Tuesday, March 11, 2008

ХҮЧИРХЭГ БИЕ ХҮН

Маартаар бэлэг авах гэж Их дэлгүүрт орлоо. Цахилгаан барааны тасагт ганцхан касс ажиллана. Бөөн оочир. Хүмүүс уурсана. Олон хүн оочирлохоос төвөгшөөн шууд яваад өгнө. Аргагүйн эрхэнд зогсогсод бухимдсандаа дэлгүүрийг муулна. Эзнийг нь луйварчин гэж ярин хууль бусаар хувьчилсан л гэнэ, хувьцаагаа өгдөггүй л гэнэ, хаягаа ч зөв тавьж чаддаггүй, англиас нь орчуулбал "гадаад яамны агуулах" гэсэн байгаа юм даа л гэнэ, тэгснээ кассчин хүүхэнд уураа гарган доромжлоно, үг хаяна. Хүүхэн харин овоо тэвчээртэй, дуугүй л мөнгө тоолно. Арай гэж бичүүлээд бараагаа авах гэтэл нэг давхарт бас нэг тасгаас авах гэнэ. Тэнд нь бас л оочир, уур бухимдал. Орох гарах олон хаалгаа ч ганцаас бусдыг нь янгинтал түгжсэээд "хаан-үйлчлүүлэгчдийг" нэг нүхээр галуун цуваачлан цувина. Хүмүүс боож үхэж байна. Социализмын үед маханд гурван цаг оочирлож бөөн хар яс аваад учиргүй баяртай харьдаг байсан тэр л хүмүүс. Социализмын салшгүй дагавар эрхтэн болсон оочирыг хүмүүс мартжээ. Нэрийг нь ч мартсан шиг. Залуус бол ийм юм бараг огт мэдэхгүй. Хүмүүс оочирлож чадахаа больчиж. Хүмүүс хүчирхэгжиж, царай алдахаа больж, биеэ тоож.


Наяад оны сүүлчээр Лаос ороод буцах онгоцонд суутал хажууд нэг орос залуу сууж билээ. Вьентяны зах Тайландын хогоор дүүрэн байсан үе. Залуу захаас хос жинс олоод өмсчээ. Хуурамч Сони магнетфон нэгийг хусчихсан гартаа барьсан ба чихэвчээр нь Смоуки нэвт сонсдоно. Нөгөө гартаа марлборо, нүцгэн хүүхний зурагтай асаагуур нэжгээдийг атгажээ. Италийн далбаа дээр нь наачихсан гатнуул хар шилнийх нь цаанаас залуугийн үнэн баяр нэвт гэрэлтэнэ. Москвад эргэж очоод эргэн тойрон км газар олдошгүй дэгжин амьтан болох болно. Урам хугарлаа. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний магадгүй дажгүй мэргэжилтэн. Сансар эзэмшсэн, технологийн дээд эрэмбэд гарсан, цөмийн зэвсгээр хорвоог айлгасан тэр орны иргэн хорвоогийн хамгийн ядуу газрын хямд захаас авсан хогоор гоёсноор "жинхэнэ хүн"-ий төрхийг олжээ. Улс нь хүчирхэг байгаад хүн нь өрөвдөм дорой байх юутай гунигтай.

Өмчгүй, дээр нь сонголтгүй, тэгээд хаалттай нийгэмд амьдарч буй хүн шиг өчүүхэн амьтан байхгүй биз. Хүнийг өмчөөс нь салгачихаар хүнээ больчихдог аж. Өмчгүй иргэдээс бүрдсэн нийгэмийг хүнийх гэж нэрлэхэд хэцүү. Мөнгө байхгүй, мөнгө олох бүх зам хуулиар хориотой, бэлтэй байгаад ч түүгээрээ юу ч хийх эрхгүй, эрхтэй байгаад ч юу ч олдохгүй нийгмийн гишүүн коланы хоосон лааз олоод л хаданд гарна. Юм үзээгүй юм шиг гэж ярьдаг. Үнэхээр юм үзээгүй байсан юм. Маартаар эхнэртээ бялуу аваад өгчих санаатай орос дэлгүүрийн үүдэн дээр мэргэжилтэн гэгдэх өөрөөсөө хэд дахин доожоогүй муу зөвлөлт цэргийг хэдэн цагаар царайчлан зогсоно. Ердөө л өндөг, чихэр, гутал, польто мөнгөөрөө авах гэж байдгаараа доромжлуулан хөөгдөн хөөгдөн нүднээс гарна. Тэр үеийн махны худалдагч гэдэг одоогийнхоор их хурлын гишүүн хавьцаа юм болов уу даа. Тэгэхээр мах талх оочиргүй авдаг тусгай дэлгүүрээр үйлчлүүлэгч дарга гэдэг бурханы хавьд очно. Зөвхөн ийм юмны төлөө хүн гээч амьтан мөн ч жижигрэнэ дээ. Ийм нийгмийн ийм гишүүдэд эрхэмсэг чанар гэж байх уу?

Олон жилийн өмнө нэг удаа гуанзанд орлоо. Пүнтүүзтэй хуурга авав. Хэт дарчихснаас болоод пүнтүүз нь хайлж нэг том бөөн юм болчихжээ. Үйлчлэгчид уурлан "чи энэ хийсэн хоолоо хар даа" гэвэл "Миний ажил олны нүдэн дээр болохоос чи ч гэсэн нэг иймэрхүү л ажил хийж байгаа шүү дээ!" гэдэг юм байна. Үнэн үнэн. Би ч нэг тиймэрхүү л ажилладаг байсан байх. Нийгмээрээ бид ийм л "пүнтүүзтэй хуурга" хийдэг байсан. Бидэнд эрхэмсэг юу ч байгаагүй. Бидний хэн нь ч өөрсөддөө биш улс гэгч эзэн биегүй юмны төлөө ажилладаг байлаа. Тийм ч учраас бидэнд нэр хүнд, үнэн сэтгэл, арын хариуцлага, зүтгэл хичээл гэх мэтийн юм байсангүй. Байгаад ямар хэрэгтэй юм? Бидэнд хүний эрхэмсэг оршихуй байгаагүй. Тиймээс бид бүгдээрээ сул дорой байсан.

Хүчирхэг бие хүн л эрхэмсэг оршихуйтай ажгуу. Материалын дутагдлыг оюун ухаан бүрэн нөхнө гэж төвдийн шашин сурталддаг. Тийм байж болох л юм. Гэхдээ л нүүдэлчид дөрвөн зуун жил шүтээд олж авч чадаагүйгээ энэ суртлаас салсны дараа технологийн дэвшлийн хүчээр гүйцэлдүүлсэн. Аль эртний Ромд мэддэг байсан энгийн үнэн: Primum vivrе, dende philоsophari. Хоол ундгүй бол хоосон цэцэрхэх хэрэг юун! Өлсгөлөн хүнд үндсэн хууль биш үмх талх хэрэгтэй. Хооллохын тулд амьдардаг хэмээн ухаантнууд шоолно, гэхдээ оюунлаг амьдрахын тулд хооллох хэрэгтэйг ойлгоход төдий л их ухаан шаардагдахгүй. Харин хооллохын тулд бусдыг хохирооно гэдэг тусдаа асуудал. Үүнийг зохицуулахын тулд Төр оршино. Хууль зөрчихгүй ч мөнгөний төлөө хүний ёс суртахууны хэв хэмжээ зөрчих нь дахиад бас тусдаа асуудал. Үүний тулд шашин, ёс суртахуун, уламжлал, зан заншил бий.

Хүчирхэг бие хүний бусдаас хамаарах хамаарал бага байдаг. Өөрөө өөртөө эзэн гэсэн үг. Чухам ийм байж л түүнд хүний хамгийн үнэт зүйл болох эрхэмсэг чанар оршино. Хүний эрхэмсэг чанарыг дарж амьтан болгодог хамгийн гол дарамт бол Төр. Бие хүн төрийн машины өмнө өчүүхэн шавьж. Хүний төрөөс хамаарах хамаарал багасах тутам эрхэмсэг чанар нь өснө. Урвуу пропорциональ юм даа.

Дэлхий хавтгай болж байна. Өөрөөр хэлбэл бүхэнд хүртээлтэй болж буй хэрэг. Гучаад жилийн өмнө Алвин Тофлэр бичихдээ мөнгө, зэвсэг, мэдээлэл гурав хүнийг эрх мэдэлтэй хүчирхэг болгодог гээд үүн дотроо мэдээлэл улам илүү жин дарж байгаа гэжээ. Интернэтийн хүчээр хэр баргийн мэдээлэл бүхэнд хүртээлтэй болжээ. Ингэхээр хувь хүмүүс улам хүчирхэгжиж байна. Өдгөө интернэтээс мэдээлэл авах төдийгүй түүндээ дулдуйдан үйлчилгээ хийлгэдэг болжээ. Интернэт худалдаа дэлгүүрийн худалдааг давж эхэлж байна. 2002 онд Сарс өвчин дэлгэрэхэд хүмүүс интернэт худалдаа өргөнөөр хийж эхэлснээ улмаар түүндээ дасан ердийн хэрэг болж хувирчээ. Интернэтээр дамжуулан ажил хийж байна. Ажил олгогчоо хэзээ ч хараагүй хүмүүс гэртээ ажиллан нэтээр цалингаа авч байна. Манай компаниуд ч аль хэдийнээс аутсорсинг үйлчилгээ үйлдвэрлэл явуулах болсон.

Хүчирхэгжсэн хүмүүс өнөөдөр заавал Их дэлгүүрийн цахилгаан барааны кассны өмнө хөлсөө цувуулан, уураа баран оочирлох хэрэггүй болсон юм. Гагц худалдаа төдийгүй олон үйлчилгээ онлайн болжээ. Монголын бүх банкууд онлайн үйлчилгээ хийж байна. Араас нь үүрэн телефоны компаниуд онлайн боллоо. Мөнгөө компютэрийн цаанаас төлнө, бүх ярианыхаа огноо болон ярьсан хугацаа үнийг шалгана. Гомдлоо ч онлайн илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл хэн маань ч кассчин, худалдагч, нягтлан, менежерээс хамааралгүй болчиж буй хэрэг. Удаан хүлээх хэрэггүй, тун удахгүй бараг бүх үйлчилгээ онлайнд орно. Технологийн дэвшил, хүртээмжээр бид дэлхийн тэргүүний орнуудаас нэг их хоцрохоо больсон шүү дээ. Онгоц, галт тэрэгний тийз худалдаж авах төдийгүй цаасан билетийг нь гэрийнхээ принтэр дээр хэвлээд авдаг боллоо.

Бидэнд нэг л юм дутаад байна. Бүртгэл! "Яагаад зарим газар капитализм хөгжөөд, заримд нь болохгүй байна?" гэдэг номыг нэрт эдийн засагч Эрнандо дэ Сото бичжээ. Ядуу орнуудад хангалттай хуримтлал байгаа гэнэ. Харин тэнд өмчийн болон иргэний бүртгэлийн систем үгүй учраас иргэд нь явсаар эцэст нь өөрийг нь болоод хөрөнгийнх нь бэлийг мэдэх ах дүү төрөл төрөгсөдөөсөө л мөнгө зээлдэг аж. Банк тэднийг мэдэхгүй. Бүртгэлийн систем нэвтрээгүй газар юун капитализм, ерөөсөө хөгжил дэвшлийн тухай ярилтгүй болжээ. Хорвоо ийм л болчиж! Бүртгэлийн систем нэвтрүүлэх нь төрийн үүрэг. Үүний төлөө хүмүүс төрд мөнгө төлж байгаа юм. Үүнийхээ хүчээр бие хүмүүс өөрснөө улам хүчирхэгжих учиртай юм. Хүчирхэг хүмүүс төрөөс өөртөө үйлчилгээ авахын тулд л мөнгө төлдөг аж.

Жич: Адам Смит үндэсний баялаг гэж юу болохыг нээжээ. Харин Сотог үндэсний баялаг ямар нөхцөлд үнэхээр бодит баялаг болдгийг нээсэн гэж мэргэжилтнүүд үзэх юм билээ.

7 comments:

Bayasum said...

шинэ үг: хамгийн хүчирхэг бие хүн бол ерөнхийлөгч.

Anonymous said...

Hello. This post is likeable, and your blog is very interesting, congratulations :-). I will add in my blogroll =). If possible gives a last there on my blog, it is about the TV Digital, I hope you enjoy. The address is http://tv-digital-brasil.blogspot.com. A hug.

Anonymous said...

LWTYI[ V2EFWEHGTFRE

Anonymous said...

hun niigmiin negj talaasaa HUVY HUN biologiin negj talaasaa BIE HUN bolno geed 8-aar angiin niigem sudlaliin hicheeleer uzeed baidaggui biluu?

Jorgus said...

Anonymous said... hun niigmiin negj talaasaa HUVY HUN biologiin negj talaasaa BIE HUN bolno geed 8-aar angiin niigem sudlaliin hicheeleer uzeed baidaggui biluu?

tegej uzsen bol yadaj l niigmiin hicheeldeer uzsen bhdaaa

G84 said...

http://hugshinbaabar.blogmn.net/17937/

tsag hugatsaa tvvnd bidnii vzeh zviliig vzvvlehgvi haramsaltai,...hatuu ch vnen gej ene bid oims-toi bh talaar tvvniig gol zahiasiig bid amidraad l batlaad l haruulaad l bolchoos bish eldew ym tsetserheh shaardlagagvi duulgawartai sonsoj bhad l bolno

Anonymous said...

BABABAR-iin TUHAI ILUU IHIIG UZEEREI
http://www.youtube.com/watch?v=Mc7fmIp4t7Q