Friday, March 2, 2007

Аалзны торны ноотой хатан

Хоринтавдугаар сувгаар Курасоваг их үзүүлэх боллоо. Рашамон... гайхамшиг, Долоон самурай... алаад хаяна, Шаарлагдсан хүмүүс... ёо ёо ёо... Тоширо Мифүнэ... пөөх, ...Достоевский, Горький, Шекспир... за за.

Ингэсээр гурван их хүн уулзлаа... үгүй ээ, дөрөв. Шекспир, Макбэт, Курасова, Лэди Макбэт дөрөв. Цийн цийн... кино эхэллээ. Японоор Макбэтийг Чоу гэдэг юм байна. Макбэт хатагтайг хэн гэдэг юм бүү мэд, лав л нүүрэндээ но театрын масктай. Инээж ч байгаа юмуу, уурлаад ч байгаа юмуу, гуниглаад ч байгаа юмуу бүү мэд. Багны цаанаас юу ч мэдэгддэггүй. Зурагтынхаа араас харлаа. Шил нь харагдаад маскнаасаа ч дор. Энэ авгайн дотор юу бодогдоно вэ? Чоу овогт Макбэт уг нь 40 мянгатын хүмүүжилтэй дажгүй соёлсог эрээ. Байлдаандаа дажгүй. Уг нь үнэнч. Шударга л юм даа.

Самуурай шударга байлгүй яахав. Гэрийн хүмүүжил шүү дээ. Англиар бол найт, оросоор бол рыцарь шүү дээ. Даанч нөгөө но багтай ноотой авгайдаа атгуулчихсан. Толгой муутай юм чинь. Авгайгийн үгээр. Өөрөөс нь болохоор дан үнэнч шударга л юм гараад байхаас үхэрээ үхэр. Үзмэрч амьдралыг нь хэлээд өгөв. Англиар шулам байсан чинь Курасовагийн хэлж байгаагаар ойн савдаг гэнэ. Манайд үзмэрч гэдэг биз дээ. Лам ч гэж болно. Ламын үгэнд ороод, лаларталгүй наад эзнээ хуньчих гэж эхнэр нэрт эм шулам ятгана. Нүүрэнд нь өчүүхэн ч өөрчлөлт үгүй. Хаан болов.

Орчин үеийн ойлголтоор Ерөнхийлөгч хавьцаа. Гэхдээ яахаараа Английн хаан титэм Японд болохоор нэг муу модон хэрэмтэй хотын мэрийн ширээ болдог байнаа. Но авгай Чоу Макбэтовичийг газар дээрх ганц найзаасаа сал гэж ятгаж байгаа юм даа. Ноотой байгаа биз. Бусад хүн бол маскаа нэвтэртэл улаймаар газар мань эм шулам хөдлөх ч үгүй сууж байгаад л ингэв. Бүр ал гэсэн. Хүүхдийг нь ч гэсэн устга гэсэн. Тэгээд гүйцэтгэлийг нь хараад нөхрөө “үнэн хүртэл чамд хууртагдлаа” гэж урмын үгээр шагнав. Бас яахав дээ, тээ. Санаа муутай хүнд тусалбал Сэргэхийн аргагүй тамд унана гэсээр байтал Саам найз нь гайгүй гэсээр байгаад хулхидуулаад толгой байдаггүй ээ.

Ард түмэн ярьж байнаа. Ноёныхоо тухай. Ноёны пиар хоорондоо зөрчилдөхөөр барахгүй ярьж буй нь бодит байдалтай таардаггүй. Хүмүүс гайхна, эргэлзэнэ. Гэхдээ тэдэнд аливаа үзэгдэлд өөрийн дүгнэлт өгөх эрх бий. Үүнийг “золбин муур ч хааныг харах өөрийн өнцөгтэй” гэж Шекспир тодорхойлжээ. Чоу ойн савдаг дээр эргэж очив. Роман Поланскигийн Макбэт-д тогоон дотор хүнийг бүүр соёлтойгоор чанаж болгоод идэж байгаа боловсон шуламс байдлаар илэрхийлэгдсэн байдаг. Полански ч лутаа лут. Даанч кино шүүмжлэгчид түүний жинхэнэ англи жэнтэльмэн Макбэтийг нэгэн дуугаар Курасовагийн самуурайн ард зогсоогоод байдаг юм.

Самуурай ч гаднаас нь харахад л шог болохоос Японы сэхээтэн л дээ. Даанч нөгөө но авгай л хэцүү. Жинхэнэ хорчин. Гэрчийг устгаж байгаа, худлаа цуу тарааж байгаа, нөхөрлөлийг үгүйсгэж байгаа, пиар хийж байгаа нь жинхэнэ шекспир маягийн сонгодог. Хүнийг нэг л ашиглана. Харин хүмүүс мэдсээр байж нэг л удаа ашиглуулна. Хүний өөрийнх нь мөн чанар юм болов уу. Ийм луг авгай статистикаар бодвол 10 мянган хүн тутамд хэд байдаг юм бол. Лав Шекспирээс өмнө зөндөө л байсан. Түүнээс хойшхийг нь хүмүүс харин лэди Макбэттэй зүйрлэдэг болчихож. Нөхөртөө цустай ч гэсэн титэм олоод өгчихөж чадаж байгаа биз дээ.

Чадаж байгаа юманд арга байхгүй. Оросын Лесков Мценск тосгоны леди Макбэт гээд хөөрхөн копи гаргасан. Түвшин түвшиндээ л... гэхдээ л нийтлэг. Курасовагаас хойш эзний эхнэр өөрөөр төсөөлөгдөх болжээ. Гаднаас нь харахад. Багтай. Багийг нь хуулж орхивол хэн ч гараад ирж магадгүй. Нигер, орос, жаахан хольцтой ориг монгол, туранхай хөх, бүдүүн шар, эмч, эдийн засагч, Ромын папыг дагадаг, Далай ламыг шүтдэг гээд хэн ч байж болно.
Шекспирийн дүгнэж байгаагаар хорон муу сүнс хүнд шүгэлчихээр лэди Макбэт буй болдог гэнэ. Лесковынхоор тосгонд ч байдаг гэнэ. Курасовагийнхаар Азид ч бий гэнэ.

Харин орогнох хүнээ олоогүй хэсүүчлэн яваа муу сүнс хорвоогоор нэг байгаа аж... аа яа яа. Манайхан Макбэтийг тайзнаа тавиасай. Шекспирийн таван том трагедиас дөрвийг нь тавьсан мөртлөө Макбетийг бол үгүй. Улс маань толгой дээрээ орос макбэт авгайтай байснаас болсон байхаа. Мэргэн орчуулсан шүү дээ. Мэргэн мундаг орчуулагч. Но авгайгийн гарт л өртчихгүй бол... Бидэнд Полански, Курасова, Мифүнэ л байхгүй нь л харамсалтай.
Өө нээрээ Курасовагийн Чоу овогт Макбэт, но авгай хоёрын эзэн суудаг газрыг Аалзан хот гэдэг юм билээ. Чоу эхлээд хойд зүгийн дарга гээч болж байгаа юм.

Энэ нь Аалзан хотод харьяалагддаг салбар юмуу даа. Ингэхээр Аалзан хотод бусад мужууд хамрагддаг, өөрөөр хэлбэл, удирдлагын аалзны тортой болж таарах нь. Торны гол зангилаан дээр но авгай нөхрийнхөө нэрээр очоод суучихаж буй хэрэг байх нь. Аа зөв зөв... одоо ойлголоо. Харин гарт нь наалдсан цус арилахгүй зовоож байна лээ дээ. Угаагаад л угаагаад л... арилдаггүй ээ.

Баабар

Єдрийн сонин 2006 оны 12-р сарын 07

2 comments:

Anonymous said...

за яанаа бардаггүй дээ энэ нийтлэлийг.
ухаандаа тагнуулын хэдэн мөрдөстөнгүүдийг өмнөө ёслуулж байсан энхбаярын авгайг л цаагуураа хэлсэн байх.
энхбаяр зальтай нохой л доо. одоо сонгуулиар гараад л ирнэ. ийм л нийгэмд бид амьдарч байна хөөрхий.

UROLOGY said...

Сайн хүн бүр би бөөр, баян чинээлэг,
  Би дэлхийд миний бөөрийг 1 Энэтхэгт яаж худалдсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна, миний нэрийг би Оюун бол Монголоос ирсэн. Би интернетээр интернэтээр зардаг ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон.
Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна. Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би монголын баялаг, аз жаргалтай байна. Би өөрийнхөө компанид 780,000 $ -оор бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилтыг даван туулж байгаа, эсвэл та баян байхыг хүсч байвал та имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Эсвэл 91424323800802 руу залгана уу
No Whatsapp: 15177971496.