдуулсан Хятадын нэгэн хүчирхэг династийн анхны хааны хөшөөг нам засгийнхаа мэргэн шийдвэрийн дагуу сүндэрлүүлэхээр нэгэнт шийджээ.

2006 оны 6 дугаар сар 22 /Өдрийн сонин/ Дэлгэрэнгүй унших...

Wednesday, May 2, 2007

Уг сайтын фэнүүдэд хандаж хэлэх үг

Сайхан хаваржиж байна уу Монголчуудаа!

Та бүгдийн чөлөөт цаг, мэдлэг боловсрол, чөлөөт сэтгэлгээнд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулах, мөн Монголын нийгмийг эрүүлжүүлэх үйл явцад хувь нэмэр оруулах үүднээс http://baabar.blogspot.com-ыг 2007 оны 2 сарын 1-нээс нээн ажиллуулсан билээ. Баабарын гайгүй гэсэн нийтлэл ярилцлагуудыг уг сайтанд тавьж байх болно. Түүний албан ёсны хуудас нь байнга шинэчлэгддэггүй, Өдрийн сонингийн вэбсайтад тавигддаг Баабарын булангийн нийтлэл нь олонд хүрэхдээ тааруу (хэрэглэгчид хялбар олдох түвшинд програмчлагдаагүй) мөн одоо болтол түүний Фэн Клуб байхгүйг бодолцож энэ вэбийг нээснийг дашрамд дурдая.

Та бүгд энэхүү сайтанд Баабарын нийтлэлүүдтэй танилцаж болохоос гадна түүнд санал бодлоо хүргэж, мэтгэлцэх, түүнийг шүүмжлэхэд тань чөлөөт индэр байх болно. Түүнийг зөвхөн магтан сайшаахаас гадна түүний алдаа дутагдлыг харж, түүнтэй ухамсартайгаар, соёлтойгоор мэтгэлцэж, шүүмжлэхийг Монгол залууст уриалж байна :))

Хэрэвзээ Баабар гуай өөрөө http://baabar.blogspot.com домэйн нэрийг авахыг хүсч, Google-ийн блог армид элсэхийг хүсвэл түүнд уг дансыг дуртайяа шилжүүлэн өгч, түүний блог стилтэй бичлэгийг шимтэн унших болно.

Энд хэн нэгэн нь Баабарыг сохроор шүтсэнгүй, түүнийг даган баяссангүй. Харин түүнийг Монгол сэхээтнүүд дундаас дэмжүүштэй хүн, үгийг нь бас сонсууштай хүмүүсийн нэг хэмээн Монгол хүний угаас дэмжиж, түүний бичлэгийг олон түмэнд илүүтэйгээр түгээхийг зорьсон болохыг энд зориуд цохон тэмдэглэе.

Уг блог, фэнсайтыг хамтран хөтлөх блогчид байвал dori.ider@gmail.com-ooр харьцана уу. Хамтран ажиллах бололцоо хэнд ч нээлттэй. Харин модерэйторын багт ажиллах хүмүүст тодорхой хэмжээний шалгуур тавихийг анхаарна уу.

Та бүгдийг хүндэтгэсэн,
Дори Идэр

(Блог, вэбсайтынхаа холбоосдоо оруулж энэ сайтыг дэмжицгээнэ үү!) Дэлгэрэнгүй унших...

Our blog archive