Wednesday, July 18, 2007

CОХОР ХҮН ДҮЙВЭЭНЭЭР

1991 онд Ерөнхийлөгч АНУ-д айлчлах боллоо.
Төрийн тэргүүн Номхон далайн бүлээн усанд хөлөө дүрж жаргахаар явах гэж байна гэж нэг өвчит нь үг гаргалаа. Уг нь улс орон нээгдсэн тэрхэн үед Америктай ойртох нь нэн чухал асуудал байв. Гэтэл мөнөөх бүлээн усанд дүрэгдэх учиртай хөлний асуудал манай нийгэмд хамгийн хурцаар тавигдах нь тэр. Мөн тэр үед мал хувьчлах тухай яригдан Засгийн газраас шийдвэр гаргадгийн толгой дээр “хэрэв мал хувьчилбал энэ өвөл Улаанбаатарын тагтан дээр хамаг мал овоорон хойтон бид 12 сая малтай хоцрох ба хоёр жилийн дараа хувхайрна” гэж үнэхээр энэ асуудлыг мэддэг болов уу гэмээр нэгэн баатар дарга лүндэгнэлээ. Хэрүүл амнаас айгаад “малчид өөрснөө мэдэг” гэдэг хачирхалтай шийдвэрийг Засгийн газар гаргах нь тэр. Бүх хүнд гадаад паспорт өгөх Бат-Үүлийн санааг Монголыг хүнгүйжүүлэх гэсэн хорон төлөвлөгөө гэж нэрлэснээс болоод энэ асуудал жилээр хойшилсон. Тэгээгүй бол дэлгүүр арай л эрт бараагаар дүүрэх байлаа. Хэрэвзээ “хувьчлал угаасаа буруу” эсвэл “хувьчлал буруу хийгдэж байна” гэж орилолдоод, шахаад, үүнээ бүр философи болгоогүйсэн бол 1992-96 онд хувьчлал бүр зогсчихгүй байх байлаа. Хэрэв тэрхүү алдагдсан дөрвөн жилд хувьчлал үргэлжлээд дууссан бол өдгөө бид арай л дээгүүр түвшинд оччих байсныг мөр зэрэгцэж явсан олон орны туршлага харуулж байна. “Газраа хувьчилбал улс орон шууд л сөнөчихдөг юм” гээд арав гаруй жил хойш нь чангаагүй бол ядахнаа л өдийд газрын луйварчин хулгайч нар арай цөөн байх байсан ч юм билүү? Нийгмийн хөгжлийг хойш чангаасан энэхүү хорон үйлдлүүдийн төлөө хэн хариуцлага хүлээсэн бэ? Хэн ч үгүй. Нийгмээрээ хохироод л өнгөрсөн. Казиногийн гэгч хэрэг бол бүр шог. Олж болох байсан мөнгийг тооцсон хүн байна уу? Хувь авсан нь казинотой болно гээд, хувь аваагүй нь устгана гээд хэрэлдэн гүйж яваа одоогийн хэдэн шаарыг нийгэм харж өөрийнхөөрөө дүгнэж л байгаа байх. Тус болгоных нь тайлбар л янзтай. Ард түмнээ өмгөөлж яваа юм гэнээ.
Хөдөлмөрийн хуваарь гэж нэг чухал юм бий. 230 жилийн өмнө Адам Смит зөвхөн зүү хийхэд 18 төрлийн хөдөлмөрийн хуваарь байгааг тоолжээ. Хөдөлмөрийн хуваарь гээч юм огт мэддэггүй, айл болгон “бүх юмтай”, бүгдийг нь өөрөө мэдэж хийдэг нүүдэлчний нийгэм монголчуудын хувьд хэдийнэ улиран одсон. Мөнгөтэй болонгуутаа өөртөө нэг дунд сургуультай, бас нэг дээд сургуультай, эф эм, зурагт, сонин тус бүр ажиллуулдаг, бас дэлгүүр, ресторантай, барилга барьдаг, хэвлэл хариуцдаг, алтны болон бусад уурхай тус болгонтой, өөрөөр хэлбэл урьдынхаар бол подхийсэн нэгдэл, сангийн аж ахуй шиг универсал бизнесмэнүүдтэйгээр манай нийгэм аль зэрэг хурдтай урагшлах вэ? Бидэнд мэддэггүй юм алга, харин чаддаг юм л бараг үгүй шив дээ. Үүний оройн дээд жишээ нь Төр юм. Оролцохгүй, мэдэхгүй юм гэж үгүй мөртөө бүтээж байгаа юмгүй. Тийм сүрхий үзмэрч төлөгч юм уу гэхээр Төрийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа гарууд нь нийгмийн шигшээ шаарнууд.
Мөнгө олох амархан, зарцуулахад л ухаан хэрэгтэй. Төр татвараар дамжуулан дорхноо мөнгө цуглуулдаг. Харин зарцуулах болохоороо бүхнийг мэддэг, урьдчилан хардаг өөрсдийн увьдаст маш итгэлтэй. Гэтэл орчин үеийн ертөнцөд Төрийн мөнгө зарцуулах ажлыг хувийн мэргэшсэн зөвлөх компаниуд гэрээ контрактын дагуу гүйцэтгэдэг юм байна. Засгийн газрын бодлого чиглэл тодорхойлох, батлан хамгаалах зэвсэг техникийг хаанаас ямрыг худалдан авах, ард түмэнд эмнэлгийн ямар менежментээр үйлчлэх, уул уурхайд аль компанийн хөрөнгө оруулалтыг авах, тэдэнтэй ямархуу байдлаар гэрээ хийх, аудитыг хэнээр хийлгэхийг мэргэшсэн зөвлөх компаниуд гүйцэтгэнэ. Тэднийгээ эргэж шалгах, шан харамжийг нь яаж тогтох, хариуцлагыг хэн хичнээнээр хүлээх нь өдгөө нэгэнт тогтсон шалгууртай, өөрийн стандарттай болжээ. Хөдөлмөрийн хуваарь. Манайд одоо хувийн томхон банк, компаниуд ч ийм аргад шилжжээ. Төрийг бол харин юу ч хийж мэдэхгүй мөртөө юу ч хийж мэдэхээр хүмүүс хэний ч зөвлөлгөөгүйгээр цээжний пангаараа удирдана.
Олон улсын жишгээр нэгэнт тогтсон болгоныг үгүйсгэж, ард түмнээ өмөөрч байгаа маягаар өөртөө өчүүхэн унац хайгсад Төрийн хар тогооноос хальж улс төрийн нам, олон нийтийн байгууллага, иргэний гэгдэх хөдөлгөөнүүд, улмаар даамжран хүүхэд залуучуудад халдварлав. “Тогтвортой байдлын гэрээ” гэж хаана ч байдаг, байх ёстой хөрөнгө оруулалтын нөхцөлийг хадны мангаа болгон орилолдож улам гааран хөгжиж байна. Ийм нөхцөлгүйгээр хаанахын ч хөрөнгө оруулалт Монгол руу зүглэхгүй. Энэ нь ердөө л одоо үйлчилж буй хууль цаашид тогтвортой байна л гэсэн гэрээ шүү дээ. Монголын хуулиар 20 саяас дээш долларын хөрөнгө оруулсан тохиолдолд хийгддэг. Төмөртийн цайрын орд нь гадаадын хөрөнгө оруулалт биш, гадны зээлээр Монголын эрх мэдэлтнүүд луйвар хийсэн гэдэг бол тусдаа асуудал. Үүнд тогтвортой байдлын гэрээ үйлчлэх ёсгүй нь нэг тусдаа асуудал, ер нь үнэхээр орж ирж буй хөрөнгө оруулалтад заавал гэрээ хийгдэх ёстой гэдэг нь дахиад тусдаа асуудал. Бороо гоулд гэрээ хийж байх үед алтны 10 хувийн онцгой татварын хууль үйлчилж байсан. Гэтэл үүнийг өмнө хийгдсэн гэрээ хугацааны хувьд хүчингүй болсон 2001 онд зориуд УИХ-аар 10 хувийн татварыг хүчингүй болгуулж байгаад (бодвол авлига хахуулиар) хөрөнгөө оруулж ирсэн. Үүнийг хүчинтэй мэтээр луйвардсанаас болоод улс өдгөө 100 сая доллараар хохирчихоод явна. Гэхдээ энэ бол гадаадын хөрөнгө оруулалтад тогтвортой байдлын гэрээ хийж болохгүй гэсэн үг ерөөсөө биш, Бороотой урьд хийсэн гэрээ хууль зүйн хувьд хүчингүй гэж л заргалдах ёстой баймаар.
Одоо Оюу толгойд тогтвортой байдлын гэрээ хийхгүй хэмээн ард түмнээ өмөөрөгсөд мөн олширч байнаа. Бусдын асар их мөнгийг оруулж ирчихээд дуртай цагтаа татвараа нэмж, дуртай цагтаа улсад хураагаад авчих санаатай юмаа даа. Тийм тэнэг хорвоо дээр байдаггүй юм. Бусдын ухаанд биш өөрийнхдөө дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Үүнээс болоод хөрөнгө оруулалт зогслоо гэж бодъё, өчүүхэн хувь шан өөртөө унагах гэж ард түмнээ өмөөрөгсөд эцэст нь хариуцлага хүлээх үү? Казиногийн хууль оруулсныхаа төлөө амиараа хохирсон нэгнээс ядахнаа уучлал ч гуйсан хүн алга байна шүү дээ. Одоо Оюу толгойн гэрээнд Сангийн сайд гарын үсэг зурахгүй, харж л байгаарай. Яагаад гэвэл тэрээр өөрийн ирээдүйг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хавьцаа харж байгаа. Сонгуулийн компанийн үеэр элдэв дэмий яриа гарвал төвөг. Тэрэнд орвол “Гадаадын компаниуд манай орныг мөлжих гээд байхаар нь би тас зөрөөд шууд л огцорч орхисон” хэмээн эх оронч, ард түмэнч царайлбал өөрт нь ашигтай. Уг нь энэ гэрээг олон улсад зөвшөөрөгдсөн зөвлөх компани хийсэн. Засгийн газрыг төлөөлж нэг, хөрөнгө оруулагчдыг төлөөлж нэг зөвлөх компани хоорондоо хэлцэл хийсэн нь яг л олон улсын норм жишиг. Тэд хөдөлмөрийн хуваарийн дагуу үүндээ мэргэшсэн, хийснийхээ төлөө шударгаар шан харамжаа авч байгаа ажлаа мэддэг хүмүүс. Монгол Улсад хожоотой, хөрөнгө оруулагчдад ашигтай. Харин хэлцэл дуусангуут Монгол Улсад хохиролтой болчихлоо хэмээн эх оронч, ард түмэнч нар дуу дуугаа авалцан түрлэг нэмцгээнэ. Юу мэддэг, ямар маркетинг, менежмент ойлгодогтоо тэгж байгаа юм бол? Хэдэн зуун метрийн гүнд байгаа зэсийн баяжмалыг Лондонгийн биржийн цэвэр зэсийн үнээр үржүүлж л үзсэн байх даа. Ингэхэд нэг их хөдөлмөр орохгүй, тооны машинтай байхад л хангалттай л даа. Дараа нь орилно. Ингэхэд цагаан хоолой л хангалттай, үүнд нарийн байтугай бүдүүн мэргэжил ч хэрэггүй. Дараа нь нураана, сүйтгэнэ, унтраана. Ингэхэд ичдэггүй, маргаашаасаа санаа зовдоггүй, жудаггүй л байх хэрэгтэй. Тэгээд хэсэг баатар царай гаргаж олны үзмэр болно. Дивтаат болох юм байх даа. Хожим харин бүлх залгичихсан юм шиг чимээгүй болно. Казиногийн хууль хүчингүй болгоход орилж байсан тэрхүү хүчирхэг, эх оронлог, ард түмэнлэг сайхан хүнгэнэсэн хоолойнууд өнөөдөр хаачсан бэ?

www.sonin.mn Дэлгэрэнгүй унших...

Our blog archive