Tuesday, September 23, 2008

Оюу толгой

1997 онд ашигт малтмалын хууль буй болсноор хувь хүмүүс болон хувийн хэвшлийнхэн уул уурхай ашигт малтмалын салбарт ажиллах үүд хаалга нээгджээ. Үнэндээ энэ хууль нь ашигт малтмалын гэхээсээ лицензийн хууль байсан юм. Энд уул уурхайг ашиглах, байгаль орчныг хамгаалах зэрэг олон асуудлыг огт хөндөөгүй. Буруутгаж буй хэрэг биш, тэр үед дэлхий даяар уул уурхайн салбар уналтанд орсон байсан учир Монголын баялагийг чулуу болгох тухай биш, урдаа барьж болох ганц салбараа хүнд тоолгох асуудал нь гол байлаа.



Ашигт малтмал нь ноолуурын нэгэн адил үнэ нь өсөж буурах өөрийн мөчлөгтэй байдаг. Далаад оны эцсээр унци нь 800 доллар хүрч байсан алт 97 онд 250 болтлоо унасан байлаа. Алтны халуурал дөнгөж эхэлж байсан цаг боловч гар аргаар хувин түмпэнгээр ухаж байснаас гадна дотны томоохон хөрөнгө оруулагчид алт ухах тухай сонсох ч дургүй болсон байлаа. Учир нь ийм хямд үед өртөг нь алтнаасаа илүү гарчихаад байв. Монголын гол экспорт болсон зэсийн дэлхийн үнэ 1500 доллар байв. Эрдэнэтийн тонн зэс гаргах өртөг 1700 доллар.

Монгол улс уул уурхай дээрээ түшиглэн босож ирнэ гэдэг жараад оноос хойшхи бүх үеийн сэхээтэн, эдийн засагч, төрийн хариуцлагатнуудын мөрөөдөл байв. Гэтэл ерээд он гэдэг уул уурхайн бүрэн уналтын үе байлаа. 1990 онд дэлхий даяараа геологийн хайгуулд ердөө л ганцхан зуун сая доллар гаргаж байсан баримт байна. Геологичид ажилгүй болж ихэнх нь өөр мэргэжил ажилд шилжиж байлаа. Монголчуудын гуч дөчин жилийн мөрөөдөл тун ч бүдэгрэн сүүмийж байсан хэрэг. Бараг л сүүлчийн горьдлого болгож ийнхүү маш либераль хуулийг УИХ батлан гаргалаа. Монголын уул уурхайд хөрөнгө оруулалт хийвэл төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэхээр амалж байв.

Үүнээс өмнө Өрнийн нэлээд жижиг компаниуд Монголд нефть, ураан, зэсийн хайгуул хийж байжээ. Нефтийн хайгуул бүтэл муутай, урааны үнэ хэтэрхий доогуур гээд нэг л урагшгүй. Монголын удирдлага болгон гадаадад явахдаа илэрц бүхий хэдэн ордоо суртчилан хөрөнгө оруулахыг гуйдаг ганц ажилтай байлаа. Өнөө л Таван толгой, өнөө л Асгат, өнөө л Цагаансуврага, өнөө л Улаан, Цав. Гэхдээ эдний алин дээр нь ч ТЭЗҮ байхгүй, манайд нэг гоё юм байгаа ирж ухаач гэх маягийн бүдүүн баараг юм л яриастай.

Дэлхийн уул уурхайн салбарт хэдхэн том гигантууд байдаг. Тэдний нэг нь Австралийн Би Эйч Би юм. Азид тэд бүрэн ноёлодог. Хятадын зах зээлийг түүхий эдээр голлон хангагч. Тэд саяхан нээгдсэн Монголд хайгуулийн нэлээд хэдэн лиценз авчээ. Үүний нэг нь өнөөгийн бидний Оюутолгой гэж нэрлээд байгаа Өмнөговийн Ханбогд сумын нутаг дахь газар. Энэ хавьд зэсийн илэрцтэй гэж нэгэн монгол геологич хэлсний дагуу тэд лицензийг нь авсан гэдэг. Ийм илэрц Монголд олон бий, харин зэс байж ч магадгүй, үгүй ч магадгүй. Баялаг туршлагатай Би Эйч Би тэр хавиар хорь гаруй өрөмдлөг хийн хайгуул явуулаад юу ч олсонгүй. Тэгээд ч зэсийн үнэ шалан дээр уначихсан байхад энэ нь дэндүү эрсдэлтэй ажил байлаа. Ингээд салахын түүс болжээ. Уг компани бас Тавантолгойн нүүрсний ордын лицензийг авсан байсан юм. Хоюуланг нь зарах гэж нэлээд оролдлоо. Хэн ч авахгүй болохоор нь Тавантолгойн лицензийг монголчуудад эргүүлж өгөв. Харин Оюутолгойг Канадад бүртгэлтэй Айванхо майнз хэмээх компани авлаа.

Уул уурхайн бизнест нэгэн бичигдээгүй дүрэм бий. Эхний хайгуул, магадгүй анхны ашиглалтыг жижиг компаниуд гүйцэтгэдэг. Тэд хамаг эрсдлийг үүрдэг. Ингээд “савалж баглан” багц болгоод жинхэнээр ашиглах том компанид зардаг. Ашгаа эндээс хийдэг боловч асар их эрсдэл үүрч буй учир дампуурах нь ч элбэг. Ийм компанийг “жуниор” гэдэг. Өсвөрийн гэх маягтай. Айванхо майнз бол ийм компани. Гэхдээ энэ зэрэглэлээсээ дөнгөж гараад томоохон биржүүд дээр анхны хөлөө тавьсан байв. Тэд Монголд бас нэг аз үзэхээр шийджээ. Ингээд нэмж баахан цооног ухсаар 150 хүргэсэн аж. Цөхөрлөө. Бүрэн шатаад орхиж явахаар шийдэв. Өрөмдлөг болгон олон арван мянган доллар шүү дээ.

Одоо геологичдийн дунд домог шиг яриа үлдэж. Канадын геологич Кирвин 150 дахь өрөмдлөгийн цэгийг зааж өгчээ. Ингээд бараг 600 метрийн гүнд зэсийн олдоцод тулсан байна. Айванхогийн Монголоос бүр мөсөн явахын өмнө хийсэн хамгийн сүүлчийн өрөмдлөг нь геологийн түүхэнд эхний аравт багтахаар асар том нээлт боллоо. Оюутолгойн зэсийн нөөцийг өнөөдөр 72 тэрбум унци, алтыг нь 30 сая унци гэж барагцаалдаг. Дэлхийд тоологдох ховор баялаг. Энэ бол ХХI зуун гарсны анхны жил, 2001 он байлаа. Өдгөө Оюутолгойн зэсийн хүдрийн биетийг тоймолбол цувсан дөрвөн том бөөгнөрөл гэж дүрслэгдэнэ. Нэгнийх нь толгойг дээрх домогт өрөмдлөг хальт онож орхижээ. Энэ бол асар том аз, шинжлэх ухаан технологийн лут ололт байв. 150 дахь цооногийг гаргасан геологчид ч, Айванхогийн хувьцаа эзэмшигчид ч, тэр тусмаа монголчууд энэ нээлт хувь заяанд нь ямар том эргэлт болж байгааг тэрүүхэн үедээ төсөөлсөнгүй. Гурван жил үргэлжилсэн дараагийн судлагааны эцэст үнэлж баршгүй эрдэнэ олдсоныг сая ойлгосон юм. Хэдэн арав, заримдаа зуунаар хэмжигдэх жилээр ийм олдворын дээгүүр хайгуул хийгээд олоогүй тохиол геологийн түүхэнд тун элбэг гэнэ. Азын хувьд Айванхо компаниас гадна үүнийг хөрсөн доороо хадгалж байсан монголын ард түмэн ховор хоншоортой байлаа.

Төв Америк, Өмнөд Азид хэд хэдэн ордтой Айванхо майнз компанийн эзэн Робэрт Фридланд нэлээд өвөрмөц ааштай сонин эр. Хамаагүй эрсдэл хийдэг, тэр хэрээрээ аз нь гийдэг, хамаагүй ярьдаг, тэр хэрээрээ хэл аманд орооцолдох нь элбэг. Калифорнийн алтны харуурлын үеийн ковбой маягийн зантай. Монгол дахь гийсэн аз нь түүний хувьцааг бирж дээр суга өсгөв. Дорхноо тэрбумаар тоологдох хөрөнгийг бирж дээр босгож ирлээ. Паблик компани ийм болж буй нь Оюутолгойн эзэмшигчид дэлхий даяар олон боллоо гэсэн үг. Түүнд итгэн мөнгөө өгч уурхайгаа ажиллуулан их ашиг олоод хувьцааны ноогдол маягаар эргүүлээд өсгөөд өг гэсэн хар мянган хүн гараад ирсэн гэсэн үг. Мань хүн ч хувьцаагаа өсгөхийн тулд сурсан зангаараа үнэн худал хамаагүй юм бурж хүн амьтан цочролд оруулж байна. Зах дээр бараа зарж суугаа наймаачинтай утга нэг боловч биржийн наймаа нь тогтсон ёс зүйтэй байдаг тул арай ингэж дэгсдүүлж боломгүй. Тэрээр нэг удаа Монголд олсон баялагаа таван доллароор подволк хийгээд 100 доллароор зарж байгаа байдлаар төсөөлүүлэн ярьж хөөрчээ. Харин хавтгай болсон дэлхийд түүний Өмнөд Америкт ярьсан яриа маргааш нь Монголын сонинд нийтлэгдэх нь тэр.

Ингээд монголчуудад хар үүслээ. Угаасаа ч хардах нь тэдний цусанд байдаг зан чанар. Фридланд Монголыг ганц хүн шийдвэр гаргадаг Казахстан маягийн орон байна гэж үзээд олон нийтийн санал бодлыг сонирхсон ч үгүй. Хийсэн болон хийх гэж байгаа ажлаа олон нийтэд танилцуулахын оронд эзэн хаан болон түүний урдуур хойгуур бөхөлзөн гүйх шадруудтай “хараар” тохирохыгоо илүүд үзнэ. 2003 онд монголчууд Орост өрөө төлөх болоход Айванхо майнз Засгийн газарт 50 сая доллар зээлүүллээ. Энэ бол үнэндээ Засгийн газартай гэрээ хийх болзлын хахууль байв. Хэрэв гэрээ хийгдээд цааш явсан бол мөнгө буцаагдахгүй Монголын эздийн хармай руу чимээгүй гулсан алга болох байсан болов уу даа.

Айванхо майнз Монголд гайхамшигт нээлт хийж өөртөө болон Монголын ард түмэнд аз авч ирсэн. Монголд үйлчилж байгаа хуулийнх нь дагуу ажиллаж, ард түмэн, олон нийтэд нь тайлбарлан, шудрагаар хандан зүгээрл ном журмаар ньявсан бол аль аль талдаа ашигтайгаар толгой эргэм мөнгийг “хийж” болох байлаа. Харин тэд ажлаа “хөнгөвчилж” эзэдтэй нь нууц ч юм шиг, хуйвалдсан ч юм шиг, хууль бусаар ч юм шиг тохиролцох гэж яваад хүнд байдалд тулав. 2004 онд түүний эзэн нь гэж ойлгож байсан нөхөр хамаг эрх мэдлээ алдаж, эгээтэй л шорон явчилгүй нэг юм тогтов. Шинэ Засгийн газар мөнөөх 50 сая долларыг нь буцаагаад өгчихлөө. Монголчууд төрлөхийн хартайгаас гадна байхгүй юм булаацалдахдаа гаргуун хүмүүс. Засагт шинээр гарч ирэгсэдийн ойлголтоор хууччуул нь Айванхогоос асар их мөнгө авилгаар авсан, харин өөрсдийг нь “доош нь хийгээд” юу ч хялайлгахгүй байгаа аж. Ингээд “тэмцлийн хурц хэлбэр”-т шилжлээ.

Зурагтаар нэгэн бичиг үсэгтэй эр Фридланд монголчуудыг хэрхэн турж үхтэл нь шулж байгааг интернэтээс жишээ татан бут авлаа. Энэ нь уул уурхайн дэлхийн тогтсон жишиг жаягийг мэдэхгүй олон хүний зүгээр л эх оронч үзлийг нь бадраасан юм. Үүний зэрэгцээ шантаажаар баяжих аргыг нийгмийн идэвхи бүхий олон гарууд бас олоод харчих нь тэр. Тэд жишиг жаягийг ойлгохыг ч хүссэнгүй, ойлгоод ч яах юм билээ, өөр зорилго агуулж байлаа. Монголын ард түмэн дор хаяж 50 хувийг нь эзэмшинэ гэсэн тулгалтын “бодлогыг” хөгжүүлэв. Жагсаал цуглаан ч найгаа алдлаа. Их хурлын гишүүн нэгэн энэ бүхнээс хоцрохгүйн тулд талбайд майхан барин гарын үсэг цуглуулж ард түмэнтэйгээ нэгдэв. Харанхуй масс дээр тоглож алдрын зэрэглэлээ нэмэгдүүлэх сайхан бай нь Оюутолгой болж хувирав. Эрүүл саруул юм ярьсан хүн шууд л эх орноосоо урвагч болох нигуртай. Хэн илүү тэнэгтэнэ тэр л жинхэнэ эх оронч.

Зохион байгуулагчид эх орны төлөө зүрхээ цохилуулахаас гадна өөрсдийгөө мартсангүй. Айванхо майнзын байрны гадаа үймээн дэгдээж машиныг нь шатаана гэж байсан нөхөд дотогшоо ороод 250 мянган доллароор энэ ажиллагаагаа бүрэн зогсоох наймааны санал тавьж байлаа. Өөр бусад гадаадын компанид шахалт үзүүлэгчид ч бэлэн мөнгөөр асуудал шийдэж болох санал тавьж байсны дээд хэмжээ нь 50 сая долларын нэхэмжлэл байсан юм. Төр ч ард түмэнтэйгээ нэгдлээ. Зэсийн олзворлолтонд 68 хувийн онцгой татвар тавьсан нь Оюутолгойд хөрөнгө оруулагчдад тавьсан нэхэмжлэл байлаа. Эрдэнэт энэ татварыг төлж эхэлсэн нь Оростой байгуулсан тогтвортой байдлын гэрээг нэг талаас дангаар зөрчсөн бүдүүлэг дайралт байв. Эрхтэн дархтан болгон төрийн нэрийн өмнөөс Айванхо майнзыг дайран хөөж туух нь өдрийн дэглэм болжээ. Гол санаа нь авилга өгөхдөө “ард түмний төлөөлөгчдийг” ялгаварлан гадуурхсан явдал болох нь эх оронч ярианы цаанаас нь цухуйхаар үл барам бултайна. Гудамжинд бол бүр замбараагаа алдсан. Ганц биеэрээ “фронт” хүртэл байгуулж шууд Фридландыг өөрийг нь чаддаггүй юм гэхэд гэрээ хийж буй монгол хурган дарга нарыг шантаажлан хэдэн цаас салгаж авах арга хүртэл гарчээ. Эх оронч шантааж бүх нийтийн үйлс болж эмнэлэгийн хяналтанд байдаг хүмүүс ч идэвхийлэн оролцож манлайлах болов. Нэг л үгэндээ бирдийн лонхны амыг Фридланд өөрөө нээгээд тавьчихжээ. Оюутолгой бизнесийн утгаа алдаж улс төрийн тоглолтын талбар боллоо. Хэрэв энэ солиорлыг улстөр гэж нэрлэдэг юм бол шүү дээ! Монголд хэрэгжиж байсан хайгуулын олон арван төсөл хаагдаж, энэ аймаар орноос компаниуд хохирлын бага дээр гарч эхлэв. Монгол улс улсынхаа төсвөөр чардайж байж хоёр сая долларын хайгуул хийдэг бол, энэ үед гадаадын компаниуд жилд 100 сая долларыг хайгуулд зориулж байжээ.

Энэ хооронд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ галзууран өсч, 8000 долар давсан нь түүхэнд үзэгдээгүй явдал болов. Айванхогийн хувьцааны үнэ Монгол дахь эх орончдын зүрхний цохилтыг даган огцом буурч өсдөг болов. Энэ нь магадгүй Фридландад сайхан далим өгч бирж дээр спекуляц хийх бололцоо олгов. Магадгүй Улаанбаатар дахь олон эсэргүүцлийн хөдөлгөөнийг өөрөө далдуур зохион байгуулж санхүүжүүлсэн байхад гайхах явдалгүй. Хувьцааны үнэ гэрээ хийгдэхэд 15 доллар болтол өсч, жагсаал болоход бараг 3 доллар болтлоо унаж байлаа. Савалгаанд 100 сая доллар алдаж байхад эргээд 400 сая доллар хожих жишээтэй. Фридланд хожиж, хувьцаа эзэмшигчид хохирно. Харин хөөрхий бирж савлуулагчид хүссэн хахуулийнхаа хэлтэрхий ч олж долоож чадахгүй. Тэд сайн шантаажлахаар мөнгө олно гэсэн тэнэгдүү, харанхуй, үл бүтэх мөрөөдөлтэй. Гэрээ анхлан төлөвлөснөөр хийгдсэн бол Оюутолгойн орд ашиглагдаж эхлээд зөвхөн татвар, роялтигаар өдөрт сая доллар Монголд өгөх байлаа. Таван жил таг гацаасан энэ ордоос олж болох монголчуудын алдагдсан мөнгө бараг хоёр тэрбум доллар болжээ. Гэвч нэг тал биржийн спекуляци хийсээр, нөгөө тал хахуулиа нэхсээр.

Үр дүнд нь ашигт малтмал экспортлогч 72 орон дотроо Монгол нь хөрөнгө оруулах тааламжаар 69-р байранд ухран орж ирлээ. Хэн ч орж ирж хөрөнгө оруулахаас айна, аймаар гэж цаанаас нь анхааруулж буй хэрэг. Гэвч нэг талаас зэсийн үнэ аймаар өссөн, нөгөө талаас гайхамшигтай баялаг болох Оюутолгойн ашиглалт гацаанд орсон нь зарим орнууд болон томоохон уул уурхайн компаниудын зохицуулах сонирхлыг нь хөдөлгөжээ. Дэлхийн хамгийн том компани Британийн Рио Тэнто Айванхогийн тодорхой хувьцааг худалдан авчээ. Ёс зүй, жишиг жаягийг мэддэг төдийгүй яс баримтладаг энэ компани монголчуудтай Фридланд маягаар биш, олон улсад тогтсон жишгийн дагуу ойлголцвол нийт ордыг ч эзэмшин ашиглахад бэлэн аж. Харин тэд Улаанбаатарт ирээд үнэндээ галзуу хүмүүстэй уулзлаа. Хэлэлцээрийг Засгийн газар нь биш харин хариуцсан гэх парламентийн сөрөг хүчнийхэн ирж хийдэг гэнэ. Айванхо яг шулах гэж байхад нь 68 хувийн гэнэтийн татвараар шоконд оруулж байгаад Засгийн газартаа 30 хувь эзэмших эрх олж өгсөн гэнэ. Гучин хувь авчихаад тэрнийхээ мөнгийг нь өөрснөөр нь гаргуулах юм яриад уналаа. Гучин хувь нь багадаад 50 хувь авах ба хөрөнгө оруулалтын мөнгийг нь харин өөрснөө гаргахгүй гэнэ. Ер нь л байсхийн орж ирээд үг сүггүй Монголоос дарай зайлахыг сануулж хөөнө. Солиотой Уго Чааваас ч арай ингэж тэнэгтэхгүйсэн. Уул уурхайн менежментийг төр хийдэггүй юм, төр өндөр татвараар бий болох ашгийн 50 хувиас дээшийг авч байвал монголын ард түмэнд хамгийн том ашиг болно, төр хувь авах юм бол түүндээ таарсан хөрөнгө оруулалтыг гаргах болно, энэ нь Монголын өнөөгийн нийт ДНБ-ээс давах учраас дэндүү том даралт болно, бид дээрэмчид биш, энэ хорвоо дээр байдаг нийтлэг жишгээр танайд манайд аль алинд нь ашигтай бүр дэндүү ашигтай ажиллана, өнөөгийн ертөнцөд тэгэж өм цөмөөр нь шулах бололцоо ч байхгүй, тийм юм гарлаа ч зохицуулах олон улсын арбитраж байдаг гэх мэтийн эрүүл тайлбарынхаа хариуд бараг л зодуулах дөхөв.

Жижиг хөршид нь Өрнийн хөрөнгө оруулалт, түүнээ дагаад эрх ашиг нь идэвхитэй орж ирж байгаад умарт өмнөд хоёр хөрш нь төдий л таатай хандсангүй. Энэ бол бизнес гэхээсээ геополитикын асуудал. Иймээс дам болон шуудаар “галзуучуудад” нөлөөлж өрнийн хөрөнгө оруулагчдыг өөрсдөөр нь хөөж гаргуулах янз бүрийн арга ил далдаар хэрэглэх болов. Шинхуа компани хэлэлцээ хийгчдийг урьж авчран өөрийн уурхайнуудаа үзүүлж найрсгаар ярилцав. Эргэж ирсэн хойноо уурхай сонирхогчдын яриа хөөрөө бүр ч гаарч солиорлын дээд хэмжээнд тулан, хөөж туух нь бүр ихслээ. Оюутолгойг гадаадын дээрэмчдээс аварсан хүний тоо ч замбараагаа алдав. Парламентийн сонгуулийн компанийн нэгэн салшгүй хэсэг нь Оюутолгой. Эх орноо аврагчид алдагдсан хөрөнгийн 50 хувийг эргүүлж авчирсан хэмээн хөөрч үлдэх тавин хувийг нь хэрэв ард түмэн сонговол дайлаар мордон олж ирэх гэж байгаагаа зарлан тунхаглана. Үнэндээ зүгээр л татвараар ашгийн ихэнхийг нь аваад сууж байх юмыг эх орноо чадамжаас нь давсан өрөнд түлхэн оруулсан хэрэг шүү дээ. Тэд үнэндээ Монголын хөгжлийн гарцыг хааж, ядуурлыг гааруулж, нийгмийн бухимдлыг дэвэргэж, улс орны ирээдүйг хорлосон юм. Зарим нь мөнгөний төлөө, зарим нь хоосон нэр алдрын төлөө, зарим нь эрх мэдлийн төлөө, ихэнх нь зүгээр юу ч ойлгодоггүй тэнэгтээ! Дундад зууны Европт алдаршиж байсан “Тэнэгүүдийн хөлөг онгоц” зохиол үүнтэй харьцуулахад олигтой илүү мангар юм бодож олж чадаагүйдээ өөрөөсөө ичиж доош ормоор. Ашигт малтмалын хууулиндаа өөрчлөлт оруулах гэсэн парламент нөгөөхөө огт байхгүй болгож орхив. Засвар хийсэн нь хууль бус болж, түүнээ эргүүлээд засах гэхээр зохих хахуулиа олж аваагүй гишүүд сүүлдээ үүнээ намаасаа сонгуульд нэр дэвших эсэхээр барьцаалан бүр гацааж орхив.

Зэсийн үнэ унаж эхэллээ. Энэ намраас 6000 доллар руу уруудаж байна. Монгол дахь алтны халуурал ч удахгүй биз, юу гэвэл 1000 даллар дөхөж байсан алт 600 руу ойртон унана. Нефтийн үнэ оны эцсээр 200 хүрнэ гэж байсан мэрэг талаар болж эргээд 100 доллар болон бууж байна. Нефтийн үнийн өсөлтийг дагаж оцойж байсан олон түүхий эд, түүний дотор нүүрс галзуурлын үеэ өнгөрөөж эргээд доошлоно гэх таамаг ч байна. Монголын бололцооны алтан үе ч өнгөрөх магадлал их болж байна. Энэ орны удирдлага гадаадын хөрөнгө оруулагчдыг царайчлан ашигт малтмалыг нь аваад өгөөч хэмээн гуйж явсан тэр цаг үе эргэж ирэхэд тун ойр байх шиг.


Дэлгэрэнгүй унших...

Улс төрийн урлаг

1958 онд Франц улс гүн хямралд орлоо. Алжирчууд тусгаар тогтнолоо нэхэж эхлэв. Францчууд Алжирыг колони орон гэж үздэггүй, эх орныхоо салшгүй нэг хэсэг, Газар дундын тэнгисээр тусгаарлагдсан зах хязгаар гэж ойлгодог. Франц дэлхийгээр нэг колонитой байсан, түүнээ далайн чанадын гэж нэрлэнэ, харин Алжир бол зүгээр л эх нутаг. Үүнд учир шалтгаан байсан. Хойд Африк дахь Сахарын цөлийн энэ газарт ихэнх нь францчууд амьдарч байсан. Араб, магреб, нуби, бэрбэр зэрэг иргэд хүн амын цөөнх байсан юм. Италид эзлэгдсэн Ливийг чөлөөлөхөөр Британий арми дайны үеэр Сахарт байлдахад олон араб цэрэгт нийлжээ. Ингээд Ливиэс Египт хүртэл нутагт фэльдмаршал Ромэлийн армитай холбоотны цэргүүд хөөцөлдөж байх явцад арабчууд Алжираар нэг дүүрэв. Дайны үед Чөлөөт Франц улс Алжирт байсан болохоор нийтийн дайсны эсрэг байлдаанд энэхүү арабуудын “чимээгүй эзлэлтийг” харин ч талархан угтаж байжээ.

Хүн амын дэндүү олонхи нь араб болсон Алжирт асуудал хямарлаа. Тэдний тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн хариуд алжирын францчууд босов. Гэтэл колонийн задарлын ид үе болж байсан учир дэлхий Францын эсрэг хандах нь тэр. Европын Франц Африкаас савраа тат. Колончлогч Франц сөнөтүгэй, Алжирын эх орончид мандтугай! Англи, Испани, Голланд, Бельги гээд колончлогч орнууд эзэгнэгч газрууддаа тусгаар тогтнол олгоод байхад Франц гэж империалист царайлсан хогийн шаар болж харагдлаа. Зүүний хүчнүүд Алжирыг тусгаар тогтнуулна гэж орилолдоход ялангуяа цэргийхэн нутаг дэвсгэрийнхээ хагасыг арабуудад алдахыг яагаад ч тэвчихгүй байлаа. Францын дотоод зөрчил ийнхүү дээд цэгтээ тулж улс орон ганхаж эхэлсэн юм. Ийм л үед тэд генерал дэ Голлийг дуудан аврал эрлээ.

Генерал дэ Голль энэ үед тэтгэвэрт гараад Лазурын эрэгт эдлэндээ гавъяаны амралтаа эдэлж суув. Тэрээр Гитлерийн арми Францыг эзлэхэд Алжирт гаран цэрэг зохион байгуулж, Чөлөөт Франц хэмээх дүрвэгсэдийн Засгийн газар байгуулан толгойлсон юм. Алжир чөлөөтэй байсан учраас Франц Германд бүрэн эзлэгдээгүй, өөрийн хууль ёсны Засгийн газартай гэж үзэж байсан тул дайны дараа Их гурван гүрэн дээр Францыг нэмж ялсан гүрнүүдийн дөрвөн толгойлогчийн нэг болж чадсан юм. Ийнхүү Францын ард түмэн генералийг дахин эх орноо аврахыг гуйн урин дуудлаа.

Ид хүйтэн дайны энэ цаг үед Франц гүрнийг нэр төртэйгээр авч гарна гэдэг тийм амар зүйл байсангүй. Алжирыг өгөхгүй гэвэл Франц дэлхийд ганцаардана, өгнө гэвэл дотоодын үймээн зөрчил дийлдэхээ болино. Дэлхийн II дайны үр дүнд тусгаар тогтночихсон Энэтхэг-Хятадын хойгийг эргүүлж авах гэж дайн хийсэн нь шившигт ялагдлаар дууссан. Сүэцийн сувгийг өгөхгүй гэж хийсэн дайн ч гутамшигаар төгссөн. Алжирын хувь заяа яах нь тодорхой байв. Парламент хоёр тал болон асуудлыг гацаагаад ямар ч шийдэлд хүрэхгүй болчихсон байлаа. Иймээс дэ Голль юун түрүүн өөрийн болзлыг Францын ард түмэнд тулгасан юм. Шинэ Үндсэн хууль боловсруулж цэвэр парламентийн бүгд найрамдах улсыг хагас ерөнхийлөгчийн засаглалтай болгов. Өөртөө илүү эрх мэдэл олж хуульчлан авч буй хэрэг. Ийнхүү Францын 5-р Бүгд найрамдах улс буй болов. Ерөнхийлөгч Алжирыг алдахгүй, тэгсэн мөртөө Францыг хямралаас аврана гэж амаллаа. Үнэндээ энэ хоёрыг зэрэг хийх ямар ч бололцоогүй байсан. Харин ард түмэн дэ Голльд итгэсэн юм. Ерөнхийлөгч үнэндээ ард түмнийг хуурчээ. Гурван жилийн дараа Франц хямралаас гарав, харин Алжир тусгаар тогтнолоо зарлаж тэрийг нь Парис хүлээн зөвшөөрөв. Дэ Голль ямар ч хүчирхийлэл хэрэглээгүй, бүгдийг ардчилсан байдлаар зохицуулсан, гэхдээ үнэнийг, зөвхөн үнэнийг тунхаглаад францыг аврах гол зорилтоо хэрэгжүүлж чадахгүй байсан юм. Ингээд л хуурсан хэрэг.

Алжирыг алдсаны дараа ялангуяа цэргийнхэн түүнд маш их гомдсон, зарим нь учиргүй өширхсөн юм. Дэ Голлийг алах гэсэн олон оролдлого давтагдсан. Нэг удаа эхнэртэйгээ явж байхад нь машин руу нь халджээ. Генерал “эмэгтэй хүнтэй явж байхад ямар бүдүүлэг авирладаг амьтад вэ!” гээд мөрдэс дээр нь бутарсан шилний хагархайг гөвж байсан гэдэг. Гэвч францчууд генералийг ойлгосон юм. Түүний хуурсныг ихэнх францчууд хямралын дараа зөвтгөсөн. Түүх, цаг хугацаа бол үүнийг нь бүр гавъяа болгон тэмдэглэдэг. Францыг колонийн дараахи орчин үеийн ертөнцтэй уулзуулаад генерал өөрөө улс төрөөс гаран явсан. Францын орчин үеийн бодлогыг тодорхойлогч голлист чиглэл үүсч Мэтөранаас бусад бүх тохиолдолд сонгуульд ялалт байгуулж байна. Генерал дэ Голль Францыг хоёр удаа аварсан, үүгээрээ энэ ард түмний түүхэнд үүрд мөнхөрсөн.

Үе үеийн ухаантан суутнууд нийгмийн байдалдаа дүн шинжилгээ хийж төлөв байдал болон урагшлах ухрах замыг нь харж байдаг. Энэ болгоныг ард түмэн тэр болгон харж чаддаггүй. Улс төрийн удирдагч яаж ийж аргалан ард түмнийг итгүүлж чадаад урагшаа аваад гардаг бол гүн ухаантнууд учрах аюул хохирлыг ил задгай хэлэн зүрхийг нь мохоож орхидог. Улс төрийн удирдагч, философич хоёрын ялгаа энэ. Аристотель ардчилсан дэглэмийг сайшаагч, энэ онолыг магадгүй үндэслэгч суртачлагч байсан. Харин тэр бүх нийтийн ардчилалыг амьдралд хэрэгжих бололцоогүй гэж үздэг байлаа. Нөгөө талаас нь хэлэхэд тэрээр ардчиллыг гутаагч байсан юм. Магадгүй түүнээс болоод Ромоос хойш мянган жил Европ харанхуй эринийг туулсан байх. Сүм хийдийнхэн болон хаад ноёдод ардчилал бол үл гүйцэлдэх мөрөөдөл гэсэн Аристотелийн онол ч ташуур өгч байсан юм бил үү!

Ухаантнууд үнэнийг шүтдэг. Үнэн гэдэг тэдэнд хамгийн чухал хэмжигдэхүүн. Үнэн гэдгээс шудрага ёс гэсэн ухагдахуун гарна. Иймээс тэд шудрагыг илүүд тавьдаг учраас эрх ашгийг хооронд нь зэрэгцүүлэн эрэмбэлдэггүй. Хагас үнэн, ач холбогдол багатай үнэн гэх мэтийн ойлголтыг тэд огтоос хүлээн зөвшөөрөхгүй. Хүн төрлөхтний, байгаль орчны, үндэсний, тухайн нийгмийн, гэр бүлийн, хувийн гэсэн маш олон эрх ашгууд бий. Эднийг эрэмбэлгүйгээр зөвхөн үнэн, шудрага ёс гэдэг талаас нь хандахаар бүх эрх ашгууд зэрэг хангагдаггүй учир ерөөс шудрага ёс, үнэн гээч юм хий хоосон яриа болж хэрэгждэггүй. Иргэншлийн 6 мянган жилийн түүхэнд энэ эрэмбийг хайсаар Францын хувьсгалын үед эрэмбийн хамгийн дээр хувь хүний эрх, эрх чөлөө, эрх ашиг байдгийг хүлээн зөвшөөрч хуульчилжээ. Энэ ойлголт цаашаагаа их нарийн ээдрээтэй бүхэл бүтэн шинжлэх ухаан. Нэг хүний хувийн эрх ашиг нөгөө хүнийхийг хохироож үл болно гэсэн доод хязгаараас эхлээд олон хүний тус болгоны хувийн эрх ашиг цөөн хүний тус бүрийн хувийн эрх ашгаас дээгүүр тавигдана гэх мэтээр эрэмблэгдсэний үндсэн дээр бүлгийн, үндэсний, ард түмний, хүн төрлөхтний гэсэн эрх ашгууд үүснэ. Өөрөөр хэлбэл том жижиг ямар ч бүлгийн эрх ашиг хувь хүний эрх ашгаас үүдэлтэй, тэндээс урган гарна гэсэн үг. Үндэсний эрх ашиг гэдэг нь тухайн үндэстний хүн амын тоогоор орших хувь хүний эрх ашгийн олонлог юм. Хувь хүний эрх ашгийг зөрчилгүйгээр энэ олонлогийн урагшлан дэвших гарцыг олох нь улс төрийн удирдагчийн жинхэнэ урлаг. Дэ Голлийн улс төрийн урлаг чухам энд л оршиж байна.

Гэндэн бол Монголын түүхэнд ховор заяасан хүчтэй лидер, сайн зохион байгуулагч, тууштай эх оронч. Өөрийн очсон институци болгоныг тэргүүлэх болгож чаддаг байлаа. Түүний түүх намтрыг судлах аваас өөрийн эрхгүй хайрлам. Гэхдээ түүний хэтэрхий шулуун шудрага, гөжүүд, хүчний харьцааг үнэлж чаддаггүй зан нь монголчуудад аймшигтайгаар туссан. Сталин Дорно зүгт япончуудаас ихэд болгоомжилж байсан. Япон-Хятадын дайны үеэр өвөр монголчууд болон барга нарыг, өөрөөр хэлбэл монгол угсаатнуудыг япончууд холбоотноор татаж байлаа. Монголчууд Японыг чөлөөлөгчөө гэж үзэж байлаа. Ялангуяа шашин номоо гадны шахалтанд сэвтүүлсэн лам хувраг болон язгууртнууд Японыг онцгой дэмжиж байгааг Сталин харж байсан. Иймээс Гадаад Монголын лам болон язгууртнуудыг бүслэн хааж нийгмийн ямар ч нөлөөлөлгүй болгохыг Гэндэнгээс удаа дараа шаардаж байв. Үүнээ аргадах тулгах сүрдүүлэх есөн шидийн аргаар шахаж шаардсан боловч эх оронч Гэндэн огтоос хүлээж аваагүй. Эцэст нь оросууд Гэндэнг төрийн эрхээс зайлуулж байгаад аймшигт аллагыг өөрснөө гардсан юм. Монголын насанд хүрсэн эрчүүдийн 20 хувийг цааш нь харуулжээ. Ийм өндөр хувьтай аллага геноцит хожим Камбожид нэг удаа давтагдсан. Түүхэндээ ийм том цар хүрээтэй этноцит, геноцтод өртсөн монголчуудаас өөр үндэстэн бий юу? Гэндэнд улс төрийн урлаг дутжээ. 100 мянган ламыг хүчээр шар шувтлуулаад, язгууртан ноёдыг шоронд хийж орхисон бол ийм том хохирол гарах байсан уу? Түүхийн хожмын өндөрлөгөөс ингэж харагдаж байж болох. Гэвч монголчууд үндэстний хувьд хавьгүй бага хохиролтойгоор түүхэн хар үеийг туулж болох л байсан мэт.

Өдгөө “Ард түмний эрх ашиг”, “Ард түмэн ингэж үзэж байна” гэхчлэнгийн “мэдэгдэл” нэгэнт хуучирч, хааяа нэгхэн шалихгүй шантаажингуудын амнаас унах нь инээдээс илүү эгдүү хүргэх болсон ч, хувь хүний хөндөшгүй эрх болоод улс орны нийтлэг ашиг сонирхол аль алин нь хэзээ ч алга болохгүй. Хөндлөнгөөс харахад харилцан зөрчилтэй харагдах энэ сонирхлуудын хамгийн зөв уулзварыг олдог, зохицуулдаг хүнийг л өнөөдөр улс төрийн бодлоготон гэх болж.

Эрх мэдэлд дуршаах, ямар нэг аргаар түүндээ хүрэх нэг хэрэг. Магадгүй амархан ч байж байж мэднэ. Харин эрх мэдлээ ашиглан хувь хүний халдашгүй эрх ашиг ба улс үндэстний нийтлэг сонирхлыг хэрхэн хохиролгүй хослуулж чадаж байна вэ гэдгээр улс төрчийн ур чадвар, жолоодох урлагийг хэмждэг болж байна гэсэн үг. Монголоор дүүрэн “удирдагч” нарт энэ л дутаад байгаа. Хүний эрх, эрх чөлөө, ардчилал гэх мэтийн эрхэмлэх зүйлс нь нийтлэг болсон өнөөгийн ертөнцөд улс үндэсний амин чухал эрх ашгийг Мугабэ маягаар, эсвэл Суданы эрх баригчдын аргаар шийдэх үе нь өнгөрчээ. Ийм л учраас улс төрийн удирдагчийн урлагаас үндэсний эрх ашиг маш их хамаардаг болж.

2008.9.20

www.news.mn Дэлгэрэнгүй унших...

Our blog archive