Wednesday, July 25, 2007

ЭЛСНИЙ АРВАН ГУРВУУД (Тэдний арван жилийн ойд)


Дээр үед “Элсний арван гурав” гэдэг Зөвлөлтийн кино гардаг байлаа.
Юуны ч төлөө юм бүү мэд байлдсаар байгаад бүгд үхдэг 13 коммунистын тухай эл бүтээл урлагийн хувьд нойль, хүн сонирхохоор юу ч үгүй, тэр үеийн ердийн нэг фанатик мангар кино. Одоогоос яг 10 жилийн өмнө Төрийн эрх барьж байсан Ардчилсан эвслийн дотор 13 эсэргүү гэнэт тодорсныг “элсний арван гурав” гэж нэрлэсэн нь ердөө л эл киноны нэрний тоо таарсантай л холбоотой. Түүнээс тэдэнд ямар ч үзэл суртал, ядaхнаа коммунист ч болохноо чиг баримжаа байгаагүй юм.
Өөрснийгөө тэд “элсний” гэж дуудуулах дургүй, “хөдөөний” гэж тодотгож байлаа. Үнэхээр ч хөдөө суманд багш, эмч хийж байсан, улс төрийн ямар ч туршлага байхгүй, хотод ч цөөн ирж үзсэн арваад хүн гишүүнээр сонгогдон орж ирсэн нь улстөрчид гэхээсээ сайн дурынхан маягийн байлаа. Тэдэнд УИХ-аас бөөнд нь нэг дор байр олгосон нь нэг маягийн хамт олон үүсгэжээ. Бүгд тэр хэдийг дэмжинэ, тусална, гол нь өхөөрдөнө. Хэн нэгний санаачилгаар айл болгонд хөргөгч, зурагт гээд наад захын тавилга үнэгүй тавьж өгөв. Гар утас дөнгөж гарч байсан учир тансаг хэрэглээ байв, гэхдээ л бүгдэд нь утас үнэгүй олж өгөөд ярьсан төлбөрөө өөрсдөө хариуцахыг сануулав. Харин сарын дараа сая төгрөгөөр яриад хаячихсан хэд маань утас өгсөн эзэн рүү “ийм их мөнгө нэхээд байхдаа яадгийм” гэж агсарцгааснаар анхны зөрчил үүсэн хэн хүний сэтгэлд юм хийж орхив. Хэл ус ч үгүй тэднийг удирдлагаас зориуд санаачлан хамгийн ихээр гадаад явуулна. Шагнаж дэмжиж байгаа байдал нь. Гадны сургалтын хуваарьт юун түрүүн хамааруулж үр хүүхдийг нь төлбөргүй сургуульд явуулж байлаа. Германд төрийн айлчлалаар очсон тэр хэд санал сэтгэгдлийн дэвтэр дээр нь алга дарам том хас тэмдэг зурчихаад “Манай Чингэс, танай Гитлер хоёр ийм тэмдгийн дор дэлхийг эзэлж байсан” гэж гайхсан германчуудыг улам цочирдуулж байв. Согтуу галзуугаараа нэг бус удаа эх орныхоо нэрийг мандуулж явсан олон жишээ сонсогдоно.
Тэднийг дэмжиж эрхлүүлэх тусам зан нь огцом хувирч байв. Бизнес эрхэлдэг, амьдралд хэдийнэ хөлөө олчихсон бусад зарим гишүүдтэй тэд юун түрүүн мөчөөрхөж эхэлсэн юм. Зурагт, гар утас төдийхнөөр манийгаа хуурчихаад өөрснөө аль л өрөмтэй өөхтэй хэсгийг нь түүж байна гэсэн хардлагатай болоод авав. Банк, пиво, худалдаа, ноолуурын чиглэлээр бизнестэй гишүүдийг энэ салбараа дагнаад өмчилчихсөн гэж ойлгоод өөрсдөдөө аль нэг салбарыг хуваарилахыг шууд тулгадаг боллоо. “Аятайхан эвээр ярилцаад сектор сектороор нь хэрүүл амгүй хуваагаад авъя!” гэсэн хачирхам санал улаан цагаангүй хэлж байсан юм. Удалгүй тэд улаан шантаажчин болж мэргэшив. Хамаатны хүүхдээ гадаадад сургуульд явуулах, эсвэл угалз агнуурын лиценз эзэмшихээр холбогдох яамыг дарамтлах ба эс зөвшөөрвөл дорхноо УИХ-ын шалгалтын групп гэгчийг зохион байгуулна. Тэдний нэг нь Ерөнхий сайд дээр орж ирсэн нэг тохиолдлыг санаж байна. “Солонгост машин мөн хямдарчээ. Би сая ердөө 12 мянгаар нэг Сонато ачуулахаар болчихлоо” гэж хөөрөв. “Сайн л байна, тэгээд яаж туслах вэ?” гэтэл “Мөнгийг нь дарга та төлчих юм байгаа биз дээ. Хөдөөний надад тийм мөнгө хаана байх билээ” гэж хээвнэг туудаг юм!
Монгол-Малайзын Засгийн газрын хүрээнд Эгийн голд 350 орчим сая доллараар усан цахилгаан станц барих тухай яриа хэлэлцээ өрнөж байлаа. Аварга хөрөнгө оруулалт, аварга бүтээн байгуулалт! Гэтэл хов хотын, бив бизнисч, ав ардчилсан нэг гишүүн гар мөнөөх станцыг Чехийн жижигхээн гар хоосон компаниар бариулах санаачилга өрнүүллээ. Уг нь эрүүл хүн гаднаас нь хараад үл бүтэх зүйл байсан юм. Гэвч цаад чехүүд нь төсөл өгвөл 20 сая доллараар гар цайлгана гэжээ. Аварга Японы Ерөнхий сайд Танака Америкийн Локхид хэмээх аварга компанид төсөл олж өгөөд ердөө ганц сая долларын хахууль өгсөн нь баригдаж байсан. Тэгэхэд ийм өчүүхэн орны ийм өчүүхэн гишүүнд тийм жижиг Чехийн тийм жижиг компани хорийн хорин сая төгрөг биш доллар амлаж ч байдаг, наадах нь итгэж ч байдаг. Алаагүй байтугай огт байхгүй баавгайн арьс хуваагдлаа! Хүн болгонд сая доллар, тэгээд цаана нь илүү гарч байна! “Их хурлын гишүүн байхдаа ганц сая доллар хийчихээд бууя” хэмээн тас хөдөөний нэг эр хэлээд суниаж байсныг санаж байна. Сая доллар “хийхэд” түүнээс хавьгүй ухаантай боловсролтой америк, япон хүн хичнээн жил хүнд хөдөлмөрлөх бол? Мэдээж тэдний сая доллартай байтугай төгрөгтэй болох ч гэж хаашаа харсан юм байхав. Яригдаж байсан Эгийн голын төсөл нуран унаж бөөн хардлага сэрдлэг л хоцорлоо. Харин хотын удирдагчтай хэд маань өөрсдийгөө хөдөөний угшилтай шударга арван гурав гэж нэрлэн зохион байгуулалттай бүлэглэл болон хувирлаа. Уг нь хөдөөнөөс угшилгүй монгол хүн гэж хаа байх вэ дээ. Ийм угшилтай байхаараа шударга болдог нь ч юу билээ?
Хувьсгалт нам 25 гишүүнтэйгээр сөрөг хүчин байлаа. Мань элсний 13 тэдний үнэнч холбоотон болов. Эрх баригчдын хурал зөвлөлгөөн бүрийн дараа хот угшилтай удирдагч хөдөөнийхнийгөө төлөөлөн сөрөг хүчний удирдлага дээр очиж өөрсдийнхөн нь юу ярилцаж юу төлөвлөснийг тайлагнаад тэрнийг нь хэрхэн унагах тухай хамтарсан төлөвлөгөө боловсруулна. Хожим сөрөг хүчний нэгэн ярихдаа “Танай тэр хүн мөн ч увайгүй шаар даа. Бидэнд сөрж байх нь хэрэгтэй байсан учраас л нүүр рүү нь нулимчиж чадахгүй тэсээд хамтарч хуйвалддаг байж билээ” гэсэнсэн. Тэдний нөгөө нэг хамтрагч нь тэр үеийн Ерөнхийлөгч байв. Чухам тэдний хүчээр Ерөнхийлөгч Үндсэн хуульд заагдаагүй том эрх эдэлж чадаж байлаа. Юуг ч гацааж, юуг ч юу ч гэж тайлбарлаж, оролцох ёсгүй юмандаа хутгалдан эрх мэдлийг эдэлсэн шиг эдлэн жаргаж байв. Тэдний буянаар парламент дахь цөөнх үнэн хэрэгтээ шийдвэр гаргагч болон хувирч намын дарга нь улс орныг жинхэнээрээ албан бусаар удирдах болов. Тэдэнтэй ажиллан бужигнаан үүсгээд завших санаатай бүлэглэл, хүмүүс Их хурлын гадна дотно санасныг бодвол олон байлаа.
“Сэргээн босголт” банкинд томоохон луйвар гарсныг Засгийн газар илрүүлэн арга хэмжээ авч эхэлсэн нь мөнөөх 13-ын хувьд өнгө оруулсан сайхан тоглолт боллоо. Ард түмэн, эх орон, шударга ёс гэхчилэнгийн үгс тэдний ретуаль маягийн маань мэгзэм болов. Банк шалгах УИХ-ын бүрэлдэхүүнд тэд идэвхийлэн нэрээ бичүүлээд хүн болгонд 10 сая төгрөг өгөхийг шалгалтын явцад шаардаж, чингэвэл шалгалт цэвэр гарна гэж амлаж байлаа. Тэрийг нь өгөөгүй учраас л АХБ-ны 35 сая долларын зээлээр хийгдэж байсан банк, санхүүгийн реформ будаа боллоо! Үнэ цэнэт аж ахуйг хувьчлах хөтөлбөр таг зогслоо! Төр тэр чигээрээ параличд орон, төрийн механизм гацан ямар ч хөдөлгөөн хийх аргагүй болов. Муу тусмаа сайн гэдэг хууль Монголын төрд үйлчлэх болсон юм. Яам тамга, төрийн бүх байгууллагуудад “шударгадах” өвчин халдварлаж, ердийн зувчуулал, хулгай, хариуцлагагүй үйлдлээ “шударга үнэний төлөө” гэж тайлбарлах болов. Ололт, хөгжил, дэвшил талаас нь яривал тэр үед ид цэцэглэж байсан шар хэвлэл л хөгжлийн гайхамшгийг үзүүлж байлаа. Цуу яриа, гүтгэлэг, увайгүй доромжлол ердийн норм болж адгийн шаарууд тэнгэрийн од шүүрцгээх болсон юм. Шар хэвлэлүүд харин мань хэдийг догиож өгнө дөө. Шударга л гэнэ, эх оронч л гэнэ, ард түмэнч л гэнэ. Одоо л мартчихсан болохоос тэр үед олон хүн тэдний нэрийг тогтоосон юм шүү!
Зоригийн гэнэтийн үхэл мань хэдийг тосолсон гутал шиг өнгө оруулж дараагийн мөнхийн оргилд дуудлаа. Гэмгүй гурван нөхрөө шоронд явуулж амь насаар нь тоглож орхив. Тэдний нэг болох архиндаа түлэгдчихсэн гайхал нэгэн, аллага казино хоёр хэрхэн холбоотой болохыг нүдээр харсан тухайгаа гэрчлэн тодорхой хүмүүсийг гүтгэн шүүх цагдаагаар гүйж байв. Өөрийг нь гаргаж ирсэн улс төрийн хүчнийг хараан зүхэж, тэгснээрээ өөрийгөө хэрхэн шударга хүн болохыг харуулах нэг маягийн социалист уралдаан тэдний дунд өрнөжээ. Уралдаанд дээгүүр байр эзэлсэн хэд нь Их хурлын орлогч, байнгын хороон дарга болцгоож улсын машин унан, давхар хаалгатай тусгай контоорт заларцгааж, Шариков ч мөрөөдөмгүй язгууртан болцгоолоо. Шударга гээч юмны үлгэр эсгүүр болсон тэд аль болох гэдийн алхацгаах боллоо, харин гэдийх тусам сүүл нь газар шүргэж тоос бужигнуулна.
Засгийн газрыг огцруулах эсэх нь зөвхөн тэднээс л хамаардаг боллоо. Засгийн газрын ээлжит огцролтоор тэд өөрснөө төрийн эрх авах гэж оролдсон юм. Хэдүүлээ цуглан булаацалдаж булаацалдаж удирдагчийгаа дараагийн Ерөнхий сайд болгохоор арай гэж нэг юм тохироод нэгнийгээ төлөөлөгчөөр томилон намын даргад саналаа хүргүүлэхээр явуулжээ. Өнөөх нь замдаа Ерөнхий сайдад горилогчийн нэрийг баллаж сохлоод өөрийнхөө нэрийг тавьж орхив. Бүтэн сайны хар өглөөгүүр намын даргын гэрт унтлаганы өрөөнд нь тавьж орсон мань эр “дарга та итгэвэл би зүтгэхэд бэлэн” гэж рапортлодог юм. Дээд сургуулийн нэгдүгээр курсээс хөөгдсөн мань хөлхи эр “Нам надад итгэл хүлээлгэн Ерөнхий сайд болговол төрөлх намынхаа төлөө би сүүлчийн дусал цусаа дуустал зүтгэхэд бэлэн байна” гээд засвартай сонуурдлагаа хөнжил дээр нь тавих нь тэр. Машины донсолгоонд яаруу сандруу зассан бичигт жинхэнэ горилогчийн нэрийн хэсэг цоорсон байх ба өөрийнх нь нэр таталдаад дөнгөж гаргагдахаар муухай сарайна.
2000 оны сонгуулиар ард түмэн тэр хэдийн маань үлгэр жишээ шударга байдлыг ойшоож үнэлсэнгүй. Зайлуул, амь амихандаа энд тэнд хэр чадлаараа голоо зогоогоод л яваа дуулддаг юм. Нэг нь дипломат паспортоо авч үлдээд түүгээрээ гул барин Солонгост хүн бөөнөөр нь гаргаж яваад баригдан шоронд орсон л дуулдсан. Хонь хариулдаг хүнийг хоньчин гэдэг шиг түүнийг хүнчин гэх болсон гэнэ лээ. Нөгөө нэг нь уурхайд жолооч гэсэн. “Та нарыг бодвол би Их хурлын гишүүн байсан” гэж агсарч байгаад жолооч нарт салмайтал зодуулсан дуулдсан. Нэг нь зайлуул бүр архинд орсон гэнэ лээ. Юм үзэж газар таньсан юм болохоороо ихэнх нь эхнэрээ сольсон гэсэн. Намаа ч бас сольцгоосон байх. Зарим нь гайгүй яваа юм билээ. Хувийн сургууль байгуулсан ч гэх шиг. Тэр байтугай тэр сургуульд нь оюутан сурдаг гэсэн шүү!
Дэлгэрэнгүй унших...

Our blog archive