Thursday, February 28, 2008

Завсардсан Баабар

Баабарын бичсэн „Завсарын үеийнхэн“ гэсэн нэртэй өгүүлэл „Өдрийн сонин“-ы 35 дугаарт нийтлэгдсэнийг уншаад төрсөн бодлоо илэрхийлэх гэсэн юм. Үүний шалтгаан нь Баабар өгүүлэлдээ дэндүү олон сэдвийг холилдуулан бичиж мэдээлэлийн, боловсролын, мэдлэгийн болон шинжлэх ухааны олон алдаанууд хийжээ. Нэгэнт би энэ талын мэргэжлийн хүн болохоор засвар залруулга хийх шаардлагатай гэж үзлээ. Баабарт өөрт нь энэ өгүүлэлээрээ дамжуулан хэд хэдэн санамж өгч зарим зүйлийг анхааруулж байна гэдгээ энд зориуд хэлмээр байна.

Баабар өгүүлэлдээ байгалийн хөгжил, ниймийн хөгжил, байгалийн шалгарал, нийгмийн шалгарал, улс төрийн хөгжил, улс төрийн шалгарал гэсэн өнөөгийн монголчуудын бидний тулгамдсан асуудлуудыг хөндөж бичсэн нь үнэхээр л зөв бас цаг үеэ олжээ. Гагцхүү Баабар энэ л чухал ойлголтуудыг нухацтай ойлгоогоогүй юм уу аль эсвэл зориуд ингэж хольж хутгаж бичсэн юм уу байж боломгүй үйлдэлүүд хийжээ. Иргэн Баабар юугаа бичих нь түүний эрх мэт боловч түүнд болохгүй зүйлүүд бий. Тэр юуг болохгүй вэ гэвэл олон нийтэд буруу зөв мэдээлэл өгөх, цаанаа өргөн утгатай мэргэжлийн нэр томьёонуудын тухай үнэн худал бичиж болохгүй.

Баабар болон өнөөгийн улс төрчидөөс боловсрол, мэдлэг шаардах нь мэдээжийн хэрэг дэндүү ахадсан гэдэг нь ойлгомжтой. Тэд нэгэнт л арван жилийн сургууль төгсөөд түүнээс хойш боловсролдоо анхаараагүй, хэрвээ зарим нь дээд сургууль төгссөн бол тухайн мэргэжлээрээ ажиллаагүй, цол зэрэг хамгаалаагүй, түүнийхээ талаар олон ном зохиол уншаагүй тул тэднээс өндөр мэдлэг хүлээх боломжгүй. Гэхдээ л тэдэнд анхааруулах зүйл бол мэдлэгийг хүндэлж, дэлхийн шинжлэх ухааны өмнө хүлцэл өчиж сурах. Аугаа их мэдлэгийн өмнө даруухан байх юунаас ч чухал.

Баабарын нэрлэсэн „алдагдсан үеийнхэн“ социализмын боловсрол дээрээ л нэг дэгэн дуган явна. Харин тэр „завсарын үеийнхэн“ бол ардчилалын өөрчлөлтүүдээс шалтгаалан боловсрол авах боломж ч байсангүй. Ерөөсөө ч монголын улс төрчид боловсрол, мэдлэгийг ярих тун дургүй. Улс төрийн шинжлэх ухааны нэр томьёонуудыг хооронд нь ялгаж салгаж чадвал их юм. Тиймээс л манай улс төрд хөгжил ч явагдахгүй бас шалгарал ч явагдахгүй байна шүү дээ. Мэдэхгүй хүн чинь юу хийх вэ дээ. Нэгэнт л боловсрол, мэдлэгээрээ уралдах чадваргүй тул хий хоосон шуугиан дэгдээж биеэ нааш цааш хөдөлгөж эсвэл өмссөн зүүснээрээ л уралдах юм даа.

Баабарын бичсэн биологийн хөгжил, биологийн шалгарал хоёр нь тухайн шинжлэх ухааныхаа тайлбараар олон сая жил явагдсан урт удаан хугацааны үйл явц. Хүүхэд төрж өснө гэдэг биологийн хөгжил. Үр хөврөл гэх мэт биологийн нарийн төвөгтэй үйл явцын дунд хүүхэд ээж аавынхаа удамын генүүдийг аван төрнө гэдэг ёстой л байгалийн шалгарал. Монгол хүн бүр л байгалийн хөгжилөө даган шалгаран төрсөн. Хүн өсөж том болоод дараа нь хөгширч жижгэрэх нь бас л биологийн хөгжилийн үйл явц. Баабарын нэрлэсэн улс төрчидийн 10 жил ажилласны дараа "тэтгэвэрт" гарах мөн хөгширч "өвгөн" болох нь бас л биологийн үйл явц. Хэрвээ тэтгэвэрт гарахгүй гэж зүтгээд цаашаа бас байр сууриа тавьж өгөхгүй шинэ боловсролтой мөн шинэ мэдлэгтэй хүмүүсийг ад үзээд байвал биологийн биш нийгмийн үйл явц.

Баабарын бичсэн эволюц, организм, мутаци гэсэн биологийн нэр томьёонууд нь энэ төвөгтэй биологийн шинжлэх ухааныг ойлгоход тустай болов ч түүний цаана бүхэл бүтэн шинжлэх ухааны салбар бий шүү гэдгийг л хүндэлж үзэх чухал. “Мутаци бол хувьсгал” гэжээ. Энд хувьсгал болохгүй биологийн л үйл явц болон өнгөрдөг. Эволюцийн эсрэг утга нь бол рэволюци. Хэдийгээр рэволюцийг монголоор хувьсгал гэж орчуулдаг ч гэсэн мутаци чинь рэволюци биш. Энэ мэт үгийн болон утгын олон алдаанууд байна. Энэ бяцхан өгүүлэлээр тэр болгоныг бичих боломжгүй тул ингээд дараагийн сэдэвтээ орлоо.

Баабар цааш нь өгүүлэлдээ өнөөгийн монголын нийгмийн чухал сэдвүүдийг хөндөж дүгнэлт гаргаж бас зарим тааваруудыг тавьжээ. Дүгнэлт, таамаглал бол шинжлэх ухааны салбарт хэрэглэж мэдлэгт хүрдэг маш чухал нэр томьёонууд. Дүгнэлт гэдэг бол аливаа явагдсан үйл хэргийг өнгөрсөн хойно ажиглалтаасаа мөн олон баталгаатай баримтууд дээр түшиглэн хийдэг арга. Энэ дүгнэлт зөв бас үнэн болж чадвал хүн тухайн сэдвээр мэдлэгтэй болдог. Баабар улс төрийн дайралтаараа ямар ч мэдлэгтэйгээ харуулсангүй бас биологийн салбарын нэр буруу хэрэглээд зогссонгүй үүн дээрээ монголын нийгмийн талаар дүгнэлт болон таамаглал хийхийг оролджээ.

Хэрвээ Баабар монголын нийгмийн хөгжилд бас шалгаралд дүгнэлт бас тамаглал хийх гэж хүсэж байгаа бол нийгмийн шинжлэх ухааны дүгнэлт ба таамаглал гэсэн аргуудыг хэрэглэж сурах шаардлагатай. Эмпир болон теори гэсэн ойлголтууд нь нийгмийн хөгжилийг бас шалгаралыг хэмжихэд чухал нэр томьёонууд. Хэрвээ энэ аргуудыг зөв хэрэглэж чадвал монголын нийгмийг дүгнэж бас урьдчилан тааварлах боломж бий. Буруу хэрэглэвэл маш осолтой бас нийгэмд аюултай. Францын соён гэгээрэл, Оросын Октябрийн хувьсгал болон Монголын ардчилал гэсэн нийгмийн хөдөлгөөнүүд нь аж амьдрал болон оюун санаанд нөлөөлсөн үйл хэргүүд. Энэ үйл хэргүүд зөв буруу гэж үнэлэхийн тулд нийгмийг хэмждэг хэмжүүрүүд чухал үүрэгтэй.

Нийгмийн сайн мууг хэмжихэд мораль, шударга ёс, эрх чөлөө гэсэн хэмжүүрүүдийг хэрэглэдэг. Тэдгээр нь нийгмийнхээ хэр амжилттайг ойлгож мэдэхэд чухал нэр томьёонууд бөгөөд шинэ үүссэн нөхцөл байдалд хүнлэг чанар их үү, үнэнч шударга зонхилсон уу, хайр халамж тархсан уу гэж нийгмийнхээ сайн эсвэл муу тухай эцсийн дүгнэлтэнд хүрдэг. Харин таамаглал бол өөр хэрэг. Нийгмийн хөдөлгөөнүүдийг урьдчилан таах боломж тун бага. Францад, Оросд, Монголд болсон нийгмийн хөдөлгөөнүүдийг хэн ч урьдчилан тааж чадаагүй. Тэдгээрийг удирдан явуулсан хүмүүс ч гэсэн хэрхэн төгсгөл болохыг тааж чадахгүй байсан. Энэ бол баримт. Өөр бас нэг баримт бол Францын соён гэгээрэл өөрийн орноосоо хальж хүн төрөлхтөнд мораль, шударга ёс, эрх чөлөө гурвууланг нь авчирсан. Харин Монголын ардчилсан хувьсгал мораль, шударга ёс, эрх чөлөө гурвын алинийг нь монголын нийгэмд авчирсаныг ард олон өөрсдөө мэдэж байгаа. Монголын улс төрд бол аль нь ч байхгүй. Энэ бол баримт.

Баабар монголын нийгмийг урьдчилан таах гэж ”дахиад арван жил төр барина”, “нийгэмд шинэчлэлт явагдахгүй” гэх мэт таамаглалуудыг дэвшүүлжээ. Үүний тулд яагаад ийм таамаглалд хүрсэнээ тайлбарлаж баталгаажуулаагүй тул учир дутагдалтай. Дүгнэлтэнд эмпир хэрэгтэй харин таамаглалд заавал теори хэрэгтэй шүү дээ. Баабар хаанаас ч юм бэ үндэслүүлэн хэд хэдэн дүгнэлтүүд гаргажээ: “социализмын үеийнхэн тус ч хүнийг өрөвддөг”, “ардчилалын үеийнхэн харанхуй бүдүүлэг”. Баабар ийм дүгнэлтэнд хэрхэн хүрсэн бэ? Энэ дүгнэлтээрээ улс төрчидийг нэрлэсэн бол шинэ зүйл биш. Хэрвээ Баабар шинэ үеийн монголчуудыг хэлж байгаа бол буруу алдаатай. Яагаад гэвэл Баабар улс төрчидтэй зөрчилдөх эрхтэй. Харин монголын ард түмэнтэй зөрчилдөх эрх түүнд байхгүй.

Өнөөгийн орчин үеийн монголын шинэ үеийнхэн мэдлэгтэй, боловсролтой бас оюунлаг болсон шүү дээ. Шинэ үеийн монголчууд хэдийгээр социализмын үед төрж өсөж тэд өнөөдөр 40, 50, 60 настай ч гэсэн мэдлэг чадвар нь нэмэгдэж нийгмийн хөгжилийг удирдах бүрэн нөөцтэй боловсрол эзэмшижээ. Биологийн хувьд хүн хэдэн настай байх нь нийгмийн хөгжилд заавал муу сайнаар нөлөөлнө гэсэн онол байхгүй. 60 настай хүн төр барьж болохгүй яагаад гэвэл “хөгшин” гэсэн хууль ч байхгүй. Хувьсгал болсон ч болоогүй ч 60 настай хүнийг монголын амьдралд ямар ч боломжгүй гэсэн Баабарын дүгнэлт юм уу таамаглал ч юм уу тулгалт бол нийгэмд хагарал үүсгэх гэсэн оролдлого гэж болгоомжлохоос өөр газар байхгүй.

Оюунлаг, шинэ, орчин үеийн монгол Баабарын хаалгыг тогшиж байхад Баабар сонсоогүй дүр үзүүлж бас хажуу хавийнхан чинь “одоо хаалгаа нээгээд өгөөч” гээд зөвлөөд байхад тэрээр үгүй гээд байвал ёстой л монголын “нээлттэй нийгмийн” эсэргүүцэгч болж хувиран ардчилалын үнэт эд эс болох эрх чөлөөг дарагдуулсан болно шүү дээ. Шинэ үеийн монголчууд магадгүй Баабартай нас чацуу зарим нь ахмад настай. Гэхдээ тэдэнд нэг том ялгаа бий. Энэ бол боловсрол, мэдлэг бас хүн чанар. Хэдийгээр шинэ үеийн монголчууд социализмын үед төрж өссөн ч тэд багаасаа “төр улсаа” үзэн ядаж бас “ хүн ардаа” доромжилж өсөж хүмүүжээгүй юм шүү. Дэлхийн нэрт зохиолч Виктор Гюго хэлэхдээ: “Шинэ үеийн цаг нь ирсэн бол түүнийг ямар ч эрх мэдэл зогсоож чадахгүй.” гэж нийгмийн шинэчлэлийг магтан дуулжээ.

Боловсролтой, мэдлэгтэй, оюунлаг монголчууд өнөөдөр ирээдүйгээ зорин алхаж байна. Баабар хэдийгээр завсардаж хоцорсон ч гэсэн шинэ үеийн монголчуудтай хөл нийлүүлэн алхахыг зорилгоо болгох нь зөв. Үүний тулд эхлээд ярилц, мэтгэлц бас асуугаа ч. Ингэж чадвал ухаан сэргэдэг юм шүү. Философийн “цивилизац” гэж ухагдахуун юуг илэрхийлдэг вэ гэхээр “сайн иргэн” гэсэн утгыг. Баабар сайн иргэн болохын тулд нийгмийнхээ оюуныг ойлгож түүний шинэчлэлтйиг зөвшөөрөх хэрэгтэй. Цааш нь бас оюунлаг хүн болохын тулд “шижир” бодож бас “тунгалаг” хэлээр бичиж байх. Тэгсэн цагт Баабар хүмүүст тал засдаггүй, нэг талыг барьдаггүй, хэдхэн хүнийг л онцгойлж ялгадаггүй, шүүмжтэй, барьцтай, үнэний төлөө, хэлсэн үгнээсээ буцдаггүй, эхэлсэн үйл хэргийнхээ эцсийн төлөө тэмцэгч болж чадах боломж бий.

Хэзээ нэгэн цагт, ямар нэг зүйл Баабарын хувьд шал эсрэгээр эргэж бас буруу зам руу гаа хөгжсөн нь харамсалтай. Тиймээс Баабар энэ бүгдийг ухамсарлаж өөрийнхөө төлөө хэрэгтэй зүйлсийг хиймээр санагдана. Баабарт шинэ идейнүүд тус болно гэхдээ Баабар боловсролоо системтэйгээр нэмэгдүүлж чадах нь л шийдвэрлэх үүрэгтэй. Ингэж чадвал Баабар нийгмийнхээ өмнө хүлээсэн сургамжтай зүйлс бичих хариуцлагаа ойлгох болно. Үүнийг л Баабар мэдэх нь чухал. Дэлхийн нэрт физикч Алберт Эйнштэйн ингэж хэлсэн байдаг: “Мэддэггүйгээ мэддэг хүн харин мэддэггүйгээ мэддэггүй хүнийг бодоход бас мэддэг.”

2008 оны 2 сарын 18
Философч С. Молор-Эрдэнэ

Баабар гуайн хариу:

1. Залуу ихэд бухимджээ. Бухимдсандаа болоод бичвэрээ бүх мэдээллийн хэрэгслэл рүү пулемот аятай цацан “зар мэдээ” маягтай бүхэнд хүргэх гэж яарч. Би "Завсрын үеийнхэн” гэж өгүүлэл бичсэн. Надаас арав дүү “улс төрчдийн” тухай шүү дээ. Өгүүллийг уур хилэн үгүйгээр яльгүй анхаарч уншвал тэнд зөвхөн 2000 оны үед Монголын улс төрийн тайзан дээр гараад ирсэн хэсэг бүлэг хүмүүсийг л онцлон заасныг ойлгож болохуйц. "Нийгэм нээлттэй болж түмэн бололцоо үүсэнгүүт эдний үеийн олон залуучууд амь амьдралаа авч явах гэж ухаан сийлж, хөдөлмөр зарж байхад улс төрөөр бөөлжиж хийрхэлээр цамнаж хөнгөн аргаар амьдрах гэсэн адгийн хэсэг нь нийгмийн донсолгоог далимдуулан улс төрийн тавцан дээр гарч иржээ.” Яг ийм өгүүлбэр дотор нь цохиж яваа. Ерөөсөө энэ нь ч өгүүллийн гол санаа.

2. Хэрэв миний урьд бичсэн өгүүллүүдийг уншиж үзсэн бол шинэ үе нь хуучнаа түрж нийгмийн дэвшил явагддаг тухай маш их ярьсан. Гагцхүү дараа үеийх нь түрүүчийнхээсээ илүү боловсрол мэдлэгтэй байж давж гарахгүй бол нийгмийн дэвшил гарахгүй шүү гэж залуучуудад би байнга захидаг. “Монголын нийгэм хэзээ төлөвшиж, монголчууд хэзээ хүн шиг амьдрах вэ?” гэсэн сэтгүүлчийн хариултанд “Намайг оролцуулаад бидний үеийнхэн үхэж дууссаны дараа манай нийгэм тогтворшино” гээд хариулчихсан нь бөөн шуугиан болж байсан. Олон хүн гомдсон байх. Гэхдээ би үе солигдох тухай, өөрөөр хэлбэл цаг хугацааны фактор голлох үүрэгтэй гэдгийг л арай дэндүү ширүүн хэлчихсэн хэрэг. Тиймээс “социализмын үеийнхэн тусч хүнийг өрөвддөг”, “ардчилалын үеийнхэн харанхуй бүдүүлэг” гэж огт хэлээгүй.

3. Дараа үеийнхэн бидний үеийнхээс үргэлж дээр байх болно, ерөөсөө ч тийм байх ёстой гэж боддогоо би олон бичсэнээс гадна тэдэнд хамаг найдлагаа тавьдаг. Миний дараагийн үеийнхэнтэй би төрсөн болоосой, тэгвэл мөн ч их бололцоо амьдралд минь гарах байсандаа гэж харуусан бодож тэдэнд атаархдаг. Гэхдээ би тэдэнд л найддаг. Тэдэнд туслахын тулд би залуучуудтай маш их уулздаг. Долоо хоног болгон аль нэг сургууль дээр залуучуудтай уулзан ярилцлага зохиодог. Надад тэднээс сурах юм асар их байдаг.

4. Эволюци, мутацийн талаар тэр байтугай философи утгаар нь ч мэргэжлийн бус хүнтэй маргамааргүй байна. Хэзээ ч хэрэглэдэггүй болохоос би биологийн ухааны доктор хүн. Биохимийн ухааныг биологийн салбарт оруулдаг. Хэзээ ч хүнд үзүүлдэггүй болохоос би Монголын шинжлэх ухааны академийн профессор хүн. Хаана ч гайхуулдаггүй болохоос би олон улсын оюуны өмчийн алтан медалийг социализмын үед Швейцариас хүртэж байсан. Би эрдэм шинжилгээний байгууллагад туслах ажилтнаас нь ахлах хүртэл дэвшиж ажилласан. Би Англид авамори хэмээх бактерийн генид инжинерчлэл хийх судалгааны төсөл дээр ажиллаж байсан. Генетикч гэсэн үг. Миний дээд сургуулийн диплом “биофизикч” гэж бичээстэй байгаа. Би мэргэжилдээ сайн байсан. Одоо мэргэжлээрээ ажиллаагүй байж цол гуншингаа дуудаж яваад юугаа хийхэв гэж боддог. Нөгөөтэйгүүр бихимич хүн түүх, философи бичиж болдог, гачлантай нь философич түүхчид биохимийн сурах бичиж болдоггүй юм. Ийм л муухай нэг парадокс гашуун үнэн байдаг юм даа.

5. Маргааныг цааш үргэлжлүүлэх ямар ч сонирхол алга. Энэ бол маргаан биш дайралцаан шүү дээ. Хүний захиасаар мэдэхгүй юм руугаа дайран үсчих л залуу хүний цаашдын амьдралд хамгийн том толбо болон үлддэг юм даа.

БААБАР
Дэлгэрэнгүй унших...

Завсрын үеийнхэн

Аль ч нийгмийг 40-60 наснынхан авч явдаг. Нийгмийн салбар болгонд. Наслалт урттай Япон шиг нийгэмд 50-70 насныхан болж хойшилсон байна. Гэхдээ Мэйжийн хувьсгалын vед Японы Ерєнхий сайд 24 настай байв.

Нийгэм солигдох vед шинэ залуу vе цоо цохин гарч ирдэг. Нийгмийн донсолгооны vед арвин туршлага гэхээсээ эрч хvч илvv чухал байдаг бололтой. Ийм vед ихэнхдээ туршлага vгvйсгэгддэг. Энэ нь ч аргагvй байх, нийгмийн шинэ дэг тогтоох гэж байгаа бол хуучин туршлага хэрэг болохгvй.

1911 оны vндэсний хувьсгалыг толгойлогчид залуучууд байлаа. Хамгийн ахмад нь гэгдэх Богд хаан дєнгєж дєч шvргэж байв. 1921 онд ч ялгаагvй. Хамгийн ахмад нь гэгдэх Бодоо, Данзан нар дєнгєж гуч гарч байсан юм. Чойбалсанг нас барсны дараа 1953 оноос Монголыг 36 настай Цэдэнбалаар ахлуулсан залуучууд удирдах болжээ. 1990 оны ардчилсан хувьсгалын толгой дээр мєн л залуучууд байсан. Ахмад нь болох Гончигдорж 36 настай байжээ. Зориг, Элбэгдорж нар гуч хvрээгvй байв. Нийгмийн хувьсгал гэдэг шинэ эрч хvчийг шаарддагаараа тэргvvний залуучуудад тvvхэн бололцоо олгодог аж. Гэтэл vе болгоны залуучуудад ийм бололцоо олддоггvй. Тогтсон нийгэмд юун тvрvvн туршлага хэрэгтэй. Харин нийгмийн хувьсгалын vед туршлага гээч юмтай уялдаагvй шинэ цус шаарддаг онцлогтой аж.

Энэ чанараараа биологийн эволюцитай их тєстэй. Алив организм байгалийн жамаар шалгарлаараа дасан зохицож аажмаар хєгжиж байснаа, явцдаа орчинтойгоо огт таарахаа болиод эхлэнгvvт мутаци хэрэгтэй болдог. Мутаци бол хувьсгал. Гэхдээ мутаци амьд байгальд єдєр тутам тохиолдож байдаг авч 99,99999... хувь нь хортой, организмыг єєрийг нь ихэнхдээ vхэлд хvргэнэ. Чухам тэр ховор 0,0000...1 хувьд л аугаа ололт, цаашид шинээр хєгжин дэвжих vр хєврєл бий. Иймээс амьд байгалийг хєдєлгєх жинхэнэ хvч нь єдєр тутмын шалгарал биш, хэдэн сая живаад нэг тохиолдох мутаци билээ.

Ерэн оны бацаанууд єнєєдєр 50 хvрцгээж байна. Тогтсон нийгмийг удирдан авч явах ид насныхан. Ерэн оны их хувьсгалын оройлогч тєдийгvй оролцогч, хєндлєнгийн ажиглагч, эсэргvvцэгч бvгдээрээ нийгмийн энэхvv донсолгоонд хамрагдсан бvтээгдэхvvн юм. Єнгєрсєн хорин жилд эд бvгдээрээ нийгмийг удирдахад оролцсон. Чухам тэд єнєєдєр манай нийгмийг авч яваа 40-60 насныхан болчихоод байгаа юм. Эдэнд Монголын нийгмийг удирдан авч явах дахиад арван жилийн хугацаа бий. Гуч хvрээгvй нийгмийн хувьсгалд оролцон оройлж явсан Элбэгдорж єдгєє Ерєнхийлєгчийн насанд хvрсэн, улс орныг хєгжvvлэх арван жилийн хєтєлбєр гаргалаа, энэ бол тvvний нийгмийн идэвхтэй байх хугацаатай мєргєж байна. Чухам энэ хугацаанд л нийгэм тvvнээс хамаг ашгаа шимэн авах ба дараа нь хvссэн хvсээгvй нийгмийн менежмент шинэ vеийнхэнд очно. Анхны парламентын гишvvн асан Баяр ч тавь єнгийлєє, дахиад арван жил тэрээр цуглуулсан туршлагаа нийгмийн сайн сайханд зориулна, дараа нь євгєн партизаны яриа эхэлнэ.

Хvний vе солигдох хугацааг 20-25 жил гэж vздэг. Ингэхээр дараа vеийнхэн єдгєє гуч орчим настай л байна. Социализм, коммунизмын тухай сураг ажигаар л мэддэг, єєрєєр хэлбэл тэр vзэл суртлаар хордоогvй, эрх чєлєєг бэлэг гэж vздэггvй, хvнд угаасаа заяамал зvйл гэж хар нялхаасаа мэдэрсэн, зах зээлийн харилцааг луйвар гэхээсээ хvний нийгмийн байх ёстой ердийн тєлєв гэж хардаг, ардчилсан тогтолцоогvйгээр хорвоо оршин тогтнох бололцоогvй гэж vздэг залуус. Нийгмийн менежментийн тєлєєх эдний євєр хоорондын єрсєлдєєн эрvvл саруул явагдах болно. Шалгарч гарч ирэх боловсрол мэдлэгтэй залуус нь єрнийн боловсролтой, соёлтой, хvнлэг, шударга, хариуцлагатай байх болно. Нийгэм жинхэнээрээ тєлєвшинє. Урт хугацаагаар vргэлжилсэн шилжилт дуусах болно. Нийгэмд мутаци биш ердийн шалгарал голлох vvрэг гvйцэтгэнэ. Гэхдээ л тэр болтол дор хаяж арван жилийн зай байна.

Монголчуудад vе мултрах хэмээх 12 жилийн мєчлєг бий. Энэ нь тооллоосоо л болж байгаа болохоос хvний vеийн мєчлєгтэй хамаагvй. Ерэн оныхон ба арван жилийн дараа гарч ирэх учиртай шинэ vеийнхэн хоёрын голд монгол тооллоор vе дєнгєж мултарч буй завсрын vеийнхэн зоолттой байна. Энэ насны мянга мянган залуусыг энд хэлээгvй, нийгэм улс тєрийн гаж шалгарлаар тодорч єдгєє улс тєрийн тавцанд vvрэг гvйцэтгэх болсон цєєн бvлгийг хамруулж байна. Голдуу хоёр зууны зааг дээр тодорсон. Ерэн оны хавьцаа арван жилийн сургууль, зарим нь дээд сургууль дєнгєж тєгсєєд байлаа. Шилжилтийн эхэн vед хорвоотой танилцсан. Социалист мораль нуран унасан боловч хvний мораль нийгэмд бvрэлдэж амжаагvй байх завсрын vеийн бvтээгдэхvvнvvд. Олон жил тогтсон боловсролын шалгарсан систем дампууран унасан vед мэргэжлийн vнэмлэхтэй болцгоосон. Боловсролын vнэ цэнэ шалан дээр байсан vе учраас єєрєє ч тогтоож амжаагvй олон мэргэжлийн vнэмлэх євєртєлсєн тєдийгvй жуулчилж явсан орнуудынхаа худал vнэн нь мэдэгдэхгvй єргємжлєл маягийн гуншинтай болцгоосон. Мєнгєєр зодож жилийн дотор хуульч, эдийн засагч хоч зvvсэн нь нэн олон.

Улс тєрийн тавцанд тэдний гарч ирсэн шалтгаанд олон юм байж болох авч юутай ч эх оронч дуудлага, авъяас, vзэл бодол гэх мэтийн “хийсвэр” зvйлс огтоос багтахгvй. Тэд прагматикчид боловч нэг зvйл дээр тун их андуурчээ. Нийгмийг залуучууд удирдаад байна, ингэхээр бид хоолноос хоцрох ёсгvй гэсэн эндvvрэл. Ерэн онд Зориг хорин наймтай байсан учраас одоо миний ээлж гэсэн гэнэн ойлголт. Vнэндээ хvний нийгэмд хувьсгал удирдагч нартайгаа хєгширсєєр тогтсон нийгэмтэй залгадаг. Элбэгдорж ч, Баяр ч, Бат-Vvл ч, Энхбаяр ч тэтгэвэрт гарч байж л нийгмийн биш биологийн шалтгаанаар зай тавьж єгнє. Нийгмийн дэвшил цаашдаа мутациар биш шалгарлаар явна, ингэж байж тогтворжсон нийгэм бvрэлдэнэ. Хvний нийгмийн бvхий л vед ийм байсан, гэнэт одоо л Монголд гаж єєр юм болох шалтгаан байхгvй. Нийгмийн хувьсгал ч єєрєє дэндvv єртєгтэй эд учир хэн нэгний дарга болох гэсэн сонирхлоос болоод байн байн давтагдаад байдаг зvйл биш аж. Харин тэд нэг зvйл дээр бодитоор оносон. Юу гэвэл МАХН хэмээх хуучин хvчин хєгшин хєвєєгєєрєє дуудуулж улс тєрийн тавцан дахь байр суурь нь ганхаж байсан тул тэнд “орон тоо” элбэг байгааг гярхай ажиглажээ. Тэдний хэнээг ашиглаж улс тєрийн хожоо гаргах гэсэн хэсгийнхэн удирдлагад байсан тохироо ч бvрэлдсэн тал бий. Гэхдээ энэ нь завсрын vеийнхэн Ардчилсан намд байхгvй гэсэн vг огт биш, концентраци нь арай л бага юм уу даа. Нэг хэсэг нь єнєєгийн улс тєрийн голлох хоёр хvчнийг тvлхэн унагаад оронд нь цоо шинээр гарч ирэх хий мєрєєдєлдєє хєтлєгдєн “эволюцийн хууль”-ийг зєрчих гэж мурчийна.

Ерэн оны хувьсгалчид, хоёр мянган оны завсрынхан хоёрын хооронд дэндvv том ялгаа бий. Эхнийх нь нийгмийн дуудлагаар тєрж буй болсон, єєрийн гэсэн идеалтай, хэдийгээр хуучин нийгмийн бvтээгдэхvvн боловч vvнээсээ салах бvрэн эрмэлзлэлтэй, гол тєлєв романтик бодолд хєтлєгдсєн залуус. Тэд насан туршдаа нийгмийн зєв менежмент хийж чадахгvй тєєрєгтэй, учир нь ид мэдлэг, мэдээлэл, боловсрол олдог vе нь социализмын хордлого. Ил ухамсар нь нийгмийн шинэчлэлийн тєлєє авч нэгэнт бараг биеийн эд эрхтэн нь шахам болоод ургачихсан далд ухамсар нь хойш чангаана. Иймээс нэг талаас алдагдсан vеийнхэн юм. Єнєєдєр нийгэм мєнгєжиж хєрєнгєжихийн хэрээр тэдний тарааж vрж цацаж “ард тvмнээ харж vзэх” зєн билэг нь улам ил гарна. Нэг амаараа зах зээлийн зарчим сурталчлах боловч ард тvмнээ єрєвдсєндєє болоод нєгєє амаараа тєрєєс vнийг зохицуулж барих тухай сургана. Тєрийг vйлчилгээний газар гэж онолдох авч єєрєє тєр болчихоороо бvхнийг зохицуулж хянаж байдаг эцэг болон хувирна. Насжаад ирэхээрээ сентименталь, настолги нь хєдєлдєг бололтой уяраад л уйлаад л харж vзээд л буян vйлдээд л. Бэлэг тараадаг євлийн євгєнтэй улам тєстэй болно. Социализм бол патриархи vзлээс гаралтай. Иймээс ард тvмнийг єєрснєє шийдвэр гаргах чадваргvй гэж vздэг учраас эцгийн халамжийг байнга vзvvлнэ. Алдагдсан vеийнхний далд ухамсар єнєєгийн Монголын нийгмийн менежментийг явуулж байгаа юм. Гэхдээ шилжилт хийж байгаа манай нийгэм эднээс зайлах бололцоо байхгvй. Зєв шалгарлаар гарч ирэх дараа vеийхнийг дахиад арван жил хvлээхээс єєр арга vгvй.

Эдний орыг одоо шууд залган эрхийг булаах гээд байгаа Завсрын vеийнхэн бол харин нийгмийн зєв шалгарлаар гарч ирээгvй. Алдагдсан vеийнхэн нь єєрийн vеийхнийхээ тэргvvний хэсэг бол завсрынхан болохоор єєрийн vеийнхнийхээ хамгийн жудаггvй, ёс тєргvй хэсгийн тєлєєлєл. Шилжилтийн vеийн хамгийн хvнд, хамгийн дампуурсан, хамгийн моральгvй болсон vеийн зэрэмдэг бvтээгдэхvvн. Алдагдсан vеийнхэн шиг сайн боловсрол ч vгvй, нийтийн тєлєє гэсэн романтик vзэл ч vгvй, шударга vнэн гэсэн баримтлал ч vгvй. Цэвэр прагматикууд. Гэхдээ хамгийн вулгар прагматизм. Мєнгєнєєс єєр ариун нандин эрхэм vнэлэмж vгvй. Мєнгєнд хvрэх цорын ганц аргыг эрх мэдэл гэж vзнэ. Єєрсдийгєє шинэ vеийнхэн хэмээж ээлж нь болсон гэж дайрцгаах авч vнэндээ ердєє л хоолны оочирын тухай ярьж буй хэрэг. Нийгмийн демораль жилийн бvтээгдэхvvн нь, золиос нь, хог ургамал нь. Улаан ногоон, алтан мєнгєн сарнай саргай, ардчилсан ардчилаагvй, социалист капиталист залуучууд болон талцан бvлгэрхэж эх орон ард тvмэн хэмээн зурагдсан пянз шиг орилолдох авч луйвар хулгай дээрэм гэсэн аль л олхиогvй болгоны vнэр нэвт шингээстэй. Нийгэм нээлттэй болж тvмэн бололцоо vvсэнгvvт эдний vеийн олон залуучууд амь амьдралаа авч явах гэж ухаан сийлж, хєдєлмєр зарж байхад улс тєрєєр бєєлжиж хийрхлээр цамнаж хєнгєн аргаар амьдрах гэсэн адгийн хэсэг нь нийгмийн донсолгоог далимдуулан улс тєрийн тавцан дээр гарч иржээ.

Бvхий л сэтгэлгээ нь люмпэн. Люмпэн гэдэг нь харьяалалгvй, хvсэл эрмэлзлэлгvй, эрхэлсэн ажил мэргэжилгvй нийгмийн шавхрууг хэлдэг. Тэд сэхээтэн ч биш, ажилчин ч биш, тодорхой хєдєлмєр хэзээ ч эрхэлдэггvй, нийгмийн паразит хэсэг юм. Завсрын vеийнхэн харанхуй, бvдvvлэг, соёлгvй, залхуу, моральгvй-тогтсон нийгэмд бол нийгмийн хамгийн доод шаар байдаг авч vймсэн нийгэмд дээш хєвєн гарч хєлжин цадаж манлайлагчийн дvрээр тодорч элитар анги болдог байна. Энэ бол нийтлэг vзэгдэл. Францын хувьсгалаар ийм люмпэн элитvvд хэрхэн тодорч байсан тухай Камю, Фромм нар бичиж гvнзгий анализ хийжээ. Ийм люмпэн элитvvд Октябрийн эргэлтийн дараа сvрэг болон гарч ирснийг Булгаков бичиж Шариков хэмээх дvрээр илэрхийлсэн байдаг. Сурвалжит язгууртан дvр эсгэсэн, сюртюктэй гахай. Организмыг єєрийг нь vхэлд хvргэдэг мєнєєх 99,9999... хувь болсон мутаци л юм даа.

2008 оны 2 сарын 13 Нийтлэлч: Б.Баабар

Дэлгэрэнгүй унших...

Tuesday, February 26, 2008

Янаглан хорлогчид

Бид зах зээлийн эдийн засагт ороод хориод жил боллоо. Төлөвлөгөөт эдийн засгийг бодвол хавьгүй ойлгомжтой боловч байнгын реформ шинэчлэл шаардаж байдаг тогтолцоо. Өнгөрсөн хугацаанд зөвхөн хоёр засгийн газар л дорвитой шинэчлэл хийж чадсан нь Бямбасүрэнгийнх, Энхсайханых. Эхнийх нь энэ улсын шилжилтийн эхэн үеийн хамаг хүндрэлийг авч гарсан. Өмч хувьчлах шийдвэр гаргасан нь л гэхэд дангаараа эргэлтийн процесс байлаа. Банкны хоёр шаталсан систем, үнийн чөлөөлөлт, иргэдийн чөлөөт шилжилт гээд богино хугацаанд хийсэн зүйл нь дэндүү аугаа дэндүү багтаамжтай. Ямар их гүтгэлэг, доромжлол, хараал, саад бэрхшээлийг туулав аа? Энхсайханы үед банкны реформ хийж, өмч хувьчлал ба үнэ чөлөөлөлтийг бараг гүйцээж хийсэн. Хийж бүтээж босгож байгааг харлуулж гутааж гүтгэж буцааж нурааж байж нэр төр олдог бизнес ч энэ үеэс эхтэй. Төрийг хүчгүйжүүлж, хийх гэснийг нь зогсоож, машиныг гацааж ард түмэндээ шударгаа гайхуулдаг нэг төрлийн мэргэжил буй боллоо. Хэрэв тэр үед хараалган гүтгүүлэн байж банкны реформ хийгээгүйсэн бол өнөөдөр хичнээн "Хадгаламж" банктай сууж байх байсан бол? Төрийн сүүлчийн арилжааны банк "Сэргээн болсголт"-ыг луйварчид идчихсэнийг илрүүлж дампууруулсны төлөө юу боллоо? Одоо энэ шоронд сууж буй Чимидцэрэн гэгч чинь уг банкыг төлөөлөн МАХН-ын байрны үүдэн дээр очоод суучихсан шудрага үнэнийг мандуулаад явж байсан юм. Банкыг хулгайч нар идчихжээ гэж би зурагтаар яриадахсан чинь маргааш нь намайг оршин суух хаягаар минь Баянгол дүүргийн шүүхэд өөрийг нь гүтгэсэн гээд өгчихсөн зарга манаргаж явсныг санаж байна. Ингэж залуу социалист луйварчдын холбоо анх тулгын чулуугаа тавьж байсныг ч мартаагүй байна.

Тэр үед нэгэнт эхлүүлсэн нийгмийн салбарын хувьчлалыг зогсоогоогүй бол, гаалийн татвар тэгэлснийг буцаагаагүй бол, үнийн чөлөөлөлтийг үргэлжлүүлж дуусгасан бол, гадаадын хөрөнгө оруулалтын либеральчлалыг хэвээр хадгалсан бол, тэгш татварын тогтоцод эртхэн шилжсэн бол, ДНБ-д эзлэх улсын нэгдсэн төсвийг нэмээгүйсэн бол... Монгол орон ямар их амжилтанд хүрэх байсан бол? Хийсэн болгоныг нурааж, хийх гэсэн болгоныг дэгээдэж явсаар шилжилт хийж буй орнууд дотроо арын эгнээнт нэгэнт оржээ. Бүтэлгүйг нь гайхаж байсан Молдав, Болгар, Киргиз хажуугаар сүнгэнээд гараад явчихлаа. Алдаагүй амжилт гэж үгүй. Гэхдээ алдаа дутагдалтай боловч хийж бүтээнэ гэдэг юутай аугаа үйлс вэ? Юутай ч урагшилдаг. Алдаатайгаа оноотойгоо давшиж дэвшдэг. Юу ч хийхгүй байх нь улам бүр технологижин даяаршиж буй өнөөгийн ертөнцөд ухралт төдийгүй мөхөл юм.

Манайд сүүлийн арваад жилд хэнээр ч юу ч хийлгэхгүй байх бүхэл бүтэн технологи, түүгээр занимаалагсадын бүхэл бүтэн арми буй болжээ. Өнгөц харахад нэг л их болгоомжтой хүмүүс учирч магадгүй аюулыг урьдчилан хараад ч байгаа юм шиг. Үнэндээ монгол хүн хэдий том зарчмын асуудал тавина төдий чинээ амин хувийн жижиг асуудал ард нь нуугдаж байдаг адгийн дүрэм илүүтэй харагдана. Иймээс эсэргүүцэл болгон эзэндээ ашигаа өгдөг "эх оронч" санаачлага болжээ. Ашигт малтмалаа үнэ хүрсэн дээр нь ашиглая гэхээр урдаас тусгаар тогтнол яриад унахаар яахав? Нүүрс ухаад зарахаар бүрэн бүтэн байдал нь алдагдчихдаг тийм хэврэг тусгаар тогтнолтой улс уу, бид? Тусгаар тогтнолын төлөөх гурван үеийн монголчуудын урт тэмцэл зуугаад жил үргэлжилж байж амжилтанд хүрсэн болохоор их л шинэ сэргэг бөгөөд эмзэг сэдэв мөн нь мөн л дөө. Гэхдээ юманд дооз хэмжээ гэж бий, алтан улиасыг минь хуга мөргөх эвэр чинь хаа байгаа юм, ариун худгийг минь ховх сорох ходоод чинь хаа байгаа юм?

Олон улсын өгч авалцдаг шалгарсан жишиг байна, түүгээр байгалийн баялагаа ашиглая гэхээр урдаас ориг монгол ухаан яриад унана. Тийм онцгой арвин туршлага мэдлэгтэй улс уу, бид? Хоёр сая иргэнийг хоёр шаар төлөөлж хорин цаг "янаглахад" л ямар ч сайхан төлөвлөсөн ажил пар гээд л унаж байдаг тийм тогтолцоотой болжээ, бид. Үүнийг тэтгэж байдаг механизм, зах зээл, технологи, аргачлал, сүлжээ нь ч сүрхий хөгжсөн байна. Санасныг бодвол ашиг ч муугүй байдаг бололтой. Энэ ардчилал юм гэж үү? Нийгмийн асуудлыг ардчилсан байдлаар шийдэж байгаа нь энэ үү? Цөөнхийн оршин тогтнох нь баталгаажсан байдлыг ардчилал гэх болохоос цөөн хэдэн хүн нийгмийн тоормос болохыг ардчилал гэхээсээ сульдаа, давжаарал, гацаа, завхрал гэж нэрлүүштэй.

Өнгөрсөн жил үр тарианы үнэ дэлхийд 122 хувь өслөө. Цаашид ч улам их өсөх хандлагатай. Монголд газар тариалан хөгжих жинхэнэ бодит эдийн засгийн бололцоо анх удаа буй боллоо. Га-аас гурав дөрөвхөн центрнэр ургац авахад үнийн хувьд эерэг гарах нь байна шүү дээ. Хэзээ урьд ийм бололцоо байлаа. Үгүй гэнээ. Монгол улс сөнөх юм гэнэ. Тэгэж үхэхээр тээгэлж үхсэн нь дээр гэнэ. Тэрийгээ мэдэж байгаа гэж юүхэв! Сайн багшийг захирал, сайн эмчийг эмнэлэгийн дарга болгож ирсэн олон жилийн архагшсан шалгуур үзүүлэлтийн инерци. Мэргэжилийн ажлийг удирдлага менежмент, эдийн засаг зах зээлтэй хольж буюу нэгтгэж ойлгож ирсэн гажиг. Уулын инжинер, уурхайн нягтлан Оюу толгойн менежмент худалдааг мэдэмхийрэн тайлбарлаж хэдээр өгч авалцахыг нь заана. Үүнээ тусгаар тогтнолтой нягт уялдуулан холбож янаг царайлна.

Гэтэл бидэнд өнөөдөр юун түрүүн яаралтай мөнгө хэрэгтэй байна. Дэлхийн жишгээр нэг мэргэжилтнийг 30 мянгаас доошгүй доллароор бэлддэг байхад манайд сая төгрөгөнд багтаагаад халтуурдаж байна. Ийм өртгөөр боловсорсон хүн энэ зэргийн л юм ярихаас өөр яах ч билээ? Сайн боловсрол олохын тулд бидэнд яаралтай мөнгө хэрэгтэй байна. Олдох учиртай тэр мөнгө ийм ядуу тархинуудын маргаан хэрүүлэн завсар алга болчих гээд байна. Оюу толгойн одоогийн гэрээгээр нийт ашигийн 54 хувийг Монголын тал хэрүүл уруулгүй шууд авахаар байгаа. Төлөвлөсөн ёсоор 2004 оноос үйлдвэрээ бариад эхэлсэн бол одоо бид ашигаа хүртээд эхэлчихсэн байх байсан. Энэ ашигаараа сайн боловсон хүчин бэлдчихвэл арай л дээгүүр төвшингийн юм ярьж биш бүтээж суухсан.

Таминь ээ, үхнэ хатна гэж айлгаад зүгээр цагаан сараа хийж болохоо больчихсон байна шүү дээ. Монголд кино зураг ч авч болохгүй. Кавказад олзлогдогч-ийг бүтээсэн Бодров Чингисийн тухай кино хийхээр боллоо. Тэр киноны зургийг Монголд л лав авахуулахгүй. Казакстаны нэрээр Оскарт дэвшсэн эл кино шидээвэр болжээ. Урьд нь Микалковын Уурга киног манай эндээс бас хөөж явуулж байсан авч Каннын наадамд түрүүлж байлаа. Эзгүй хээр сая гаруй доллароор хашаа барьчихаад онгорхойг нь сүлдээр бөглөх гэсэн нь мөнгө дутчихаад гээд зогсож байгаа шүү дээ. Тэгсэн мөртөө открийтний мөнгө хэмнэж гийгүүлж байгаа юм гэнээ. Шинэ жилээр биендээ ил захидал явуулна гэдэг чинь уул нь соёл л юм л даа. Дарга нарын жип хурааж авах компанит ажлын үр дүнг сонссон уу? Зүгээр явж байсан машинууд хураагдах сургаар бүрэн талагдсан. Өөрөөр хэлбэл олон жип төмрийн хог боловой. Уул нь бүв бүтэн, зүгээр явж байсан юмсан.

Машин дарга хоёрыг салгадаг ч яахав болдог юм гэж үзье. Төр шашин хоёрыг тусгаарласан явдал нь хүн төрлөхтний нийгмийн байгуулалтын нэг том ололт болсон юм л даа. Манайд эргэж нийлүүлэх гэнэ. Мань шаар л шашин төрийг хослоё гэж бодоод захиалга өгсөн бололтой. Есөн мянган микроб мөнгөө илбэдэж өсгөнө хэмээн хадгаламж зээлдсэний хохирлыг "эх оронч" санаачлагаар гэмгүй хоёр сая хүнээр төлүүлчихэж л байгаа юм даа. Монгол улс зуны цагт шилждэг болоод гучаад жил болж байна. Умартын бүх орнууд ингэдэг, нарны гэрэл илүү ашигладаг учир их л хэмнэлт ч гардаг, хүмүүст ч таатай аж. Гэтэл мэрэг төлөг төөрөөд болохоо больчиж гэнээ. Цаг шилжүүлснээс болоод цай шингэдэггүй толгой өвддөг гэх мэт. Байчихаад тэгэхээс тэгэж байгаа юм шиг Монгол орныг минь өргөрөг уртгаар нь хуваагаад ихэнхийг нь огт гар хүрч болохгүй зооно бүс болгон хувиргах "янаг" хууль дээш өргөгджээ. Харж л байгаарай тун удахгүй төмөр зам ч тавиулахгүй, цахилгаан станц ч босгуулахгүй, онгоцны буудал ч бариулахгүй гээд л босоод ирнэ. Аль ч нийгэмд тэрслэгчид байдаг. Тэдний зөв ч байж магадгүй, буруу ч байж магадгүй. Гэхдээ тэднээр шийдвэр гаргуулдаггүй. Тэд өөрснийгөө юу ч гэж нэрлэсэн, тэрбайтугай иргэний хөдөлгөөн гэж нэрлэсэн ч шийдвэр гаргах эс гаргах нь хуулиар олгогдсон эрх бүхий хэсэг буюу олонхийн төлөөлөлд бий. Чухам эрх бүхий хэсэг л шийдвэрээ ч гаргадаг, хариуцлагаа ч хүлээдэг.

Бид бүгд эх орондоо хайртай (байх?). Гэхдээ үүнээ ингэж янаглах байдлаар хорлон илэрхийлж болохгүй (байх!). Шударгаа гайхдаг буюу гайхуулдаг олон зүтгэлтний жишээргүйг би гайхдаг. Шудрага гэдэг нь харьцангуй ойлголт учир юуны ч хэмжүүр биш. Асуудал хуулийн хүрээнд байгаа эсэх л хамгийн зөв шалгуур. Шудрага эх оронч байх нь хуулийн хүрээнд багтана, яагаад гэвэл хориглогдоогүй. Гэхдээ үүгээрээ далимдуулж эх орноо хоролбол ял зэм бий юу? Өөрөөр хэлбэл улс орноо шударгаар янаглан хорлох нь хуулийн хүрээнд багтах уу, эс багтах уу?

2008.2.26
Дэлгэрэнгүй унших...

Monday, February 18, 2008

Сайн тєрийг муу сонголт ална, Сайн сонголтыг муу систем ална

Огноо: 2007-11-29 10:11:56

УИХ-ын гишvvн Э.Бат-Vvл, та бидний танил Баабар нар нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлууд, улс тєр эдийн засгийн шийдэл гарцын талаархи хурц асуудлаар хєєрєлдснийг дор нийтлэв.

БАТ-VVЛ: ХУВЬ ТЭНЦVVЛСЭН СОНГУУЛИЙН ТОГТОЦ ОЛОН АСУУДЛЫГ ЗЄВЄЄР ШИЙДНЭ
БААБАР: ГЭХДЭЭ VVНИЙГ БИ БИШ, ТА НАР ШИЙДНЭ

Нэг. Гардаг цоорхой нь ордог амнаасаа томорчээ

Бат-Vvл Сая Сэлэнгээр сонгогдсон тойргоороо яваад ирлээ л дээ. Улс амьтны санаа сэтгэл их єєр болж байгаа нь мэдрэгдээд байх юм. Ер нь урьд ємнєхєє бодвол илvv прагматик болсон гэх vv дээ. Цалин нэмсэн, хvvхдийн мєнгє єгч байгаа зэрэгт тєдий сэтгэл хєдлєхгvй байх жишээтэй. Тєрєєс сvvлийн хэдэн жил чинь хавтгайдаа нийгмийн хамгааллын бодлого явуулсан юм байна. Гэвч ард тvмний нэрээр хувааж байгаа энэ баялаг нэдэр дээрээ биед наалдсан юмгvй хэсэгтээ идэж уугаад дуусна гэдгийг хvмvvс мэдэж байна. Ажилтай болохыг илvv хvсэж байна. Энэ нь илvvтэй амьдралын баталгаа юм. Настайчууд нь ажилгvй залуусаа харахаад сэтгэл санаагаар их унадаг юм байна.

Баабар Чи бодоод vз л дээ. Жилд 300 орчим тэрбум тєгрєг нийгмийн хамгааллын шугамаар нэмэлтээр зах зээл дээр гарч байна. Сая биш тэрбум. Гэтэл нэг талаас иргэдийн авах мєнгє нэмэгдээд байгаа юм шиг боловч нєгєє талаас vvнээ дагаад инфляци болоод байхаар нийгмийн ихэнхийн амьдрал дээшлэхгvй байна. 1994-1995 оны vед инфляци 325 хувь хvрч байхад цалин нэмж байна гэж нэрлэхээсээ ичээд “нєхєн тєлбєр” гэдэг байсан шvv дээ. Нийлvvлэлтээсээ давсан эрэлт зах зээл дээр буй болж тєгрєгний худалдан авах чадвар буураад байх юм бол цалин нэмж ч яах юм билээ? Ордог нvх томорсон боловч гардаг нvх нь тvvнээсээ томорчихвол саванд vлдэх юм хорогдоно уу гэхээс арвижихгvй шиг.

Бат-Vvл Ингээд л баталгаатай баталгаат ажил хамгийн найдвартай эд болж байгаа юм. Монгол хvн залхуу гэдэг ч худлаа, Монголдоо муу ажилладаг, гадаадад бол сайн ажилладаг гэдэг бvр ч худлаа. Бид зах зээлийн системд ороод 18 жил болоход хєрєнгє оруулалтын сангvй, орон сууцны сангvй єдий хvрлээ. Аж ахуй эрхлэх гэсэн болгон богино хугацаатай єндєр хvvтэй зээлийнхээ хvvнд шатаад байна шvv дээ. Трактор комбайнаа сарын хоёр гаруй хувийн хvvтэй зээлээр авахаар яаж ашигтай ургац авах билээ. Хvн vхэхийнхээ урьд єдєр байртай болоод яах юм бэ. Орон сууц манайд бэлнээр, эсвэл арилжааны зээлээр буй болдог. Солонгост гурван жил ажиллахад байртай болж байна. Манайд байртай болохын тулд хэдэн жил ажиллах шаардлагатай вэ? Гэтэл Монголд одоо эдийн засгийн аймаар бужигнаан бvvм болж байна. Байрны vнэ тэнгэрт гарч эхэллээ. Удахгvй ам метр нь хэдэн мянган доллар болно. Тэр vед Солонгост хэдэн жил ажиллаад ч байртай болж чадахгvй. Солонгост цалин нэмэгдэхгvй, Улаанбаатарын байр улам єснє. Иргэншсэн аль ч оронд байрыг гуч дєчин жилийн хєнгєлттэй зээлээр буй болгодог шvv дээ.

Хоёр.Олсон дороо барахын дон
Баабар Яг нарийндаа бол чиний яриад байгаа хуримтлалыг буй болгох бололцоо єдий болтол гараагvй юм шvv дээ. Одоо л уул уурхайгаас болж ийм бололцоо буй болж эхэлж байна. Vvгээрээ л бид хєрєнгє оруулалт болон байрны том сан байгуулж хоёрхон сая хvнийг дор нь байртай болгож болмоор. Даанч мєнгє олонгуутаа л бушуухан vрж тараахыг урьдал болгох юм. Єнєє нvvдэлчин малчин сэтгэлгээ л дарангуйлаад байгаа юм. Нvvдэлчин хvн хадгаламж, vл хєдлєх хєрєнгєтэй байх боломжгvй тул олсон баялгаа дор нь хурдан морь гаанс хєєрєг болгоод тэр нь их тєлєв нэг жилийн зуд, нэг удаагийн мориноос уналтаар дуусаад нэг талдаа гардаг. Тийм болохоор олдсон баялгийг хадгалж байгаад алдсанд орвол нэг сайн найр хийж мартагдашгvй цэнгээд дуусгасан нь сайхан байдаг байж. Тэр уламжлал хувь хvний сэтгэлээс арилж байгаа ч тєрийн ой санамжаас гарч єгєхгvй байгаа юм. Хэд хоногийн ємнє Сангийн сайд Баяртсайханы зурагтаар ярихыг харлаа. “Мєнгийг хадгалж хуримтлуулах хэрэггvй олдсоноор нь сайхан хэрэглэх хэрэгтэй гэж эдийн засагч хvний хувьд би vздэг. Иймээс энэ жилийн тєсєв маш сайн болсон” гэж инээд алдан жаргалтайгаар илтгэж байна билээ. Ойрын олон жилд ийм жаргалдаа умбасан хангалуун царай олж vзээгvй. Илvv орлого олсон айлын авгай ч ингэж сэтгэхгvй дээ. Захын дурак ийм тохиолдолд хуримтлалын тухай бодноо доо.

Бат-Vvл Єнгєрсєн жилийн тєсєвт 76 гишvvний тойрогтоо тараах мєнгє 250 сая тєгрєг болсон шvv дээ. Би хичнээн эсэргvvцээд нэмэр болоогvй. Энэ жил яршиг зvгээр, тєсєв баталж байх vеэр холхон явж байна. Нерв хєдлєєд байх юм. Тэнд тэгэж ад болж єєрєє уурлаж чичрээд л биеэ муутгаж юугаа хийх вэ? Бvх намын тєлєєлєгчид хар цагаангvй гєлийж байгаад л баталсан. Тойрогтоо энэ их мєнгийг бvгд гєрдийж байгаад авчих санаатай болохоор намайг “Жаргах замын садаа жартгар шулмыг даръя” гэж дуулах нь холгvй байсан.

Гурав. Эх орончдыг зарах ТVЦ

Баабар Хамаг учир сонгуулийн системд байх шиг байна. Хєєрхий тэд чинь жалга жалгандаа баахан бvлтэрч байж хоолондоо хvрсэн шvv дээ. Одоо дахиж хоолтойгоо дєрвєн жил зvтгэмээр байдаг. Ингэхээр мєнгє хэрэгтэй. Ямар, хєргєгч зурагтаа гаргаж зараад тараалтай нь биш. Тэгэх хоншоортой аавын хvv олдохгvй л дээ. Нийтийн баялагийг болохоор єєрєє эзэн нь юм шиг тэгэж ч тараана, ингэж ч цацна гэж хєєрцгєєгєєд л.

Бат-Vvл Боль доо хєєрхийнvvдийг… Их хурлын гишvvн гэхээрээ л дээрэмчин луйварчин идээчин уугаачин гэж яаж болдог юм. Угаасаа л бvлтэрч байж бvлтийж гардаг тогтолцоотой хойно хэн нь хэнийгээ гэх билээ? Муу хvн гэж байдаггvй, муу механизм гэж бий гэж чи єєрєє хэлээд байдаг биз дээ. Хамаг муу механизмын vvд нь сонгуулийн систем гэдэг чинь харин vнэн л дээ. Асуудлын ноцтой тал нь хэдэн нєхєд сонгогчдыг худалдаж аваад депутат болоод авилга аваад байгаадаа ч биш юм шvv. Мэдээж энэ том проблем уу гэвэл тийм. Гэхдээ тэрнээс аюултай байдал vvсээд байна. Монгол єнєєдєр гадны сонирхлыг урьд хожид байгаагvй их хэмжээгээр татах боллоо. Ялангуяа Орос, Хятадын зvгээс арай дэндэж байна уу гэмээр сонирхож байна. Монголын хєрсєн дор бараг л триллионоор хэмжигдэх их баялаг байна. Vvнийг яаж ашиглах талаар Монголын тєр л шийдвэр гаргана. Тєрийн шийдвэрийг хvн гаргана. Тэр хvнээр єєрийгєє тєлєєлvvлэх хvсэл гадны компаниудад байж л таарна. Vvний тєлєє тэд тєлбєрєє тєлж л таарна. Ингээд Монголын тєр гадны захиалгаар ажиллаж эхлэнэ. Энэ аюул мєн биз?

Баабар Миний сонссоноор аль хэдийнээ ингээд эхэлчихсэн шvv дээ. Оюу толгойн хувьцааг дэлхийн єнцєг булан бvрийн сая сая хvн эзэмшиж байгаа. Монголд болж буй vйл явдлаас болж хувьцааны vнэ хэлбэлзэж байдаг. Хэлбэлзлэлээс зарим нь маш их хожино. Фридланд, Сорос гээд биржийн спекулянтууд их бий. Тэд vйлдвэрлэгчид биш хувьцааны єсєлт бууралтаас хожоо гаргадаг улс шvv дээ. Миний сонссоноор манайд хэдийнээ улс тєрийн зvтгэлтэн агентуудтай болсон гэсэн. Нэгж хувьцаа нь 15 доллар хvрч байснаа ганц єдрийн дотор 3 доллар хvртлээ унаж байсан тохиолдол бий. 15 байхад нь зараад л зориудын єдєєн хатгалга єєрєє Монголд зохион байгуулж хувьцаагаа унагаагаад гурав болонгуут нь єєрєє эргvvлж худалдаж авсаар байгаад Фридланд Америкийн Форбусын жагсаалтанд эхний дєчид багтах тэрбумтан болсон. Оюу толгойгоос грамм зэс олзворлоогvй байж хэдхэн жилийн дотор ингэж баяжиж болдог л байхгvй юу даа. Жагсаал цуглаан цаанаасаа санхvvжvvлэгчтэй, гол роль гvйцэтгэгчид нь шагналтайн цаана ийм их учир бий дээ. Удахгvй тєрийн эргэлт ч зохион байгуулж чадна. Холын гарууд ингэж vнийн луйвар спекуляци хийхийг голлож буй. Харин ойрын хєршvvдэд улс тєрийн илvv шалтаг шалтгаан бий.

Бат-Vvл Эх орныг тэнэг эх орончид л сєнєєдєг гэж хэн нь хэллээ дээ?

Баабар Толстойн нэг гоё vгийг Цоодолын Хулан хєєрхєн орчуулсан байна билээ. “Адгийн шаарууд аргаа барагдахаар эх оронсог”.

Бат-Vvл Ер нь бол эх орон vнэнч эх орончдын хvчээр тогтноод хуурамч эх орончдын гараар дуусдаг гэдэг. Хуурамч эх орончид л иймэрхvv юманд хамгийн тvрvvн орооцолдоно. Хуурамч эх орончид л иймэрхvv юманд хамгийн тvрvvн орооцолдоно. Vнэхээр одоо эргээд санахад царай нь мєн ч зовлонтой шаналангуй мєртєє эрэлхэг цогтой болсон байдаг шvv

Баабар УИХ-ын гишvvнд иймэрхvv хvмvvсийг сонгох сонирхол захиалагчид илvvтэй тєрнєє дєє.

Бат-Vvл Ингэхээр манай орны тєрийн бодлогод гадныхан хутгалдан орох тєдийгvй залуурдах бvрэн бололцоог энэхvv сонгуулийн мажоритор систем нээж єгєєд байна. 1990 онд бид пропорциональ системээр сонгуулиа явуулсан. Одоо эргээд бодож байхад тэр сонгууль л хамгийн шудрага, тєрийн тогтоцод хамгийн эерэг нь байжээ дээ. Иргэд намуудад санал єгснєєр тухайн нам парламентэд хичнээн суудал авах нь тодорхой болдог. Ардын их хурал гэж байв, тэндээс тухайн намын чухам хэн гэгч нь гишvvн болохыг шийддэг байлаа. Би нэг хэсэг Ардын их хуралыг дахин сэргээе гэж гvйвээ дээ. Гол нь энэ чинь Байнгын бус ажиллагаатай боловч хуйвалдахын аргагvй олон гишvvнтэй байгууллага байнгын парламентаа хянаад байдаг сайн талтай юм билээ. Одоогийн УИХ гэдэг чинь бидний дээр хєх тэнгэрээс єєр юу ч байхгvй гээд хоорондоо хуйвалдаад гєлийдєг газар болжээ. Ноднин 250 саяын асуудал болохоор хоорондоо чимээгvй хуйвалдчихаж байгаа биз дээ? Нэг их шудрага хvн болж тодрох гэсэн юм биш зvгээр л зарчим хэлж байна. Зарчим хууль тогтоох байгууллага дээр алдагдахаар нийгмийн бусад салбарт шаардлага ч тавих моралийн эрхгvй болно.

Дєрєв. Согтуугаараа сонгох хувь заяа

Баабар Сонгуулийн систем єєрєє аргагvйн эрхэнд зарчим алдагдуулахад хvргэж байх шиг. Уул нь гишvvн бол Vндсэн хуулиараа нийт ард тvмний ємнє хариуцлага хvлээдэг болохоос аль нэг жалгын тєлєєлєгч биш шvv дээ. Гэтэл сонгуулийн тогтоц ийм болохоор “амлалтаа биелvvлнэ”, “тойргийнхоо сонгогчдын итгэлийг алдахгvй” гээд л хєрєнгийг мєн ч сайхан vрэн таран хийх юм. Нийслэл болоод томоохон хот сууринг чиглэсэн нvvдлийн vр дvнд олон арван сумыг жам ёсны эзгvйрэл нємєрч байна. Хvн єєрєє нас бардаг жамтай шиг хот суурин ч гэсэн єєрийн настай, жамтай. Гэвч єнєєх жалгын депутатад тэр нь хамаагvй учир эзгvйрч буй довондоо єндєр хvчдэл, релейний шугам, шинэ сургууль эмнэлэг, холбооны хэрэгслэл, нарны зай, баг бvрийн эхо ч гэх шиг бялхайлгаж єгнє дєє.

Бат-Vvл Улсын тєсвийн ДНБ-д эзлэх хувь жил бvр нэмэгдээд байгаагийн нэг шалтгаан ч энд бий. Тєр улам данхайх тусам авилга адилхан нэмэгдэж байгаа. Анх гишvvн болгонд 10 сая тєгрєг хуваарилахад гурван саяараар нь Эрээнээс хулхи хєгжим авчирч сумдуудад тараагаад vлдсэнийг нь хусаж л байсан. 100 саяыг єгєєд эхлэнгvvт єєрийн хувийн компаниараа барилга бариулаад л унаж байсан. Энэ мєнгє хэдэн арав дахин нэмэгдэхээр шамшигдуулал аль зэрэг єсєх нь тодорхой. Чиний хэлдэг vрэн таран ашиггvй хєрєнгє оруулалтаас гадна хулгай луйвар нь аймаар болж байна. Vvнээс гадна ард тvмний моралийг яаж эвдэж байна гээч. Vерийн далан, єндєр хvчдэл, булгийн усан дээр гараад гэрээ барьчихсан єчнєєн хvмvvс хойтонгийн сонгууль хvлээгээд сууж байна. Нэр дэвшигч хvрч ирээд л ямар ч хууль мууль хамаагvй єнєєхийг нь эзэмшvvлээд бичиг баримтыг нь хийгээд єгдєг учраас тэр. Улаанбаатарт шилжин ирэгсэд тодорхой vйлчилгээний тєлбєр тєлдєг журамтай байж л дээ. Сvvлийн хоёр сонгуулиар журам хууль будаа болсон шvv дээ. Хууль тогтоох байгууллага хуулийг дэвсэлбэл хэнийг хууль биелvvл гэж шаардах болж байна?

Баабар Саяхан Чингэлтэй дvvрэгт болсон хотын сонгууль ардчилсан сонгуулийг яаж дампууруулж болдгийг харуулсан сайхан vзvvлэн тоглолт боллоо. Иргэд бvх намаар дамжин мєнгє тvvлээ. Тєрийн эрх барьж байгаа ард тvмэн маань энэ юм гээд тэднийг заах гээд vз дээ. Ноднин Хєвсгєлд яг ийм тоглоом болсон. Архи тараагаад л. Нийтээрээ согтуу. Энэ ардчилал мєн vv? Энэ ардчилсан сонгууль мєн vv? Ард тvмэн тєрийн эрхээ барьж байгаа нь энэ vv? Vнэн чанартаа ард тvмэн дєрвєн жилд ганц минут тєрєє барьдаг юм шvv дээ. Гэхдээ согтуугаараа… Марк Твений нэг vг байдаг, “Айлд бурхан заавал нэг удаа ирдэг. Харамсалтай нь гэрийн эзэн энэ vед их тєлєв ойролцоо архины мухлагт сууж байдаг” гэж. Яг тvvн шиг тєрийн жолоо дєрвєн жилд нэг удаа гарт ирэхэд улсын жинхэнэ эзэн шал умаахан байж таарч байна.

Бат-Vvл Тэрийг нь ч бvгдээрээ мэддэг болж. Одоо дараагийн сонгуулиар гарч ирэх улсууд нь аль эрт тойргоо худалдаж авчихаад сууж байна. Манай Сэлэнгэд хамгийн том баяр нь ургацын баяр байдаг юм. Хєрєнгє сvйтгэл ихтэй. Архины vйлдвэртэй нэг нєхєр бvгдийг нь даалаа. Тэмцээн уралдааны байтай юутай хээтэй нь. Бай шагналын бийлэгжvv томыг нь яана. Ийм жишгээр бvх аймгууд эзэнтэй болчихсон.

Тав. Гэрээ зараад тєрєє зарна

Баабар Бизнес эрхлэгчид УИХ-д орсноос болоод сvйрэл vvсэж буй мэтээр их тайлбарладаг. Юмны ил харагдаж байгаа єнгєнєєс нь хялбар байдлаар тайлбар хийвэл хvнд амархан тусах юм. Бизнес эрхлэгчиддээ ч асуудал байгаа юм биш, єнєє механизмдаа юм. Бизнес эрхлэх байтугай солих гонжоомгvй явсан Улаан, Шаравдорж нарын хєрєнгийг єнєєдєр дэлхий даахгvй болсон байна шvv дээ. Бизнес эрхлэгчидийн УИХ-д орж ирэх хэд хэдэн зайлшгvй шаардлага байна. Нэг хэсэг нь буй болгосон хєрєнгєє хамгаалах гэж орж ирж байна. Хулгай хийсэн нь ч байдаг л байх, зарим нь шантажлуулаад алуулчих гээд байгаа учраас. Нєгєє хэсэг нь олсноо чамлаад хялбар аргаар улам ахих гэж орж ирж байна. Сvvлдээ ч хєрєнгєєрєє аархдаг монгол хvний зангаар бусдаас дээр гэдгээ харуулах гэж аагархах байдлаар сонгуульд vзэх ч хэсэг гарлаа. Бєхчvvд цэнгэлдэхээ орхиод парламетад бєєнєєрєє зодоглоод эхэлсний цаад учир бярын гэхээсээ хєрєнгє мєнгєний л аархал байх.

Бат-Vvл Олон жижиг намууд ялангуяа сонгууль дєхєхєєр борооны мєєг гэгчээр тєрдєг ч энэ тогтоцтой холбоотой. Нам дотроос гэнэ гэнэ урвагчид тєрж гэнэт эх оронч, vндэсний vзэлтэн болж тодордог ч бас л тогтоцтой холбоотой. Сонгуульд vзэх дуртай дурак мундахгvй. Чи гэнэт нам болж бvртгvvлчихээд, засгийн эрхэнд шургаж, тєрийн нэг орон тоог ганц саяар бодоод зарахад л vгvйдээ 70 саяын шинэ сууцтай болчиж байгаа биз? Мажоритор сонгууль учраас хэн ч намын ємнє хариуцлага хvлээхгvй байж болно. Иймээс намаас гаргасан нэг амлалтын дор сонгогдож гарч ирчихээд гэнэтхэн л цочсон юм шиг намаасаа бусгаад ард тvмнээ учиргvй хайрлаад л хоолой нь сєєнгєтєєд эхэлдэг. Парламент дотроос шинэ нам тєрдєг хаанахын ёс вэ? Яагаад хамгийн адгийн шаарууд нь тєлєвшєєгvй ардчилсан нийгэмд тєрийн єндєрлєгт гараад ирдэгийг Хаек “Боолчлогдох зам” зохиолдоо яруу тод хэлсэн байдаг. Бид тєлєвштєл бас дахиад хорин жилийн зай байна. Ингэхээр нийгмээ хvний адгуудаас хамгаалах нь иргэний vvрэг биз дээ? Энэ байдлаас гарах хамгийн зєв арга бол сонгуулийн хуулийг єєрчилж пропорциональ болгох хэрэгтэй. Бид ийм сонгууль 1990 онд хийж л байсан шvv дээ.

Баабар Дэлхийд хамгийн анхны сонгууль хийж байсан англо саксоны гурав дєрєвхєн оронд л абсолют мажоритар сонгууль хийдэг. Ард тvмэн нь энэ тєрлийн сонгуульдаа дассан ч байдаг биз. Тэд бvгдээрээ тvvхийн явцад хоёр намын системтэй болсон учир тойрогт ердєє хоёр хv л єрсєлддєг. Иймээс манайх шиг 25 хувийн санал аваад ялагч болно гэж vгvй, єєрєєр хэлбэл мажоритар боловч дvн нь чанартаа пропорциональ гардаг. Нєгєє талаас эрх чєлєєний орчин vеийн анхны ухамсар vvссэн ертєнц шvv дээ. Олон оронд холимог сонгууль болдог. Гэхдээ парламентийн засаглалтай ихэнх орнууд пропорциональ сонгуулиар тєрєє буй болгодог. Саяхан хагас ерєнхийлєгчийн засаглалтай Орос хvртэл холимог системээ халаад бvтэн пропорциональ сонгууль явуулахаар боллоо. Хэдхэн хоногийн дараа тэнд сонгууль болно. Нэгдсэн Орос нам суудлын 60 гаруй хувийг авах нь тодорхой болчихоод байна. Пропорциональ сонгууль нь тодорхой босготой байдгаараа тєрийн бодлого тохиолдлын амьтны идэш болохоос хамгаалагдсан байдаг. Гурван мянга гаруй хvнийг 10 мянган тєгрєгєєр хуурч тойрог шилжvvлvvлэн санал єгvvлчихээд гишvvн болж байна. Компаниа нам гээд зарлачихсан учир дараа нь эвийг нь олж байгаад эвслийн Засгийн газарт орж тєрийн бодлого тодорхойлж эхлэнэ. Нєгєє ард тvмний хvсэл эрмэлзлэлээр тєрийн бодлого явах чинь юу болов! Саналаа архинаас худалдчихсан нєгєє гурван мянга гаруй нєхєд чинь тэгээд ард тvмэн болж байна уу?

Зургаа. Гарц

Бат-Vvл Пропорциональ сонгууль манай бvх проблемийг шийдчихгvй л дээ. Гэхдээ тєрийн хямрал vvсгээд байгаа мєн ч олон асуудлыг нэг талд нь гаргаж шийднэ дээ. Ёстой нєгєє Черчиллийн “Ардчилал ч мєн ч тааруухан тогтолцоо доо, арай олигтой юм хvн тєрлєхтєн олж чадаагvй л явна” гэдэг шиг пропорциональ систем хичнээн сєрєг талтай байгаад ямар ч сайн мажоритар хувилбараас дээр гэдгийг дэлхийн ардчилсан тєрийн олон жилийн туршлага нэгэнт харуулсан. Гадаадын сонирхогч тойрог болгон дээр хэн нэгэнтэй ярилцаад худалдаад авахад хялбар. Тэгээд ч энэ хуйвалдаан мэдэгдэхгvй єнгєрєх магадлал их. Бvхэл бvтэн улс тєрийн намыг худалдаж авах гээд vзэг л дээ. Шинэ ардчилсан vндсэн хууль хэрхэн батлагдсныг чи санаж байгаа байх. Депутатууд манайх шиг хоёр том гvрний дунд оршдог жижиг улсад тєрийн эрх мэдэл аль болох олон хvний гарт байх нь аюулгvй байдал талаасаа ашигтай гэж vзээд парламентын засаглалыг сонгоо биз дээ. Яг vvн шиг. Олон арван мянган гишvvнтэй намыг хахуульдаж барахгvй. Барсан ч нууц нь тун удалгvй дэлгэгдэнэ шvv дээ. Гадны сонирхогч этгээд нэг хvнтэй компаний намыг худалдаж аваад ч сонгуульд амжилт vзvvлж чадахгvй учир тєдий л сонирхохгvй. Тэр компанийг vндэсний нам болгож томруулах гэж байгаа бол илvv их хєрєнгє хаяхаас гадна цаг их орно. Vндэсний нам болоод хувирчихсаных нь дараа жолоодож явах ч хэцvv дээ. Ингэхээр гадны сонирхогчид пропорциональ сонгуулийн системтэй байхад их бодож л єєрийн ганц нэг туршуул, тагнуулыг л нэвтрvvлж чадна.

Баабар Vvнээс гадна тєр барьж буй тєлєєлєгчид жалгыг биш нийт ард тvмнийг тєлєєлдєг болоод ирэхээр vнэхээр vндэсний нийтлэг эрх ашигт л захирагдана. Сонгуулиар энд тэнд ийм тийм цоорхой бєглєнє гэж, эсвэл ийм тийм аврага бvтээн байгуулалт энэ жалганы хонхорхойд буй болгож гийгvvлнэ гэж явах хэрэггvй болно…

Бат-Vvл “Тєлєвлєгєєт халамжийн бодлогын цаана эрх мэдэл мєнгєнд шунасан адгийн шааруудын сонирхол л байдаг” гэж Хаек бичсэн байдаг

Баабар Харин тийм. Энэ утга учиргvй халамж чинь багасаад ирэхээр нийтлэг эрх ашгийн тухай ярилцах болно. Улс орныг дєрєв, найм, арван жилд ямраас ямар болгох тухай намынхаа нэгдсэн хєтєлбєрийг л танилцуулна. Хvмvvс аль нэг аврагч (vнэн чанартаа луйварчин) гийгvvлэгчийг хайж тvvнд сохроор итгэж, эсвэл худалдагдаж сvvлд нь амаа барих биш улс орны хєгжлийн концепци хєтєлбєрийн тєлєє саналаа єгєх болно. Гэхдээ чамайг оролцуулаад єнєєдєртєє хууль тогтоож байгаа та нар л vvнийг шийднэ шvv дээ. Би бол дєрвєн жилд нэг удаа ганц минут тєр барьдаг ард тvмний тєлєєлєгч. Бусад 3 жил – 11 сар - 29 хоног - 23 цаг - 59 минутанд нь биднийг хууль ёсоор тєлєєлж буй та бvхэн vvнийг шийдэх эрхтэй тєдийгvй vvрэгтэй. Би нэг минут сонгуулийн кабин дотор тєрийнхээ эрхийг барьсан шиг барина, бусад хугацаанд иргэнийхээ хувьд саналаа ил тод хэлэх л эрхтэй. Энэ маань ардчилал юм шvv дээ.

Бат-Vvл Сvртэй гэдэг нь… Парламентэд ард тvмнийг тєлєєлєх эрхтэй гишvvд суугаад энэ улс оронд ямар дэг журам байхыг шийддэг боловч 76 эрхтний олонхи нь юу гэж vзэж байгаагаар эцсийн шийд гардаг. Энэ ч бас ардчилал юм шvv.

Тэмдэглэсэн Ц.Амар
2007 оны 11 дvгээр сар 27

Дэлгэрэнгүй унших...

Saturday, February 9, 2008

ЦАГААН САР, ХАР НУЛИМС

Цагаан сараар золговол жилдээ багтаж үхэх гэнэ. Золголтоо хорин дөрвөн цагаар зөрүүлж орхивол шүү дээ. Нарийн эд байгаа биз? Гэр бүлээрээ гайтай 24 цагийг нь зөрүүлж орхивол голомт нь цайрах аж. Улсаараа ийм зөрөө гаргавал... еэ ванд лхам минь, аягүй бол дэлхий сөнөх бололтой. Энэ бүхнийг ягштал мэддэг хэд энэ талаар зурагтаар ярьж ард түмнээ сэрэмжлүүлж байна. Хариуд нь шар улааныг тунаруулсан бүлгийнхэн гарч ирж зад эсэргүүцэв. Харин ч эхний хэдийн зааж өгсөн өдөр золговол гай барцад болох гэнэ. Үүнийг маш олон төрлийн шинжлэх ухаан баталсан аж. Шинжлэх ухаан ярьж байх хооронд нь Эйнштэйний нэр хэд хэдэн удаа хавчуулагдаад амжив.

Хүн төрлөхтөн хэдийнээс эхлэн цаг хугацааг тоолж эхэлсэн юм, бүү мэд. Лавтай эртний вавилон, ассир, шүмэр, египтчүүд өөр өөрийнхөөрөө тоолдог байж. Дүрсээ байнга өөрчилж байдгийн хувьд сар илүү баримжаатай байсан учраас сарны тоолол өргөн дэлгэрчээ. Гэхдээ сарны мөчлөг 29,5 хоног болохоор энэ хагас өдөр нь хоёр сарын дотор бүтэн хоногийн зөрөө болчих учраас засварын программ хэрэгтэй. Энэ засварыг газар газар янз бүрээр хийнэ. Иймээс сараар баримжаалсан хуанли иргэншил соёл бүрд өөр өөр байдаг аж. Нарны “засварын программ” тун ялимгүй. Гэхдээ л мянга гаруй жил өнгөрсний дараа бүтэн арав хоногоор зөрүү гарч байсан тул Юлианы хуанлийг дундад зууны үед Ромын пап Григорийн лүндэнгээр зассан учир “Григорийн хуанли” гэх нэр гарсан байна. Өнөөдөр бүх дэлхий даяараа энэ хуанлийг албан ёсоор хэрэглэдэг. Оросууд 1918 он хүртэл хуучин Юлианы календарьтай байсан учир Ленин үнэндээ ноябрь сард төрийн эргэлт зохион байгуулсан боловч түүхэнд “октябрийн хувьсгал” нэрээр үлджээ.

Тоолол болгон зөв. Тоолол бол байгалийн хууль биш. Өдөр шөнө, өвөл зун болдог, дэлхий нарыг тойрдог, өөрийг нь сар тойрдог, энэ бүхэн өөрийн мөчлөгтэй нь байгалийн явдал. Нэгэнт хорвоо хүнд тохируулж орчдоггүй болохоор хүн өөртөө зориулж ойлгомжтой хялбар тоолол зохиохоос өөр аргагүй. Ингэхээр нар сар одны орчлыг түшиглэж тоолол зохиох, баримтлах, цаг хугацааг хэмжих нь хүний явдал. Хүссэн хэн ч өөрийн тоолол шинээр зохиогоод гэртээ өөрөө мөрдөөд явж болно, гагцхүү бусадтай энэ хэмжүүрээрээ ярихаар л жаахан үл ойлголцол гарах байх. Иймээс бусдаар хүлээн зөвшөөрөгдсөн тоолол хэрэгтэй болно. Бидний метр гэж яриад байгаа нь Си системийн уртын хэмжүүр.

Үүнийг тохойгоор хэмжсэн ч, фүтээр илэрхийлсэн ч, лигээр ярьсан ч зарчмын ялгаагүй. Биенд нь шилжүүлээд ойлгочиж болно. Нийтээр хүлээн зөвшөөрөгдөх асуудал нь харин янз янз. Өдгөө дэлхий даяараа албан ёсоор Си системийг хүлээн зөвшөөрсөн нь хоорондоо ойлгоцох эвийг нь бодсон хэрэг. Ялгаагүй, та 38 размерийн гутал өмсдөг бол Си системээр 25, англи системээр 6 номер болж орхино. Хэнийг нь буруу гэж хэлэх аргагүй, алийг нь ч шинжлэх ухааны аргаар буруутгах бололцоогүй. Цагийн тоолол ч адил. Хүсвэл шинэ оноо зун ч солилцуулж болно, намар ч тэмдэглэж болно. Хүний түүхэнд ийм тохиолдол бишгүй нэг тохиосон. “Январь” гэдгийг өөр тооллын уламжлалтай бид нар л “нэгдүгээр сар” гээд нэрлэчихсэн болохоос цаанаа ийм утга байхгүй.

Тоололд харин түүхэн утга бол бий. Зуунаар биш жарнаар тоолон жил болгонд амьтны нэр өгдөг уламжлал нүүдэлчдээс гарсан гэдэг. Тодорхой хэлбэл түрэгүүд ийм юм бодож олжээ. Гэхдээ тухайн жилийг хулгана гэж нэрлэснээс болоод хулгана ихээр үржих, хүний амьдрал хулганыхтай төстэй болох зэрэг байгаллаг утга огт байхгүй. Зүгээр л цэвэр бэлгэдлийн чанартай. Хятадууд нэн эртнээс сарны тоолол хэрэглэдэг байсан, харин амьтнаар он жилийг бэлгэдэн нэрлэх ёс тэдэнд хожим шингэжээ. Хятад тооллыг монголчууд “шар зурхай” гэнэ. Манжийн мэдэлд байхдаа монголчууд албан ёсоор шар зурхайг дагадаг байв.

Харин 1747 онд Ишбалжир хэмээх гэлэн нэгэн тоолол зохиосныг “төгсбуянтын тоолол” гэнэ. Тэр үеийн монголчуудын төвлөрөл байсан Хөх нуур орчимд юм болов уу. Улаанбаатар энэ үед нүүж явсан учир Туулын хөвөөнөөс 300 гаруй км-ын зайд байлаа. Гэлэн тоолол зохиохдоо хятадын уламжлалт тооллын алгоритмыг өөрчилж, ердөө л өнөө 29.5 өдөр гэдгийн бутархайг шилжүүлж тооцохдоо “засварын программ”-ыг шинэчилжээ. Тэрээр битүүнд саргүй (сар алга болно гэж байхгүй л дээ, нартай хамт мандчихаар энгийн нүдэнд харагдахгүй байгаа хэрэг), харин 15-нд заавал тэргэл сартай байхаар тооцсон учир үүндээ баригдаад зарим өдөр давхцана, зарим нь алгасна. Ингэхээр бичиг цаас тооцоо энэтэр гэхгүй календарийн баримжаа шууд тэнгэр дээр гараад ирдэг учир нүүдэлчдэд нэн тохиромжтой байсан бололтой. Битүүн, арван таван гэсэн ойлголт хятад тоололд үгүй. Бичиж үлдээсэн судартаа “тэрслүүдийн зурхай одондоо мэргэн тул авч хэрэглэв” гэж тодотгожээ.

Энэ нь сарны хөдөлгөөнийг байрлах одоор нь тодорхойлох лалын тооллын аргыг оруулав гэсэн санаа. Тэрслүүд гэдэг нь лал гэсэн төвд үгний орчуулга. Лалынхан астрологиос эхлээд астроном хүртэл маш сайн судалсан уламжлалтай. Манж Хятадын эзэрхийллийг эсэргүүцсэн бэлгэдэл нь хийгээд илүү дутуу тооцоо байхгүй шууд тэнгэр хараад хэлж болдог практик ач холбогдлоосоо болоод монгол ардууд өргөнөөр хэрэглэж эхэллээ. Энэ нь Хятадын цагаан сараас заримдаа нэг өдрөөр, заримдаа нэг сараар зөрнө. Ингээд “Монголын цагаан сар” гэсэн шинэ нэр гарчээ. Манай цагаан сар хятадынхаас арай өөр гэсэн санаа. Ингэхээр Тэрбишийн зурхай гэж байхгүй, Ишбалжирын зохиосон Төгсбуянтын тоолол л гэж бий.

Шинжлэх ухааны академиас ХХI зууны турш энэ тоолол Григорийн тоололтой яаж таарч байгааг үзүүлсэн хүснэгтэн ном гаргасан юм. Үүнийг жил бүр шинээр тогтоох хэрэг байхгүй, хүсвэл ХХХ зуун дуустал, бүр цаашлуулаад ч хүснэгтлээд гаргасан ч болно. Залхуурахгүй бол та гэртээ сууж байгаад 4008 он хүртлэх календарь бүтээж болно, ингэлээ гээд таныг хэн ч профессор доктор гэхгүй. Үүнтэй яг л ижил юм хийсэн буюу хийх гэж санаархагчид өөрсдийгөө цоллодог нь харин сонин. Григорийн тоололд дөрвөн жил тутамд нэг хоног нэмдэг засварын программтай. Лалын, хятадын, монголын, маяагийн, инкын календариудын алгоритм нь өөр учир засварын программууд нь бас зөрөөтэй.

1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зараллаа. Төгсбуянтын зурхайг албан ёсоор хэрэглэж байх Богд хааны лүндэн буув. Харин 1915 оны Хиагтын Гурван улсын хэлэлцээнд энэ тоолол бөөн маргаан үүсгэжээ. Хятадууд Монголын нийслэл, Монголын хаан, монгол тоолол гэсэн гурван зүйл дээр тас эсэргүүцэж Хятадынхыг дагахыг шаардаж байв. Эцэст нь хааныг орос хэлээр “повелитель” гэж байхаар тогтов. Тэд мөн Төгсбуянтын тооллыг тас эсэргүүцэж өөрсдийн шар зурхайг дагахыг шаардав. Энэ удаа монголчууд ялж монгол тооллоо Гадаад Монголд албан ёсны байлгахаар болов. Гэвч гэрээний эх барих хувилбар болох франц хувь дээр монгол тооллыг зориуд орхигдуулсан байсан юм. 1921 оны 7-р сард Ардын засгаас Төгсбуянтыг тооллыг баримтлах тогтоол гаргалаа. 1924 онд Бүгд найрамдах улс болоод оныг “олноо өргөгдсөний” гэж байсныг “Монгол улсын төд дүгээр он” гэж нэрлэж байхаар болов.

Монгол улсын тоолол болон Төгсбуянтын хуанли нь Григорийн тоололд орсон 1940 он хүртэл албан ёсоор мөрдөгддөг байжээ. 1944 онд Гандан хийдийг дахин сэргээхэд тооллыг Төгсбуянтынхаар явуулж байх шийдвэр гарсан байдаг. Ингэхээр Төгсбуянтын хуанли нь зөв буруутайдаа биш, тусгаар тогтнолын утгатай ажгуу. Аль ч тоолол шинжлэх ухааны утгаараа буруу байдаггүй учраас Төгсбуянтын хуанлид гажууд юм юу ч байхгүй. Сарны тооллоор явдаг хятадынх, лалынх, инк нарынхаас зөрдөг үү гэвэл зөрнө. Яг л төө, фүт, дициметр хоорондоо зөрдөг шиг. Тэгээд яачихаав, биенд нь шилжүүлээд л ойлгочихоно шүү дээ! Гол нь энэ бол монголынх. Эцэг өвгөд маань зориуд хятадынхаас зөрүүлсэн юм. Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид маань энэ зөрүүг нь баримталж олон улсын гэрээ хэлэлцээрт зүтгэж байж оруулсан юм. Соёмбо шиг л тусгаар тогтнолын маань бэлэг тэмдэг. Хэдийгээр бид албан ёсоор Григорийн тоолол баримтладаг ч цагаан сар болон зарим өдрийг тэмдэглэхийн тулд хуучин тоолол хэрэг болдог. Чухам ямар тоолол баримтлахыг төрөөс 1911, 1921, 1924, 1944 онуудад хоёргүй нэг утгаар зааж өгчээ.

Өдөр гаригт сайн муу гэж байдаггүй. Ингэж ярьдаг нь хятадууд дөрөвийн тооноос, монголчууд долоогоос, европынхон арвангураваас цэрэвдэг шиг мухар сүсгийн угшилтай цэвэр бэлэгдлийн утгатай. Тэр дундаа үсээ засуулдаг, найр хийдэг, мал гаргахад муу гэх мэтийн утга санаа өдрүүдэд огт байхгүй. Үүнийг зөвхөн зурхайчид л зохиодог юм. Зурхайч, янхан хоёр бол дэлхийн хамгийн уугуул мэргэжил. Од сар харж байгаад юм зохиож хэлэн хүний сэтгэл үймүүлэн хэдэн мөнгийг нь салгадаг этгээдүүд аль дивангарын үед байжээ. Тэднийг Европ зүгт астрологичид гэнэ. Тэдний дунд зах зээлийн хүчтэй өрсөлдөөн байсан учир од гаригийн хөдөлгөөнийг их сонирхдог судалдаг тэмдэглэдэг байлаа. Энэхүү уран панаал нь хожим астрономын шинжлэх ухаан үүсэхэд ихээхэн тус болсныг хэлэх нь зүйтэй. Химийн шинжлэх ухаан буй болоход альхимичид хэмээх жатга үзүүлж хүн хуурагчид их тус болсонтой адил юм. Химийн ухаан буй болсноор альхимичдийг тоохоо больсны нэгэн адил астрономын ухаан хөгжсөнөөр астрологичид зүй ёсоор тэтгэвэрт гарсан юм. Зурхай ч, альхими ч шинжлэх ухаан огтоос биш.

Гэвч, хэдийгээр XXI зуун гарсан боловч буурай хоцрогдсон газар зурхайчид амь бөхтэй оршсоор төдийгүй орлого олз арвинтай байсаар. Энэ бол нийгмийн хоцрогдол дээр суурилан паразитлаж амьдардаг ядарсан бизнес юм. Зурхай нь тоолол зохиох болон баримтлахаас шал өөр утгатай. Энэ нь тэнгэр гариг эрхэсээс болж хүний хувь заяа хэрхэн өөрчлөгдөхийг мэргэлж өгдөг, түүгээрээ каландарь, хүснэг зохиогоод зардаг золигийн заль мэх л дээ. Өнгөрснийг мэддэг хүн тааралддаг гэдэг. Үүнийг шинжлэх ухаан тайлбарлаж чаддаггүй. Өнгөрсөн юм ямар нэг долгион ч юм уу, үлдээдгийг хэдэн сая тохиолдолд зарим нэг увьдастай хүн мэдэрч чаддаг байж магадгүй гэж ярьдаг. Тун ховор тохиолдох ийм увьдас Монголоор дүүрэн байна гэдэг бол харин итгэхийн аргагүй хэрэг. Тэгээд ч туйлдаа хүртэл хөгжсөн шинжлэх ухааны бяд дутаж байхад хагас бичигтэй улаан шараар эрээлж гоёсон луйварчин юугаа мэдэх билээ дээ. Ирээдүйг бол урьдчилж мэдэх ямар ч боломжгүй. Шинжлэх ухааны прогнозлох арга зүйг энд хэлээгүй нь мэдээж. Од гаригийн орчил хөдөлгөөн хүний хувь заяанд нөлөөлдөг байж болох ч үүнийг урьдчилан тооцоолох боломж үгүй аж. Үүнийг “Хайзэнбэргийн тодорхойгүйн зарчим” гэнэ. ХХ зууны гурван том нээлтийн нэг гэгддэг. Хайзэнбэрг үүнийг электроны байршил дээр баталсан боловч түгээмэл шинжтэй юм.

Төгсбуянтийн тооллоор өнөөдөр төдний өдөр, энэ нь шар зурхайн төдний өдөртэй таарна, лалын тооллоор ийм өдөр болно энэ бүхэн нь Григорийн буюу нийтийн тооллоор ийм өдөр болой гэх бол нэг хэрэг. Энэ бол хятадаар хуанли, европоор календарь хэмээх цаг тооны бичиглэл. Энэ өдөр бол хар өдөр, үсээ засуулж болно, айл ухвал баригдахгүй, эхнэрээ зодох нь зүйтэй, учир нь нар сарны хөдөлгөөн таарч сугар гаригтай явалдаж улаан нохой одтой таарч байна гэх мэт бол зурхай. Үүнд нь итгэдэг ард түмнийг өнөөгийн хэлээр хоцрогдсон бүдүүлэг гэдэг аж. Ийм мэрэг төлөг хөгжингүй орнууд ч элбэг. Гэхдээ үүнд нь ард түмнээрээ итгэж баримтладаггүй, илүүтэй зугааны шинжтэй байдаг. Зурхайчид юу ч гэж тууж магадгүй, дээр нь их олуулаа учир хоорондоо их зөрөөтэй. Зах зээлээ булаацалдаж маргаж хэрэлдэх нь сүүлийн хориод жилд Монголд бүр гаарсан үзэгдэл боллоо.

Сүүлдээ хүн амьтныг үхнэ хатна гэж сүрдүүлдэг болоо шив дээ. Ухаан нь 2008 оны ердийн каледарь дээр өдөр хоногуудыг бөөсөө алдаггүй өдөр, аянд явдаг өдөр, хурьцал тэвчих өдөр гээд биччихсэн байвал хэн ч гайхаж таарна. Яахаараа монгол тооллын календарь дээр зурхайчид ийм мангар юм биччихээр гайхах байтугай шүтээд байдаг байнаа? Хонины арьс нөмөрсөн чоно гэгчээр ичих ч үгүй шинжлэх ухааны нэр, цаашлаад Чингис хааны нэрийг барихыг нь яана! Аргын тооллоор календарь гаргадаг компаниуд өнгө үзэмж зураг хөргөөрөө өрсөлддөг. Билгийн тооллын хуанли үйлдвэрлэгчид хоорондын тоогоо зөрүүлэхээс гадна хүний өдөр судрыг мэргэлж өдөр хоногийг сайн муугаар нь ялгаж, хүний сэтгэл рүү юм хийж өрсөлдөнө. Эцсийн бөлөгт цаг тооллын аль системийг баримтлах тухай асуудал байгаа юм биш, зах зээлд борлогдох үйлтэй 200 орчим сая төгрөгийн мэрэг төлгийн эзэн хэн болох тухайд л зодоон цохио болоод буй хэрэг шүү дээ. Ингэж билгийн цагаан сарыг хэрүүлийн хар нулимс болгож хувиргана.

Зурхай юутай ч буддын шашинтай ямар ч хамаагүй эд. Будда өөрөө сургахдаа “хүний хувь төөргийг сарны тохиол, од мичидийн хөдөлгөөнөөр мэргэлж тааварлахыг эгнэгт цээрэлбэл зохилтой” гэжээ. 2500 жилийн өмнө Энэтхэгт одоогийнхоос цөөнгүй зурхайч - луйварчид байсан бололтой. Чанарын биш гэхэд тоон утгаараа дэлхийн хамгийн боловсролтой орон гэх монголчууд бичиг үсэгтэй нь эргэлзээтэй, ядахнаа хүзүүгээ угаагаад хумсаа авчихдаггүй мөртөө бурхан буг эйнштэйн вангагийн нэр барьсан өвчтэй солиотой, зальтай хомхой сувьдаг тэнэг юмнуудыг дэмжин мөнгө төгрөгөөр тэтгэж явааг юу ч гэж тайлбарлах юм билээ дээ? “Өдөр цаг бүхэн өлзий буян, од гариг бүхэн онцгой сайн, муу сэтгэлээ ялагч бүхэн зовлонгүй, мунхагийн нойроос сэрэгч бүхэн чадал төгөлдөр” гэж Будда сургасан нь “Найман гэгээ” сударт бий. Энэ судрыг сургаар ишлэн худал цуурах зурхайч нарт тийм л их мөнгө хэрэгтэй юм бол та нэг сайхан санал тавиач. Юу гэхээр календарь зарж хэдэн цаас цуглуулах гэж зовж яс булаацалдсан нохой шиг хоорондоо архиралцаж байхаар казинод очиж ямар тоо гарахыг нь шууд хэлээд л баяжаач. Эсвал Бэн Ладэний нуугдсан газрыг хэлж өгвөл 50 сая доллар өгнө гэж америкчууд амлаад байна шүү дээ, цаана чинь.

2008.02.03 Дэлгэрэнгүй унших...