Friday, March 2, 2007

Тогоогоо томруулвал хусах юм нэмэгдэнэ

Могой гурав тасравч гүрвэлийн чинээ. Монгол гурав тасравч Францын чинээ. Гэвч Францад жилд 75 сая жуулчин ирдэг гээд бодохоор 75 мянган аянчин авч чаддаггүй Монголоос лавтай олон мянга дахин сонирхолтой орон бололтой. Тээвэр, буудлаа оруулаад нэг жуулчнаас 3000 доллар салгаж чаддагаар нь үржүүлбэл толгой эргэм тоо гарна. Монголд ирдэг жуулчид 2001 онд гэнэт 18 мянгаас 200 мянга хүртэл өссөн юм. Гэхдээ энэ бол тоонд дуртай Ерөнхий сайдын маань л амжилт л даа. Жуулчин гэж хэнийг хэлэх вэ гэдэг олон улсын үзүүлэлт байдаг. Тэр жишгээр тоолдог байсныг монгол л биш бол хилээр орж гарсан гадаад нохойг хүртэл тоолоод унахаар ийм болсон хэрэг.

Яг үнэндээ жуулчид уржнангаас тун их өсөх хандлагатай боллоо. Өнгөрсөн жил зөвхөн Японоос гэхэд 18 мянган жуулчин иржээ. Улаанбаатар хот ердөө 15 мянган жуулчны багтаамжтай гэж бодоход манайдаа л ахадсан тоо л доо. Гэхдээ өнгөрсөн хоёр жилд айлаар суудаг жуулчид их болж энэ талын бүхэл бүтэн сүлжээ буй болжээ. Гийчид ихсэх тутам энэ үйлчилгээ улам өргөсөхийн сацуу буудлын тоо ч нэмэгдэнэ. Ингэхээр жуулчлал нь ДНБ-д томоохон хувь эзлэхүйц сүрхий ланжгар салбар болох найдвар байна.

Монгол бол харьцангуй хямдхан орон. Үзэж хараад байх түүхийн дурсгал зэрэг зүйлээр тарчигхан боловч онгон байгаль, морь мал гэсэн атракционоороо хэрдээ дажгүй сонирхол татна. Архангай, Өвөрхангайн чиглэл рүү гадаадын төдийгүй дотоодын жуулчлалын сүлжээ үүсэн улам томорч, тэр чинээгээрээ жуулчлалаар амьдрагсад улам олон болж байна. Үйлдвэрлэл хөгжөөгүй, ер нь уул уурхайг эс тооцвол хөгжих ч магадлал багатай манай оронд жуулчлал хөгжсөнөөр ажлын байр ихсэхийн сацуу хүмүүс ч дагаад соёлжино доо.

Гэхдээ жуулчлалын бизнес хөгжихөд Төр гэж нэг гай ёстой гуйх нохойд "бие засах" нохой саад гэгчээр зам дээр юу яагаад үнэхээр гай болж байна. Өдгөө аль ч оронд агаарын тээвэр нь ердийн хэрэглээ болжээ. Онгоц нь автобус маягийн хэрэглээ болж байна. Европ дотроо хаашаа ч ниссэн 50 долларт багтдаг боллоо. Элдэв тусгай үйлчилгээ, худалдаа гээд байх юмгүй, тэр байтугай заасан суудал ч байхгүй, интернэтээр тасалбарыг нь захичихдаг, хожигдвол тийз нь шууд хүчингүй болдог гэх мэт. Өмнөд Азийн орнууд ч ийм сүлжээ буй болгоод дотроо 100 орчим долларт нисдэг болжээ. Үнэ шалдаа буутал унаж хүн төрөлхтөн аялан жуулчлахад унааны хувьд төдийгүй үнэ хөлсний хувьд бэрхшээл үгүй болж байна. Гэтэл Монгол руу ирж очно гэдэг үнийн хувьд гайхмаар өндөр, ид жуулчлалын үе болох зундаа суудал олох аргагүй. Яагаад гэвэл агаарын тээврийн ганц компанитай, тэр нь Төрийн мэдлийнх. Төр яаж шүү бизнес хийдгийн хамгийн сайхан таарсан сонгодог жишээ бол МИАТ.

Өвөр монголчууд жилдээ сая шахам жуулчин хүлээж авна. Бээжин хүртэл ниссэн япончуудад талын монголчуудыг үзүүлэх, морь унуулах, тэмээ харуулах, гэрт хонох саналыг тавиад далимд нь цагаан хэрэм үзүүлдэг аж. Тэдэнд үнэндээ ар нь байна уу, өвөр нь байна уу монгол л бол монгол. Гол нь ёс заншил, атракционтой нь танилцах гэж яваа хүмүүс шүү дээ. Нийт зардал нь хямдхан. Үйлчилгээ сайн. Манайд олон жуулчин ирээд л байвал түүнээ дагаад үйлчилгээ ч адилхан сайжирна. Яагаад гэвэл энэ бизнесийг хувь хүмүүс хийж байгаа учраас. Харин жуулчдыг авч ирэх асуудлыг яруу алдарт Төр маань хариуцдаг.

Япончууд тусгаар тогтносон Монгол руу ирэх гэж бөөн юм болно. Үнэ нь Европ орох шиг өндөр. Манай Төрийн бодож байгаагаар япончууд төлбөрийн чадвар сайтай юм чинь илүү төлөх ёстой гэнэ. Таныг дэлгүүрт ороод талх авах гэтэл худалдагч нь "Уг нь талх ийм үнэтэй гэхдээ та баян хүн учраас тав дахин илүү төл" гээд мэкэтээд унавал яахав? Тэгээд нислэг байхгүй, суудал олдохгүй. Арай гэж ирээд адилхан л тэмээ, морь үзэж гэрт хонож, Чингэсийн тухай домог сайрхал сонсоно шүү дээ. Ирэх япон жуулчны тоо 50 мянгад хүрчих юм бол ЖАЛ компани Улаанбаатар руу нислэг хийх болно. Араас нь АНА ч ниснэ. Төлбөрийн чадвар сайтай тэднийг яаж нааш нь 50 мянга болтол нь татах вэ? Солонгосын АСИАНА компани учрыг нь олчихжээ. Тэд япон жуулчдыг Сөүлээр дайруулан Улаанбаатарт авч ирэх хямдхан нислэг нээхээр шийдэв.

Гэтэл Сөүл Улаанбаатарыг холбодог КАЛ компанийн хувьд илүү өрсөлдөгч хэрэггүй нь мэдээж. Тэдний хувьд Асиана-г замаасаа ззйлуулах хамгийн хялбар арга бол Монголын Төр. Ингээд л манай хариуцах дарга нартай нь хавсайдаж байгаад нислэгийг тасалж, урьдчилсан гэрээг хүчингүй болгож орхив. Тэдний тал бодвол төлбөрийг нь хариуцаа биз, монгол дарга нар гэнэт шийдвэрээ өөрчлөн увайгүйтэх амархан үүргийг нь гүйцэтгэжээ.

Уул нь улсаас тоносон мөнгөө байнга булаацалдан нохой мэт хэрэлдэн ээлжлэн биенээ сольж суухаас өөр ажилгүй миатчин-дарга нар хусах юмныхаа тогоог томруулчихвал алинынх нь ч идэш нэмэгдэх учиртайсан. Асиана япончуудыг зөөгөөд, тэдний тоо олшрохоор Японы агаарын тээврийн компаниуд өөрийн эрхгүй араас нь нэмэгдээд, дагаад Монголд ирэх жуулчдын тоо өсөөд гэх мэтээр алсыг харвал өнгөлөг л байна. Даанч авлигачидад тийм сайхан панаалтай билгийн нүд алга. Өнөөдрийн жипнээс маргаашийн алтны уурхай дээр шүү дээ уг нь, тэдэнд. Дараа нь яахав дээ, Америк руу л зугтаачихгүй юу. МИАТ-ийг хувьчлах тухай яриа хөөрөө арав гаруй жилийн өмнөөс эхэлсэн. Гэвч "Би л идэж чадахгүй бол өөр хэн ч идэх ёсгүй, тэрэнд орвол сөнөвөл таарна" гэсэн гүн ухааны зарчим үйлчлээд урагш үл гишгүүлнэ. Яахав дээ, нэг нь луйварчингаа дуудуулж байгаад авна л биз, гол нь авсан хүн ямар ч мангуу байгаад Төрөөс арай дээр аваад явах нь лавтай.

Шоо хаяж байгаад үнэгүй өгчихсөн ч яадаг юм. Асуудал энэ хэдэн түрээсийн ямбий онгоцонд байгаа юм биш шүү дээ. МИАТ гэдэг Монголын агаарын орон зай эзэгнэх эрхтэй нэрэнд л бий, Энэ нэрийг хэн нэгний духан дээр наачихаад л, төр зайгаа барьчих юм бол Монголд жуулчлал ч мөн хөгжихөөр байнаа, аан? Жуулчлал хөгжчих юм бол "Юун наадам, юун цагаан сар" гээч юм болж ёстой пээдийхгүй юу; Төр аянчин жуулчин авч нисэн амьтан хүн айлгаж байхаа больчих юм бол шанд нь цалин тэтгэвэр нэмэхээ больсон ч болно шүү дээ. Жуулчлал тэр байтугай мөнгө өгөх юм чинь. МИАТ хувьчлагдчихвал түүн рүү шатахуун энэ тэр шахахын тулд сайд дарга, дивтаат болно гэж алалдаж амьтан хүн цочоодог сайн гаруудын тоо цөөрч ядахнаа чих амрахсан.

Баабар /Өдрийн Сонин/ 2007 оны 2-р сарын 14 Дэлгэрэнгүй унших...

Аалзны торны ноотой хатан

Хоринтавдугаар сувгаар Курасоваг их үзүүлэх боллоо. Рашамон... гайхамшиг, Долоон самурай... алаад хаяна, Шаарлагдсан хүмүүс... ёо ёо ёо... Тоширо Мифүнэ... пөөх, ...Достоевский, Горький, Шекспир... за за.

Ингэсээр гурван их хүн уулзлаа... үгүй ээ, дөрөв. Шекспир, Макбэт, Курасова, Лэди Макбэт дөрөв. Цийн цийн... кино эхэллээ. Японоор Макбэтийг Чоу гэдэг юм байна. Макбэт хатагтайг хэн гэдэг юм бүү мэд, лав л нүүрэндээ но театрын масктай. Инээж ч байгаа юмуу, уурлаад ч байгаа юмуу, гуниглаад ч байгаа юмуу бүү мэд. Багны цаанаас юу ч мэдэгддэггүй. Зурагтынхаа араас харлаа. Шил нь харагдаад маскнаасаа ч дор. Энэ авгайн дотор юу бодогдоно вэ? Чоу овогт Макбэт уг нь 40 мянгатын хүмүүжилтэй дажгүй соёлсог эрээ. Байлдаандаа дажгүй. Уг нь үнэнч. Шударга л юм даа.

Самуурай шударга байлгүй яахав. Гэрийн хүмүүжил шүү дээ. Англиар бол найт, оросоор бол рыцарь шүү дээ. Даанч нөгөө но багтай ноотой авгайдаа атгуулчихсан. Толгой муутай юм чинь. Авгайгийн үгээр. Өөрөөс нь болохоор дан үнэнч шударга л юм гараад байхаас үхэрээ үхэр. Үзмэрч амьдралыг нь хэлээд өгөв. Англиар шулам байсан чинь Курасовагийн хэлж байгаагаар ойн савдаг гэнэ. Манайд үзмэрч гэдэг биз дээ. Лам ч гэж болно. Ламын үгэнд ороод, лаларталгүй наад эзнээ хуньчих гэж эхнэр нэрт эм шулам ятгана. Нүүрэнд нь өчүүхэн ч өөрчлөлт үгүй. Хаан болов.

Орчин үеийн ойлголтоор Ерөнхийлөгч хавьцаа. Гэхдээ яахаараа Английн хаан титэм Японд болохоор нэг муу модон хэрэмтэй хотын мэрийн ширээ болдог байнаа. Но авгай Чоу Макбэтовичийг газар дээрх ганц найзаасаа сал гэж ятгаж байгаа юм даа. Ноотой байгаа биз. Бусад хүн бол маскаа нэвтэртэл улаймаар газар мань эм шулам хөдлөх ч үгүй сууж байгаад л ингэв. Бүр ал гэсэн. Хүүхдийг нь ч гэсэн устга гэсэн. Тэгээд гүйцэтгэлийг нь хараад нөхрөө “үнэн хүртэл чамд хууртагдлаа” гэж урмын үгээр шагнав. Бас яахав дээ, тээ. Санаа муутай хүнд тусалбал Сэргэхийн аргагүй тамд унана гэсээр байтал Саам найз нь гайгүй гэсээр байгаад хулхидуулаад толгой байдаггүй ээ.

Ард түмэн ярьж байнаа. Ноёныхоо тухай. Ноёны пиар хоорондоо зөрчилдөхөөр барахгүй ярьж буй нь бодит байдалтай таардаггүй. Хүмүүс гайхна, эргэлзэнэ. Гэхдээ тэдэнд аливаа үзэгдэлд өөрийн дүгнэлт өгөх эрх бий. Үүнийг “золбин муур ч хааныг харах өөрийн өнцөгтэй” гэж Шекспир тодорхойлжээ. Чоу ойн савдаг дээр эргэж очив. Роман Поланскигийн Макбэт-д тогоон дотор хүнийг бүүр соёлтойгоор чанаж болгоод идэж байгаа боловсон шуламс байдлаар илэрхийлэгдсэн байдаг. Полански ч лутаа лут. Даанч кино шүүмжлэгчид түүний жинхэнэ англи жэнтэльмэн Макбэтийг нэгэн дуугаар Курасовагийн самуурайн ард зогсоогоод байдаг юм.

Самуурай ч гаднаас нь харахад л шог болохоос Японы сэхээтэн л дээ. Даанч нөгөө но авгай л хэцүү. Жинхэнэ хорчин. Гэрчийг устгаж байгаа, худлаа цуу тарааж байгаа, нөхөрлөлийг үгүйсгэж байгаа, пиар хийж байгаа нь жинхэнэ шекспир маягийн сонгодог. Хүнийг нэг л ашиглана. Харин хүмүүс мэдсээр байж нэг л удаа ашиглуулна. Хүний өөрийнх нь мөн чанар юм болов уу. Ийм луг авгай статистикаар бодвол 10 мянган хүн тутамд хэд байдаг юм бол. Лав Шекспирээс өмнө зөндөө л байсан. Түүнээс хойшхийг нь хүмүүс харин лэди Макбэттэй зүйрлэдэг болчихож. Нөхөртөө цустай ч гэсэн титэм олоод өгчихөж чадаж байгаа биз дээ.

Чадаж байгаа юманд арга байхгүй. Оросын Лесков Мценск тосгоны леди Макбэт гээд хөөрхөн копи гаргасан. Түвшин түвшиндээ л... гэхдээ л нийтлэг. Курасовагаас хойш эзний эхнэр өөрөөр төсөөлөгдөх болжээ. Гаднаас нь харахад. Багтай. Багийг нь хуулж орхивол хэн ч гараад ирж магадгүй. Нигер, орос, жаахан хольцтой ориг монгол, туранхай хөх, бүдүүн шар, эмч, эдийн засагч, Ромын папыг дагадаг, Далай ламыг шүтдэг гээд хэн ч байж болно.
Шекспирийн дүгнэж байгаагаар хорон муу сүнс хүнд шүгэлчихээр лэди Макбэт буй болдог гэнэ. Лесковынхоор тосгонд ч байдаг гэнэ. Курасовагийнхаар Азид ч бий гэнэ.

Харин орогнох хүнээ олоогүй хэсүүчлэн яваа муу сүнс хорвоогоор нэг байгаа аж... аа яа яа. Манайхан Макбэтийг тайзнаа тавиасай. Шекспирийн таван том трагедиас дөрвийг нь тавьсан мөртлөө Макбетийг бол үгүй. Улс маань толгой дээрээ орос макбэт авгайтай байснаас болсон байхаа. Мэргэн орчуулсан шүү дээ. Мэргэн мундаг орчуулагч. Но авгайгийн гарт л өртчихгүй бол... Бидэнд Полански, Курасова, Мифүнэ л байхгүй нь л харамсалтай.
Өө нээрээ Курасовагийн Чоу овогт Макбэт, но авгай хоёрын эзэн суудаг газрыг Аалзан хот гэдэг юм билээ. Чоу эхлээд хойд зүгийн дарга гээч болж байгаа юм.

Энэ нь Аалзан хотод харьяалагддаг салбар юмуу даа. Ингэхээр Аалзан хотод бусад мужууд хамрагддаг, өөрөөр хэлбэл, удирдлагын аалзны тортой болж таарах нь. Торны гол зангилаан дээр но авгай нөхрийнхөө нэрээр очоод суучихаж буй хэрэг байх нь. Аа зөв зөв... одоо ойлголоо. Харин гарт нь наалдсан цус арилахгүй зовоож байна лээ дээ. Угаагаад л угаагаад л... арилдаггүй ээ.

Баабар

Єдрийн сонин 2006 оны 12-р сарын 07 Дэлгэрэнгүй унших...