Wednesday, February 21, 2007

Б.Баабар: Дэвшил хөгжил рүү явж байгаа юм болгон миний шүтээн

-”Дэлхийн яруу найрагчдын чуулга уулзалт” гэдэг нэртэй хурал Монголд болж байна. Яруу найраг бичдэг, сонирхдог зарим улс энэ арга хэмжээг баахан шүүмжилж байгаа бололтой. Тухайлбал, Б.Галсансүх гэдэг хүн нэг сонинд ярилцлага өгөхдөө “Шал дэмий, завхарсан юм” гэсэн байна. Таны бодол ямар вэ?

-Наадахыг чинь сайн мэдэхгүй юм аа. Дэлхийн яруу найрагчдын хурал болдог гэж саяхнаас л сонсож байна. Янз янзын мэргэжлийнхний, олон улсын шинж чанартай олон нийтийн байгууллагуудын чуулга уулзалт зөндөө л болдог. Марк сонирхогчдын хурал ч гэдэг юм уу, эсвэл шүдэнз үйлдвэрлэгчдийн уулзалт болж л байдаг, тэдний л нэг биз. Сайн мэдэхгүй байна. Ер нь бол өнөөдөр дэлхий дээр яруу найраг сонирхдог хүмүүс маш их багассан шүү дээ. Ийм их хурдтай хөгжиж байгаа өнөө үед тэгж шүлэг мүлэг гэж явдаг хүмүүсийн хүрээ их хязгаарлагдмал болсон. Яруу найраг өөрөө үеэ өнгөрөөчихсөн байхгүй юу. Яахав, Дундад зууны Араб, Пушкиний үеийн Орос гэх мэтийн үед яруу найргийг их сонирхдог л байж л дээ. Харин өнөөдөр хөгжлийн хурд ийм болсоноор хүмүүс яруу сайхан, гоо сайхны таашаалаа зурагт, эсвэл кино гэх мэтийн зүйлээс илүүтэй авдаг болсон байна. Гэхдээ яруу найраг гэдэг бол мөнхийн зүйл л байх л даа. Сэдэв нь ч тэр. Хайр дурлал гэхэд л мөнхийн сэдэв гэдэг биз дээ. Ер нь бол яруу найраг нь хөгжлийнхөө оргил үеийг өнгөрөөсөн гэж үздэг юм билээ.

-Хурал гэснээс Дэлхийн монголч эрдэмтдийн хурал сая бас болов доо. Өөрөө түүх бичдэг, судлаач хүний хувьд сонирхов уу?

-Ёстой сонирхсонгүй. Тэр чинь үнэндээ хүйтэн дайны үеийн л үлдэгдэл байгууллага шүү дээ. 1957 онд бий боллуу даа. Үндэстний хувьд монгол судлалын төвийг Монголд байлгах сонирхлоос үүссэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ л гол нь тухайн үедээ бол. Монголыг нөгөө талаас нь судалж шүүмжилдэг судлаачдыг “мад тавих”, тэдний эсрэг хандуулах зорилгоор байгуулагдсан юм байгаа биз. Монголыг судалдаг том дайснуудыг илрүүлдэг байлаа шүү дээ. Одоо үндсэн бүтэц зохион байгуулалт, үндсэн идэй санаа нь өнгөрөөд үзэл суртал, тэр элдэв юмтайгаа хоцрогдоод хэдэн өвгөцүүлийн хоолоо олж иддэг газар л болчихсон юм шиг харагддаг

-Гэхдээ монгол судлал нь өөрөө ач холбогдлоо алдаагүй биз дээ?

-Үгүй тийм биш л дээ. Ач холбогдолтой байлгүй яахав. Хамгийн гол нь тэр бүтэц зохион байгуулалт нь хуучнаараа үлдээд хэдэн хүний хувийн өмч шиг болчихгүй юу. Тэгээд тэрийгээ тойроод л манаж суудаг, элдэв хүн амьтан ойртчих вий гээд л болгоомжлоод байж байдаг болчиж л.

-Тэгвэл бусад оронд ямар байдаг хэрэг вэ? Тухайлбал орос, хятад судлалын хувьд?

-Хятадыг гэхэд л сонирхдог, судалдаг өчнөөн олон хүн байна. Тэд нар чинь цуглаад л хоорондоо санал бодлоо солилцоно шүү дээ. Тэрнээс биш энэн шиг тийм ёслолын ажиллагаа энээ тэрээ биш юм. Цэвэр судлаач, эрдэмтдийн санал бодлоо солилцдог асуудал. Тэгвэл манай энэ бол хэзээ ч тийм байж үзээгүй л байхгүй юу. Том үзэл суртал, том суртал нэвтрүүлгийн л хэрэгсэл байсан.

-Ер нь Монголыг судлах нь дэлхийд хэр чухал юм бэ. Тийм ач холбогдолтой зүйл мөн үү?

-Хүйтэн дайнаас хойш бол бүр ач холбогдолгүй болсон. Тэр үед бол нөгөө талынхан, тухайлбал Америкт Индиана Их сургууль, Германд Боннын Их сургууль гээд тодорхой төвүүдэд засгаас нь зориуд мөнгө гаргаад судалдаг байлаа. Судлаачид нь ч тодорсон байв. Рүүпэн, Сандэрс гээд нэр бүхий хүмүүс байв. Наад зах нь гэхэд л япончууд монгол судлаач нараа Англид явуулж бэлдцэг байсан. Японы монгол судлаачдын олонхи нь Кембриж төгссөн хүмүүс байлаа. Тэгээд хүйтэн дайн дуусуут монгол судлал ач холбогдолгүй болчихгүй юу. Монголыг тухайлан судлах нь мөнгө хөрөнгөний хувьд ч гарзтай болсон. Америк, Япон, Германы Засгийн газрууд бүгд санхүүжилтээ зогсоосон. Ингээд ирэхээр чинь монгол судлалаа хөгжүүлье л гэж байгаа бол өөрөөр хандах хэрэгтэй болж байгаа биз дээ. Зах зээл дээр оршин тогтнох аргаа хайх хэрэгтэй байгаа байхгүй юу. Манай эд нар болохоор засгаас мөнгө аваад л хийгээд байх юм боддог, үнэндээ тэр нь бололцоо ч байхгүй. Жижиг орон шүү дээ. Бүтэц зохион байгуулалтаа өөрчлөх хэрэгтэй, хөгжүүлье л гэж байгаа бол, одоо байж байгаа байдал нь шинэ орчинд тохирохгүй байна.

-Та зохиол бичиж байгаа юу?

-Уран зохиол хэлж байна уу? Үгүй дээ, тийм зав алга. Залуудаа л уран зохиолоор оролдож байсан, тэрийгээ нийлүүлээд саяхан “Бооцоо” гэж хоёр боть болгож гаргасан. Уран зохиол оролдоод тэрүүгээрээ хооллоод явах бололцоо манайд үгүй. Нэгд зах зээл алга, хоёрт миний бичсэн уран зохиол намайг тэжээтэл тэгж их сонирхол татаж чадах уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй асуудал. Олон жилийн өмнө бол ямар ч эдийн засгийн сонирхолгүйгээр цэвэр романтик хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн бичиж байж дээ.

-Та орчуулгын ажилд их дуртай хүн шиг байдаг, олон ч ном зохиол орчуулсан байх. Сайн орчуулагч нар маань нас яваад шинэ залуу хүмүүс төдийлөн харагдахгүй байх шиг. Сүүлийн үед олигтой сайн орчуулга гарч уу, юм олж үзэв үү?

-Моононцагаан гэдэг хүн Хятадын тухай нэг сайн ном герман хэлнээс орчуулсан байна. Тэр хүнийг урьд нь мэддэггүй байсан, их сайн орчуулга болсон байна билээ, Ер нь орчуулга гэдэг ажил өөрөө цэвэр авьяас шаарддаг, түүнээс гадна орчуулагч хүн цаад хэлнээсээ илүүтэйгээр эх хэлээ мэдэж байх хэрэгтэй юм. Орчуулгаар сайн мэргэшээд гарч байгаа залуу хүн харагдахгүй л байна. Г.Аким гуай, Ц.Гомбосүрэн гуай нарын маань нас явж байна. Х.Мэргэн байна. Зөвхөн Х.Мэргэн байгаа учраас Монгол Телевизийн киноны орчуулга сайн байдаг. Хэрвээ Х.Мэргэн байхгүй бол бусад телевизийнхтэй л адилхан болно. Энэ телевизүүдийн киноны орчуулга гэж толгойн үс босмоор юмнууд байх юм. Юу юу гэнэ вэ, ээ чөтгөр чөтгөр гэнэ үү. Чөтгөр гэдэг чинь монгол хэлэнд сэргэлэн хүнийг л хэлдэг. Тэрнээс биш чөтгөр гэдэг хараал монгол хэлэнд яаж байхав дээ. Хүүхдээс долоон дор юм хийх юм аа. Ер нь одоо Монголд орчуулга нь илүү чухал байна. Юу гэх гээд байна вэ гэвэл, ялангуяа байгалийн шинжлэх ухааны сурах бичиг гэхэд л зохиож байна гээд л өөрсдөө ч ойлгохгүй юм хийж хүүхэд алж байснаас гаднын сурахыг орчуулах хэрэгтэй байна. Хүүхэд ойлгохоор л орчуулчихвал тэр гавъяа шүү дээ. Нэг их сүрхий эдийн засаг мэддэг хүн болоод л хүн ойлгохын эцэсгүй нэг юм биччихнэ. Үнэндээ цаанаа хуулсан л байгаа. Тэгсэнд орвол хүлээн зөвшөөрөгдчихсөн, сонгодог болчихсон юмнуудыг зүгээр шууд л орчуулчих хэрэгтэй байхгүй юу. Орчуулгын чухлыг тун олон юман дээр хэлмээр байдаг. Хуулиасаа авахуулаад л. Тухайлбал, өнөөдөр шилжилт хийж байгаа 40-өөд орон дотроос хуулийн орчин хамгийн сайтай нь Унгар байдаг. Яагаад гэвэл тэд нар шинээр хууль мууль бодож олоод давхиад байсан юм байхгүй, Австрийн хуулиудыг унгар хэл рүү орчуулаад л хэрэглээд байдаг байхгүй юу. Тэр нь хэчнээн жил хэрэглэгдчихсэн, өөрчлөх шаардлага байдаггүй хуулиуд. Манайхан болохоор зохионо гээд л үзчихдэг, эцэс сүүлдээ тэр нь хүн аймаар юм болсон байдаг. Үнэндээ энэ чинь мэддэг чаддаг хүний туршигдсан юман дээр л суурилах ёстой байхгүй юу. Хүн төрөлхтөний нэг алдсан алдааг араас нь давтаад явж болохгүй биздээ. Ийм учраас өнөөдөр манайд зохиож суухаасаа орчуулж суух нь л хамаагүй чухал байна.

-Орчуулга оролддог, хийдэг хүмүүст энийг орчуулах юмсан гэж бодож явдаг зүйл байдаг. Таны хувьд? Ер нь ойрын үед орчуулахаар зорьж байгаа ямар бүтээл байна?

-Ер нь би зохиол бичихээсээ илүү орчуулах юмсан л гэж боддог. М.Фридманы “Капитализм ба эрх чөлөө” гэдгийг эхнэрийнхээ хамтаар орчуулаад эхэлчихсэн. 1957 онд анх гарсан энэ номыг одоо болтол дэлхий даяараа уншиж байна. Урьд нь түүний “Хувь заяагаа сонгох нь “-ыг орчуулсан. Ерөөсөө М.Фридманы олон нийтэд зориулсан эдийн засгийн гурван том сонгодог бүтээл байдаг. 3 дахь нь “The Tiranny of Status Quo” гэж бий. Адам Смитийн “Үндэсний баялаг” гэдгийг орчуулах юмсан гэж боддог. Монгол хэл дээр орчуулж байгаа нь энэ гээд 1000 хуудас номноос ойлгоогүйгээ орхиод ойлгосноо орчуулсан юм уу хайшаа юм, 200 хуудас болгосон нэг тийм халтуур гарсанаас өөрөөр орчин үеийн эдийн засгийн тулгуур болсон энэ сонгодог одоо болтол манайд алга. Гэтэл эдийн засгаар 50 шахам мянган оюутан суралцдаг гээд байгаа. Монтескью байна. “Хуулийн амин сүнс” гэж өнөөгийн энэ нийгмийн тогтолцооны тухай хамгийн шилдэг зохиол байгаа юм. Гээд тоочвол орчуулахыг хүсч байгаа юм зөндөө. Ухаандаа миний бараг хамгийн дуртай зохиолч Ф.Достоевский байна. Шашин машны үзлээс болоод монгол хзл дээр зохиол нь бараг гараагүй. “Дорд үзэгдэгсэд” гэдэг нь нэг гарлуу даа дээр үед. Их муу орчуулсан. Нэрнээсээ авахуулаад буруу. Харин саяхан “Гэм зэм”-ийг нь Ц.Гомбосүрэн гуай сайхан орчуулсан. Миний бодлоор Ф.Достоевскийн зохиолын оргил нь “Карамазовынхо”-н юм. Тэр орчуулагдаагүй. Ер нь дэлхийн утга зохиолын хамгийн сонгодгууд нь манайд өнөө хэр орчуулагдаагүй байна. Орчин үеийн буюу хорьдугаар зууны дэлхийн утга зохиолыг цоо шинээр буй болгосон Ф.Кафка байна. М.Прүсийн “Алдагдсан цагийн эрэлд”-ийг орчуулаагүй. Ж.Жойсын “Үлисс” байна.

-Тэгвэл эднийг хэн хэзээ хийх вэ? Тийм үе хэзээ гарч ирэх вэ? Тухайлбал, “Үлисс”-ийг та нарын үед орчуулж барах уу?

-Яахав, тодорхой санхүүгийн бололцоо олдвол орчуулах хүн олдоно л доо. Тийм амархан орчуулдаг эд бас биш нь биш л дээ. Гэхдээ манайд чадвартай хүмүүс хуруу дарам боловч бий шүү дээ. Х.Мэргэн бол “Үлисс”-ийг орчуулж л орхино. Г.Аюурзана бас чадна. Зах зээл л их муутай. Тэгэхлээр ялангуяа тэр орчуулах орчин нөхцлийг нь бүрдүүлэхэд санхүүгийн дэмжлэгийг нь бий болгож өгөх хэрэгтэй юм. Үүнийг л голчилж хөөцөлдөж байна. Сонгодог бүтээл зах зээлээр ядруу байх нь элбэг. Иймээс санхүүгийн хувьд өөрийгөө нөхөх чадвар муу. Иймээс дэмжлэг хэрэгтэй байдаг юм. “Кармазовынхан”-ыг нэг тодорхой компани санхүүгийн дэмжлэг үзүүлж, Ц.Гомбосүрэн гуай яруу сайхнаар монголчлохоор тохирчихоод байгаа. Энэ бол латин үсэг ч үгүй хүн латин толь зохионо гэж төрөөс мөнгө дэлсэхээс хавьгүй буянтай, шудрага ажил л даа.

-Сайн зохиолыг, том бүтээлийг их муу орчуулсан, бүр баллаж хаясан жишээ их бий. Тухайлбал, саяхан Карл Поппэрийн алдартай номыг тантай тун ойр байдаг нэг хүн маш “сайхан оршуулсан” байна лээ.

-”Гуйланчлалын философи” гэдгийг хэлж байна уу? Тэр яахав, цаад сангаас нь хэвлүүлсэн юм аа. К.Поппэрийн сан л даа. Саяхан бишээ, арваад жилийн өмнө шүү дээ. Энд орчуулчихсан байсан юмыг гадаад хүн дээрээс нь нэмж “Ийм байх ёстой” гэж засаад баллаад хаячихсан юм. Ямар сайндаа би монголоор уншаад ойлгоогүй, сүүлд нь англиар уншиж байж, ийм юм байсан юм байна гэж нэг барагласан. Тэр бол ёстой өнөө эртний монгол хэл гэлээ гэгчээр, тэрийгээ л сайн мэддэг нөхөр л дөө, нэрийг нь хэлээд яахав, гаднын нэг монголч эрдэмтэн хүн байсан. Харин сая Ц.Гомбосүрэн гуай Поппэрийн “Нээлттэй нийгэм ба түүний дайснууд” гэсэн сонгодог зохиолыг нь тун гайгүй орчуулж хэвлүүлсэн шүү.

-”Эрэлхэг цэрэг Швэйк”-ийг та миний ширээний ном гэсэн байсан?

-Швэйк бол нэгдүгээрт, дэлхийн сонгодог зохиол мөн. Хоёрт, энэ чинь хачин гоё элэглэл байхгүй юу. Тэгээд тэр элэглэл маань миний амьдарч байсан нийгэмд их таардаг байсан. Үйл явдал нь дэлхийн I дайны үед Австри-Унгарын эзэнт улсад л болоод байгаа юм шиг хэрнээ миний амьдарч байсан тэр дал, наяад оны байдал, дээрээс нь одоо бодоод байхад өнөө манай үеийн ч ялгаагүй, хүн хүний тэр хачин араншинг их томруулж элэглэсэн. Орчуулга нь ч үнэхээр сайхан, монгол хэлний элэглэлүүдийг их сайн ашигласан байдаг. Очирбатгэдэг хүн орчуулсан юм. Гэхдээ энэ бол миний ганц дуртай зохиол ч биш л дээ Байнга уншиж байдаг зохиолчид маань гэвэл, А.Чехов, Ф.Достоевский байх шив. Эд бол үнэхээр гайхалтай л даа.

-Монголын зохиолчдоос та хэнийг илүү үнэлдэг вэ?

-Ерөөсөө уран зохиол гэдэг бол давтагдашгүй юм хийхийг л хэлдэг. Хүний хэзээний хэлчихсэн юмыг давтана гэдэг бол ямар ч үнэ цэнэгүй зүйл л дээ. А.Пушкин гоё бичдэг байлаа гэхэд өнөөдөр түүн шиг гоё бичээд ямар ч хэрэг байхгүй. Монголын уран зохиолд давтагдашгүй агуу хүн бол ердөө ганцхан л байсан. Дэлхийн уран зохиол руу ойртсон гэдэг юм уу, юу гэдэг юм, ерөөсөө бүх юм нь оригиналь. Тэр нь С.Эрдэнэ. Ялангуяа жар, далаад оны өгүүллэгүүд нь үнэхээр давтагдашгүй зүйл мөн. Үнэхээр агуу зүйл, үнэ цэнэ гэдэг бол тэр л байсан. Өөр хэн бэ гэвэл үнэндээ мэдэхгүй юм. Ер нь тэгээд манайд бол шүүмж судлал хөгжөөгүй болохоор их зовлонтой л доо. Бараг байхгүй гэж хэлж болно. Иймээс Эрдэнийн давтагдашгүй бичлэг, санааг анализ хийж дүгнэсэн зүйл үгүй. Гэхдээ би С.Эрдэнэ гуайн тухайд бол их олон юмтай харьцуулж дүгнээд хэлж байгаа юм шүү.

-Монголын зохиолч, яруу найрагчдын дунд гадагшаа гарна, чадна гэсэн хүмүүс их олон байдаг ч ингэж чадсан нь ганц Ч.Галсан гуай. Түүний ингэж чадсан нууц юунд байна вэ? Үнэхээр сайн зохиолч уу?

-Мэдэхгүй. Уншаагүй болохоор сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан зах зээлээ л олсон байна. Дэлхий чинь том юм шиг мөртлөө нэг талаасаа их жаахан юм шүү дээ. Хэр баргийн юманд шинэ гом л гаргаж ирэхгүй л бол зай завсар олдохгүй. Сая тэр Д.Бямбасүрэн гэдэг хүүхэн кино хийгээд зах зээлээ олчихлоо. Манайхан чинь эндээ л том том юм яриад байдаг болохоос дэлхийн зах зээлд гарна гэдэг амар юм биш л дээ. Харин зүгээр, хүрээ нь ямар байна вэ гэдэг бол өөр юм. Японд дуулаад байдаг хүүхэд чинь хэн билээ. Тэрийг бол Япон даяараа шүтээд байгаа юм байхгүй л дээ. Гэхдээ л мэдрэмж сайтай, төлбөрийн чадвар өндөртэй тэр зах зээлд өөрийнхөө хүрээг олчихсон л байна. Тэр хүүхдийг сонсдог, мөнгөө төлөөд очоод сонирхдог 5000 ч юм уу хүн тэнд байна.

-Шашин шүтлэгт та яаж ханддаг вэ? Атеист хүн ч юм уу гэмээр байдаг?

-Атеизм гэдэг чинь өөр ойлголт юм аа. Бурханыг үгүйсгэдэг ойлголт. Би бол шашныг үгүйсгэдэг хүн биш. Гэхдээ шашнаас ангид хүн. Яагаад гэвэл бурхангүйн үзлийн үед хүмүүжлээ олж авсан. Шашныг үгүйсгэдэггүй, гэхдээ тэрнээс ангид хүн. Ер нь шашин гэдэг бол өөрөө соёл, философи, хүмүүжил, боловсрол гээд бүх юмны цогц юм шүү дээ. Бүхэл бүтэн иргэншил юм. Ийм учраас хүндэтгэх ёстой. Тухайлбал, хүн төрөлхтөний бичигдээгүй хориг хязгаарууд, болно болохгүй гэдэг заагуудийг шашин л бий болгосон. Хууль хийж болохгүй зүйлүүд гэсэн үг. Жишээлбэл, хуулинд эхнэрээ хүндэтгэх ёстой гэж болохгүй биз дээ. Хүндэтгэхгүй бол тэдэн жил хорино ч гэдэг юм уу. Тэгвэл энэ бүх дэг журам юмыг шашин л бий болгосон хэрэг шүү дээ.

-Чинагийн Галсан гуай саяханы нэг ярилцлагадаа “Буддын шашин энэ олон жилд монголчуудыг огт хүмүүжүүлсэнгүй” гэсэн байсан?

-Тэр худлаа. Их хүмүүжүүлсэн шүү. 16 дугаар зуунд Буддын шашин орж ирж байхад монголчууд ямар зэрлэг бүдүүлэг түмэн байсан гэж бодно? Баяр наадам хийж уул ус тахиж байгаа нь энэ гээд 18 настай охидыг Орхон голд үйж байсан гээд л бий. Эсвэл өвөг эцэг нь үхэхгүй болохоор ач нь хонины сүүлээр шахаж шаант чөмгөөр гудруулж алдаг ч байх шиг. Бөөгийн шашны аймаар бүдүүлэг ёснууд тэр чигээрээ байсан. Буддын шашин орж ирсэнээр, наад зах нь олон эхнэр авдаг ёсыг үндсэндээ зогсоосон. Маш их соёл өгсөн. Энэтхэг, Төвдийн соёлын асар их элементүүд оруулж ирлээ. Яахав, удаад хэтрээд ирэхээрээ аяндаа хөгжлийг чөдөрлөсөн тал бий л дээ. Гэхдээ нэг талаасаа асар их дэвшил, гэгээрэл өгсөн юм шүү. Ярих юм байхгүй.

-Ta тэгвэл хэнийг, юуг шүтдэг вэ? Хүн болгонд л өөрийн гэсэн шүтэх бишрэх, дээдлэх итгэх зүйл байдаг?

-Би нийгмийн дэвшил, хөгжлийг л шүтдэг. Шинжлэх ухаанд л итгэдэг. Би өөрөө байгалийн шинжлэлийн хүн. Надад шинжлэх ухаан л бүхий л зүйлийн ул суурьтай тайлбарыг өгдөг. Түүнээс биш ямар ч ид шид, элдэв юманд итгэдэггүй. Өнөөдөр бүх юм яван явсаар зөвхөн шинжлэх ухааны соёлтой зохицуулалтад орчихоод байна шүү дээ. Тийм учраас дэвшил хөгжил рүү явж байгаа юм болгон миний шүтээн гэх юм уу даа. Тэгж л ханддаг.

-Одон медаль, торийн хайр хишиг гэдэг зүйлд таныг хамгийн тоомжиргүй, тэр бүү хэл элэглэж ханддагийг хүмүүс мэднэ. Гэтэл тээр жил төрийн одонгоор шагнуулаад, малилзтал инээгээд зурагтаар гарч байсан. Энэ ямар учиртай явдал болсон юм бэ?

-Тэр улс төрийн акци байсан юм аа. 1996 онд МАХН-ын 75 жилийн ой болоод, тэд нар намынхаа 150 хүнийг шагнуулах гээд нэрийг нь өгчихсөн байсан юм. Тэгэхэд ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь М.Энхсайхан байлаа. Тэгээд тэр одонг МАХН-аас ганцхан Г.Очирбат гуайд өгөөд, нэмж Э.Бат-Үүл бид гуравт өгсөн юм. Нөгөөдүүлийн өнөө намынхаа ойг хийх гэсэн баяр хөөрийг нь “Өө үгүй, энэ чинь Монголд улс төрийн нам байгуулагдсаны баяр, дан ганц МАХН-ын баяр биш” гэж болгоод, бид гуравт өгч байсан улс төрийн агуулгатай юм байсан байхгүй юу (инээв). Түүнээс тэр төмрийг нь би чанаж идэх биш, надад ямар ч хэрэггүй эд л дээ. Ер нь тэгээд энэ шагнал гэдэг бол, би авсан аваагүй өөрөө нийгмийн өвчин, солиорол юм. Хүний хөдөлмөр бүтээлийн эцсийн хэмжүүр нь хэдхэн юмаар л илэрхийлэгддэг. Нэр төр, хүндэтгэл, мөнгө гээд. Эрүүл саруул нийгэмд тийм л байдаг. Хойт Солонгост би их олон очсон. Хүн болгон энгэрээрээ дүүрэн одонтой. Сүүлдээ металл нь хүрэхээ байгаад том том далбагар пластмассаар хийдэг болчиж. Энгэрээрээ дүүрэн одонтойгоор хэдэн зуун мянгаараа турж үхэж байна, ингэхээр ямар утга учир байна аа. Тэр одонг зүүгээд амьдрал нь дээшлээд, эсвэл бусад нь “Хөөх, энэ одонтой болчиж” гээд сөхөрч унаад байгаа юм хаа байна аа. Зүгээр л өвчин байхгүй юу. “Энэ хүн энгэртээ найман гялгар төмөртэй юм” гээд дараагийнх нь 5 үе нь шүтэж бишрээд үүрд дурсаад байгаа юм хаана байна. Хөдөлмөрийн баатарын тэмдэг цуглуулагчдын зах зээлд 250 мянга хүрдэг юм гэнэлээ, тийм утгаараа л ач холбогдолтой байх.

-Энэ нийгмийн өвчин үү, монгол хүний араншингийн юм уу?

-Монгол хүний, ер нь нүүдэлчдийн нэг тийм араншин байдаг юм. Бага хаадын үед мэргэн, сайн, сэцэн, баатар гээд л өч төчнөөн цол буй болгож өөртөө болон бие биендээ өгдөг байлаа. Монголынх нь дуусахаар гадаадынхыг нь аваад л, ван, бэйл бэйс, бошигт мошигт гээд л явчихдаг. Адилхан нүүдэлчид болохоор ижил орчинд ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас бусдаасаа ямар нэг юмаар ялгарах гэж зүтгэдэг хэрэг. Тэгээд ялгарч буй нь энэ. Тэрнийхээ төлөө үхэлддэг ийм байсан. Тэр нь явсаар байгаад социализмын үед бүр гаараад өвчин нь архагшаад ийм юм болж л дээ.

-Энэ өвчин арилах уу?-

Арилах байх аа. Тийм шинж бас харагдаад байгаа. Эсвэл бүүр сайхан дампууруулах нэг гоё арга бий. Нэг ийм тоо байдаг. П.Очирбатын 8 жилд тараасан цол гуншинг Н.Багабанди нэг жилийн дотор өгсөн гэж. Тэгсэн Н.Багабандийн 8 жилд өгсөнийг Н.Энхбаяр ерөөсөө хоёр, гурван сарын дотор тарааж байгаа байхгүй юу. Тэгэхлээр тэр арга бол их гоё оо. Цөмөөрөө гавъяат, цөмөөрөө ардынх энэ тэр болчих юм бол энэ чинь ингээд сайхан дампуураад дуусах байхгүй юу. Тэгээд бүгдээрээ нэг баахан хэрэггүй төмөртэй. Нөгөөхөө шатааж ч болохгүй, хайлуулж ч болохгүй. Тэгэхтэй зэрэг нэг хүн гавъяат болоотохлоо гэхэд, хажуу айлынх нь ч гавъяат, ажил дээрээ очсон ч бүгдээрээ гавъяат болбол их гоё болно (инээв). Ер нь ч тийм болчихоод л байна л даа. Тэгэхлээр би энэ ингэж их тараадагийг маш зөв, одоо улам их өгөөсэй гэж бодож байгаа. Өгөх ч байх. Ер нь өгсөөр ч байгаа. Гэхдээ нийгэм бас ч эрүүлжиж байгааг олж хар л даа. Дээр үед хэдэн хэнхэг өвгөчүүл энгэрээрээ дүүрэн төмөр зүүчихсэн гудамжаар гайхуулан явдаг байсан, одоо харин хэдийгээр их шагнуулж байгаа ч гэсэн энгэрээрээ дүүрэн одонтой хүн явж байвал солиотой хүн гэнэ биз дээ. Бас өөр болоод, засраад байна шүү (инээв). Энгэрээрээ нэг гялгар төмөртэй хүн гудамжинд явж байвал бусад нь шоолж хардаг болжээ. Энэ бол бас зөв дэвшил шүү.

-Монгол хүнд энэ мэт муу юм их бий. Харин хамгийн сайн зүйл нь юу вэ?

-Амьдрах чадвар аягүй сайтай. Нүүдэлчний л юм л даа, ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай. Иргэншсэн орнуудад байгалийн хүндрэлийг давахын тулд бүтээн байгуулж байлаа шүү дээ, байшин барьдаг ч юм уу. Тэгвэл нүүдэлчид болохоор тэрнээс хамгаалах биш дасан зохицох хандлагатай. Намар айраг сайн уу, өвөл даарахгүй гэдэг зохицож байгаа асуудал болохоос биш дулаалаад хамгаалах биш байгаа биз дээ.

-Тэгвэл муу араншин нь?

-Дасан зохицно гэдэг маань нөгөө талаасаа хүний биш нэг ёсондоо чонын амьдралтай болгож байгаа юм. Ямар нэг баримталдаг зарчим байхгүй, хэзээ ч юуг ч худалдахад бэлэн ч гэдэг юм уу, аягүй тиймэрхүү амьтны зөнтэй. Шугуйн хууль гэдэг шүү дээ, илүү их дасан зохицсон нь үлддэг. Тийм учраас монгол хүн хамгийн их хулхи гэдэг чинь энэнээсээ л болж байгаа байх л даа.

-Улс төрөөс та их хөндий байх шиг байна. Улс төр таныг оролдохгүй байна уу?

-Улс төр нь илүү мафижаад, гэмт хэргийн бүлэглэлийн шинжтэй болоод явчихлаа. Уул нь улс төр гэдэг маань нийгэмд зөв менежмэнт хийнэ гэсэн л үг шүү дээ. Гэтэл тэр утга нь алдагдчихсан. Энэ нь өнөө л шилжиж байгаагаас л шалтгаалаад байна л даа. Африкийн орнууд дөнгөж тусгаар тогтнолоо олсоны дараагаар яаж дампуурч байлаа, одоо л нэг гайгүй засарч эхэлж байна. 50 жилийн дараа шүү. Бид нар ийм урт зам туулах байх л даа. Тэр Африкийн орнууд тавь жараад онд тусгаар тогтнолоо олсон нь хэдий сайн боловч дараа нь өнөө иргэншсэн байдлаа олох, улс орноо зөв мщнежмэнтээр, ард түмний хүсэл зоригоор авч явах, тэр бүхэн орхигдсон. Тэгвэл энэнд чинь суралцах хэрэгтэй байдаг байхгүй юу. Ингэхийн тулд манайх ч тэдний адил хамгийн муу муухай замаар л явж таарна. Нийгмийн менежмэнтээр биш, нийгмийг тонох тэр заваан юмаар л явна. Тэрийг туулахад хугацаа хэрэгтэй. Манай нийгэм нээлттэй болоход би тодорхой үүрэг гүйцэтгэсэн, тэгээд гүйцэтгээд дууссан. Тийм болохоор одоо тийшээ очиж хулгай хийлцэж байх ямар ч сонирхол алга. Нийгэм өнөөдөр моралийг уландаа гишгэдэг болж хувирч байна. Энэ хулгай хийж байгаа юм чинь би яагаад болдоггүй юм гэж бодохоос биш, ерөөсөө хулгай хийж болохгүй гэдэг ойлголт огт байхгүй. Хэн нэг даргыг хулгай хийлээ гэж уурлахдаа, тэр хулгайлсан юмнаасаа хуваалцсангүй гэж уурлахаас биш, хулгай хийж болохгүй гэж уурладаггүй. Аймшигтай яа. Би бол ингэж л боддог, би л хулгай хийхгүй байж байгаад бурханы өмнө цэвэр очиж байвал барав, тэртэй тэргүй эргЗн тойрон бүгд хулгайч юм чинь. Тэрийг засах гэж яваад ч хэрэг байхгүй.

-Хэрэг байхгүй юу?

-Засах юм ганцхан цаг хугацаа. Нэгмөсөн дампуурч баларч байж л нэг засарвал засарна. Одоо сурган хүмүүжүүлээд ямар ч хэрэг байхгүй. Энд нэг жишээ ярья. Дэлхийн II дайны дараа Японд 4 хүний дунд нэг гутал ноогдож байж. Гарахдаа гутлаа ээлжилж өмсдөг. Гэхдээ хэн ч хулгай хийж байгаагүй. Хулгай хийхгүйн тулд Японы иргэншил 2000 жил хөгжсөн байхгүй юу. Тэрэнд л учир байна шүү дээ. Ядуу учраас хулгай хийдэг гэдэг бол ердөө л шалтаг тайлбар. Тэгвэл Африкт иргэншил байгаагүй. Бидэнд ч мөн адил. Тийм учраас бид 5 мянган жилийн иргэншлийн түүхтэй Хятадтай өөрсдийгөө харьцуулаад, эд нар яахаараа ингэж хөгждөг юм, бид яагаад болдоггүй юм гэдэг маань цаад сууриас нь харах юм бол илүүтэй утгагүй зүйл юм. Тэд чинь ганцхан технологио л сольсон улс. Түүнээс биш цаад уг иргэншлээ солиогүй байхгүй юу. Яагаад гэвэл тэр нь өөрийнхөөрөө өчнөөн зуу, мянган жил болчихсон уламжлалтай иргэншил юм. Тэгвэл бидний өнөө 2000 жилийн төрийн түүх энэ тэр гэдэг чинь иргэншлээс ангид, хүмүүс нь биенээсээ үл хамаарсан бие даасан, амьдралд нь шугуйн хууль илүүтэй үйлчилдэг чонын гэмээр амьдралтай байж. Иргэншил бол бидэнд ихээхэн шинэ зүйл. Ингэхлээр иргэншихийн тулд цаг хугацаа хэрэгтэй. Хамгийн сайн эмч бол цаг хугацаа гэдэг биз дээ. Одон дампуурч байж одонгүй болно гэдэг шиг одоо үйлчилж байгаа төрийн тогтоц системийн хувьд дампуурч байж л дараа нь нэг зөв гольдрилдоо орох байх аа.

-Та Намбарын Энхбаяр гэдэг хүнийг их “муулдаг”. Арай бүр үзэн яддаг юм биш биз дээ?

-Тэр надад ямар ч муу юм хийгээгүй. Гэхдээ энэ хүн Монголын ард түмэнд их балаг тарьж байна шүү дээ. Мэдээж өнөөдөр ялангуяа төрийн систем дампуурч байгаа нь ганц тэр хүнээс болоогүй л дээ. Ер нь ч тэрнээс гэхээсээ нэгэнт бий болчихоод байгаа тогтоцоосоо илүү болж байгаа юм. Гэхдээ манай нийгмийг тэр чигээр нь авилгажуулж, чадаж байгаа нь чадахгүйгээ тонож суудаг болгосон, нийгмийг бүлэглэлд хувааж өрсөлдөж тонодог болсон тогтоц бүрэлдэн буй болж улам урхаг шинжтэй болж байгаад энэ хүний хувийн үүрэг роль маш их байсан, байсаар ч байна. Нийгэм чинь, нийгмийн тогтоц чинь болохоо больчихжээ гэдгийг анзаарах ойлгох нэгэнд нь мэдүүлэхийн тулд түүнийг манай нийгмийг ялзруулахад ихээхэн зүтгэл гаргасан. Хариуцах үүрэг хүлээсэн бие махбодынх нь хувьд олонд плакат маягтайгаар жишээлэн үзүүлдэг. Бид нар тогтолцооны хувьд дампуурчээ гэдгийг тод харуулахын тулд л би түүнийг олон талаас нь жишээнд авдаг. Гэхдээ нөгөө талаас түүнийг сольчихоор л бүх юм засрана гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй, учир нь асуудал хүндээ биш тогтолцоондоо байна гэдгийг би үргэлж хэлдэг шүү. Харин муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр систем нь ийм гажигтай байгаад, тэр дээр нь нэг ийм увайгүй амьтан гарч ирж тэрүүгээр нь бүр тоглоод байгааг л би харуулах гэдэг. Түүнээс биш тэрэнтэй булаацалдах юм юу ч байхгүй. Яагаад гэвэл надад хулгайн нэг төгрөг ч хэрэггүйтэй адил тэр хүнд оюуны юмны ямар нэг хэрэгцээ гардаггүй л болов уу даа.

-Н.Багабанди гуайг ерөнхийлөгч байхад та бас их бичдэг тэр бүү хэл, түүнийг “Монголын ард түмэнд нүүрлэсэн гай түйтгэр, шулмын хорлол” гэж байсан. Одоо энэ бодол тань хэвээрээ юу?

-Би нэг онигоо яръя. Гурван хулгайч хааны цэцэрлэгээс жимс хулгайлаад баригджээ. Хулгайлсан жимсийг нь хошногонд нь чих гэж хаан тушаал буулгав Эхнийх нь хулгайлсан чавгаа чихүүлээд учиргүй орилж уйлж гэнэ. Хоёр дахь нь хулгайлсан алимаа чихүүлж байхдаа инээгээд байх юм гэнэ. Ял гүйцэтгэгчид ихэд гайхан-Өвдөхгүй байна уу, яагаад инээгээд байгаа юм бэ?-Өвдөлгүй яахав. Гэхдээ манай үлдсэн найз шийгуа хулгайлсан болохоор тэрийг бодоод инээд хүрээд байна. Нэг иймэрхүү зүй зохицол манайд болоод байна. П.Очирбат гэж нэг муу хүн байсан. Н.Багабанди нь тэрнээсээ муу байсан Н.Энхбаяр нь хоёуланг нь нийлүүлснээс ч олон дахин муу. Ингэхээр би дараагийн ерөнхийлөгчөөс одооноос айж байна(инээв). Улам л муу болгодог, улам л мууг нь шалгаруулдаг тийм механизм байгаа биз. Би ингэж л боддог. Энэ чинь цаашаа биднийг мөхөл рүү л аваачна. Мөхөл биш юм аа гэхэд дампуурал руу л аваачна. Дахин хэлэхэд Монгол улс ерөнхийлөгчөөсөө нэг их хамаараад байдаггүй тогтоцтой, гэхдээ дараагийн ерөнхийлөгч бидний тэр жижиг нүх рүү шийгуа чихэх гээд бэлдэж байна гэдэг чинь муу зүй тогтол бүрэлдчихээд буйг хэлээд буй хэрэг биш үү.

-Таны хообий юу вэ?

-За мэдэхгүй юм аа. Бага байхдаа марк цуглуулдаг байсан. Ном унших миний хообий гэх нь хаашаа юм. Ерөөсөө соёлтой хүн болгон ном унших ёстой болохоос биш, хообийгоор унших ёсгүй байх. Харин статистик байж мэдэх юм. Ухаандаа би статистикийн хэдэн мянган тоо цээжээр мэднэ. Зориуд цээжлэх гэж үздэггүй, гэхдээ статистиктай хүснэгт энд тэнд байвал харах их дуртай. Хараад их амархан тогтоочихдог юм. Жишээлбэл, өнөөдөр дэлхий дээр хэчнээн хэмжээний нефть, хэчнээн хий, нүүрс үйлдвэрлэж байгаа, аль оронд хичнээн гэх мэтээр бүгдийг цээжээр мэднэ. Гэхдээ энэ миний мэргэжил биш, зүгээр баримжаа авахын тулд л сонирхдог. За бас аль статистикийг хаанаас авсанаа цээжээр хэлж чадна. “Тайм” сэтгүүлийн тэдэн оны, тэр дугаараас ч гэдэг юм уу. Дэлхий ертөнц юм уу, Монголын талаар ямар нэгэн баримжаа авахад энэ нь их хэрэгтэй байдаг. Сонин дээр банкууд тайлангаа гаргадаг даа, тэрийг заавал хардаг. Аль банк юу юун дээрээ ямар үзүүлэлттэй байна, энэний шалтгаан юу байхав гэх мэтчилэн анализ хийхийг оролддог. Их дуртай юм бол янз бүрийн график, диаграмм. Дэлхийн банкнаас гаргасан зузаан хүснэгт байдаг, тэрийг орондоо ороод унтахынхаа өмнө харж хэвтдэг, зүгээр л сонирхдог юмаа хэлж байна шүү дээ, түүнээс гайхуулаад байгаа юм алга. Статистик миний хобби байж магадгүй л гэсэн юм.

-Сүмог монголчууд их үздэг болсон, таныг харин үздэггүй байх гэж боддог.

-Би сая өвдөөд хэвтэрт их удлаа. Хэвтэрт байхдаа 3 удаагийн сүмо өнгөрөөсөн. Бүгдийг үзсэн. Бөхчүүдийн нэрийг цээжлээд бүр мэхийг нь хүртэл японоор хэлдэг болсон./инээв/. Завгүй, эсвэл сонирхдоггүй болоод ч тэр үү их хөндий яваад байсан, өвчтэй болоод сонирхчихдог юм байна. Би ч одоо гарлаараа энэ Өвөрхангайнх юм уу даа. Тээр жил Өвөрхангайн хэд, энэ Бадамдамдин эднүүс Д.Дагвадоржийг дэмжих нийгэмлэг байгуулж байгаа, чи орооч энэ тэр гэсэн. Тэгээд би ороод тэр сүмогийн барилдааныг нэг очиж үзсэн шүү. Японд нэг хурал болоод тэрнээсээ өмнөхөн очиж үзсэн юм. Тэгэхэд Д.Дагвадорж комүсүби бил үү, тийм байсан л даа. Тэгээд тэр нийгэмлэг сүүлд больсон, аварга маварга болоод Өвөрхангайнх ч бай, хаанахынх ч бай, дэмжлэг хэрэггүй л болчихгүй юу.

-Таныг их чилээрхүү байна гэж нэг хэсэг шуугисан. Одоо бие тэнхээ ямар байна? Ер нь юу болсон юм бэ?

-Аа, манай энэ эмнэлгийн системийн муугаас л болж байхгүй юу. Хатгаа аваад эмчлүүлсэн чинь эмчлэх явцдаа С вирус хийж хаяад. Тэр нь хүндрээд Тайландад 3 cap сэхээнд байлаа. Бүр элэг солих дээрээ тулаад. Одоо ч гэсэн эмчилгээ дуусаагүй. Дөнгөж сая Тайландад эмчлүүлж байгаад өчигдөр ирсэн.

-”Тэргүүн” сонин захиалагчиддаа таны номыг хүргэх санаачилга гаргасан. Энэ саналыг яагаад хүлээж авсан бэ? Эдийн засгийн сонирхол байв уу? Эсвэл…

-Эдийн засгийн сонирхол шүү дээ. Би Монголын зах зээлд хагас сая ном борлуулсан. Энэ бол нэг талын рекорд л доо. Гэхдээ би номоо хүнд бэлэглэж, үнэгүй өгч байгаагүй. Миний хөдөлмөр шүү дээ. Хэзээ талхны үйлдвэрийн эзэн баахан талх тэвэрчихсэн амьтанд тараагаад явж байлаа. “Монголчууд: Нүүдэл суудал”-ыг сая гурван янзаар хийгээд бүгдийг нь зараад дуусчихлаа.

-Ер нь таны номыг голдуу ямар хүмүүс уншдаг юм бэ?

-Ер нь нийтлэг шүү. Гэхдээ арай илүү уншдаг нь сэхээтний хүрээ, тэгээд оюутан залуучууд юм уу даа. Би тэр “Дори Идэр дүүдээ хандах нь” гэдэг номоо 5 удаа хэвлүүлээд нийт 30 мянгыг зарсан. Тэр чинь амьдралын анхны алхамаа хийж байгаа хүүхэд залуучуудад зориулсан болохоос, нээх сонирхолтой уран зохиолын ном биш шүү дээ. Тэгэхлээр тэрийг 30000-ыг авч байна гэдэг чинь, хэн авахав, настай улсууд нэг их аваагүй байлгүй. Авлаа гэхэд хүүхэддээ уншуулах гэж л авдаг биз. Иймээс миний номыг илүүтэй уншдаг нь залуучууд юм. Би ч тэдэнд их хандаж бичдэг. Ер нь бол үө солигдохоос өөр аргагүй болчихоод байна. Нэг хэсэг нь социализмын цэвэр бүтээгдэхүүн, үхээд дууслаа. Мань мэт нь хагас социализмын, хагас шилжилтийн бүтээгдэхүүн. Одоо дараагийн хорь хоринхэдтэи хүүхдүүд, чөлөөт нийгэмд амьдрахаар шинэ үе болж гарч ирж байна. Одоо хараахан болоогүй байгаа ч тэд нар улс орныг, айл гэрийг, байгууллагыг 40-60 насандаа толгойлно шүү дээ. Тэр хүүхдүүдийг л ертөнцийн талаар зөв ойлголттой болоход нь тус нэмэр болсон нь хамаагүй дээр байдаг.

-”Монголчууд: Нүүдэл суудал” номын гол үнэ цэнэ юундаа байна вэ?

-Хүйтэн дайн дуусаад энд тэнд архивууд нээгдэж эхэллээ л дээ. Тэр архивт судалдаг хүн нь суугаад судлаад тухайлбал, Америкийн Эллман гэх зэрэг эрдэмтэд Тайванийн, Бээжингийн архиваас, за энэ Лузянин гээд хүн Орост хуучин хориотой хаалттай байсан юмнуудыг гаргаад ирэхгүй юу. Манай ч олон судлаачид урьд хаалттай байсан олон материалыг ил болгосон. Тэр гаргаж ирсэн материалыг нь цуглуулаад нэгтгээд үзэхээр түүхийн логик нь гараад ирж байгаа юм. Ялангуяа XX зууны Монголын түүх гэдэг бол монголчуудын өөрсдийн хөтөлсөн түүх биш шүү дээ. Үйл явдлыг тийм болгоно, ингэж явуулна гэдэг төлөвлөгөө нь гадна талдаа бий болж манайд зөвхөн хэрэгжсэн юм. Бодлого нь дандаа гадна талдаа, тэр нь ямагт нууц байсан. Тэрийг хүн илрүүлээд ирэхээр би бүгдийг нь авч анализ хийгээд нэгтгэсэн нь энэ юм. Тэрэндээ л хамаг шинэлэг нь байгаа юм.

-Монголын түүхийг баримт сайтай, үнэнлиг бичсэн ондоо бүтээл гадаад болон дотоодод хэр олон гарсан бэ?

-Байхгүй дээ. Рүүпэн “Хорьдугаар зууны Монгол”, Баудэн “Орчин үеийн Монгол” гэж бичсэн, иймэрхүү нэлээд хэдэн бүтээл бий. Гэхдээ өнөө л баримт нь хаалттай. нууц байсан учраас их өрөөсгөл болсон юм. Овэн Латтимор гэхэд л тэр том хятад, манж, монгол судлаач хүн атлаа гуч дөчөөд оны үед гэнэт зохиогдсон “Сүхбаатар, Чойбалсан хоёр ард түмнээ авраад, энээ, тэрээ” гэсэн хуурамч домогтүнэмшчихсэн, тэр домог дээр тулгуурлаж ном бүтээсэн шүү дээ. Баримт байхгүй, тухайн үед олдоогүй учраас л тэр.

-Таныг хүндэлдэг, зохиол номыг тань шимтэн уншдаг, ялангуяа залуучуудад хандаж та юу хэлмээр байна?

-Би залуучуудад хэзээнээс л хэлдэг. Юун түрүүний асуудал бол өөрсдөө хөл дээрээ босч ирэх юм шүү гэж. Тэрнээс биш проблем бол хорвоогоор дүүрэн байна. Монгол улс буруу яваад байна, удирдагчаа буруу сонгочиж, Хятадын колони болох уу, за цаашилбал агаар мандлын озон цоорлоо, дэлхийд дулаарлын аюул нүүрэллээ ч гэдэг юм уу, түмэн проблем байна. Гэхдээ залуу хүний нэгдүгээр асуудал бол чи өөрөө хөл дээрээ л босох. Хөл дээрээ босоогүй байхдаа чи тэр олон асуудлын ядахнаа ганцыг нь ч шийдэж чадахгүй. Баялгийг яаж бүтээх, нийгэмд байраа яаж олохоо л хамгийн түрүүнд бод. Солих оймсгүй байж озон цоорчлоо, яанаа гээд хамаг урьдах ажлаа орхиод гүйгээд байх хэрэггүй. Оймсоо нөхчих, дараа нь санхүүгийн хувьд эцэг эхээсээ хамааралгүй болчих, дараа нь тэднийхээ ачийг нь хариулж тэжээчих чадалтай бол. Ингээд системтэй явсаар байгаад нэг мэдэхэд чи Билл Гэйтс шиг баян болсон хойноо тэр озоноо янзал. Тийш нь мөнгө төгрөг өг, сансарт пуужин нисгэ, тийм үү. Төр засаг болохоо больчихлоо гээд тэрнээс болж сургуулиа хаяж, гутарсандаа болж архи ууж, догдолсондоо болж шүлэг бичээд хэрэггүй. Түүнээс өмнө нийгэм дэхь өөрийн байраа олох нь чиний тэргүүн зорилт шүү. Би ийм л юм хэлдэг, тэрийгээ л хэлье.

Тэргүүн сонин Б.Бат-Амгалан
Эх сурвалж: 2006.09.9 sonin.mn

10 comments:

Dori Ider said...

Энэ бол 2006.09.9 -н Тэргүүн сонинд өгсөн Баабарын ярилцлага. Б.Бат-Амгалан хэмээх энэ ярилцлага хийсэн залуу ёстой сайхан асуултууд тавьж "загатнасан газар" маажиж өгч чаджээ...

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...

"Chinii blog" zugeer yum baina. Baabariin oguullegiig unshih gej enee teree site iig shalgaj yavahgui amar boljee.

Dori Ider said...

Bayarlalaa. Yeruusuu gol zorilgo ni ter yum.

mbataka said...

Baabar ah ta shuu. Ta gancaaraa ch gesen ganc daichin gancdahgui shuu ueiin ued taniig dursan sanah bolno. Ur hoichiinhoo uhaan bodliig ulam sain ceneglej udaan amidraarai gej erooj bnaa.

P.S. Site hutlugch caash ni damjuulna zdee.

Anonymous said...

Ерээд оны эхээр гэнэт тэмээний тавхай vнэ орлоо. Тавхайны vнэ бvтэн тэмээнээсээ vнэтэй болж. Олон ч тэмээ тавхайнаасаа болж тэнгэрт халилаа. Гэхдээ хэн ч тавхайг нь аваад бусдыг нь хаяж байсангvй.

Дэлгvvрт давснаас єєр юмгvй болсон тэр vед монголчууд малын буянаар єлсєж vхэлгvй тэр хvнд vеийг давсан, тэмээний мах энд их vvрэг гvйцэтгэсэн. Харин тавхай яагаад vнэ хvрэх болов? Монголын тэ­мээг устгах Бээжингийн тєлєвлєгєє гэнэ. Тэмээг нь устгаад дараа нь хvнийг нь хvйс тэмтрэх зорилготой гэнэ. Тэмээгvй болчихвол Монгол Улс сєнєх гэнэ. Тэмээгvй Монгол гэдэг тайган эр л гэсэн vг. Ингээд “Тэмээ хамгаалах хууль” УИХ-аар батлагдан гарлаа.






Тэмээний тухай олон ном гарав. Тэмээ бол тэнгэрийн амьтан. Монголын тэмээ аврагдлаа. Хятадын хорон муу санаа дарагдав. Тэмээн тавхай vнэ хvрэхээ болив. Тєр ард тvмний хамтын сэрэмж монгол гентэй монгол тэмээгээ аварлаа.

Vнэндээ юу болсон бэ? Ємнєд Хятадад тансаг хоолны найрлагад баавгайн тавхай ордог аж. Хонконгод бvр их vнэтэй. Хойд Хятадын хэдэн сайн гар тэмээн тавхайг баавгайнх гэж хэлээд баахныг тийш нь зарчиж. Цаадуул нь мэдсэнгvй. Тэгэнгvvт давраад Монгол, Євєр Мон­голоос тэмээн тавхай vнэ хvргэн авч хулхидаж гарлаа. Жил бололгvй баригджээ. Тэмээн тавхайг хэн ч тоохоо болив. Ийм л юм болж дээ.

Гадаадын хєрєнгє оруулагчдын эсрэг нийтийн хийрхэл давамгайлаад гурван жил боллоо. Шалтгаан нь байгалийн эрдэс тvvхий эд гэнэт vнэд орсноос болсон хэрэг. Хэн нь илvv эх оронч вэ гэдэг нийтийн тэмцэл єрнєв. Эх оронч гэдэг цол бол Сvхбаатарын одонгоос ч илvv гоё чимэг. Би л дутчих вий гэсэн шиг цангатлаа уралдан орилолдов. Ерєєсєє байгалийн баялгаа ашиглахаа болиод хойд vедээ vлдээе, ингэхийн тулд єнєєдєртєє цємєєрєє єлсєж vхэцгээе, яадгийм гэсэн уриа хамгийн мундаг эх оронч лоозонгоор тодрон тэргvvлж байв. Ялангуяа Хойд Америкийн хєрєнгє оруулагчдыг эцэж vхтлээ хараацгаав. Хєрєнгє оруулалт хийхэд хуулийн таатай орчноор гайгvйд тооцогдож байсан Монгол энэхvv гурван жил vргэлжилсэн хийрхлийн шанд хєрєнгєє оруулбал хамгийн аюултай гурван орны тоонд орж “сэрэмжлэгтvн” гэсэн хаягтай болж орхилоо. Хятад, Оросоос єєр орон айгаад ойртохоо больж буй хэрэг.

Дэд бvтэцгvй, далайгаас хол орны тvvхий эд тєдийлєн тоогддоггvй. Энэ дэлхий эрдэс баялгаар халгиж цалгиж байгаа, олдворлолтын аль єртєг багатайг нь сорчилж хэрэглэдэг учир жанцантай. Таван толгойн коксжих нvvрсний ордыг нээгээд 45 жил болж буй боловч хамтарч ашиглах саналыг хэн ч хvлээж авч байгаагvй. Далаад оны дундуур Румын нэг сонирхсноо тээврийн зардал нь ашиглалтаасаа 10 дахин их байна гэж тооцоолоод “тvй” гээд орхижээ. Наяад оны дундуур Хойд Солонгос бас нэг сонирхов. Ким Ир Сэнийг панаалдах гэж хамаг ураа гаргасан боловч євгєн дарангуйлагч єєрийн мэргэжилтнvvдтэй хєєрєлдєєд “ашиггvй” гэсэн дvгнэлт гаргажээ. Ерээд оны дундуур Австралийн “Би Эйч Пи” хэмээх аврага компани хайгуулын лицензийг нь аваад хоёр жил судалж vзээд бас л “тvй чоорт” гээд буцааж єгєєд шилээ харуулсан.

Монголын байгалийн баялаг газар зvйн утгаасаа болж зєвхєн Хятадын зах зээлд борлогдох нигуртай. Оросын Сибирь баялаг худалдан авах биш харин экспортлох єрсєлдєгч. Дэлхийн зах зээл дээр тvvхий эдийн vнэ єсєєд ирэхээр байгалийн баялгаас улам бvр хараат болж, эрчим хvчний єлсгєлєнд орж буй Хятадын єсєн нэмэгдэх хэрэгцээнээс болж Монголын баялгийн vнэ єснє. Монголын vнэ хvрч буй баялгийг ашиглаж боловсруулж Хятадуудад худалдах сонирхол дэлхийн том компаниудад vvсэх нь ойлгомжтой. Энэ талаар хамгийн туршлагатай, хєрєнгєтэй, нэр хvндтэй нь Австрали, АНУ, Канадын компаниуд байдаг. Ингэж л тэд орж ирж буй хэрэг. Тvvхий эдийг худалдан авагчтай хамтарч ашиглах нь ихэнхдээ дэмий байдгийг олон жилийн туршлага харуулжээ. Иймээс нэр хvнд бvхий гуравдагч орны компанитай хамтарч ашиглаад Хятадад борлуулах нь Монголын хувьд vндэсний аюулгvй байдлаасаа ч, эдийн засгийн утгаараа ч хавьгvй хожоотой.

Уул уурхайн хєрєнгє оруулалт гэдэг асар их мєнгє шаардсан эд. Энэ мєнгийг яаж босгодог вэ? Хєрєнгийн биржээр дамжуулан энэ дэлхийн олон арван сая хvнээс мєнгє татан босгодог. Эзэмших гэж байгаа орд газраа зад панаалдан хєєргєн магтаж, олох орлогыг нь байн байн тоочиж хvмvvсээс мєнгийг нь салгаж авна. Мєнгєє банкинд хадгалуулснаас энэ хувьцааг авах нь илvv ашигтай юм байна гэж хvмvvс итгэл vнэмшилтэй болсон vедээ мєнгєє цутгаж эхлэнэ. Мєнгєє хийх гэж байгаа хvмvvс манай ХЗХ-ны хохирогсдоос арай илvv туршлагатай байдаг учир орд бvхий орны хуулийн орчин, бусад хєрєнгє оруулагчтай харилцаж буй байдал, Засгийн газрынх нь тогтворшил зэргийг судалдаг. Биржээс хєрєнгє босгох гэж байгаа эзэд ч заримдаа улайраад хэтрvvлдгийн нэг жишээ нь Айвонхо Майнзийн Фридланд гэгч юм. Тэрээр Монголоос олсон ордоо таван доллар гаргаад л 100 доллар олдог падвоолкны наймаа шиг ашигтай мэтээр хадуурчээ. Єнєєгийн дэлхийд ингэж 20 нугардаг хар тамхины бизнес ч байхгvй. Фридланд ер нь нэлээд хийтэй нєхєр гэсэн. Гэхдээ хичнээн хийтэй байгаад манайхныг бодвол арай ч гайгvй л дээ. Тэрээр Монголын бvх юмыг Энхбаяр гэдэг ганцхан нєхєр мэддэг гээд хэлснийх нь дагуу ойл­гочихсон учир ганцхан тэр рvv гvйж тvvнтэй л тохироод давхиад байсан нь харин ч муугаар эргэж Монгол бол Африк биш болохоор чєлєєт орны ард иргэд тvvний эсрэг босчээ. Хийтэй нєхрєєс болж маш их алдагдалд орсон компани нь мань эрийг даргын албанаас нь хуссан тєдийгvй хувьцааныхаа нэлээд хэсгийг асар туршлага бvхий Английн нэг компанид зарж гольдролдоо орсон аж.

Баялаг эзэмшигч орон, баялаг ашиглагч компани хоёр олзоо яаж хуваадаг вэ? Урьд vvнийг концессоор шийддэг байж. Сvхбаатар кинонд нэгэн америк эр концесс єгєх vv гэж асуухад энэ ямар учиртай vг болохыг жанжин єєр нэгнээс сэм асуудаг. Нэгмєсєн харанхуйгаар тодорхой мєнгє тєлєєд гадны компани єєрсдийн хєрєнгєєр ашиглаж гарах ашгийг нь бvгдийг нь авдаг наймааг концесс гэх. Єдгєє улс орнууд соёлжоод ийм маягийн “луйвар” бараг устжээ. Ордын vнэ болон нєєц, ашиглалтын єртєг, борлуулах зах зээлийн идэвх, ирээдvй, тухайн орны хуулийн орчин зэргээс хамаарч янз бvр гэрээ хийгддэг ба тэр нь олон улсын хvрээнд стандартчилагджээ. Vvнийг олон улсын жишиг гэж vздэг, аль аль тал хожоотой, сэтгэл ханамжтай хоцорно. Хамгийн алтан гэрээг “бvтээгдэхvvн хуваах гэрээ” гэж vздэг юм билээ. Ашиглагч оронд тєлєх татвар, роялтийн хэмжээ олзворлолтын хэмжээгээр нэмэгдэх ба эцэст нь ордоос нийт гарах ашгийн 60 хvртэл хувийг эзэн орон ганц ч тєгрєг гаргаагvй мєртєє авсан дvнтэй гардаг аж.

Ядуу орнууд байгалийн баялгаасаа болж улам ядуурдгийн нэг шалтгаан нь тэд юм vзээгvй, туршлага дутмаг байхын зэрэгцээ удирдлага нь авлигад идэгдсэн байдаг тул олон улсын жишгийг нулимж єєртєє ашиг­тай єєрийн дvрмийг ард тvмэндээ сайхан сонсогдох хэлбэрээр гаргаж ирдэг аж. Тэдэнд бирж дээр мєнгє босгох нэр хvнд, шууд хийх хєрєнгє оруулалтын мєнгє, vйлдвэрлэл явуулах менежмент аль аль нь vгvй мєртєє “тєрдєє буюу улсдаа хамаг юмыг авна” гэж дайрцгаадаг. Тєр бол vйлдвэрлэгч буюу ашгийн байгууллага биш гэсэн vндсэн зарчим хаягддаг учир олж долоосон жаахан нь бэлэнгээр тараагдана, хєшєє дурсгал болон ёрдойж хоцорно, єртєг єндєртэй ашиглалт багатай дэд бvтэц болно, ихэнх нь ард тvмэндээ хайртай эх орончдын орлого болж гадаадын найдвартай банкинд бэлэн валют болон хадгаламжийн хэлбэрийг олно. 1978 онд гадаадын хєрєнгє оруулагчдаас хурааж авсан асар том зэсийн уурхайг Перугийн тєр жил хагас ажиллуулаад бvрэн дампууруулан хааж байсан нь ганц тэдний явдал биш тєрийн менежментийн чадварыг илтгэсэн тод жишээ болон сурах бичигт vлджээ. Тєр олон улсын жишгээр баялаг ашиглалтаас татвар роялтигийн зарчмаар мєнгє олон тvvнээ нийгэмд зарцуулж чадвал улс орон хождогийн жишээг Чилиэр жишээлдэг нєгєє нэг vзvvлэлт мєн л сурах бичигт тод vлдсэн. Ядуу орны vндэсний vйлдвэрлэгчид гадаадын турш­­лага, мєнгє бvхий компаниудтай хавсран биржээс хєрєнгє татан олон улсын жишгээр ажиллаж баялгийг vр дvнтэй ашиглан улсаа босгосон олон жишээ хамгийн сонгодгоор шалгарч буй гэнэ.

Олон улсын жишгээс гажин уралдаанч уяач дарга нар нь гэдсээ цэрийтэл баяжиж, ард тvмэн нь хоосорч буй жишээг холоос биш энvvхэн Сvхбаатар аймгаас харж болно. Саяхан тэд 2006 оны ногдол ашиг гэж 10 сая доллар хувааж авсан тухай би сонссон. Монголын ард тvмэнд шавхруу ч ногдоогvй. Байгалийн баялгийг шууд єєртєє ашиглах худалдан авагч орон орд эзэмшин ашиглах илvv сонирхолтой байдаг. Иймээс хорвоогоор нэг тарсан хайгуулын болон ашиглалтын лицензийг хєршийнхєн маань илvv шохоорхон ихээр нь худалдан авсан билээ, сvvлийн хэдэн жил. Монголд орж ирсэн гуравдагч орны хєрєнгє оруулагчдыг хєєж гаргах сонирхол ч тэдэнд л илvv их байсан. Иймээс эсэргvvцлийн жагсаал цуглаан, эвдэн сvйтгэл, тулган шаардлагыг тэд л зохион байгуулах, єдєєн хатгах, санхvvжvvлэх илvvтэй шалтгаантай юм. Vvнд автахын тулд нэгдvгээрт эх оронч байх хэрэгтэй, хоёрт хєєрхєн тэнэг байх шаардлагатай. Энэ хоёр шаардлагыг хангасан хvмvvсээр харин миний эх орон ч дутна гэж гонж доо.

БААБАР

gegeen said...

bi helsen bugdtei ni sanal niildeg hun bish bolovch, zarim ishleliig ni 2 garaa, holtoigoo, oor orgoh buh yumtaigaa orgoj sanal niilehees argagui baidag. uchir ni bi ooroo utga zohioliin hun bish bolohoor zarim neg meddeg yumaa hund oilgomjtoi helehiin tuld baabariin helsenees sanaa avahgui bol bolohgui baigaad baina. www.gegeen.com deer ishlelees chini gants negiig tavisan. bolno biz dee.

Anonymous said...

hudlaa yarial, songuuliaraa nomoo tevertsen ailuudaar taraagaad l baisan shd, heden sanalaar ariljchikh geed l yavsan baina shd hehe

Anonymous said...

Библээс та дорх асуултын хариуг олно.

- Өнөөдөр Монголд ч, Баабарын хэлснээр хөгжсөн/иргэншсэн гээд байгаа барууны ертөнцөд ч яагаад худал хуурмаг, шударга бус явдал хаа сайгүй байна вэ, түүхийг эргээд харвал яагаад ер нь нэг иймэрхүү л явж ирсэн юм бол?

Библид хүний төрөлх мөн чанарын талаар маш тодорхой бичсэн байдаг.
Гэмтэй, бардам, мунхаг, мартамхай, талархахыг үл мэдэгч гээд л.

Хүн гэдэгт дээр байгаа дарга нар, гудамжинд яваа танихгүй хүмүүс, та өөрөө болон гэр бүлийнхэн чинь, найз нөхөд, ажлын газрынхан чинь бүгд л орж байгаа. Хүмүүс юугаараа ялгарч байгаа вэ гэхээр хэн аль талаараа илүү муу вэ, тэр муу тал нь хэнд нь гүнзгий, хэнд нь арай танагтай байна вэ гэдгээрээ л.

Муу мэдээ нь байдал цаашид улам муудна, ялзарна - хүмүүс яаж улам этгээд, гаж, муу байх вэ гэж байж ядсаар байх болно- хүний яс, мөс чанар муудаж байгаа гэдэгтэй ихэнх хүн санал нийлэх байхаа

Сайн мэдээ нь энэ бүхэн нэгэн цагт төгсгөл болж, сайн сайхан цаг ирнэ.
Хүнийг зохион бүтээсэн Бурханаа таньж мэдээд, бүтээл нь юм байна гэдгээ ухамсарлаж, даруу болсон нь Бурханы гэсгээлээс хэлтэрнэ. Хэлтрэхийн тулд Бурханы тавьж буй болзол, шаардлага нь нойль. Зөвхөн итгэ гэж байгаа. Боловсрол, мэдлэг эзэмших, сайн баатарлаг үйлс хийх албагүй. Бурхан хэн бэ, та хэн бэ гэдгээ л хүлээн зөвшөөр гэж байгаа. Бурханыг үл тоомсорлон пээдийж явсан хүмүүсийн харамсал харин хожимдсон байх болно.

Anonymous said...

Ene bible en ter gej erguuteed baigaa nuhur boliochee! Bi shashin shuteh es shuteh erhtei! Chinii teneg logiciin aldaatai esused chin itgehgui bna! Tegeed namaig tamd unagaah bilu? Itgeegui min tuluu tamd unagaaj baival chi uuruu tamd unaj uh! Bi itgehgui bna! Gehdee tamd unahgui gedgee medne! Zail christiin muu lalar min!