Saturday, April 7, 2007

Баабар нийгэмд “мангуу” мэдэгдлээрээ ухаантай болж харагдсан хүмүүсийг “нэрлэв”

“Өдрийн сонин”-ы “Баабар ингэж өгүүлэв” булангийн өнгөрсөн долоо хоногийн дугаарт “Зургадугаар палатын ослын буулт” хэмээх өгүүлэл нийтлэгдлээ. Нийгэмд үүсээд буй эрүүл бус үйл явдлуудын талаар бичсэн энэхүү өгүүлэл “Чи шизотой, гэхдээ чамайг цагдаад өгөхөө болилоо” хэмээх үгэнд хураангуйлагдаж байх шиг. Бид бүхний хүндлэн дээдэлдэг нийтлэлч Баабар егөөдсөн, ёжилсон өнгө аясаар энэхүү өгүүллээ бичсэн ч нэг ч хүний нэр дурдаагүй байна. Дурдах ч шаардлагагүй юм. Тэртээ тэргүй нийгэмд инээдэм ханиадам болон харагдаж байгаа хэн хүний талаар өгүүлж буйг ухаант уншигчид тааварлан, “М.Энхсайханы талаар, Д.Идэвхтэний талаар” гэхчлэн тайлан уншиж байгаа нь гарцаагүй. Бид зарим уншигчдад ойлгомжтой болгох үүднээс зарим хэсэгт нь нэмэлт тайлбар хийн дахин нийтэлж байна. Мэдээжийн юманд дээр тайлбар хийсэн бол уншигчдаасаа хүлцэл өчье.

Бурханч лам Г.Пүрэвбатын талаар

Тэр хэзээ, ямар байдлаар ингэж хэлснийг тодорхой санахгүй байна. Юутай ч түүний тухай Зууны манлай нийтлэлч Баабар ийн бичжээ.
-За тэгэхээр ийм байна. Үхсэн хүнийг чандарлахад их учир бий. Эхлээд сайхан шатаагаад, дараа нь ясыг нь гурилын модоор сайхан ганжиндаж нунтаглаад, тэгээд элдээд, тэгээд шавартай хутгаад… сайхан гоё зуураад… тэгээд тос усыг нь тохируулж сайхан зуураад, тэгээд нэг тийм гоё болоод ирэхээр нь суварга бүтээж байгаа юм даа. Тэгээд ном уншуулнаа. Хамаагүй ном уншуулбал нөгөө үхсэн хүний чинь сүнс төөрөөд ороолон болоод эргэж босоод шөнө мөнөөр сүйд хийнэ шүү дээ. Ингэхээр чаддаг мэддэг алдартай лам хүнээр л хийлгэх ёстой. Ёстой үхэнгүүт нь л шарилыг нь сайхан шатаагаад, ясыг нь сайхан махнаас нь салгаж байгаад элдээд нунтаглаад, сайхан гоё зуураад… Миний утас уу? Захиалга авч байгаа… Утас маань ерэн ес…

“Монос” группийн Ерөнхийлөгч Хүрэлбаатарын талаар

“Монос” группийн харьяа лабораторид дэлхийд хүчрэгдэхгүй байгаа ДОХ-ын эсрэг эмийг гарган авах туршилт судалгаа хийж байгаа гэсэн. Одоо бараг дуусах шатандаа орж байгаа юм болов уу даа. Энэ талаар тус группийн Ерөнхийлөгч Хүрэлбаатар, Гавьяат эмч, эрдэмтэн Амбага нар ярилцлага өгч байсан талаар Зууны манлай нийтлэлч Баабар ийн бичжээ.
-Бид саяхнаас хорт хавдрыг эдгээдэг эм хийлээ. Хорт хавдар ингээд байхгүй болов. Хүн төрөлхтөн олон мянган жил үүнийг эдгээх гээд чадахгүй байхад бид хийв. Хамгийн гол нь монгол хүний ген бол ийм мундаг юм. Бид ДОХ-ыг эдгээх шатандаа явна. Тэр ч амархан л даа. Монгол хүн ч цаанаа өөр тусгай гентэй. Ариун генээ л цэврээр нь хадгалж яваарай, монголчууд минь!

ҮШН-ын дарга М. Энхсайханы талаар

Шадар сайд М.Энхсайхан Ерөнхийлөгчийн засаглалыг ихэд дэмжих болсон. Тэрээр Ерөнхийлөгчтэй хамт Алтай таван богдод гарснаас хойш, Спортын мастер цол авсныхаа дараанаас эхлэн уулын талаар ном бичиж, дуу дуулж, байн байн матрын нулимс унаган тэр гэгээн сайхан үеийнхээ талаар дурсах болсон билээ. Энэ тухай Баабар:
-Том дарга бид хоёр ууланд гараад. Нэг олсноос холбоотой дүүжлэгдчихвээ. Сүүлдээ хоолой боогдоод амьсгал авч чадахаа болиод… Том дарга маань их сайн хүн. За та минь түүнд л итгээрэй. Итгэл даах хүн дээ дарга маань. Би түүнд зориулж шүлэг тэрлэснээ уншия. Зээ… Миний хэнз дарга магнай халзан зурвастай…

Хан-Уул дээд сургуулийн захирал Ц.Дэмбэрэлийн талаар

Доктор, профессор Ц.Дэмбэрэл нэгэнтээ ингэж ярьсан бөгөөд үүнийг нь Баабар шоглоно чинээ хэн санах билээ.
-Одоо ингэж байгаа юм шүү дээ. Хүний оюуны итгэлцүүр гэж байна. Уншаад л судлаад л байвал нэмэгдээд л байна. Намайг харахгүй юу, уншаад л ном уншаад л байсан чинь толгой маань томроод малгайдаа багтахаа больчихсон шүү дээ.

УИХ-ын дарга Ц. Ням доржийн талаар

Үүнд ямар нэгэн тайлбар хийгээд хэрэггүй байх. Харин Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын даргад ямар арга хэмжээ авах нь нийгмийн анхаарлын төвд байна.
-Өө за за. Намайг хууль зассан гээд загнаад байгаа ухаантай юм уу? За тэгвэл та нар сонс, хохь чинь шүү, би одоо хэлчихье, дахиж би хууль засахгүй шүү. Гуйсан ч засахгүй шүү, дураараа байтугай ерөөсөө засахгүи шүү, хохь чинь шүү. Батлагдсан хууль чинь тэгээд тэр чигээрээ явж байг мэд үү. Ёстой хохь чинь, би л лав УИХ-аас батлагдсан хуулийг дахиж засаж байхгүй дэг, хохь чинь ээ хохь чинь….

25 хэлтэй Аргогийн тухай

Хэл судлаачаас зурхайч болтлоо “дэвшээд буй” Аргогийн тухай Баабар:
-За энэ миний бичсэн ном. Уншаад долоо хоноход л гадаад хэл сурчихаж байгаа юм. Хагас жилийн дотор 25 хэл сурч болно. Маргааш Их дэлгүүрт зарна, худалдаж аваад уншвал гадаадаар инээж ханиагаад эхэлнэ. Намайг хөдөө сурч байхад багш маань толгой руу их зоддог байж билээ. Ингэж л би хүн болж хүмүүжсэн юм даа.

Сайд нарын тухай

Түлш эрчим хүчний дэд сайд Т.Энхтайваныг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр ална тална хэмээн дарамталж байгаад нэг л өдөр загнуулсан хүүхдүүд шиг хамтдаа хэвлэлийн бага хурал хийж байсан. Хэн тэднийг загнаж хэвлэлийн хурал зохиох дээрээ тулгасныг хэн ч дахин яриагүй байтал Баабар:
-Энэ сайд адилхан сайд байж сайд намайг сүрдүүлээд тэгээд би их айж байгаа. Айгаад унтаж чадахгүй байна. Надад төрийн тусгай хамгаалалт өгч энийг шорон моронд явуулж өгөөч. Яана аа, ий, би айгаад байна аа… Бид хоёр эвлэрсэн. Би айхаа больсон. Улсын хөрөнгө мөнгийг хайрлаад тусгай хамгаалалт авахыг болилоо. Одоо бид хоёр та нарыг харж байхад эвлэрээд үнсэлдье… Өчигдөр би айсандаа болоод эвлэрчихлээ. Би айгаад л байна. Ерөнхий дарга маань эвлэр гэж загнаад байхаар нь би айсандаа айгаад эвлэрчихсэн юм.

УИХ-ын гишүүн Д. Идэвхтэний талаар

Бөөрөнхийлж ярьсаар барагтай бол хэл аманд ороод байдаггүй УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Д.Идэвхтэнгийн нэр дээр ашигт малтмалын лиценз байсан нь илрэхэд тэрээр миний нэрээр хүн авсан байна. Би буцаагаад өгчихлөө хэмээн мэдэгдээд өнгөрсөн ч одоо болтол олны элэг доог болсон хэвээр байдаг тухай Баабар:
-Би эх орондоо маш их хайртай учраас газар шорооноос аваагүй, лиценз энэ тэрийг үзнэ яддаг хүн л дээ. Тэгсэн надад хулгайгаар сэм газар өгсөн байна. Миний паспортыг хулгайлж канондоод, регистрийн дугаарыг минь тавиад, гарын үсгийг минь дууриаж зураад ингээд надад газрын лиценз өгч орхисон байгаа юм даа. Таван мянган ам.доллар миний өмнөөс төлж байгаад надад газар өгсөн байна. Би тэр этгээдийг олно, энэ талаар шүүхэд хандана. Энэ бол хуулиар хамгаалагдсан их хурлын гишүүний нэр сүрэнд халдаж байгаа хэрэг юм. Олноо би, тэр таван мянган доллар надад өгсөн этгээдийг, заавал олно.

Дархан аварга Б. Бат-Эрдэнийн талаар

УИХ-д улстөр, эдийн багасна хэмээн тухай хүн бүр ярьж байгаа. Энэ талын ямар ч мэдлэггүй зүгээр л нэг бөх УИХ-д ороод сууж байгаа тухай, ирэх сонгуулиар олноороо орохоор бэлдээд сууж байгаа тухай Баабар нэлээдгүй ярьж байгаа.
-Би хэдийгээр Их хурлын гишүүн болсон ч гэсэн жилд хоёр удаа нүцэглэж ард түмнээ баясган баярлуулах болно.

Ц.Батаагийн тухай

Шинэхэн үйл явдал тул хэн хүнгүй юуны тухай ярьж байгааг мэдэж байгаа.
-Чоно буудаагүй ээ үнэг алсан. Би буудаагүй ээ, манай дүү буудсан, Японы парламентын гишүүн биш ээ. Тэдний хамгийн аймаар том намынх нь гишүүн, яг над шиг. За муу цагдаа царайлсан лалар сэтгүүлч хулгайчаа хохь чинь шүү. Тэр чинь онхолдсон юм биш. Ослын буулт байхгүй юу. Жудогийн тамирчид ослын буулт хийхээр дээшээ хараад л хялайгаад унадаг шүү дээ, лалар аа. Улс орноо хөгжүүлэх гэж ослын буулт хийж байхад чинь битгий дүнкүү царайлаад байгаарай лалар аа.

Эх сурвалж: Чансаа сонин
дижитал хэлбэр Сонин.мн ээс. Дэлгэрэнгүй унших...

Our blog archive