Wednesday, May 23, 2007

ИХНАЯД ТӨГРӨГНИЙ ЗҮСЭМ ТАЛХ

Одоо ч тооны орон хамаагүй болж дээ. 5 мянган төгрөг суйлаад баригдчихсан гудамжны хүүхдийг зурагтаар харуулахаар хүн болгон ойлгоно, тэр дарга авилгалд 5 тэрбум төгрөг авчихжээ гэхээр нөгөө нусгай хүүхэдтэй л адилтгаж үзнэ. Хэрэв сонингуудад үнэмших юм бол сая шийтгүүлдэг Баатар 107 тэрбум төгрөг тууж орхижээ. Хүмүүс маш их ойлгож байна, учир нь энэ тоо хэдэн оронтой болохыг бараг цөмөөрөө мэдэхгүй буюу анзаарахгүй юм чинь. Гэтэл энэ хэлээд байгаа тоо бол Монгол улсын Үндэсний нийт бүтээгдэхүүний 5 хувь шүү дээ. Улсын төсвийн бол 12 хувь хүрч байна. Хэрэв улсынхаа нийт үйлдвэрлэлийн ийм хувийг шуучихсан бол лав Гиннесийн номд бичигдэх ёстой ба тэндээ бүр үүрд хадагдах биз! Хүний түүхэнд байгаагүй ихээр баяжсан хүн бол 100-аад жилийн өмнө амьдарч байсан Рокфеллер. Тэрээр 900 сая долларын хөрөнгөтэй болсон нь АНУ-ын Үндэсний нийт бүтээгдэхүүний 2 хувьд хүрч байв. Ханшаар нь бодоход өдгөө дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтс хэдийгээр 50 тэрбум долларын хөрөнгөтэй боловч Рокфеллер шиг болохын тулд одоогийн хөрөнгөө дор хаяхад дөрөв дахин нэмэх хэрэгтэй гэнэ. Тэгэхээр яаж хулгайлаад саванд байгаагаас ихийг авч болдоггүй юм. Эсвэл даахаасаа илүүг авах бололцоогүй. Кран, камазтай байгаад ч. Шаравдорж гэж нэг гишүүн дарга байх, тээр жил намайг 27 тэрбум төгрөг авчихсан юм шиг баахан ярьж зурагтын баатар болов. Тухайн үедээ Монгол улсын бүх хөдөлмөрлөж буй хүмүүсийн хагас жилийн цалин тэтгэвэртэй тэнцэх энэ тоо-мөнгийг 100-тийн дэвсгэрээр бодоход 30 ширхэг Зил 130 машин хэрэгтэй гэсэн тооцоо гарч байсан.

Авилга, хээл хахуул л гэцгээх юм, үүнийг хаанаас авдаг юм бэ? Энэ нь улсын төсвөөс л гардаг юм. 1999 онд улсын төсвийн хэмжээ 290 сая доллар байсан, одоо бараг тэрбум доллар болж байна. Дор хаяхад гурав дахин нэмэгджээ. Тэр үед улсаас цалин авдаг хүн 120 мянга байсан одоо 135 мянга болж. Мөнгийг нь авдаг хүн 10 хувиар л нэмэгджээ. Тэгвэл цалин нь хорогдоогүй юм гэхэд лав л гурав дахин нэмэгдсэнгүй. Харин авилга хэдэн зуу дахин нэмэгдсэнийг бурхан л мэдэх биз. 2000 онд Энхбаяр ДНБ-ийнхээ 29 хувийг улсын төсөвт цуглуулдаг улс хүлээж аваад 2004 онд 47 хувийг нь цуглуулдаг улс хүлээлгэж өгсөн. Ингэхээр авилгын мөнгө ямар эх үүсвэрээс гардаг нь харагдаж байна уу? Чухам тэр шуудайн дотор л өнчин хүүхдийн сүүлчийн талх, үхэж буй өвчтөний эцсийн тариа байсан нь авилга болоод алга болсон хэрэг.

Хэдийгээр дэлхийн хамгийн зэвсэгжсэн орон боловч АНУ-д ДНБ-ий 26 хувь нь төсөв болдог, харин хэдийгээр социализм байгуулж байгаа боловч энэ тоо Хятадад 18 хувь байдаг. Гэтэл бараг тэн хагасыг нь бид сонгож буй болгосон хүмүүстээ итгэн захиран зарцуулагчаар томилдог. Тэд маань хулгайлдаг, гэр рүүгээ зөөдөг. Иймээс төрийн захиран зарцуулах мөнгө ихсэх тутам танд ноогдох мөнгө улам багасна. Энэ урвуу харьцааг хүний хэлээр “авилга” гээд байгаа юм.

Хулгайчийг шоронд хийгээд ч засрахгүй, тэртэй тэргүй хулгайч болж төрсөн юм чинь. Мэдээж иргэн та хамгийн мундаг хулгайчид нь хамгийн их итгэл найдвар тавина, яагаад гэвэл та ч бас тийм болж төрсөн. Ингэхээр хоттой хонио хэнээр ч мануулсан тэр нь ямар нэг амьтны (заримдаа ХҮНИЙ) арьс нөмөрсөн чоно л байхаар цаанаасаа тийм үйлтэй учраас хулгайлах юмыг нь багасгах хэрэгтэй. Хэрэв хэдхэн жилийн өмнө улсын төсөв 300 сая байгаад болоод байсан юм бол, одоо тэрбум хүрчихээд дордож байгаа бол үүнийг нь эргүүлээд 300 сая болгох хэрэгтэй. (Төгрөгний ханш замбараагүй учир арай гайгээр нь энд америк доллароор яриад байна шүү дээ.) Ингэснээр танд ноогдох цалин орлого багасахгүй харин сайд байтугай нэг муу золбин хурган дарга хүртэл Бэнц, Ланд унахаа болино.

Яаж үүнийг багасгах вэ? Амьдрал муу, ядраад байна юм өгөөч гэж царай алдаж байхаар төсөв багасгахыг л шаард, тэгвэл аяндаа амьдрал чинь дээшлээд явчихана. Мянганы замыг заавал өвөлжөө рүүгээ татуулах гэж байхаар төсөвийг л багасга гэж шаард, жагс, өлсгөлөн зарла, суулт хий. Яг үнэндээ төсөв өсөөд байгаа чинь эцсийн бүлэгт таны өөрийн чинь дэмий ярианаас үүдэлтэй. Чухам тэр дэмий үгийг чинь шүүрч аваад улс орноо улам янаглан хайрлаж байгаа хүмүүс л таныг тонож буй хэрэг шүү дээ. Та нэг их итгэж байгаа царай гаргаж ганц зүсэм талх монжчих гэсэн чинь цаадуул чинь тэр хар талхыг танд тэрбум доллар буюу их наяд төгрөгөөр чинь сольчиж буй хэрэг. Их наяд гэдэг нь гадаадаар триллион буюу аравын 12 зэрэгт юм. Та энэ тоог түрийвчиндээ буй хэдэн төгрөгний тооноос төдийлөн ялгадаггүй, ач холбогдол өгдөггүй учраас их наяд төгрөгөөр ганцхан зүсэм талх авч буй хэрэг шүү дээ.

Та олон жил хоолойгоо хаттал цалин нэм гэж ориллоо, зөндөө өргөдөл өглөө, шанд нь ганц зүсэм талхны нэмэгдэл. Гэтэл тэр нэмсэн зүсэм талх чинь цаадуулын чинь танаас хулгайлдаг тогоог улам том болгоод байгаа хэрэг. Тэд таны төлөө бараг л үхэхээс бусдыг хийнэ. Харин эцсийн балансыг нь харахаар та зүсэм талхны нэмэгдэлтэй, цаадуул чинь их наяд төгрөгтэйгээр л дуусаж буй хэрэг дээ. Таныг тооны орон ойлгодог болтлоо боловсорсны дараа цаадуул чинь хармайны хулгайч Баатар бүгдийг нь цөлмөчихсөн гэж хариулах болно. Харин та пинжээкний хармайнд ийм хэмжээний мөнгө багтдаг эсэх талаар бодох ч үгүй. Хамаг зовлон танд өөрт чинь байгаа шүү.

2006-9-17 /Өдрийн сонин/

1 comment:

UROLOGY said...

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)