Одоо Германд дэлхийн хамгийн том найр болж байна. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулалтыг манай гаригийн хүн амын гуравны хоёр нь үзэж цэнгэдэг гэнэ. Германчууд энэ том цэнгээнийг тохиолдуулж өдөрт хэдэн зуун сая долларын пиво борлуулчиж байгаа аж. Хэдэн тэр бум доллар зарцуулж буй боловч тэндэхийн эдийн засаг зарснаасаа илүүг олж чадаж байгаа учир энэ тэмцээнийг булаацалдан байж өөртөө зохиох эрх олж авсан юм. Ой, баяр цэнгээн бол нийгэмд байгаа мөнгийг түргэн эргэлтэнд оруулдаг нэгэн далим болжээ, өнөөгийн ертөнцөд. Хятадууд майн баяраар долоо хоног амрана. Энэ нь ард түмнээ ажил хийлгүүлэхгүйгээр цэнгүүлэх гэсэндээ биш тэдний ажиллаж байж олсон мөнгийг түргэн эргэлтэнд оруулах гэсэн санаа. Цагаан сараар хагас сар амруулж байгаад үүнээс ч их мөнгийг эргэлтэнд оруулдаг аж. Цэнгэл гэхээсээ эдийн засгийн бодлого нь амралтыг сунгах гол шалтгаан болдог.
Социализмын бүтээгдэхүүн, нүүдэлчин удмын бид болохоор баяр ёслол, ой цэнгээнийг өөр ухаанаар тэмдэглэдэг. Энэ жил Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ой тохиож байгааг өргөн сайхнаар тэмдэглэхээр шийдэцгээлээ. Хэдэн зуун саяар ур муутай зураг уулан дээр сараачив. Жуулчид тэрийг үзэх гэж ирэхгүй, тэнд нь амралт цэнгээн болохгүй, тэгэхээр цэвэр үрэлгэн эд байгаа биз. Ой болох гэж байна гээд төв цэнгэлдэхийг шохойдож байна, уул нь ийм зүйлийг ой далимдуулж суудал шинээр нэмж засдаг, өөрөөр хэлбэл орлого нэмэгдүүлж засвараа үнэгүй хийгээд авч буй нь тэр. Саяхан 800 жилийн ойн “хандив” боллоо. Шашинаар далимдуулж өргөл өгвөл хожоо гардаг маягтай юм суртчилсан болохоор хандив гэхээсээ мунхруулсан дээрэм болж. Учир нь тэр хандиваар юу хийх гэж байгааг “тас нуугаад” хэлсэнгүй, ерөнхийдөө л сайхан наргих юм байх. Найр наадам, ой, тэмдэглэлт баярыг одоо болтол зах зээлжүүлж чадаагүй болохоор социализмын бүтээл болох бидний хувьд энэ нь цэвэр гарлага сүйтгэл аж. Гарлага сүйтгэлийн хөрөнгө эргээд ард түмнээс татвараар дамжин гардаг, үргүй зардлаас хожиж чадаж байгаа нь улс төрийн луйварчид. Хаа хамаагүй хүн шоуг нь зохион байгуулна гээд хэдэн тэрбумаар нь аваад хармайлчиж байгаа болохоор атаархахаас өөр яая гэхэв.
Төв талбайгаа Чингисийн хөшөөгөөр мялаах гэж байгаа юм байна. Энэ ч үнэндээ нэр төрийн хэрэг. Мөд ашигаа өгөхгүй байсан ч үндэсний бахархал. Гэтэл тэнд Их Монгол улсын албан ёсны хаан Гүег, Мөнх нар байхгүй мөртөө Хятадын Юань династийг үндэслэгч Хубилай хаан байх юм. Хубилай монгол хүн, Чингисийн ач. Гэхдээ тэрээр Их Монгол улсыг саринааж Хятадын шинэ династийг байгуулсан билээ. Хятадын уламжлалт төрийн хаан ширээнд очиж суусан монгол хүн. Тэрээр бага наснаасаа Алтан улсын хятад багш нараар заалгаж иргэншсэн боловсролтой болсон хүн. Тэр урвагч мэдээж биш, гэхдээ дэлхийг захирч байсан Монголын түүхийн үргэлжлэлийг Хятад, Монголын хамтарсан нэг улс болгон салгасан.
Хятадууд Хубилайг Хятадын Юань династийг үндэслэгч, Хятадын олон үндэстний нэг болох монгол хүн, өөрөөр хэлбэл Дундад улсын монгол үндэстэн хүн гэж үздэг. Манайхан бол үүнийг нь зөвшөөрдөггүй. Одоо хятадууд Юань династийг үндэслэгч эх сурвалжийг Чингисээс эхэлж тоолох болсон ба энэ нь мэдээллийн хэрэгслэл, ном товхимолоор нэг дүүрчээ. Тэдний логикоор Хятадын олон үндэстний нэг монголчууд Чингис хаанаар удирдуулан дэлхийг эзэлсэн, Өгөөдэй, Гүег, Мөнх нар үүнийг улам үргэлжлүүлсэн, Хубилай Өмнөд Сүн улсыг эзлээд жинхэнэ Хятад улсыг дахин нэгтгэж хүчирхэг династиа байгуулсан аж. Гэтэл үнэндээ Чингис, Өгөөдэй, Гүег, Мөнх нар Хятадын хаан болж байгаагүй. Хубилай Хятадын түүхэн дэх хамгийн аугаа хааны нэг мөн. Түүний нэр Кан Ши, Цэн Ши хуанди нарын хамт Хятад үндэстний бахархал мөн. Гэхдээ хятадууд Цагаадай, Зүч нарын удмынхны улс гүрнийг өөрийн гэж мэтгэдэггүй. Хубилайн дүү Хүлүгүгийн Ил хаадын улсыг ч өөрийн түүхэнд хамруулдаггүй.
Үнэхээр Хятадын хаан байсан Хубилайг бид булаацалдсанаар Чингис хааныг Дундад улсын олон үндэстний нэг монгол хүн байсан гэсэн логик руу нь хөтлөгдөн дагаж ороод байгаа хэрэг. Юань династийг Хятадын түүхээс салгах, Монголын төр байсан мэтээр мэтгэх нь юунд ч хүргэхгүй. Түүх түүхээрээ л үлдэнэ. Бээжин хотын суурийг тавьсан энэ түүхэн хүн Хятад Монголын хамтарсан төр, династийг байгуулж, Чингис болон түүний үр ач нарын байгуулсан бусад орнуудаас салгасан учир Монголын гэхээсээ Хятадын түүхтэй илүү холбоотой билээ. Чингисээс Мөнх хааныг дуустал Их Монгол улсын монгол төр байсан, Хубилайгаас эхлээд Хятадын Юань династи гараагаа эхэлсэн гэвэл түүхэн үнэнд тохирохоос гадна Чингис хааныг Дундад улсын хүн байсан гэсэн гуйвуулга гүжирдлэгт няцаалт өгөх нотлогоотой, үнэн, логиктой дүгнэлт болно. Бид Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэж байгаа болохоос Хятадын Юань династийн үүслийг тэмдэглэж байгаа биш шүү дээ. Хятадууд ч энэ ойд их ач холбогдол өгч тэмдэглэх гэж буй нь чухам 1206 оноос Юань династи гараагаа эхэлсэн гэж харуулах гээд буй хэрэг. Үүнийг нь батлах мэт бид тусгаар улсынхаа нийслэлийн төв талбай дээр монгол цусны хүнээр удирдуулсан Хятадын нэгэн хүчирхэг династийн анхны хааны хөшөөг нам засгийнхаа мэргэн шийдвэрийн дагуу сүндэрлүүлэхээр нэгэнт шийджээ.
2006 оны 6 дугаар сар 22 /Өдрийн сонин/
Wednesday, May 23, 2007
ОЙ ТЭМДЭГЛЭХ ЭДИЙН ЗАСГИЙН БА ТҮҮХЭН УТГА
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment