Friday, December 7, 2007

Монгол Улс 83 жилийн өмнө байгуулагдсан уу?

Хэд хоногийн өмнө арваннэгдvгээр сарын 26-ны нэг дэх өдөр орон даяар амарлаа. Амардаг болоод бараг хориод жил болж байна.

Улсын бага хурлаас март, октябр, майн нэгэн гэсэн гурван амралтын өдрийг хасаад оронд нь арваннэгдvгээр сарын 26, мөн цагаан сараар амруулж байхаар тогтсон юм. Цагаан сар ч яахав, ойлгомжтой. Харин яахаараа арваннэгдvгээр сарын 26-нд амарч баярладаг билээ?

Социализмын vед энэ өдрийг төдий л тоодоггvй байсан юм. Харин ерэн оноос хойш “улс тунхагласны баяр” гэж нэрлэн зурагтаар хуучны хувьсгалт кино vзvvлж баярлах болжээ. Киноны vйл явдал тvvхийн vнэнийг гуйвуулж дамшигласан сэдэвтэй. Монгол Улс байтугай орчлон ертөнц 1921 онд анхлан vvссэн ч юм шиг. Баярын цаад ач холбогдлыг төдий л анзаардаггvй, баярлах болсонд нь баярладаг нь бидний унаган зан болохоор огт тоодоггvй. Тархай бутархай амьдралтай нvvдэлчдийн хувьд биентэйгээ уулзах нь нэг ёсны баяр байжээ. Махсана гэгчээр хvнсдэг байж. Намар зуны цагт хөдөө хээр ч хамаагvй хэд гурваараа тааралдвал тэр дор нь найр наадам vvсгэдэг зан одоо ч ялангуяа говийнхонд хадгалагдсаар. Эв хамтын нийгэм байгуулж байх vед бригад, суман дээр гол төлөв vзэл суртлын зориулалттай бөөгнөрөл олон зохиодог болсон нь нvvдэлчдэд биентэйгээ уулзахын баяр дагуулдаг байв. Сонин уншлага, бригадын өдөрлөг, социалист уралдааны дvгнэлт, сонгууль гээд олуулаа уулзах далим болгон цаад учир шалтгаанаасаа vл хамаараад баяр. Тавиад оны дундуур арьс өнгөний өвчин эдгээх кампанит ажил улс даяар өрнvvллээ. Малчид аль нэг суурин гацаанд “улаан тариа” гэж нэрлэгдсэн яр тэмбvv эдгээх тариа хийлгэх дуудлага авна. Хөгшин хөвөөгvй баяр хөөр болон аль өнгөтэй өөдтэйгөө өмсөж, дэлийг нь зассан олигтой морио унаж, гоёж гоодсон нөхөд хөөр бахархал болон давхиж ирнэ. Өнөөгийнхөн энэ явдлын тухай шоолонгуй ярьж дурсдаг. Гэвч тариа тариулах гэхээсээ биентэйгээ уулзаж ярьж хөөрөх нь өөрөө гол баяр байсан гэдгийг улам бvр иргэншиж суурьшсан бид ойлгохоосоо ойлгохгvй нь их.

Уул нь 1924 оны арваннэгдvгээр сарын 26 бол улс тунхагласан өдөр биш юм. Монгол Улсыг 1206 онд тунхагласан. Тунхагласнаа тун удалгvй дэлхий даяар мэдрvvлсэн. Сэлмийн хvчээр тунхаглан мэдрvvлсэн. Харин 1924 онд Монголд хаант засгийг халж Бvгд найрамдах улсын засаглалтай болсон билээ. Vзэл суртал, ангийн ялгааны талаас олон янзаар өөлж болох боловч юутай ч энэ өдөр Бvгд найрамдах улс болж өөрийн Vндсэн хуулиа баталсан юм. Өнөөгийн аль ч улсад Бvгд найрамдах улсын өдрөө ихэд чухалчлан vндэсний баяраа болгодог. Ихэнх оронд vvнээ Бvгд найрамдах улсын өдөр гэж нэрлэнэ.

Өнөөгийн аль ч улс оронд ихэд олзуурхан тэмдэглэдэг баяр нь тусгаар тогтнолын өдөр билээ. Одоо дэлхий дээр оршин буй ихэнх улс гvрэн гадны колони, протектрат, эзэмшилд байсан тvvхтэй учир эх орон нь дахин тусгаар тогтносон өдрийг ихэд бэлгэшээн тэмдэглэдэг юм. Монгол Улс 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Манж Хятадын вассаль эрхшээлээс салан тусгаар улсаа тунхаглан зарласан юм. Социализмын vед энэ ойг vл ойшоохоор барахгvй бараг л феодалын баяр шахам юм ярьдаг байв. Харин саяхан Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ өдрийг албан ёсны баяр болгохоор шийдсэн нь юутай сайн. 2011 онд Монгол Улсын тусгаар тогтнолын 100 жилийн ой болно. Монгол Улсын 800 жилийн ойг өргөнөөр тэмдэглэсний нэгэн адил хэдэн жилийн дараа энэ тэмдэглэлт ойд ач холбогдол өгвөл ядахнаа л биднийг басамжлагчдад томхон цохилт болох учиртай юмсан.


Тулгар төрийн ойгоо эртний уламжлалт төртэй улс орнууд сvр дуулиантай тэмдэглэдэг. Сталиныг амьд байх vед Орос улсын 1000 жилийн ойг тэмдэглэж байлаа. Ираны шах Пахлави Персийн 2500 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байсан. Славяны ууган гvрэн болох Болгар тулгар төрийнхөө 1300 жилийн ойг ч сайхан тэмдэглэсэн. Тун эртний асуудал болохоор огноог яг олно гэж байхгvй, гэхдээ он нь барагцаагаар олддог бололтой. Хятадууд 1912 оны Цинхайн хувьсгалын дараа эртний домгийн хаан Хуандийн төрийн 4609 жилийн ойг тэмдэглэсэн удаатай. Гэвч энэ бол барагцаалсан домог болохоос зуу зуун жилээр алдсан ч байж болох талтай дэндvv эртний улбаа ажгуу. Улс гvрнvvд өөрийн тvvхээ улам урагшлуулж тоолох хандлага сvvлийн vед их ажиглагдах боллоо. Хэрэв солонгосчуудын саяхнаас ярих болсонд vнэмших юм бол тэдний тулгар төрийн тvvх бараг л дөрвөн мянган жилийн намтартай бололтой.

Эх сурвалжид дурьдсанаар нvvдэлчдийн анхны тулгар төр Хvннv улс МЭӨ 209 онд байгуулагджээ. Ингэхээр энэ он бол манай тулгар төр vvссэний 2216 жилийн ой болж таарлаа. Ингэхээр 2011 онд тулгар төрийн 2220 жил, тусгаар тогтнолын 100 жилийн ойг давхардуулан ёслол төгөлдөр тэмдэглэж болж байна. Бид эртний тvvхт ард тvмэн. Энэ бол бидний нэгэн бахархал. Зvй ёсны бахархал бол эрvvл vзэгдэл. Харин Чингэс хаан ажил олгогч, цалин тавигч юм шигээр өөрийнхөө өвөө гэж мэтгэн хөдөлмөр хийлгvй амьдрах гэж улайрах нь аль хэр оновчтой юм бол.


Наадам тэмдэглэдэг болоод магадгvй хэдэн мянган жил болсон байх. Зуны дэлгэр цагт болдог vндэсний наадам харин цагаасаа хамаараад янз бvр нэртэй байлаа. “Нууц товчоо”-нд ч наадам болсон тухай бичсэн нь бий. 1640 онд Занабазарыг анхдугаар Богдоор тодруулахад тvvнд Даншиг өргөн наадам зохиожээ. Дан шvг гэдэг нь бат орших гэсэн утгатай төвд vг. Даншиг өргvvлж буй цаад эзнээ мөнх наслахыг ерөөж буй шашны ёслол. Ингээд даншгийн наадам гэдгийг бараг жил болгон зохиох болсон байна. Харин 1722 онд Богд болон Хэнтий уулыг тахиж наадам хийх болсноо Арван засгийн наадам гэх болжээ. Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж хаант улс болсон тул 1912 оноос Даншиг наадам хийхээ больжээ. Арван засгийн наадмыг Монголын сvvлчийн хаан Богд Жавзандамбыг нас барах хvртэл тэмдэглэдэг болсон аж. Наадмыг долдугаар сарын 11-нд Ардын засгийн наадам нэрээр тэмдэглэж байх тухай Засгийн газрын тогтоол 1925 онд гарсан аж. Тавиад оны vеэс энэ нь аяндаа Ардын хувьсгалын ойн наадам нэртэй болон өөрчлөгджээ. 1996 онд наадмыг Монгол Улс байгуулагдсаны ой гэж тэмдэглэж байхаар тогтсон боловч хойтон жилээс нь Ерөнхийлөгчийн тушаалаар хvчингvй болсон байна.

сонин.мн дээрээс авав. Дэлгэрэнгүй унших...

Our blog archive