1958 онд Франц улс гүн хямралд орлоо. Алжирчууд тусгаар тогтнолоо нэхэж эхлэв. Францчууд Алжирыг колони орон гэж үздэггүй, эх орныхоо салшгүй нэг хэсэг, Газар дундын тэнгисээр тусгаарлагдсан зах хязгаар гэж ойлгодог. Франц дэлхийгээр нэг колонитой байсан, түүнээ далайн чанадын гэж нэрлэнэ, харин Алжир бол зүгээр л эх нутаг. Үүнд учир шалтгаан байсан. Хойд Африк дахь Сахарын цөлийн энэ газарт ихэнх нь францчууд амьдарч байсан. Араб, магреб, нуби, бэрбэр зэрэг иргэд хүн амын цөөнх байсан юм. Италид эзлэгдсэн Ливийг чөлөөлөхөөр Британий арми дайны үеэр Сахарт байлдахад олон араб цэрэгт нийлжээ. Ингээд Ливиэс Египт хүртэл нутагт фэльдмаршал Ромэлийн армитай холбоотны цэргүүд хөөцөлдөж байх явцад арабчууд Алжираар нэг дүүрэв. Дайны үед Чөлөөт Франц улс Алжирт байсан болохоор нийтийн дайсны эсрэг байлдаанд энэхүү арабуудын “чимээгүй эзлэлтийг” харин ч талархан угтаж байжээ. Хүн амын дэндүү олонхи нь араб болсон Алжирт асуудал хямарлаа. Тэдний тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн хариуд алжирын францчууд босов. Гэтэл колонийн задарлын ид үе болж байсан учир дэлхий Францын эсрэг хандах нь тэр. Европын Франц Африкаас савраа тат. Колончлогч Франц сөнөтүгэй, Алжирын эх орончид мандтугай! Англи, Испани, Голланд, Бельги гээд колончлогч орнууд эзэгнэгч газрууддаа тусгаар тогтнол олгоод байхад Франц гэж империалист царайлсан хогийн шаар болж харагдлаа. Зүүний хүчнүүд Алжирыг тусгаар тогтнуулна гэж орилолдоход ялангуяа цэргийхэн нутаг дэвсгэрийнхээ хагасыг арабуудад алдахыг яагаад ч тэвчихгүй байлаа. Францын дотоод зөрчил ийнхүү дээд цэгтээ тулж улс орон ганхаж эхэлсэн юм. Ийм л үед тэд генерал дэ Голлийг дуудан аврал эрлээ. Генерал дэ Голль энэ үед тэтгэвэрт гараад Лазурын эрэгт эдлэндээ гавъяаны амралтаа эдэлж суув. Тэрээр Гитлерийн арми Францыг эзлэхэд Алжирт гаран цэрэг зохион байгуулж, Чөлөөт Франц хэмээх дүрвэгсэдийн Засгийн газар байгуулан толгойлсон юм. Алжир чөлөөтэй байсан учраас Франц Германд бүрэн эзлэгдээгүй, өөрийн хууль ёсны Засгийн газартай гэж үзэж байсан тул дайны дараа Их гурван гүрэн дээр Францыг нэмж ялсан гүрнүүдийн дөрвөн толгойлогчийн нэг болж чадсан юм. Ийнхүү Францын ард түмэн генералийг дахин эх орноо аврахыг гуйн урин дуудлаа. Ид хүйтэн дайны энэ цаг үед Франц гүрнийг нэр төртэйгээр авч гарна гэдэг тийм амар зүйл байсангүй. Алжирыг өгөхгүй гэвэл Франц дэлхийд ганцаардана, өгнө гэвэл дотоодын үймээн зөрчил дийлдэхээ болино. Дэлхийн II дайны үр дүнд тусгаар тогтночихсон Энэтхэг-Хятадын хойгийг эргүүлж авах гэж дайн хийсэн нь шившигт ялагдлаар дууссан. Сүэцийн сувгийг өгөхгүй гэж хийсэн дайн ч гутамшигаар төгссөн. Алжирын хувь заяа яах нь тодорхой байв. Парламент хоёр тал болон асуудлыг гацаагаад ямар ч шийдэлд хүрэхгүй болчихсон байлаа. Иймээс дэ Голль юун түрүүн өөрийн болзлыг Францын ард түмэнд тулгасан юм. Шинэ Үндсэн хууль боловсруулж цэвэр парламентийн бүгд найрамдах улсыг хагас ерөнхийлөгчийн засаглалтай болгов. Өөртөө илүү эрх мэдэл олж хуульчлан авч буй хэрэг. Ийнхүү Францын 5-р Бүгд найрамдах улс буй болов. Ерөнхийлөгч Алжирыг алдахгүй, тэгсэн мөртөө Францыг хямралаас аврана гэж амаллаа. Үнэндээ энэ хоёрыг зэрэг хийх ямар ч бололцоогүй байсан. Харин ард түмэн дэ Голльд итгэсэн юм. Ерөнхийлөгч үнэндээ ард түмнийг хуурчээ. Гурван жилийн дараа Франц хямралаас гарав, харин Алжир тусгаар тогтнолоо зарлаж тэрийг нь Парис хүлээн зөвшөөрөв. Дэ Голль ямар ч хүчирхийлэл хэрэглээгүй, бүгдийг ардчилсан байдлаар зохицуулсан, гэхдээ үнэнийг, зөвхөн үнэнийг тунхаглаад францыг аврах гол зорилтоо хэрэгжүүлж чадахгүй байсан юм. Ингээд л хуурсан хэрэг. Алжирыг алдсаны дараа ялангуяа цэргийнхэн түүнд маш их гомдсон, зарим нь учиргүй өширхсөн юм. Дэ Голлийг алах гэсэн олон оролдлого давтагдсан. Нэг удаа эхнэртэйгээ явж байхад нь машин руу нь халджээ. Генерал “эмэгтэй хүнтэй явж байхад ямар бүдүүлэг авирладаг амьтад вэ!” гээд мөрдэс дээр нь бутарсан шилний хагархайг гөвж байсан гэдэг. Гэвч францчууд генералийг ойлгосон юм. Түүний хуурсныг ихэнх францчууд хямралын дараа зөвтгөсөн. Түүх, цаг хугацаа бол үүнийг нь бүр гавъяа болгон тэмдэглэдэг. Францыг колонийн дараахи орчин үеийн ертөнцтэй уулзуулаад генерал өөрөө улс төрөөс гаран явсан. Францын орчин үеийн бодлогыг тодорхойлогч голлист чиглэл үүсч Мэтөранаас бусад бүх тохиолдолд сонгуульд ялалт байгуулж байна. Генерал дэ Голль Францыг хоёр удаа аварсан, үүгээрээ энэ ард түмний түүхэнд үүрд мөнхөрсөн. Үе үеийн ухаантан суутнууд нийгмийн байдалдаа дүн шинжилгээ хийж төлөв байдал болон урагшлах ухрах замыг нь харж байдаг. Энэ болгоныг ард түмэн тэр болгон харж чаддаггүй. Улс төрийн удирдагч яаж ийж аргалан ард түмнийг итгүүлж чадаад урагшаа аваад гардаг бол гүн ухаантнууд учрах аюул хохирлыг ил задгай хэлэн зүрхийг нь мохоож орхидог. Улс төрийн удирдагч, философич хоёрын ялгаа энэ. Аристотель ардчилсан дэглэмийг сайшаагч, энэ онолыг магадгүй үндэслэгч суртачлагч байсан. Харин тэр бүх нийтийн ардчилалыг амьдралд хэрэгжих бололцоогүй гэж үздэг байлаа. Нөгөө талаас нь хэлэхэд тэрээр ардчиллыг гутаагч байсан юм. Магадгүй түүнээс болоод Ромоос хойш мянган жил Европ харанхуй эринийг туулсан байх. Сүм хийдийнхэн болон хаад ноёдод ардчилал бол үл гүйцэлдэх мөрөөдөл гэсэн Аристотелийн онол ч ташуур өгч байсан юм бил үү! Ухаантнууд үнэнийг шүтдэг. Үнэн гэдэг тэдэнд хамгийн чухал хэмжигдэхүүн. Үнэн гэдгээс шудрага ёс гэсэн ухагдахуун гарна. Иймээс тэд шудрагыг илүүд тавьдаг учраас эрх ашгийг хооронд нь зэрэгцүүлэн эрэмбэлдэггүй. Хагас үнэн, ач холбогдол багатай үнэн гэх мэтийн ойлголтыг тэд огтоос хүлээн зөвшөөрөхгүй. Хүн төрлөхтний, байгаль орчны, үндэсний, тухайн нийгмийн, гэр бүлийн, хувийн гэсэн маш олон эрх ашгууд бий. Эднийг эрэмбэлгүйгээр зөвхөн үнэн, шудрага ёс гэдэг талаас нь хандахаар бүх эрх ашгууд зэрэг хангагдаггүй учир ерөөс шудрага ёс, үнэн гээч юм хий хоосон яриа болж хэрэгждэггүй. Иргэншлийн 6 мянган жилийн түүхэнд энэ эрэмбийг хайсаар Францын хувьсгалын үед эрэмбийн хамгийн дээр хувь хүний эрх, эрх чөлөө, эрх ашиг байдгийг хүлээн зөвшөөрч хуульчилжээ. Энэ ойлголт цаашаагаа их нарийн ээдрээтэй бүхэл бүтэн шинжлэх ухаан. Нэг хүний хувийн эрх ашиг нөгөө хүнийхийг хохироож үл болно гэсэн доод хязгаараас эхлээд олон хүний тус болгоны хувийн эрх ашиг цөөн хүний тус бүрийн хувийн эрх ашгаас дээгүүр тавигдана гэх мэтээр эрэмблэгдсэний үндсэн дээр бүлгийн, үндэсний, ард түмний, хүн төрлөхтний гэсэн эрх ашгууд үүснэ. Өөрөөр хэлбэл том жижиг ямар ч бүлгийн эрх ашиг хувь хүний эрх ашгаас үүдэлтэй, тэндээс урган гарна гэсэн үг. Үндэсний эрх ашиг гэдэг нь тухайн үндэстний хүн амын тоогоор орших хувь хүний эрх ашгийн олонлог юм. Хувь хүний эрх ашгийг зөрчилгүйгээр энэ олонлогийн урагшлан дэвших гарцыг олох нь улс төрийн удирдагчийн жинхэнэ урлаг. Дэ Голлийн улс төрийн урлаг чухам энд л оршиж байна. Гэндэн бол Монголын түүхэнд ховор заяасан хүчтэй лидер, сайн зохион байгуулагч, тууштай эх оронч. Өөрийн очсон институци болгоныг тэргүүлэх болгож чаддаг байлаа. Түүний түүх намтрыг судлах аваас өөрийн эрхгүй хайрлам. Гэхдээ түүний хэтэрхий шулуун шудрага, гөжүүд, хүчний харьцааг үнэлж чаддаггүй зан нь монголчуудад аймшигтайгаар туссан. Сталин Дорно зүгт япончуудаас ихэд болгоомжилж байсан. Япон-Хятадын дайны үеэр өвөр монголчууд болон барга нарыг, өөрөөр хэлбэл монгол угсаатнуудыг япончууд холбоотноор татаж байлаа. Монголчууд Японыг чөлөөлөгчөө гэж үзэж байлаа. Ялангуяа шашин номоо гадны шахалтанд сэвтүүлсэн лам хувраг болон язгууртнууд Японыг онцгой дэмжиж байгааг Сталин харж байсан. Иймээс Гадаад Монголын лам болон язгууртнуудыг бүслэн хааж нийгмийн ямар ч нөлөөлөлгүй болгохыг Гэндэнгээс удаа дараа шаардаж байв. Үүнээ аргадах тулгах сүрдүүлэх есөн шидийн аргаар шахаж шаардсан боловч эх оронч Гэндэн огтоос хүлээж аваагүй. Эцэст нь оросууд Гэндэнг төрийн эрхээс зайлуулж байгаад аймшигт аллагыг өөрснөө гардсан юм. Монголын насанд хүрсэн эрчүүдийн 20 хувийг цааш нь харуулжээ. Ийм өндөр хувьтай аллага геноцит хожим Камбожид нэг удаа давтагдсан. Түүхэндээ ийм том цар хүрээтэй этноцит, геноцтод өртсөн монголчуудаас өөр үндэстэн бий юу? Гэндэнд улс төрийн урлаг дутжээ. 100 мянган ламыг хүчээр шар шувтлуулаад, язгууртан ноёдыг шоронд хийж орхисон бол ийм том хохирол гарах байсан уу? Түүхийн хожмын өндөрлөгөөс ингэж харагдаж байж болох. Гэвч монголчууд үндэстний хувьд хавьгүй бага хохиролтойгоор түүхэн хар үеийг туулж болох л байсан мэт. Өдгөө “Ард түмний эрх ашиг”, “Ард түмэн ингэж үзэж байна” гэхчлэнгийн “мэдэгдэл” нэгэнт хуучирч, хааяа нэгхэн шалихгүй шантаажингуудын амнаас унах нь инээдээс илүү эгдүү хүргэх болсон ч, хувь хүний хөндөшгүй эрх болоод улс орны нийтлэг ашиг сонирхол аль алин нь хэзээ ч алга болохгүй. Хөндлөнгөөс харахад харилцан зөрчилтэй харагдах энэ сонирхлуудын хамгийн зөв уулзварыг олдог, зохицуулдаг хүнийг л өнөөдөр улс төрийн бодлоготон гэх болж. Эрх мэдэлд дуршаах, ямар нэг аргаар түүндээ хүрэх нэг хэрэг. Магадгүй амархан ч байж байж мэднэ. Харин эрх мэдлээ ашиглан хувь хүний халдашгүй эрх ашиг ба улс үндэстний нийтлэг сонирхлыг хэрхэн хохиролгүй хослуулж чадаж байна вэ гэдгээр улс төрчийн ур чадвар, жолоодох урлагийг хэмждэг болж байна гэсэн үг. Монголоор дүүрэн “удирдагч” нарт энэ л дутаад байгаа. Хүний эрх, эрх чөлөө, ардчилал гэх мэтийн эрхэмлэх зүйлс нь нийтлэг болсон өнөөгийн ертөнцөд улс үндэсний амин чухал эрх ашгийг Мугабэ маягаар, эсвэл Суданы эрх баригчдын аргаар шийдэх үе нь өнгөрчээ. Ийм л учраас улс төрийн удирдагчийн урлагаас үндэсний эрх ашиг маш их хамаардаг болж. 2008.9.20
Tuesday, September 23, 2008
Улс төрийн урлаг
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Genden gin tuhaid zuv bichsen gej bodoj bna. Zuger l huleej avaad lam naraa har bolgoh heregtei baisan yum.
ХҮСНЭГТЭЙ ГЭРЛЭЛТИЙГ БИЧНЭЭСЭЭСТЭЙ ГЭЖ ЮУ !!
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!
Би өөрийн бөөмийн 1-ийг яаж зарж, баян болсон талаар гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Миний нэр бол Оюун Монголоос ирсэн. Би ядуу, эмгэнэлтэй эмэгтэй байсан бөгөөд интернетэд бөөр худалдаж авах талаар интернетээр интернет дээр очиж, Pradhan эмч нар интернетээр имэйлээр хандаж, хандивлагч болсон.
Би бөөрнийхээ 1 хувийг хандивласан бөгөөд би бөөрөнд 780,000 доллар хандивласан. Одоо би Монгол улсад байгаа баян, аз жаргалтай эмэгтэйчүүд байна. Би өөрийн компанийг үүсгэн байгуулсан. Би 780,000 доллартай боллоо.
бөөр. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Эсвэл +91424323800802 руу залгана уу
үнэ: $ 780,000.00USD
Post a Comment