Wednesday, November 12, 2008

Шилмэл

Эртний Герегийн иргэншил гэж бий. Гэхдээ тэр үед улс гэдэг нь хэрэмээр хүрээлэгдсэн хот байдаг байлаа. Хэрэм дотроо өөрийн хаантай, хуультай, шоронтой, цэрэгтэй. Хотыг полис гэнэ. Иймээс хотын бодлого гэсэн утгатай политик гэсэн үг өдгөө улс төр, бодлого гэсэн санааг агуулах болжээ. Герегт биенээсээ үл хамаарсан, бие даасан бодлоготой олон хотууд байлаа. Тус болгондоо улс. Хэл ёс заншил соёл нь харин нэг. Хамгийн хүчирхэг хот нь Спарта. Кинонд гардаг Трой ч тусдаа хот. Харин ухаантнууд голдуу Афинд байх. Сократ, Аристотель, Платон гээд л. Улс гүрний бодлогын талаар тэд цэцэн мэргэнээ үздэг байж.

Герегийн гүн ухааны сор болсон Платон, Аристотель хоёр багш шавь байлаа. Улс төрийн үзлийн хувьд харин тэс өөр бодолтой байсан юм. Аристотель ард түмний төр буюу демократ гэдэг санааг гаргаж төр барих хамгийн идеаль гарц гэнэ. Даанч үүнийгээ үл бүтэх үзэл гэж боддог байлаа. Харин Афиний язгууртан гаралт Платон олигархийн төлөөлөгч тул улс гүрнийг шилмэл хэсгийнхэн толгойлох ёстой онол дэвшүүлжээ. Шилмэл хэсэг гэдэг нь өөр шиг нь гүн ухаантнууд аж. Платон яруу найргийг үздэггүй тул түүнийхээр шүлэгчдийг юун түрүүн улс орноос хөөж гаргах ёстой аж. Тэрээр хатуу чанга дарангуйлалтай Спарта хотын төрийн зохион байгуулалтыг загвар болгон шүтдэг байлаа. Гэхдээ хэрэв тэрээр харьцангуй чөлөөт Афинд биш бол ингэтлээ ил задгай маргаан өрнүүлж чадах эсэхээ тунгааж байсан болов уу?

Ромчууд рэс публика буюу бүгд найрамдах засаглал байгуулсан нь яах аргагүй Аристотелийн нөлөө. Парламентийн анхны хэлбэр болох өөрийн Сэнаттай, чөлөөт иргэд санал өгдөг байжээ. Улсыг диктатор толгойлно. Диктатор гэдэг нь дарангуйлагч биш цол юм. Харин Бүгд найрамдах засгийг Юлий Цэзарь будаа болгосон доо. Дараа нь Нэрон, Калигулла гээд аймаар махчингууд гарч ирсэн. IV зуун гэхэд Ромын эзэнт гүрэн сөнөснөөр Европ тэр чигээрээ харанхуй засаглалд умбалаа. Аристотель ч, Платон ч мартагдав. Европ мянган жил мухар сүсэгт баригдсан гүн балайралд нойрссон юм. Түүхэн энэ цагийг Харанхуй үе гэж нэрлэдэг. Хэн засаглах вэ, засаглагчид ямар моралийн эрх бий вэ, төгс засаглал гэж юув гээд ядахнаа маргаан ч үүсэж байсангүй. Угаасаа л язгууртнууд төр барих ёстой, сүм хийд голлох үүрэгтэй гэсэн мухар догма үйлчлэнэ, үүнд яагаад гэж хэн ч асуулт үл тавина.

Энэхүү харанхуй үеийн төгсгөлөөр хоёр том үйл явдал эргэлзээ буй болгосон юм. ХIII зууны эхээр Английн язгууртнууд хаан ганцаараа бүхнийг эрхшээж болохгүй, язгууртнууд төр барихад оролцох ёстой гэж үзэн шахалт үзүүлнээс түүхэн Магна Картын гэрээ гэгч баримт хуульчлагджээ. Нөгөө нь Флоренцийн ванд Макавилли хэрхэн засаглах тухай зөвөлгөө өгсөн явдал юм. Хүний оюун ухаан, хорон санааны хольц байлаа.

Ард түмэн төр барина гэсэн Аристотелийн санаа үе үеийн сэтгэгчдийн санаагаар баяжсаар Америкийн болон Францын хувьсгалаар амьдралд нэвтэрлээ. Гэхдээ л боловсролгүй харанхуй мунхаг түмэн төр барина гэдэг нэг л үнэмшигдэж өгөхгүй байсан юм. Хэдийгээр Линкольны “Ард түмний төр ард түмнээс урган гарч ард түмний төлөө” гэсэн үг гадна өнгөнөөсөө сайхан, шудрага сонстож байсан ч ялангуяа нийгмийн боловсролтой хэсэг санааныхаа мухарт үүнийг үнэн санаанаасаа хүлээж авч чадахгүй аж. Мэдээж язгууртнуудын үе өнгөрсөн. Зөвхөн гарал үүслээсээ болоод л бүхий л ард түмнийг захирах эрхтэй болно гэдэг наад зах нь л шудрага бус гэдгийг ойлгож байлаа. Гэхдээ л нийгмээ аваад явдаг шилмэл хэсэг хэрэгтэй. Шилмэлийн эрэлд их багагүй мордов. Шилмэлийн тухай Ницшэ өөрийн хувилбарыг гаргалаа. Ажилчин анги шилмэл нь болохыг Маркс томъёолов. Олон түмэн гэж нэрлэгдсэн харанхуй масс засаглах ямар ч бололцоогүй гэж Гарсиа ятгаж гарав.

Нэгэнт онол нь гарсан болохоор амьдрал дээр туршигч хэрэгтэй. Үндэстнүүдэд зэрэглэл тогтоож шилмэл үндэстэнд дэлхийг удирдах үүргийг Гитлер бодож оллоо. Шилмэл хүнийг хүртэл антропологийн шинжээр нь тогтоож өгөв. Үр дүнд нь дэлхийг хамарсан дайн дэгдэж 60 сая хүн амиа өргөжээ. Ажилчин ангийн онолыг Ленин амьдралд нэвтрүүлэв. “Гал тогооны авгай ч төр барьж болно” гэж тэр хэллээ. Гэвч боловсролгүй ажилчид төр барихад хэн толгойд нь байх вэ? Аягачин шивэгчин өөрөө намын дарга болох гэж үү? Лениний шийдэл их оригналь. Ажилчин ангид ухамсар аваачиж өгдөг шилмэл хэсэг байдаг гэнэ. Түүнийг мэргэжлийн хувьсгалч гэж нэрлэнэ. Коммунизм дарангуйлсан 70 гаруй жилд мэргэжлийн хувьсгалчдын гарт 100 гаруй сая хүн амь насаа алдсан байх юм.

Явж явж Аристотелийн зөв. Ямар ч нийгэм өөртөө таарсан удирдлагаа сонгох ёстой аж. Удирдлагыг төгс төгөлдөр байхыг хүмүүс шаарддаг. Гэтэл нэг талаас төгөлдөр юм гэж хорвоо дээр үгүй. Нөгөө талаас олон хүний дундаас гарсан шийдэл хамгийн их бодож л дундаж зэрэглэлтэй байдаг. Гуравдугаарт нээлттэй ардчилсан нийгэмд удирдлагад гарч ирэх хүн юун түрүүн өөрөө хүсэх төдийгүй үүнийхээ төлөө багагүй чармайлт гаргах шаардлагатай, өөрөөр хэлбэл олон нийттэй тохирч ажилладаг хүн байдаг. Иймээс алив ард түмэн сонголтондоо үргэлж сэтгэл дундуур байна. Бүгдийн сэтгэлд магадгүй Бурханы шилэлт л таалагдаж болох, гэтэл Бурханд огт итгэдэггүй хүн олон бий. Ингэхээр ардчилсан нийгмийн удирдлагад гарч ирж буй төлөөлөгчид нь шилмэл гэхээсээ нийтийн зөвшлийн үр дүн юм.

Монголчууд өөрснөө төрөө барилгүй 300 жил болжээ. Хэрэв 1911-1915 оны хоорон дахь богино хугацааг эс тооцвол. II Богдыг босогчдыг дэмжсэн хэргээр хордуулж алсан байдаг. Үүнээс хойш Төвдөөс хүн тодруулан Монголын шашны удирдлагад тавьдаг болжээ. Монголд үйлчилж буй бүх хуулийг Манжийн эзэд Бээжинд үйлдэн тулгадаг байв. Монголчууд 220 жил манж нарын вассал байсан юм. Оросууд Монголын төрд 1911 оноос нөлөөлөх болж, улмаар 1921 онд өөрийн нутаг дээр Түр Засгийн газар гэгчийг хүртэл байгуулж өгсөн. Хэлсэн зааснаас нь гажих бүрд цусан терророор эргүүлж янзалж байлаа. 1924, 1928 онуудад төрийн эргэлт зохион байгуулж байв. Чимэг болсон маршал Чойбалсан цаазаар авахуулах ял авсан залууг өрөвдөөд сургагчдаа арай л буудуулангаа алдаж байсан. Цэдэнбалд Москвагийн зөвшөөрөлгүйгээр гаргасан шийдвэр ээдээ мөн ховор доо. Перестройкын үеийн Батмөнх хүртэл Кремлийн ам л харна. Монголын төрийн бараг бүх байгууллагад байнга суух зөвлөлт сургагч эцсийн шийдвэр гаргадаг байсан үе дөнгөж өчигдрийн явдал.

Сүүлийн 18 жил монголчууд өөрснөө өөрийн үзэмжээр төрөө барьж байна. Алдсан ч оносон ч өөрийнх. Дэлхийн аль ч газар, аль ч үед байсны нэгэн адил нийгмийн сэтгэлгээний төвшиндөө таарсан Төрийг бид өөрсдийн үзэмжээр буй болгож байгаа. Муу муухай ч миний Төр, манай Төр, Монголын Төр! Шилмэлүүд Монголын төрийг бариагүй. Ийм бололцоо байхгүй. Харин бидний өөрсдийн шилсэн хүмүүс Төр барьж байгаа. Тэд бол манай нийгмийн толины тусгал. Ямар л ард түмэн байна, тийм л Төр байна. Ухаантай нь биш хүлээн зөвшөөрөгдсөн нь шийдвэр гаргадаг. Ер нь тэгээд ухаантай гэх нь ч харьцангуй ойлголт, тэр ухаан гэгч нь бүхнээр хүлээн зөвшөөрөгдөх бололцоогүй. Эднийг бид хүлээн зөвшөөрсөн. Манай үеийнхний сонголт. Дараа үеийнхэн илүү сайныг сонгох биз, учир нь дараа үеийн ард түмэн илүү гэгээлэг, илүү ухамсартай, сэтгэлгээ нь илүү өндөр байх буйзаа. Ингэхээр “76 үхэр, ухны” тухай ард иргэдийн өдөр бүрийн хайлж буй туульс бол үнэндээ өөрийгөө шоолж буй зүхэл юм. Тэд ухна мөн юм бол бид сүрэг нь! Ер нь ч угаасаа шилмэл гэж байхгүй. Шилсэн маань л энэ байна. Хошногоо өмхий гээд тайрдаггүй.

http://publish.news.mn/show?id=548

4 comments:

gegeen said...

harin l dee. shilmel bolon elitiin talaar hun bur l oor ooriin todorhoilolttoi l suuj baidag baih daa

ТАРЧЛААН said...

ЮМ БҮХЭН ЗИНДА ЗИНДА_ АНГИЛАЛ АНГИЛАЛААРАА ДУУСАХ ЮМ ШИГ БАЙГААН.

Батсүхийн Баасанжаргал said...

Баабар лав элит биш. Өөрийнхөөрөө зүтгэдэг соёлгүй нэгэн

Anonymous said...

baasanjargal guai, ug ni niitleldee bol bi elit geed dairaagui l bna shuu dee,
sanal niilj bnoo, ard tumen ooriin hussen zasaglalaa l songodog gedegtei, er ni mongolchuud bid chin hunii goy ugend huurtamtgai,eldev yumand tarhia ugaalgahdaa amarhan ard tumen yumuu daa, neg talaas oorsoddoo bish, oroold itgedeg zantai ch yum shig, tegeed daraa ni oroold l buruugaa tohdog,
ug ni huvi zayaniihaa ch, uil lainiihaa ch ezen ni bid oooroo l bval..,
hot bolgon l ooriin saihan huuhentei, baatartai, olhiogui arhichintai bdag shig, mngl maani ch gesen ooriin elittei l bh
gehdee busadtai haritsuulj bolohgui l dee

Our blog archive