Monday, January 19, 2009

Ерэн найман он - 3

(Үргэлжлэл) Уншигчийн анхааралд: “Нүүдэл суудал” номын V дэвтрийн “Ерэн найман он” бүлгийг цуварлаар тавьж буйн гуравдахийг сонирхуулж байна. Урьд гарсан хоёр цувралтай холбогдуулан уншигчдаас маш их санал хүсэлт зөвөлгөө ирлээ. Хараал, заналхийлэл, шившлэг ч дутуугүй. Миний бичсэн зүйлд хэрэв гүтгэлэг, үйл явдлын гуйвуулга, илэрхий доромжлол, зохиомол санаа байх аваас би ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн. Нөгөөтэйгүүр энэ бичиж буй зүйлд шинэ юм юу ч байхгүй, янз бүрийн хэлбэрээр урьд хэлж ярьж тайлбарлаж байсан юмсаа нэгтгэсэн болно. 10 жил өнгөрсний дараа олон зүйл мартагдсанаас гадна мөн олон зүйлийн учир цагийн эргэлтээр тодрон ойлгомжтой болж байна. Орхигдуулсан, омгойтсон, буруу дүгнэсэн зүйл ажиглагдах аваас надтай bbaabar(at)gmail(dot)com хаягаар харилцаж саналаа хэлнэ үү!

Баабар


ОУВС буруутав

Америк кинонд хэрэгтэн баривчлангуутаа цагдаа “одоо хэлсэн үг болгон чинь шүүхэд өөрийн чинь эсрэг ашиглагдана” гэж хэлдэг. Үүнтэй нэгэн адил хэлсэн тайлбарласан болгон маань хийрхэгчдэд үг болж байлаа. Голомт банк уг нь Хөдөө аж ахуйн банкыг авах гэж байхад нь би ятгаад Сэргээн босголтыг нийлүүлсэн гээд хэлчихсэн чинь Гомбожав, Шаравдорж нар ХАА банкыг дээрэмдэх гэж байхад нь хурц хараандаа өртүүлэн зогсоосон болоод явчив. 2000 оны сонгуулийн үеэр яг ингэж тайлбарлаж “баримтжуулсан” кино хүртэл хийсэн. Олон улсын валютын сангаас зээл авч тэдний зөвөлгөөнөөр хийж байгаа төсөл хэмээн тайлбарлаадахсан чинь гадаадын хорон санаатнуудтай нийлж Монголын улсын хайран банкыг сүйтгэсэн болоод ирлээ.

Үнэндээ банк санхүүд хийсэн энэ алхамыг ОУВС болон Дэлхийн банкнаас маш өндрөөр үнэлж байлаа. Тэд 7-р сард Улаанбаатарт Төрийн ордны их танхимд өргөн олонтой уулзалт зохион реформыг тайлбарлах гэж оролдсон юм. Дэлхийн банкнаас ирсэн төлөөлөгч нь Нигери улсын харъяат хар арьстан эмэгтэй, Азийн хөгжлийн банкны төлөөлөгч нь солонгос хүн байсан нь явсаар арьсны үзэл шовонизмын бай боллоо. Хаа хамаагүй хар авгай, бас нэг хужаа авчирч тархи угаах гэсэн болж хувирав. Хуралд шийдвэр гаргагчдаас хэн ч байсангүй, харин тэдний явуулсан төлөөнийхөн үймүүлж өглөө. Урьд цагдаад ажиллаж байгаад сүүлийн үед сүрхий улс төрч болж яваа Батболд гэгч онцгойрон хурлын уур амьсгалыг тодорхойлж байв. Улаан мөнгөн ус, цагдаагийн хэрэгслэл хувцас хунар нийлүүлэлтээс завшсан асуудал нь сөхөгдөж байсантай л холбоотой болов уу даа (хавсралтыг үз). Дэлхийн банкнаас зохион байгуулж УИХ-ын гишүүдээс аль чанга орилж байгаагаас нь 8 төлөөлөгч шилэн банкны төстэй реформ хийсэн Эстонид аваачиж үзүүлэв. Хөөрхийдээ, тэд маань Балтийн тэнгисииг үзчихээд л ирсэн дээ.


Дараахан нь ОУВС, АХБ, Дэлхийн банк тус болгоноос Монголын Засгийн газарт хандан саяхи банкны мөөржинг (компаниудыг нийлүүлэх) маш зөв алхам болсон гэж дүгнээд үүнээ зогсоож болохгүй талаар зөвлөсөн бичиг явуулсан (хавсралтыг үз). Хариуд нь ОУВС-ын эсрэг хийрхэл дэгдэв. Энэ байгууллага нь баян орнууд ядуу орныг зальдан хоослохын тулд бодлого явуулдаг газар гэнэ. Монгол улс 1990 оноос хойш энэ байгууллагаар амь тэжээгдэж байсан. Эдний хүсэлтээр ДБ, АХБ зээл олгож, эдний хүсэлтээр Япон зэрэг орнууд буцалтгүй тусламж олгож байсан. Үндэсний нийт бүтээгдэхүүний бараг тал нь ОУВС-ийн оролцоотойгоор орж ирэх тусламжаар бүтэж байв. Өнгөрсөн 8 жилд Монгол улс гаднаас бараг нэг тэрбум долларын зээл, мөн хэмжээний буцалтгүй тусламж авчихаад байлаа (хавсралтыг үз). Хэрэв энэ Дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагууд туслаагүй бол коммунизмын сүйрлийн дараах хүндрэлийг Монгол орон давж чадах байсан юм болов уу!? Гэтэл 2000 оны сонгуулийн үеэр “улс орныг тэрбум долларын өрөнд оруулж ОУВС-д хэрхэн чадагдсан” тухай хүчтэй суртал нэвтрүүлэг явуулж билээ. Чухам тэр тэрбум долларыг хоёр саяулаа хувааж идэж байж амь зогоож үлдсэнээ хэн ч санасангүй. Бямбасүрэн, Ганболд, Очирбат, Энхсайхан, Элбэгдорж нар л энэ ард түмнийг хоолоор таслаагүйдээ буруутай гэнэ.

Үнэндээ тэд өөрснөө эдгээр олон улсын байгуулагуудын учрыг олдоггүй байсныг хожим мэдээд би ихэд гайхсан. 2000 оны сүүлчээр Улаанбаатарт ирсэн ОУВС-ынхантай муудалцаж хөөж явуулчихаад эднээс холбоогоо таслая гэж шийдэн, хөөрхий Улаан, Очирхүү нар Вашингтон нисэн Дэлхийн банкнаас мөнгө зээлдэхээр очиж байв.Гарын сэг зурдаг захиралтай нь муудалцчихаад няраваас нь мөнгө нэхээд байгаатай төстэй юм уу даа. ОУВС зохицуулж ДБ, АХБ зээл олгодог, хэрэг ээрээ нэг бодлоготой газар гэдгийг өдий болтол ойлгоогүй явж. Хандивлагчдын уулзалтыг зохиохдоо ч мөн л энэ нь ОУВС-аас зохицуулагддагийг нь мэдэхгүй хуурч хулхидан салангид ярьж, хооронд нь өрсөлдүүлэх гэж оролдож байж билээ. Ер нь ч тэгээд Монголын эдийн засагчдын дийлэнх нь маш олон юм мэддэг, гагцхүү эдийн засгийн ухаанд л тааруу юм билээ л.

Засгийн газрын шийдвэр хүчингүй болов

Хэдэн жилийн дараа Болгарт сурдаг нэгэн оюутан эдийн засгийн хичээл дээрээ үзсэн сурах бичгээ надад авчирж үзүүлсэн юм. Банк санхүүгийн системд 1998 онд Монголд хийсэн реформыг амжилттай зүйлийн жишээнд оруулж тодотгожээ. Улсын дампуурсан банкыг хувийн банкинд нийлүүлснээр хувийн банк салбараа өргөжүүлж, улс ямар ч хохиролгүй үлдсэн төдийгүй бүх банкууд хувьчлагдаж төрийн арилжааны банк байхгүй болсноор Монголд санхүү банкны асуудлыг нэг мөр цэгцэллээ гэж бичжээ (хавсралтыг үз). Гэвч хэрэг дээрээ эхлэл нь ийм боловч төгсгөл нь өөр байсан юм. Улс хохирдогоороо хохирч 11 сая доллароо төлсөн.

Хэрэв банк нийлүүлсэн нь буруу болсон юм бол Засгийн газрын энэ тогтоолыг УИХ цуцлах ёстой. Ингэхгүй бол сэргэж босдог ч үгүй, үхэж сөнөдөг ч үгүй энэ банкны нийгэмд учруулах хор хохирол улам лавшраад байлаа. Харин хийрхэгчдээс хэн нь ч реформыг л буруутгаад байхаас ямар нэг алхам хийхээс цааргалж байв. Тэдэнд орилж хашгичин биеэ тодруулж байх хүсэл байхаас улс орны хохирол хожоо ёстой падгүй. Ингээд зарим хүнээр Засгийн газрын тогтоолыг цуцлуулах хуулийн төсөл өргөн бариулав. Үүнээс үүдэн 11 сая доллар төлөхөөс өөр аргагүй болж байгааг би чуулган дээр олон янзаар тайлбарласан боловч тэд таг чимээгүй сууна. Орой нь Элбэгдорж бид хоёр Ерөнхийлөгч Багабандийн гэрт очлоо. Ачийгаа бүүвэйлээд хайр халамжинд умбасан завгүй амьтан. УИХ-ын шийдвэрт хориг тавихыг хүссэн юм. Тэр хориг тавихгүй нь ойлгомжтой. Мэдээж тэр ард түмнийхээ талд зогсож байгаа. Нямдорж шиг. Би эхлээд мөөржинг хэрхэн зайлшгүй бөгөөд ашигтай хувилбар байсныг тайлбарлаад үүнийг цуцалснаар улсад ямар хохирол учирч байгааг тайлбарлав. Зүгээр л зарчмын үүднээс. Дараа нь бид хоёр бие бие рүүгээ нэлээд ширүүн үг шидэлцлээ. “Энэ яриагаа битгий мартаарай, хожим өөрөөр битгий тайлбарлаарай, би бичээд авчихсан шүү” гээд тэднийхээс явлаа (хавсралтыг үз). Үүдэн дээр гаргаж өгсөн Тамгийн газрын дарга Баярыг би тэвэрч аваад “Миний хүссэнийг хийж байгаагаа та хоёр минь мэдсэнгүй дээ” гэж билээ.

Нэгэнт Сэргээн босголт банкыг Голомтоос эргүүлж салгасан болохоор Монгол банкны төлөөлөгч Сэргээн босголтод томилогдон ирээд дор нь бодийг нь хөтөлж орхив. Ингээд тун удалгүй Сэргээн босголт, ХОТШ банкны дампуурсан болохыг Монгол банкнаас УИХ-д мэдээллээ. Сарын өмнө Сэргээн босголтыг цааш ажиллах бүрэн найдвартай гэж зүсэн зүйлээр батлаад байсан Гомбожав тэргүүтэй шалгалтын комиссынхон харин энэ удаа таг дуугүй. ХОТШ-ийн хувьд энд улсын мэдэл 30 гаруйхан хувьтай байлаа. Улсаас 1991 онд байгуулсан энэ банк Эрдэнэтийн дэргэд байгуулсан даргынх нь хувийн компаний мэдэлд орсон аж. Сүүлийн үед төрд хоног хоногоор тодрон гарч ирсэн Эрэл хэмээх алтны компани үлдсэнийг нь атгадаг аж. Тэд банк дампуурахын өмнөхөн өөрсдийн хувьцааг салгаж аваад зугтаасан боловч хэн ч “хүүе хаая” гэсэнгүй, хохирлыг нь улс мөнөөх 35 сая долларын зээлээсээ төлөв. ХОТШ банкинд 5 сая доллароо алдсан Германы Кредит болон өөр нэг банкны төлөөлөгчид ирж уулзлаа. Тэд алдсан мөнгөнийхөө ердөө 30 хувийг гуйж, чингэсэн тохиолдолд ихээхэн хахууль амалж байв. Энэ зээлэнд нь Засгийн газар ч, Монгол банк ч баталгаа гаргаагүй учир Монголын төрд пад байхгүй юм. Зээлийн талаар би судалж үзсэн. Дарханы силикат тоосго, Шарын голын уурхай зэрэгт сая саяар нь зээлсэн байдаг. Гэвч цаадуул нь ийм мөнгө огт аваагүй, зүгээр л бичилт хийлгэсэн гэж гүрийж байв (хавсралтыг үз). Тэгэхээр энэ их мөнгө хаачсан юм бол? Хачирхалтай нь 2002 онд Ерөнхийлөгч Энхбаяр Германд айлчлахдаа Кредит зэрэг банкны 5 сая долларын өрийг 50 хувь хөнгөлж төллөө хэмээн ихээхэн ач буятай суртал нэвтрүүлэг зохиосон юм. 30 хувийг нь буцааж өгвөл нэмж хахууль өгнө гээд байсан болохоор 50 хувь болгож өсгөхөөр аль зэрэг шан хүртээгээ бол? Гол нь энэ чинь Монголын төрийн өр биш байтал яагаад улсын валютын нөөцөөр төлж байгаа юм бол? Монгол улсын өр тодорхой хэдэн хүмүүсийн идэж уугаад барашгүй ашиг хожоо болох сайхан гарц анх ингэж эхэлсэн түүхтэй. Чех, Словак, Польш улсуудад төлөх өр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Иточу компанид төлөх өр гээд олон сайхан бизнес-луйвар сүүлд нь цуварсан билээ (хавсралтыг үз).

Од шүүрэх цаг

Тэр үед ямар ч логикгүй байсан хамаагүй дайрч давшилсан болгон үнэн сонсогдож байлаа. Америкийн империализм, намын эсрэг бүлэглэл зэргийн эсрэг явуулдаг байсан МАХН-ын хуучны хүчирхэг үзэл суртлын машиныг Энхбаяр ажиллууллаа. Ийм юмандаа үнэхээр ч гаргууд юм. УИХ-ын чуулганы танхимд хамгийн чанга хашгирдаг нь Содхүү, Улаан, Гомбожав гурав. Улаан бүр хүүхэд шиг орилж, ширээ нүдэж, утга учиргүй чимээ гарган авирлах нь өвчтэй ч юм уу гэмээр. Гадаа гудамжинд бол бүр ч гаажтай. Бошигт хэмээх Ардчилсан холбоог үүсгэгчдийн нэг түрээсэлж байсан дэлгүүрээ ардчилалынхан төрд гарсныг тохиолдуулж үнэгүй хувьчилж авна гэж найдаж байжээ. Харин тэрийг нь түүнд өгөлгүй дуудлагаар хувьчилж орхисон нь Энхбаярыг дэмжих “бослого” гарах далим болов. Ардчилалынхан ялсан сургаар баяжина гэж найдаад талаар болон гомдсон партизанууд болон хэдэн хөгшчүүл цуглуулан хоёр жил шахам үргэлжилсэн “өлсгөлөн” зохион байгуулсан юм. Эрх чөлөөний талбайд жил хэвтсэн тэд банкны шуугианы сургаар тушаал дэвшин Төрийн ордны дэргэд бөөгнөрч хашгичиж гарлаа. Тэд Гончигдорж, Элбэгдорж нарын зургаар барам хийн шатааж бөөлж дөвчигнөж байснаа улам ширүүсэн төрийн цагдаа хутгалж орхив. Төр Энхбаярын гарт байсан учир арга хэмжээ аваагүй дээ. Харин ч тэднийг далдаас санхүүжүүлэн дэвэргэж байв.

Азийн эдийн засгийн хямралын энэ хүнд үед Монголд гагцхүү шар хэвлэл дэгжин дэвжиж, хэвлэлтийн тоо нь 300 хувиар өсөж байсан юм. Дожоодорж, Жа. Пүрэв, Цэмбэл гэсэн зохиогчтой гүтгэлгийн номууд хэдэн арван мянгаар хэвлэгдэн хүмүүст үнэгүй тарж байлаа. Хүн болгон чадахаараа од шүүрч байв. Цаг нь мөн л дөө! “Монгол улс төргүй болчихлоо” гэсэн суртал нэвтрүүлэг хамгийн моодны үг болов. 300 жил үнэн хэрэгтээ өөрийн бие даасан төргүй явсан хүмүүсийн үг шүү дээ! Социализмын үед жаргалын орой дээр сууж байтал ардчилал гэж юм гарч ирээд зовлонгийн ёроолд унагасан гэсэн санааг олон нийтэд төлөвшүүлж гарав. Зовлонд унагагсад нэрээрээ тодорхой. Одоо эднийгээ шоронд хийж шонд дүүжлээд авбал улс орон гольдролдоо орон дахин цэнгэлийн манлайд очино. Хүмүүс юмыг хялбаршуулж ойлгох дуртай, хялбаршуулдаг машин бүхий л эргэлтээрээ эрчимтэй ажиллаж байлаа. Нэгэнтээ Гитлер хэлэхдээ “Хийж буй суртал нэвтрүүлэг чинь сонсож буй хүмүүсийн хамгийн тэнэгт нь ойлгогдож байх ёстой, ерөөсөө тэр тэнэг рүү л чиглэгдэх ёстой, гол бай чинь тэр!” гэжээ. “Тамгагүй төр” нийгмийн хамгийн сүүлчийн тэнэгт ч сайхан ойлгомжтой болов.

1990 оноос хойш анх удаа өөрийнхөө үгийг ямар ч жингүй, хүчгүй, цуурайгүй болж байгааг тэгэхэд би үзэж мэдэрсэн юм. Ямар юм болчихоод яах хэрэгтэй учраас юу хийсэн тухай би амаа цангатал ярьж байсан. Бараг л зурагтын нэвтрүүлэгч, сонины сэтгүүлч болохтой шахсан. Хэн ч үл сонсоно. Олон ярилцлага, олон тайлбар, олон өгүүлэл талаар өнгөрсөн. 1999 онд би өөрийн бичсэн эдийн засгийн өгүүллүүдээ эмхтгэн “Алтан гурвалжин” түүвэр хэвлүүлсэн нь нийтдээ 20 хувь борлогдсон. Хүмүүс тайвшрсан хойноо ойлгосон бизээ.

Гүтгэлгийн асуудлаар би тухайн үед нь шүүх болон цагдаад хандаж байсан. Шалгалтын комиссын дарга Дэмбэрэл “Энэ бол Гомбожавын хийсэн ажил, тэр үед би хөдөө Дарханд ажлаар явж байсан” гэж мэдүүлж байв. Үнэн сонины сурвалжлагч Жа Пүрэв хэмээх миний эцгийн садантай би Цагдаагийн газар таарсан юм. “Баабарыгаа сэтгүүлч бид чинь их шүтэж хайрладаг юм шүү дээ” гээд урдаас балайраад сууж байдаг байгаа. “Хэрэв би улсаас нэг төгрөг завшсан бол нэг жил, арван төгрөг хулуусан бол 10 жил шоронд сууя” гэсэн миний учирлал хэний ч чихэнд наалдсангүй.

Ор залгагчгүй огцорсон засаг

Энхбаяр элсний 13 бүлгийн тусламжтайгаар Элбэгдоржийн Засгийн газрыг түлхэн унагалаа. Зорилго биелэгдсэн учир Үндсэн хуулийн цэц дахин хуралдаж УИХ-ын гишүүн Засгийн газарт давхар сайдын алба хашиж болохгүй гэсэн шийдвэр 1998 оны 10 дугаар сарын 23-нд гаргав. Энэ шийдвэрийн өмнө Ерөнхий сайдад хүний нэр дэвшүүлээд Ерөнхийлөгч дээр орохоор Үндсэн хуулийн “зөвшинө” гэсэн үгээр гул барин хориглож байлаа. Хэрэв парламентийн тогтолцоотой юм бол парламент Засгийн газраа өөрөө бүрдүүлэн томилох ёстой, Ерөнхийлөгч зөвхөн Үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар өөрийн санал дүгнэлтийг хэлэх эрхтэй юм. Үндсэн хуулийн логик энэ. Гэтэл Багабанди нь үүний өмнөхөн солигдсон Эрдэнэт үйлдвэрийн дарга Отгонбилэгийг эргүүлж тавих шаардлага тавиад эс зөвшөөрвөл Ерөнхий сайд болох хүнийг мөн эс зөвшөөрөх гаргууд тоглоом зохион байгууллаа. Энэ хооронд Да. Ганболдын нэрийг 7 удаа, Ганхуяг, Бат-Үүл нарын нэрийг тус бүр нэг удаа оруулж саналыг нь авсан юм. Сүүлдээ Багабанди Ерөнхий сайдад “тэнцэх” хүмүүсийн нэрсийн жагсаалтыг өөртөө таалагдсан байдлаар гаргаж ирэхдээ тулсан. Төрийн машиныг гацаах тоглоом болж хувирлаа. “Отгонбилэгийг эргүүлж тавихгүй бол шинэ Ерөнхий сайдтай болно гэдэг гонж” гэж тэр үзэж байтал нөгөө талаас Энхбаяр чухам ийм юм болох вий гэж айн бүхий л аргаа хэрэглэн шийдвэрийг хэвээр үлдээхээр зүтгэнэ. Хэдийгээр Багабанди Энхбаяр нар хоорондоо үхэн хатан тэмцэлдэж байсан боловч Төрийн машин гацаах нээлт бол хувь заяаны шоглоомоор энэ хоёр хүний хамтын бүтээл юм. Анхдагчид!

Энхбаяр Элбэгдоржтой тун ойр шадарлаж байлаа. Хоюул нялх хүүхэдтэй болсон, аль алин нь өвдөхөд эмнэлэгт нэг тасагт хамт сахиж байв. Өдөр шөнөгүй нэг өрөөнд хамт. Багабандийн хорон тоглоом энэ хоёрыг эвлэрүүлсэн болов уу. Үнэхээр ч Отгонбилэг эргэж гарч ирж Багабандитай хавсайдвал Энхбаяр сүйрэх байлаа. Түүний найдлага энэ үед ганцхан Элбэгдорж л байсан байх. Яг үнэнийг хэлэхэд энэ үеэс Монгол улс эцсийн шийд гаргагч ганц хүнтэй болсон нь сөрөг хүчний намын дарга Энхбаяр байлаа. Төрийн ямар ч шийдвэр Энхбаярын зөвшөөрөлгүйгээр зөвхөн оролдлого төдий л хоцроно. Түүний албан өрөөний үүдэнд урт оочир үүсч, түүнтэй уулзаж асуудлаа шийдэх нь хүн бүрийн хүсэл боллоо. Эвслийн бүлгийн хурал дээр ямар ч асуудал хэлэлцсэн шийдэлд хүрнэ гэж байхгүй эцэст нь Энхбаяр дээр очиж байж нэг талдаа гарна. “Элсний 13” бүлгийн ахлагч До. Ганболд өөрийн намын хурал дээр юу хэлэлцсэн тухай очиж тайлагнаад яавал дээр тухай зөвлөлдөнө. Хожим Нямдорж “Энэ өөдгүй амьтан бидэнд үйлчилж байсан болохоор нь тэсээд өнгөрдөг байж билээ, түүнээс өөрснийхнийгээ хоролж явдаг ийм урвагч шаарт би угаасаа дургүй” гэж ярьж байсан. Тэнэгдүү боловч зарчим баримталдаг хүний үг. Чухам тэгэж гүйсний ачаар До. Ганболд УИХ-ын дэд даргын суудал эзэмшигч болж билээ. Түүнийг Элсний 13 хуралдаад Ерөнхий сайдад дэвшүүлж байв. Харин шийдвэрийг намын дарга Элбэгдоржид хүргэж өгөх учиртай Батцэрэг замдаа бичиг дээрх нэрийг засан өөрийгөө тавьчихаад “намын дарга та итгэл хүлээлгэвэл миний бие Ерөнхий сайд болоход бэлэн” гэсээр давхиж очсон байдаг. Уравсны шанд Байнгын хороон дарга болсон нь багадаад байж!

Төрийн яам, агентлагууд ажиллах механизмаа гээлээ. Албан газар болгонд “эвслийн шааруудын эсрэг” оппозиц буй болон ажил нурааж, сүйтгэж, үл биелүүлж буй амжилтаа Энхбаярт очиж тайлагнах гэж яарна. Хэдий чинээ төрийн механизмыг гацаана, шинэ сонгуулийн дараа төдий чинээ дэвшинэ гэсэн ойлголт түгээмэл болжээ. Тэр үед төрийн захиргааны байгууллагад ажиллагсадын 60 гаруй хувь нь МАХН-д хамаарч байлаа. Эвслийн Засгийн газар буй болонгуут ажлаасаа халагдахаас айн махнист гэдгээ нууж ардчилсан хүчнийг байнга хөнжил дотроо дэмжиж байснаа гайхагсад одоо илт сэргэн хулгайч дээрэмчдийн эсрэг эх орон нам хүчнээ хамгаалагч шудрага иргэдийн дүрд хувирлаа. Шудрага шудрага бусдаа биш, шидсэн бумеранг эргэж толгойг нь ононо гэж ойлгосон Энхбаяр 2000 онд засагт гаруутаа МАХН-д хамаараагүй болгоныг үлдэгдэлгүй халж төрийн байгууллагыг жинхэнэ үзэл суртлын оромж болгон хувиргасан билээ. Тэрээр төрийн мэргэшсэн 15 мянган ажилтныг бараг нэг амьсгаагаар ажлаас нь халж хөөн зайлуулсан. Ардчилалын найз нөхдөө муулж матаж уравсан этгээдүүдийн хэн нь ч үлдэж чадсангүй мөн л хөөгдсөн. Тэр үед хүмүүс Энхбаярыг мэддэггүй байлаа. Бүх хамтрагчдаа эргэж устгадаг Гитлер, Сталин, Мао маягийн арга барилтай хүн Монголын төрийн жолоонд гарч ирж байгааг хэн ч төсөөлсөнгүй.

УИХ-ын Тамгийн газрын ажилтнууд зөвхөн Энхбаярт үйлчилж, эрх баригчдын ажлыг унагах, тагнах, хов зөөхөөрөө гавъяагаа үнэлүүлэх болов. Энэхүү увайгүй үйлдлийнхээ төлөө Бямбацэрэн Статистикийн дарга, Долгор УИХ-ын гишүүн гэх мэтээр үүрэгт ажлаа хорлов гэж шагнуулсан тамгын ажилтнууд цөөнгүй. Эрх мэдэл хаанаас хаашаа шилжиж байгаа, хэн бялуу хуваах нь нэгэнт тодорхой боллоо. Адгийн шаарууд амаараа нэг хов гүтгэлэгтэй, байгаагаа хармайлсаар Энхбаярыг тойрон бүчиж байлаа. Улс орныг шинэ зуун гаруут тонох дээрэмчид хуралдан бөөгнөрнө. Эвслийнхэн хэрхэн их идэж ууж байгааг ярих тусам түүндээ өөрсдөө үнэмшин, хожим хулгайлах тонох дээрэмдэх ажиллагаагаа өөртөө зөвтгөх шалтгааны шаваа тавьж байв. Хулгайчид ч шалтгаан хэрэгтэй!

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг нь эзэмшдэг Оросын засгийн газар дарга солигдож халагдсан талаар ямар бодолтойг тандуулахаар Дэд бүтцийн сайд Зоригийг 9-р сарын дундуур Москва руу илгээлээ. Тэрээр Италийн Триер хот орж динозаврын үзэсгэлэн гаргах асуудлаар палентологич Барсболдын хүсэлтээр хүү Дэнзэнг нь дагуулан явлаа. Эргэх замдаа тэр хоёр Москвад хэд хоносон. Хувийн болсон Зарубежцветметалл компанид Эрдэнэтийг хувьчилжээ. Энэ тухай үйлдвэрийн 51 хувийг эзэмшигч Монголын талд огт мэдэгдээгүй байв.

Үргэлжлэл бий

Дэлгэрэнгүй унших...

Ерэн найман он - 2

...Дөрвөн сарын эхээр би эмнэлэгт хэвтэж байлаа. Энэ үед Цэцийн шинэ шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэж гэнэт зөвшөөрсний дагуу Эвслийн хоёр намын хурал болж МҮАН-ын дарга Ерөнхий сайд болно гээд тогтчихсон байв. Эмнэлэгт хоёр намын дарга болох Элбэгдорж, Гончигдорж нар ирэн намайг “Сангийн сайд бол” гэж ятгах тулгахын завсарт хэллээ. Элбэгдоржоор толгойлуулсан шинэ Засгийн газар буй болох нь нэгэнт тодорхой болсон зүйл. Би уул нь Энхсайханыг огцруулахыг дэмжихгүй байлаа. Хувьсгалт нам тоглож өгнө гэдэг нь ойлгомжтой байв. Тэгээд ч Энхсайханы Засгийн газар сайн ажиллаж байсан. Гэвч асуудал нэгэнт шийдэгдсэн учир надад зөвшөөрөхөөс өөр арга олдсонгүй. Над шиг хурц ширүүн үгтэй, хэний ч сүүдэрт орох дургүй биеэ тоосон хүн нэгдүгээр нүүрэнд гарах нь тохиромжгүй гэдгийг сайн мэдэж байсан. Надад хонзогнож өширхөгч дэндүү олон бий. Иймээс ч түрүүн нь Байнгын хороон дарга болохоос татгалзаад байсан хэрэг.


Дэлхийн банкны төлөөлөгч мэргэжилтэн гэгч 1998 оны 5-р сарын 2-нд Сангийн сайдтай уулзахаар ирлээ. Мөнөөх банк эрүүлжүүлэх 35 сая долларын зээлийн хүрээнд. Тэрээр ирээд сар болж байгаа гэнэ. Сэргээн босголт банкыг 4-р сарын 1-ээр тасалбар болгон дампууруулахаар Энхсайханы Засгийн газартай тохирсон боловч тэд таг чиг болжээ. Сар ажиглалт судалгаа хийгээд энэ банкыг яаралтай дампууруулахгүй бол хохирол нь дийлдэх аргагүй болно гэдгийг санууллаа (хавсралтыг үз).

Монгол банкны удирдлагатай уулзаж Засгийн газрын харъяа шинэхэн Сэргээн босголт банкны талаар мэдээлэл авав. Ердөө хэдхэн сарын дотор 7,5 тэрбумын найдваргүй зээл тараажээ. Банкны захирал Ганбат гэгч нь урьд нь Дархан Сэлэнгэ хавьцаа ажиллаж байгаад ирсэн нэгэн аж. Луйврын дэндүү дийлэнхийг Дархан, Сэлэнгийнхэн хийсэн байна. Тэрдундаа Зүүнхараагийн жижиг салбар онцгой идсэн байх юм. Нутаг нугын мафи маягтай. УИХ-ын гишүүн Содхүү гэгч Сэлэнгийн луйварчин гэхэд “Аривжих ойл” нэртэй компаниар дамжуулан 360 сая төгрөг зээлж аваад бодвол тэрүүгээрээ “Капитрон” гээч банк байгуулжээ. Үүнд МАХН-ын нэлээд томчууд хутгалдсан байх жишээтэй (хавсралтыг үз). Содхүү зайтай луйварчин. Зээлийн мөнгөөр бүхэл бүтэн сангийн аж ахуй хуурамчаар худалдаж аваад үр тарианы авлагаар нь зээлээ хаачихаж. Аж ахуйн нэгжийг өөрийнх нь мөнгөөр худалдаж авсан гэсэн үг. Гэтэл тэрээр сүүлд нь банк тойруулж хамгийн их улс төржин эх орноо хамгаалж яаж товойн дөвчигнөсөн гэж санана! Өөрийгөө “Монголын толгой эдийн засагч” гэх мэтээр огт тоохгүй нэрлэж сонинд бичүүлнэ. “Оюуны ундраа” компаний эзэн Отгонбаяр Засгийн газарт 800 сая төгрөгөөр Ми8 нисдэг тэрэг заржээ. Засгийн газраас мөнгөө авахын өмнө хоёр банкнаас түүгээрээ барьцаалж зээл авсны нэг нь энэ Сэргээн босголт. Банкны ажилтнууд зээл гаргаж өгөөд 10 хувийг нь авдаг нь бараг л ил тод наймаа болжээ. Ганбат захирал болон түүнийг хүрээлэгчид, банкны Дархан Сэлэнгийн салбарын эрхтнүүд асар богино хугацаанд баяжиж (хавсралтыг үз). Гэнэт баяжихаараа монгол хүн яаж цамаархаж савируулдаг билээ дээ. Олон зээл хүний нэр дээр хийгдсэн учир цаад эзэд нь олдохгүй боловч “хар аргаар” өнгийвөл мэдэгдэхээр аж.

Банкны захирлыг дуудаж авчраад ажлаас халсныг нь мэдэгдлээ. Энэ банк нь төрийнх, өөрөөр хэлбэл Сангийн яамны харъяа ухаантай. Захирлыг, мөн Зүүнхараа болон Чингэлтэй дүүргийн салбарыг цагдаагийн газарт өглөө. Зээлийг зогсоох тушаал гаргав. Гэвч тэд тушаал гарснаас хойш цагдаад баригдах 15 хоногийн дотор асар их зээл нэмж тараасан байсан юм. Энэ бол хулгай биш улайм цайм дээрэм. Одоо энэ банкыг яаж хохирол багатай дампууруулах вэ? Өртөг нь бараг 11 сая доллар болоод байдаг. Үүний цаана байгаа ХОТШ банк үүнээс ч их өртөгтэй. Банк цэгцлэх 35 сая доллароос хагас нь байхгүй учир хүрэхээ больчиод байдаг. Хэрвээ энэ мөнгийг хэмнээд, дампууралдаа асар их мөнгө нэхээд байгаа энэ Сэргээн босголт банкыг хэн нэгэнд нь өртэй юутай нь даатгаад хаячихаж болдогсон бол?

Чухам энэ үед хувийн Голомт банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Болдхуяг над дээр орж ирсэн юм. Тэдний банк элгээрээ мөлхөн унаж байгаа Хөдөө аж ахуйн банкыг өөртөө нийлүүлэхээр шийдсэн аж. Хөдөө аж ахуйн банкны ердөө 10 хувь нь улсын мэдэл, иймээс голлох хувьцаа эзэмшигчидтэй нэгэнт тохирсон учир шийдвэр гаргах эрхгүй 10 хувьтай төрд ердөө л дуулгаж яваа нь энэ аж. Хөдөө аж ахуйн банк уг нь номоороо бол аль хэдийнээ дампуурсан. Гэвч Монголын өнцөг булан бүрд нийт 300 шахам салбартай хамгийн түгээмэл банк байсан учир Засгийн газар ч, гадаадын зээл тусламж ч тийшээ чиглэсэн амь тариа хийж байсан. Гэхдээ л 4-5 тэрбумын алдагдалтай байсан юм (хавсралтыг үз). Шинээр хүч түрэн гарч ирж буй Голомт уг банкны олон салбарт шүтэж энэ зэргийн алдагдлыг өөрөөсөө төлөхөөр шийджээ. Өөрөөр хэлбэл ийм олон салбар байгуулна гэвэл үүнээс ч илүү өртөг гарна гэж тооцсон хэрэг.

Би Болдхуягийг удтал ятгаж гарав. Улсын нуруун дээр 11 сая доллар тавьчихаад байгаа Сэргээн босголт банкыг түүнд атгуулчих гээд байгаа хэрэг. ХАА-н банкнаас Сэргээн босголт дээр гэж ухуулав. Мань эр нөхөдтэйгээ ярьчихаад ирье гээд гарсан. Хэд хоног ятгасны эцэст тэд зөвшөөрсөн юм. Хожим тэд надад гомдон “Бид ядахнаа 40 нас хүрсэн байсан бол танд ингэж амар хууртахгүй байлаа” гэж билээ. Хожим би ч өөрөө гэмшсэн. Яахаараа улсын өмч л шатахгүй бол хувийнхан ямар ч хохирол хүлээсэн яадаг юм гэсэн бодол надад байсан юм бол? Эсвэл хариуцсан ажлаа сайн байлгахын тулд бусдын хохирлыг тооцдоггүй тийм увайгүй хүн гэж үү, би? Урьд нь Жасрайн Засгийн газар улсын өмчийн банкыг дампуурах болохоор мөн л улсын өмчийн Ард банкин дээр овоолж амь дүйдэг байснаас миний энэ арга хэлбэрийн хувьд ялгаа байсангүй. Ялгаатай нь хохирогч нь төр биш хувийн сектор болох байлаа. Хувийн өмчийг жигшдэггүй юм гэхэд хохирч байх нь өөрсдийнх нь хэрэг гэдэг коммунист маягийн хандлага надад ч байж. Байгуулагдаад дөнгөж гурван жил болж байсан Голомт банкинд энэ гамшиг том шалгуур болсон юм. Магадгүй ийм аймшгийг давж гарсан нь цаашдын төлөвшилд нь их нэмэр болсон байх гэж бодож өөрийгөө цагаатгадаг.

Банк тойрсон тоглолт

Засгийн газарт танилцууллаа. Бүгд учрыг ойлгож дэмжив. Амаржаргал л жаахан дурамжхан. Хэрэв ингэхгүй бол яах хэрэгтэйг асуухад “Бантан зуурснаараа өөрөө тэрийгээ идэхгүй юу” гэж хариулсан юм. Түүнд шалтгаан байсан, Цэргийн сургуульд Улс төр эдийн засгийн ухаан гэдэг хичээл зааж байсан хүний хувьд Сангийн сайд болно гэж бодож байж. Сэргээн босголтыг дампууруулалгүйгээр Голомт банкинд аргалаад өгчих хувилбар гаргасан учир шийдвэрийг гэнэт хийх ёстой байлаа. Сэргээн босголтын асуудлыг олон нийтэд ил тавих нь аюултай, хүмүүс мөнгөө татаад эхэлбэл банк дампуурна. Ингээд хагас сайны шөнө шийдвэрт гарын үсэг зурсан юм. Үүний урьд Элбэгдорж бид хоёр Ерөнхийлөгчтэй гэрт нь очиж уулзан байдлыг танилцуулаад авах гэж буй арга хэмжээгээ тодорхой ярьсан юм. Харамсалтай нь асуудлыг түрүүлж мэдсэн хүний хувьд Ерөнхийлөгч үүнийг хэрхэн улс төржүүлэх замаар хожоо гаргах зааврыг МАХН-ын УИХ дахь бүлэгт өгсөн байдаг (хавсралтыг үз).

Даваа гаригийн өглөөнөөс жинхэнэ халуурал эхэллээ. Сэргээн босголтыг авсан Голомт бүрэн эрхт төлөөлөгчөө оруулан шалгалт явуулж эхлэв. Банк тэдний төсөөлж байснаас хавьгүй илүү аюултай байдалд байх аж. Луйварчин дээрэмчид тонож цөлмөөд харах эцэсгүй юм болгожээ. Зээл нэрээр 10 гаруй тэрбум төгрөг цацаад, цөлмөөд хулгайлаад явчихсан нь тэр үеийнхээ хэмжээсээр сансрын тоо байв. Голомтынхон томоохон зээлдэгчдийн нэрийг гаргаж зээлээ төлөхийг шаардсан нь мэдээж дургүйг нь хүргэж таараа. Банкны ажилтан хулгайч нар юун түрүүн улс төрийн орогнол эрэн МАХН-ын цагаан байшин руу гүйлдэв. Угтан авч хөхиүлэгч нарын дунд Сэргээн босголтоос зээл нэрээр луйвар хийгчид мундахгүй байсан ч ихэнх нь үүнийг улс төрийн өш хонзон авах аятай далим гэж харж байлаа. 1996 оны сонгуульд ялагдсаны өс! Энэхүү банкны тонуулчдаас Энхбаярын байгуулсан Ардчилсан социалист залуучуудын холбоо гэгч байгууллага үүсэн юм. Үнэндээ энэ нь залуу луйварчдын холбоо байлаа.

УИХ-аас Сэргээн босголт банкинд Дэмбэрэлээр даргалуулсан шалгалтын хэсэг байгуулан орууллаа. Банкны тухай ямар ч ойлголтгүй эдгээр хүмүүс ямар дүгнэлт гаргах нь эхнээсээ тодорхой байсан юм. Онц идэвхи гарган гүйж, хожим ярих дүгнэлтээ ажлаа эхлээгүй байхдаа УИХ-д ярин сонинд ярилцлага өгч байсан Гомбожав эдэн дундаа илүү тодорч байв. Тэрээр урд жил нь өөр намаас Ерөнхийлөгчийн сонгуульд орохын тулд намаасаа гарчихсан байлаа. Эгэл борчуулын төлөө хэмээх уриатайгаар сонгуульд оролцсон түүнд Монголын хүн амын 2 хувь орчим эгэл борчуул санал өгснөөр тэрээр цаашдын улс төрийн карьераа алчихсан байв. Энэхүү банкны явдал түүнд намынхаа өмнө цагаатгалыг олох магадгүй сүүлчийн боломж байлаа. Комисст элсний гэгдэх бүлэглэлийнхэн орох гэж хоорондоо булаацалдан эцэст нь Батнасан, Дашпүрэв нар азтанаар шалгарав. Тэр хоёр тэр дороо Голомт банкны захиралтай уулзан тус бүрдээ 10 сая төгрөг нэхэж, чингэвэл шалгалтын дүн сайн гарна гэж амалжээ (хавсралтыг үз). Монголын парламентийн гишүүн хүн орлогоо голлон олдог суваг анх ингэж нээгдсэн юм. Шалгалтын комисс нэрээр Төрийн байгууллагуудыг дарамталж зүсэн зүйлийн хэлбэрээр эд мөнгө салгах энэ арга хойшлох тусам улам боловсронгуйжсаар тэр үеийн улайм цайм нэхдэг бүдүүлэг байдлаа гээн хуйвалдах, тэндэр хуваах, улсад материал шахах зэрэг боловсон хэлбэрт шилжин тогтсон билээ.

Шид нь бүрдсэн комисс хоёр хоног баахан хов цуглуулаад Сэргээн босголт банкыг ямар ч хямралгүй цаашид ажиллах бүрэн бололцоотой байна гэж дүгнэлээ. Гэтэл комиссийн нэг хэсэг нь “Сэргээн босголт дампуурсан учир хамгийн сайн оновчтой арга хэмжээ авсан байна” гэсэн эсрэг дүгнэлт гаргасан боловч хэн ч үүнийг сонсохыг ч хүссэнгүй. Банкнаас зээл авсан компаниудын зуучлагч нар гэж баахан нэр зохиож тавьсанд Элбэгдорж, Гончигдорж болон өөр хэд хэдэн хүний нэр тавьсанд мэдээж миний нэр оржээ. Эдгээр нэрийг эхлээд “Сэрүүлэг” сонинд “сурагтай” гэдэг маягаар гаргасан юм. Нэг үгэндээ хэвлэлээр нэр зохиож гаргаад үүнийгээ шалгалтын комиссоор баталсан маягтай. Сэргээн босголт банкны захирал цагдаад дуудагдангуутаа оргон зайлжээ. Тэгэнгүүт “Сэрүүлэг” сонин түүнтэй орогнож буй нууц газарт нь хийсэн ярилцлага гэгчийг зохион нэмж баахан хүн гүтгэв. Энэ ярилцлагыг комиссынхон гол дүгнэлтээ болгосон юм. Хожим шүүхэд ч энэ сонинг л барьж өөрсдийгөө зөвтгөж байлаа. Сонины эрхлэгч тэр дороо МАХН-ын хамгийн хүндтэй хүний нэг болон тодорч хэд хэдэн удаа хотын депутатаар сонгогдон, газрын наймаагаар ихэд баяжин улсдаа тэргүүлэгч капиталистын нэг болсон билээ. Залуучуудын холбооноос эрхлэн гаргаж байсан нэгэн товхимолд редактор нь мэдэгдэлгүйгээр засвар оруулан өнөөх ярилцлагаас иш аван Элбэгдорж, Гончигдорж Баабар мэтийн хүмүүс банкны зээлд зуучлан мөнгө хулуусан тухай материал шургуулан хэвлүүлжээ. Нэг үгэндээ гүтгэлэг долоо хоногийн дотор ном болон “баримтжин” мөнхөрч буй нь энэ. Редактор үүнээс хойш зэрэг цол ахин өөрийнхөө зиндаанд үргэлж том алба хашиж яваа.

МАХН-аас цуглаан жагсаал зохиож гарлаа. Эрх чөлөөний талбайд болсон цуглаанд Энхбаяр, Нямдорж нар биечлэн оролцож үг хэлэхдээ иргэдийг банкнаас мөнгөө татахыг уриалав. Үүнийгээ чимэглэхдээ “Та нар хулгайчийн царайг харъя гэвэл өнөө орой зурагтаа асаагаад Сангийн сайд Баабарыг харцгаа” гэж захив. Эрүүгийн хуулийн “Төрийн эсрэг онц ноцтой гэмт хэрэг” гэсэн цаазаар авах ял бүхий зүйлд “... төрийн мөнгөний бодлогыг санаатайгаар унагах” гэсэн заалт байдгийг би тэр хоёрт үзүүлсэн юм. Нямдорж ёстой ориг хариулт хэлсэн нь: “Хууль ямар хамаатай юм! Би ард түмнийхээ талд зогсоно”. Энхбаяр бол илүү зальхай. “Дараагийн сонгуульд тэртэй тэргүй танай нам ялж чи Ерөнхий сайд болох нь тодорхой. Санхүү банкны системийг цэвэрлэх нь эцсийн бүлэгт чамд л хэрэгтэй шүү дээ” гэсэн учирлалд “Би ч хэрэгтэйг нь сайн ойлгож байна л даа. Манайхан бас их хэцүү байнаа. Халуурцгаагаад... Намайг шахаж загнаад байх юм. Намын дарга болохоор би тэднийхээ үгийг сонсохгүй болдоггүй, чи өөрөө намын дарга байсан хүн байна хөгшнийхөө энэ зовлонг ойлгож байгаа” хэмээн өрөвдөлтэй царай гаргана. Үнэндээ тэр өөрөө энэ бүхнийг зохион байгуулж байлаа. Хожим бүгд түүнд дэвслүүлээд эхлэнгүүтээ надад нэг нэгээрээ ирж хэлсэн. Хашир өөрөө нөхдөө шахаж байлаа.

Гүтгэлэг замаа алдлаа. Зэсийн үнэ шалан дээр унаснаас болоод Эрдэнэт татвараа битгий хэл хэрэглэсэн цахилгааны мөнгөө өгч дийлдэггүй. Би Эрдэнэтийн Отгонбилигийг эрж, Отгонбилиг надаас зугтаадаг ажилтай болов. Наадам дөхөөд ирэхээр улсын санд тавих цалин байдаггүй. Хэрэглэсэн цахилгааны мөнгөө өгчих гэхэд, Казахстанд алдчихсан арван хэдэн сая доллароосоо одоохон хэдийг нь олоод ирнэ гэж Отгонбилэг амлаад зугтана. Би гэрээр нь хүртэл хэд хэд очсон. Эцэст нь наадмын урд өдөр Монгол банкнаас 3 тэрбум төгрөг зээлж цалин тавьлаа (хавсралтыг үз). Ердөө наадмын маргааш Шаравдорж, Цэвээнжав нар хэвлэлийн бага хурал хийлгэж наадмаар ажил тарсан байхыг далимдуулж Монгол банкны Үнэнбат бид хоёр 3 тэрбум төгрөг хулгайлсан болохыг “илчлэв”. Хэдэн хоногийн дараа тэр хоёр намайг бүр 27 тэрбум төгрөг завшсаныг илчилж сонин болгонд ярилцлага өгч мэдээллийн хэрэгслэлийн шудрага баатраар тодорлоо. Улсын цалингийн жилийн нийт фонд жар гаруйхан тэрбум төгрөг байсан тэр үед би хаанаасаа бараг хагастай нь тэнцэх мөнгө идсэний учрыг олоогүй (хавсралтыг үз). Хаанаас ч ийм тоо олсон юм бол? Зуутын дэвсгэрээр бодоход гуч гаруй ачааны машин мөнгө болох юм байна гэсэн тооцоог л хийж үзсэн. Үнэндээ тэр үед НҮБ-ийн өнгөрсөн жилийн татвар гээд ердөө 110 мянган долларын нэхэмжлэл ирэхэд гаргах мөнгө байхгүй сандарч байлаа. 2000 оны сонгуулийн дараахан Шаравдоржоос сэтгүүлч мөнөөх олон тэрбум төгрөгний тухай нь асуухад “Шинэ УИХ-д би Ёс зүйн хороог хариуцахаа больсон учир дараагийн хүн шийдэх байх” гэж хариу өгч байв. Солих хувцас тааруутай байсан энэхүү насаараа хөдөлмөр хийж үзээгүй хүн 10 жилийн дараа гэхэд Монголын хамгийн баян тарган бэлтэй хүн болон хувирч билээ.

Ид зуны дэлгэр цаг. Валютийн урсгал урсдаг улирал. Гэвч банк тойруулж шуугиан үүсгэн, иргэдийг хадгаламжаа авахыг уриалснаас болоод төгрөг аюулд учирлаа. Улсын нийт нөөц тэр үед ердөө тавь гаруйхан сая доллар. Төгрөгийг энэхүү зохиомол хямрал дундуур авч гарахын тулд ганцхан сард Монгол банк 30 сая доллар зарцуулжээ. Эрч хүчээ авч эхэлж байсан Голомт банк ч сүйрлийн ирмэгт ирлээ. Энхбаярынхны гомдлоор цагдаа Голомт банкны ажиллагааг хааж хамаг бичиг баримтыг нь шалгах нэрээр хурааж авав. Банкны гүйлгээ таг зогсчээ. Голомтын залуучууд надад гомдон ганц л зүйл хүсч байлаа: Энэ новшийн Сэргээн босголт банкаа эргүүлж аваач!

Үргэлжлэл бий

Дэлгэрэнгүй унших...