Thursday, January 17, 2008

Бурханд халдаж бугийг нүцгэлэгч

Оросын аугаа зохиолч Фёдор Достоевскийн “Карамазовын хөвүүд” роман саяхан нэрт орчуулагч Ц.Гомбосүрэнгийн монгол хэлэнд хэлэнд хөрвүүлснээр НЭПКО хэвлэлийн газар хоёр ботиор хэвлэн гаргажээ. Хүний түүхэнд бичигдсэн хамгийн аугаа бүтээл гэж нэрлэгддэг энэ роман анх удаа монгол хэлээр гарч буйг тохиолдуулан Баабар уг номонд шүүмж бичжээ.




Шинжлэх ухааны түүхэнд Аристотель, Ньютон, Эйнштэйн гэсэн гурван аугаа хүн тус бүрдээ шинэ ертөнц нээжээ. Ертөнцийн тухай хамгийн анхдагч, хойшид мянга мянган жил хүчинтэй байсан тайлбарыг Аристотель гаргаж иржээ. Эвклид геометрээ зохиож, Потолмэй орчлон ертөнцийн загварыг сийлж, Архимэд, Пифагор нар өөрийн нэрээр нэршсэн хуулиудаа нээж байсан. Аристотель бүгдийг нь нэгтгээд орчлон ертөнцийг тайлбарласан. Бүх ертөнцийн таталцлын хуулиар хорвоог илүү нарийвчлан шинээр бүтээсэн хүн бол Исаак Ньютон. Ньютоны шинээр бүтээсэн ертөнц дотор шинжлэх ухаан хязгааргүй мэт тэлж, Үйлдвэржилтийн их хувьсгалын дотоод шаталтын хөдөлгүүр нь болсон юм. XIX зууны төгсгөлөөр ихэнх физикчид шинжлэх ухаанд нээгдэх ёстой болгон нээгдэж цаашаа хөгжих бололцоогүй, өөрөөр хэлбэл хязгаартаа тулчихлаа гэж үзэж байжээ. ХХ зуун дөнгөж гаруут Эйнштэйн дахиад аугаа шинэ ертөнц нээсэн. Юутай ч бид өнөөдөр түүний нээсэн ертөнцөд амьдарч байна.

Харин хүн төрлөхтний утга зохиолоор илрэх оюуны амьдралд түүхэн эргэлт хийсэн аугаа гурван өндөрлөгийн эзнийг Хомэр, Шекспир, Достоевский гэж боддог юм. Энэ гурав бол эргэлтийн цэг, цоо шинэ ертөнц бүтээгчид. ХХ зууны утга зохиолын уг ёзоор пундаамэнтийг нь Достоевский тавьжээ. Түүнгүйгээр Фройд, Кафка, Мишима, Жойс, Прүст, Гарсиа Маркэз гарч ирэх байсан гэж үү?

Шекспирээс 400 жилийн дараа түүний бүтээсэн эх дүр Хамлэт, Лир ван, Оттелла нарыг нэг л өдөр алах хэрэгтэй болсон юм. Ромеог Жүлэттэй нь буудан хороох хэрэгтэй байлаа. “Маавар хийдгээ хийлээ, маавар одоо зайл” гэж хэлсэн Шиллэрийг өөрийг нь хөөж явуулах хэрэгтэй болсон юм. Хүн төрлөхтний утга зохиолд гурван мянган жил ноёлсон “баатар”-ыг цаазаар авах хэрэгтэй байсан юм. Явсаар эзэн хаанаа алах гэж оролдсон, төрсөн эцгээ хөнөөх гэж санаархаж явсан Фёдор Достоевский ийм зориг гаргажээ. Хаан түүнийг эцсийн мөчид өршөөсөн. Хариуд нь Достоевский ганц муу хаантай зүйрлэшгүй том “баатар”-ыг нухах ялын төлөвлөгөөг гаргажээ. Ялыг 30-40 жилийн дараа түүний австри, ирланд, франц гурван хөвүүн гүйцэтгэсэн байна. Тэрээр эцгээ алаагүй л дээ, гэхдээ Эцэг Аврагчид халдаж түүний ганхашгүй ариун нэр төрийн ард асуултын тэмдэг зоож орхисон юм.

Достоевский гурван аугаа бүтээл тууривсан нь Солиот, Гэм зэм, Карамазовын хөвүүд. Достоевскийд үргэлж дөрөвдэх байдаг. Мөрийчин бол түүний дөрөвдэх гайхамшиг. Карамазовын гурван хүвүүн дээр нэмэгдээд нуувар хүү Смердяков дөрөвдэх болж гараад ирнэ. Чухам нуувар хүү эцгээ хөнөөжээ. Том хүү Дмитрий энэ хэрэгт унаж баривчлагдана. Гэтэл дунд хүү Иван эцгээ алах захиалга өгсөн юм биш үү?

Орос хэлэнд цареубийца гэсэн үг бий. Энэ нь Хаанаа хөнөөгч гэсэн үг. Мөн отцеубийца гэсэн ижил утгатай үг бий. Үгчилбэл эцгээ хөнөөгч. Эцэг гэж хэн бэ? Оросуудын хувьд энэ нь Төр. Хаан бол төр. Ингэхээр хаан бол Эцэг. Өөрөөр хэлбэл Төр бол Эцэг. Христ бол Эцэг. Сахал үсэндээ баригдсан хар лам ч мөн Эцэг. Харин төрсөн эцэг бол зүгээр л эцэг. Бодон гахай ч эцэг.
Азрага ч эцэг. Хүүгийн аав ч эцэг. Хүн эцэггүй байж болно, харин Эцэггүй байж болохгүй. Оросын үе үеийн сэхээтнүүд энэхүү орослог авир, номхон хүлцэнгүй чанарыг байнга шүүмжилж элэглэдэг авч орос хүн оросоороо л үлдсэн. Үнэн алдартны шашин өөрөө деспотизм юм. Ийм учраас зөвхөн Орост л Иван хааны догшрол, Годуновын самуурал, Павел хааны солиорол, Александр хааны заналхийлэл, Лениний хүчирхийлэл, Сталиний хядлага өндрөөр үнэлэгддэг. Оросууд шиг үнэнч, эх оронч өөр ард түмэн үгүй биз. Эцэг тушаал буулгавал бүгдийг хийнэ. Ямар ч хаанд ийм үнэнч гүйцэтгэгчтэй ард түмэн байгаагүй. Царь, император, нарком, генсек, президент гээд Эцэг олон нэртэй. Үнэн алдар, славянизм, оросын империализм, коммунизм гээд Эцгийн үзэл суртал олон нэртэй. Эцэг бол эх орон. Оросууд эх орны төлөө амиа өгөхийг нэр төрийн хэрэг гэж үзнэ. Эх орны төлөөх нүглийг гавъяанд тооцоно. Эх орны төлөө Эцгийн нэрийн өмнөөс галав юүлж чадна, зовлон тарихыг юман чинээ санахгүй. Прагматизм бол оросуудад харь төдийгүй харш үзэл.

Оросын утга зохиол нь оросын деспотизмын тусгал. Баатарлаг! Эх оронч! Индивидийг үл тоодог. Зөвхөн эх орончдын сүрэг байж дүр босно. Оросын утга зохиолын гурван том оргил Толстой, Чехов, Тургенев нар индивидийг хэт шохоорхдог учир оросууд өөрийн утга зохиолыг Пушкин, Лермонтовоор төлөөлүүлэх дуртай. Чухам ийм л учраас Достоевский Оросын утга зохиолтой хамаагүй нэгэн.Тэр орос хүн, орос хэлээр туурвиж байсан, зохиолын баатрууд нь оросууд, үйл явдал Орост өрнөнө. Харин Оросын утга зохиолын уламжлалаас шал сөөлжүү, оросуудын хэв шинжит төрхөөс тэс өмнөө, оросууд өөрснөө хэзээ ч сонирхохгүй сэдвээр бичиж байлаа. Достоевскийн хувьд отцеубийца, цареубийца хоёр шал өмнөө ойлголтууд. Төр, Бурхан хоёр тусдаа юм бол төрд тэрслэх, Бурханд тэрслэх хоёр хоорондоо ямар ч авцалдаагүй. Иймээс Достоевскийг Өрнийн утга зохиолд хамгийн том нөлөө үзүүлсэн хүнээр тооцдог ажгуу.

Карамазовын хөвүүд зохиол ч сүр сүндэр болсон гурван мундаг бүлэгтэй нь Тэрслэл, Аугаа эрүүдэгч, Чөтгөр. Дэмийрэл юм. Иван дүү Алёшагаасаа аймаар юм асууж байна. Хайр энэрэл гэж юу болох тухай асууж байна. Достоевскийн үед Орост народникууд гэгч террористууд ид гаарч байлаа. Бакунин онолоо ид суртчилж байсан үе. Тэд хүн төрлөхтнийг хайрладаг. Харин хүнийг огт хайрладаггүй. Хүн төрлөхтөнд мөнхийн жаргал олж өгөхийн тулд хүнийг зовоон тарчлаах, алж хядахыг юман чинээ санахгүй. Их үйл хэргийн төлөө бага гарз юу ч биш гэж үзнэ. Хүн бол бага гарз. Бага гарзанд өнчирсөн хүүхэд, үрээ алдсан эх, өвчинд шаналсан настан бүгд багтана. Бурханд сүсэглэж, ариун журмыг сахидаг Алёша нь Достоевскийг үхсэнээс хойш народник болсон байх. Аягүй бол явсаар большевик болоо биз. Яагаад гэвэл тэр хүмүүст хайртай, хүнд бол хайргүй. Хүнийг ойроос хайрлаж болдоггүй тухай ах нь дүүдээ сургаж байна. Яагаад гэдгийг нь тодорхой харуулахын тулд жишээг хүүхэд дээр авах юм.

..Хэрэв хүүхдүүд газар дээр аймшигтай шаналж байгаа бол, мэдээж, эцэг нарынхаа оронд тэгж байгаа, адын алим идсэн эцэг нарынхаа өмнөөс шийтгүүлсэн нь тэр, — гэтэл ийм эрэгцүүлэл бол өөр ертөнцийнх, энэ газар дээр хүний сэтгэлд ойлгомжгүй эрэгцүүлэл... Буруугүй бол бусдын оронд шаналаж болохгүй, хүүхэд шиг гэмгүй бол бүр ч болохгүй!...


Достоевский "ариун зорилгыг" үгүйсгэж байна. Ариун зорилгын золиосонд хүүхдийн ганц дусал нулимс урсвал тэр ямар ч ариун зорилго биш гэжээ. Гэтэл хүмүүс ариун зорилгын төлөө аймшигт нүгэл үйлдэнэ.


...Бодоод үз дээ, заримдаа хүний "араатных шиг" хэрцгийллийн тухай ярих нь бий, гэтэл энэ чинь араатны хувьд нүгэлтэй шудрага бус, гомдмоор явдал: араатан хэзээ ч хүн шиг хэрцгий байж чадахгүй, тийм чадамгай, тийм уран хэрцгий байж чадахгүй. Бар зүгээр л хэмлэнэ, тасдчина, чаддаг юм нь ердөө тэр. Бар хүнийг чихээр нь хадаж чаддаг ч байлаа гэсэн тэгж хадаж хонуулах санаа толгойд нь заяа нь орж ирэхгүй... Хэрэв шулам байдаггүй юм бол хүн түүнийг зохиосон болж таарах нь, тэгэхдээ өөрийнхөө дүрээр, өөртэйгөө адилтган зохиосон байна...


Хангалттай юу?

Бурхан хүнийг зохиожээ. Өөртэйгээ адилхан дизайнаар урласан байна. Хүн нүглийн алим идсэн. Дараа нь хүн шуламыг бодож олжээ. Гэхдээ өөрийнхөө дүрээр өөртэйгээ адилхан зохиосон байна. Ингэхээр ер нь Бурхан юу хийж орхив оо?


Энд чинь хүүхэд гэдэг амьтны өмгөөлөл хамгаалалгүй байдал, явах газар, очих хүнгүй тэдний сахиус шиг ариун итгэмхий зан тамлагчдын хорхойг чухамхүү хүргэдэг, тэдний бузар цусыг дэвэргэдэг байгаа юм.


Шуламд хувирсан хүн дааялангуяа хүүхдийг тамлах дуртай. Өмгөөлөл хамгаалалгүй, ядарсан буурай болгоныг тамлаж бахаа хангадаг эрлэг.

Гэтэл Иван дэмийрч байхдаа эрлэгтэй уулздаг. Ямар өчүүхэн амьтан байсан гээ? Бурхан бол аугаа. Бурхан энэ ертөнцийн сайн сайхан ариун цагаан болгоныг эзэлсэн аугаа ертөнц, бэлэг тэмдэг. Бурхан бол ариун сайхны хаант гүрэн. Хүмүүс чөтгөрийг Бурханы эсрэгцэл гэж боддог. Муу муухай, бузар булайн эзэнт гүрэн гэж үздэг. Тас харанхуйн хаант гүрэн. Тэгсэн чинь үхсэн баас! Чөтгөр гэдэг чинь яль шальгүй юм хөөцөлдсөн зүгээр л нэг өөдгүй амьтан аж. Түүнд ямар ч хүчирхэг шинж үгүй. Эрлэг, сатаны аугаа чадал үгүй. Зүгээр л нэг муу атгаг хорон санаатан. Бурханы аугаа хүчирхэгийн хажууд тэр муу юу юм бэ! Ердийн муу өчүүхэн хогийн шаарыг хүмүүс яагаад хорон муугийн хүчирхэг ертөнц гэж төсөөлдөг юм бол? Хүмүүсийн л нэгэн адил хий сүр үзүүлсэн шалихгүй шаар. Иван Алёшад шулам бол хүн өөрийгөө дуурайж зохиож бүтээсэн дуураймал гэж ярьж байсан нь уулзахаар яг л батлагдлаа. Хүн чөтгөр хоёр араатантай харьцуулахад хавьгүй муу муухайн тулам боловч чадал тэнхээний хувьд, аугаагийн хувьд Бурханы дэргэд юу ч биш. Аль алин нь!

Фёдор Достоевский Иван Карамазовтой нийлж зохиол бичжээ: Аугаа эрүүчин. Зохиолын ноён оргил. Зөвхөн энэ бүлэг л утга зохиолын орчлонд цоо шинэ ертөнц нээсэн аж. Хүний түүхийн явж ирсэн зам мөр, баримтладаг ёс суртахуун, сайн муугийн тухай уламжлалт ойлголтод асар том асуултын тэмдэг тавьлаа. Достоевский үе үеийн ухаант хүмүүсийг хариултгүй асуултаараа эрүүдэж гарах нь тэр. Тэр тамлан зовоогч. Тэр өөрөө аугаа эрүүчин. Севилийн ерэн настай зөнөг кардинал чинь Фёдор Михаилович Достоевский өөрөө байхгүй юу! Бие махбодыг эрүүдэх юу юм бэ? Өвдлөө хавдлаа тарчиллаа, их бодож үхнэ л биз. Хүнийг тэндээсээ хэзээ ч гарч чадахгүй сэтгэлийн хөндүүрлэл бүхий гүн худаг руу унагах шиг аймаар эрүү бийсэн бил үү? Хэн ч гар сунгахгүй, хэн ч туслахгүй. Хариу олж байж л эрүүнээс мултрана, хариу нь амархан юм шиг мөртөө үнэндээ хариу байхгүй. Ухаантайн зовлон! Тэнэгүүд л эргүүлэгт унахгүй, эрүү шүүлтэнд орохгүй. Тэдэнд асуух шаардлага байдаггүй, тэд угаасаа тэртээ тэргүй ямар ч асуултанд бэлэн хариутай байдаг. Тэнэгийн дотор тэнүүхэн. Тэнэгүүдийн ганц хариу нь "яадгийм!".

Христ дахин мэндэллээ. Испанид. Россинигийн Сэвильд. Гэхдээ үсчний газар биш. Галиллэйн ясыг үйрүүлдэг, Бруног шатаадаг аймшигт инквизаторын газар. Ард түмэн Аврагчаа тойрон хүрээллээ. Харин гэнэт Алуурч гарч ирэн Аврагчийг баривчил гэж тушаахад ард түмэн ямар дуулгавартай, ямар шуурхай хөдөлж байнаа? Одоо эрүүч Аврагчаас асууж байна. Энэ удаа хэн ч түүнийг гучин мөнгөн зоосоор худалдаагүй, ямар ч "ард түмний төлөөлөгч" гомдол мэдүүлээгүй. Тэрбайтугай Эрүүчин, Понти Пилати хоёр алин ч яллагч мөн боловч шал өөр сэдэлтэй тэс ондоо тэрслэгчид. Понти Пилат бол шал хөндлөнгийн хүн учир зөвхөн албан үүргээ гүйцэтгэж байгаа хүрээнд Аврагчийг тэрбайтугай аврах хүсэлтэй байсан бол Эрүүч Христийн үнэнч шавь боловч өөрийн хүсэл, итгэл үнэмшлийн хүрээнд Гэгээнтнийг устгах гэж улайрана.


...Гэтэл хүмүүсийн сүсэгт сэтгэлийг тайвшруулагч л тэдний эрх чөлөөг эзэгнэдэг юм. Талхны хамт Чамд маргашгүй тугийг өгч байсан: талхнаас маргаангүй юм юу ч байхгүй учраас талх өглөө л бол хүн шүтэн залбирна, тэгсэн хэрнээ түүний сүсэгт сэтгэлийг Чиний хажуугаар өөр хэн нэгэн эзэмдэж байгаа бол — ээ хөөрхий, тэр чинь Чиний талхыг хаячихаад, сүсэгт сэтгэлийг нь уруу татагчийг дагаад жилийж өгнө. Энэ тухайд Чиний зөв байсан. Яагаад гэвэл хүмүний ахуйн нууц зөвхөн аж төрөхдөө байгаа бус, юуны төлөө аж төрөхөд байгаа юм. Хүн юуны төлөө аж төрөх тухайдаа өөрийн гэсэн бат нягт төсөөлөлгүй бол аж төрөхийг зөвшөөрөхгүй, хавь ойрт нь хамаг янзын талх тариа байлаа ч гэсэн, газар дээр байснаас өөрийгөө егүүтгэхийг илүүд үзнэ. Энэ бол тийм нь ч тийм, гэхдээ юу болсон билээ: Чи хүмүүсийн эрх чөлөөг эзэгнэхийн оронд, тэр эрх чөлөөг нь улам нэмчихсэн!


Еэ Тэнгэр минь! Тэгээд эрх чөлөө чухал юм уу, талх чухал юм уу? Ариун итгэл үнэмшил талхнаас чухал гэдгийг Гэгээнтэн ойлгуулсан. Бүгдээрээ ойлгосон. Үнэхээр тийм гэдэг нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн. Эрх чөлөөг хүмүүст олгосон учраас Гэгээнтэн аугаа юм. Гэтэл эрх чөлөөг эзэгнэх тухай яриад уналаа. Хэн гээч? Шавь нар нь. Үйл хэргийг нь залгамжлагчид. Уравсан хэрэг үү?


... Чи хүмүний эрх чөлөөг эзэмдэхийн оронд түүнийг нь улам үржүүлж, түүний зовлонгоор хүний сэтгэлийн хаанчлалд үүрдийн дарамт учруулсан. Чи хүнийг Чамд уруу татагдан олзлогдоод, араасаа чөлөөтэй явуулахын үүднээс түүнийг чөлөөт хайртай болгохыг хүссэн. Хүн гагцхүү Чиний дүрийг удирдлага болгон, юу сайн, юу муу гэдгийг үүнээс хойш чөлөөт зүрх сэтгэлээрээ өөрөө шийдэж байх ёстой байсан, энэ бол эртний хатуу чанд хууль, гэтэл үүний оронд, — сонголтын эрх чөлөө шиг аюумшигт дарамтаар хүнийг дарлахад, эцсийн эцэст, хүн Чиний үнэн, Чиний дүрийг хүртэл арцаж үгүйсгэнэ гэж Чи үнэхээр бодсонгүй юү?...


Одоо ойлгомжтой. Гэтэл эрх чөлөө гэдэг чинь юу билээ? Юу сайн юу муу гэдгийг өөрийн үзэмжээр шийдэж байх нь эрх чөлөө. Гэхдээ Христийн удирдлагын дор. Харин сонголтын эрх чөлөө бол хүнд өөрт нь дарамт, там. Логик нь ойлгогдож байна.


...Манайд бол бүгд аз жаргалтай байх болно, Чиний эрх чөлөөнд байдаг шиг хойшид хаа сайгүй самуун дэгдээхгүй, бие биенээ хядахгүй. Тэд нар бидний төлөө өөрсдийнхөө эрх чөлөөнөөс татгалзаж, бидний эрхшээлд орж гэмээнэ сая эрх чөлөөтэй болно гэдгийг бид тэдэнд итгүүлнэ... Чиний эрх чөлөө тэднийг ямар аймаар боолчлол, уймралд хүргэж байсныг нэхэн санаад, бидний зөв гэдэгт тэд итгэн үнэмшинэ. Эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээ, шинжлэх ухаан тэднийг хөлгүй бөглүү рүү хөтлөн аваачиж, хачин гайхамшиг хийгээд шийдэгдэшгүй нууцтай нүүр учруулах учраас тэдний бууж өгдөггүй, догшин хэрцгий зарим нь өөрсдийгөө хядна, бусад бууж өгдөггүй хэрнээ тамир муутай нь бие биенээ хядна, гуравдахь хэсэг болох хүчээр маруухан, золгүйчүүд нь бидний хөлд мөлхөн ирж: "за, та нарын зөв байжээ, зөвхөн та нар л Түүний нууцыг эзэгнэж байсан байна, бид та нар дээр эргэж ирлээ, биднийг өөрсдөөс маань аварч өгөөч" гэж чарлахдаа хүрнэ...


Шинэ Христ үү? Шинэчлэгдсэн Христ үү? Христийн алдааг засагч уу? Эсвэл бүр антихрист үү? Сонголтын эрх чөлөө энэ аж. Достоевский ч, Иван ч Эрүүчийг адгийн шаар болгож харагдуулах гэж байна. Гэвч Эрүүчийн зуун хувь буруу гэж үү? Ядахнаа юу билээ гээд эргэлзэх юм энд алга уу? Сонгох эрхийг бүгдэд олгохоор биенээ үзэн ядана, улмаар хядалцана. Иймээс хүн эрх чөлөөтэй байх ёстой, гэхдээ эрх чөлөө нь залагддаг хяналттай байх ёстой.

...Сүргийг хэн жижиглэн бутлаж, үл мэдэгдэх зам харгуйгаар тараан цацсан бэ? Гэвч сүрэг дахин цугларч, дахин нэгмөсөн үүрд номхорно. Тэгэх үед нь бид тэдэнд номхон хүлцэнгүй аз жаргал хайрлана, тэд хүчин мөхөс заяагдсан болохоор тийм амьтдад таарах аз жаргал... Тэд нар бидний хилэнгээс салдайн чичирч, ухаан нь үүлгэртэн мохож, нүд нь эхнэр, хүүхдийнх шиг уйланхай улцан болно, гэхдээ бидний дохиогоор дорхноо хөгжин баясаж, гэгээн цэнгэл орж, хүүхдийн жаргалант дуу дуулцгаана. Тийм ээ, бид тэднийг албадан ажиллуулна, гэхдээ чөлөөт цагийнх нь амьдралыг хүүхдийн наадам шиг болгож, гоцлол дуу, найрал дуу дуулуулж, гэм халгүй бүжим бүжүүлнэ. Ээ хөөрхий, бид тэдэнд нүгэл үйлдэхийг зөвшөөрнө, тэд бол мөхөс дорой амьтад, тийм учраас нүгэл тарихыг нь зөвшөөрсний төлөө тэд биднийг хүүхэд шиг хайрлах болно. Бидний болгоосноор үйлдсэн аливаа нүгэл чинь цайрна гээд тэдэнд хэлчихнэ; бид тэдэнд хайртай учраас нүгэл үйлдэхийг нь зөвшөөрч байгаа юм, тэр нүгэлд нь ноогдох гэсгээлийг, яахав цаашаа, бид өөрснөө хүлээнэ. Тэгж хүлээнгүүт, тэд биднийг нүглийг нь Бурханы өмнө цайруулсан буянтнууд хэмээн энхрийлэн хайрлана. Тэдэнд бас биднээс нуух ямар ч нууц байхгүй болно. Тэдэнд эхнэртэйгээ бас нууц амрагтайгаа аж төрөх эсэхийг, хүүхэдтэй байх эсэхийг хэр зэрэг дуулгавартайг нь харгалзан бид зөвшөөрөх буюу хориглоно, тэгээд тэд бидний эрхшээлд хөгжил баяртай байх болно.


Ингэхэд жаргал гэж юу юм бэ? Дулаан байр, идэх хоол, үржих нөхцөл гэсэн гахайн жаргалын тухай Эрүүч яриагүй байна. Итгэл үнэмшил, баяр цэнгэл, сэтгэлийн ханамж яриад байна шүү дээ! Хамгийн гол нь аюулгүй орчин. Амар амгалан амьдрал шиг чухал юм хаана байна?


...Олон мянган сая аз жаргалтай нялхас, сайн мууг танин мэдэхийн хараалыг өөртөө хийсэн ганцхан буман тарчлагч нар л байх болно. Тэд чимээгүй үхнэ, Чиний алдрын төлөө чимээгүй бөхнө, тэгээд хойд насандаа үхлээс өөр юуг ч эс үзнэ. Гэхдээ бид нууцыг хадгалж, өөрсдийнх нь зол жаргалын төлөө тэднийг тэнгэрийн үүрдийн шагналаар хууран даллаж байх болно. Нөгөө ертөнцөд ямар нэг юм байлаа гэхэд, мэдээж, тэднүүс шиг юмных биш. Чамайг эргэж ирнэ, дахиад ялна, өөрийнхөө шилмэлүүдтэй, өөрийн бардам мундаг шилмэлүүдтэй ирнэ гэж ярьцгаадаг, зөгнөн төлөглөдөг, гэхдээ бид, тэд нар бол зөвхөн өөрсдийгөө аварсан, бид бол бүгдийг нь аварсан гээд хэлчихнэ. Араатан хөлөглөсөн, гартаа нууц барьсан завхай хүүхний шившгийг дэлгэж, мөхөс доройчуул дахин самуун дэгдээж, тэр эмийн улаан нөмрөгийг хүүлэн урж, "шулмын" биеийг нь нүцгэлнэ гэж ярьцгаадаг. Гэхдээ тэгж гэмээнэ би босч, нүгэл хилэнц гэж мэдэхгүй олон мянган сая аз жаргалтай нялхсыг Чамд харуулна. Тэгээд тэдний аз жаргалын төлөө нүгэл хилэнцийг нь өөртөө авсан бид нар Чиний өмнө босч зогсоод: "Чи чадах юм бол, зүрхлэх юм бол биднийг шүү" гэж хэлнэ. Би Чамаас айхгүй гэдгийг Чи мэдэж ав. Би ч тэр цөлд байсан, би ч царцаа, өвсний үндэсхэнээр гол зогоож байсан, Чиний хүмүүсийг адислаад байсан эрх чөлөөг чинь би ч гэсэн адисласан, би ч гэсэн "тоо нөхөхийн" хүслэн болж, Чиний шилмэлүүдийн тоонд, хүчтэн мундагчуудын тоонд орох гэж зэхэж байсныг Чи мэдэж ав. Гэхдээ би сэхээ орж, мунхаг хэргийн төлөө зүтгэхийг хүсээгүй. Би буцаж ирээд, Чиний гавьяаг зассан үй олонтой нийлсэн. Би бардамчуулаас зайлж, мөхөсчүүдийн аз жаргалын төлөө тэдэн рүү буцаж ирсэн...


Хүн нүгэл хийж болно. Нүгэлийг нь өмнөөс нь үүрэх ивээн тэтгэгч байхад нүгэл гэдэг бараг л буян гэсэн үг. Нүгэл үйлдэх эрх чөлөө, тайван амгалан амьдрах эрх чөлөө, шүтэж бишрэх эрх чөлөөний төлөөсөнд ердөө л сонгох эрх чөлөөгөө өгнө гэсэн үг. Хүний хувьд энэ бол хожоотой наймаа, ашигтай солилцоо.


...Миний Чамд ярьж байгаа юм ёсчлон бүтнэ, тэгээд бидний хаанчлал тогтоно. Чамд дахин хэлэхэд, тэр дуулгавартай сүргийг Чи ердөө маргааш харна, тэр сүрэг намайг ганцхан дохих төдийд, бидэнд саад болохоор ирсний чинь төлөө Чамайг шатаах түүдэг гал руу халуун нүүрс хамж хийх гэж ухасхийцгээнэ. Хэрэвзаяа манай түүдэгт орох хамгийн их гавьяатан байдаг бол тэр нь Чи. Би маргааш чамайг шатаана...


Тэгээд инквизаторууд хүн төрлөхтөнд аз жаргал авч ирж чадсан юм уу? Үгүй, яагаад гэвэл сарнисан сүргийг нэгтгэж амжихаасаа өмнө испаничууд Голландад эзэмшлээ алдаж, Англид цохиулсан. Өөрөөр хэлбэл оройлж чадахаа больсон. Дагаад сүм хийд нь оройлохоо больсон. Мартин Лютэр гэгч тэрслэгч гараад иржээ. Энэ тэрслэгчид хаанаас л бол хаанаас, хэзээ л бол хэзээ гараад ирэх юмаа!

Досотоевскийн үед социализм ид моод болж байлаа. 1848 оны хувьсгал энэ халдварыг Европоор нэг цацжээ. Маркс үүнийг "сүнс тэнүүчилж явна" гэж тодорхойлж байлаа. Тэрээр Бурханд биш бугд итгэдэг нэгэн байлаа.

Сүйрсээн, сүйрсээн. Насны хэмжил боллоо. Цаг нь ирлээ.

Сүүлчийн цохилттойнь хамт оромж овоохой нурлаа

Сүйдэлж өгнөө, хараал ерөөлөөр ниргэнэ, хүний удам таануусыг

Сүйршгүй мөнхийн орчлонг одоохон тэврэх юм чинь

гэсэн Марксын заналт шүлгийг Достоевский лавтай уншаагүй биз. Тэр байтугай Эвхамт намын тунхаг-ийг нь дуулаагүй биз. Харин социалист үзлийн үнэн нүүрийг илчилсэн Бастиагийн Хууль-тай танилцсан байж магадгүй. Юутай ч социализмын "шудрага заналхийллийг" сайн мэдэж байсан. Ихэд тунгаасан. Ингээд Бурханыг өмөөрчээ. Зүгээр л шууд үгүйсгээд цамнасангүй. Түүхэнд тохиох ховорхон сартваахийн хувьд гүн эргэцүүлэл хүүрнэжээ. Тэр Бурханыг өмөөрсөн. Ариун сурталт, ёс суртахууны номлогчийн хувьд үнэн зүрхнээсээ өмөөрчээ. Харин энэ нь өмөөрөл болж чадсан уу? Ял тулгасан юм биш үү? Бурханы явуулсан хүү хүн төрлөхтний гэмийн өмнөөс тарчилсаан. Хүмүүст уучлал гэсэн ойлголт авч ирсэн. Хүмүүст эрх чөлөө авч ирсэн. Тэгээд хүн аз жаргалтай болгож чадсан юм уу? Гэтэл нийтийн аз жаргал авч ирэх онолыг социалистууд бэлээхнээ олчихоод байна шүү дээ. Ингэхээр аугаа эрүүч чинь социалист хүн юм биш үү?

Дарангуйлагч хүний нийгэм буй болсон үеэс л байсаар байсан. Езүсээс өмнө ч байсан хойно ч байсан, одоо ч байна. Достоевский өөрөө бас нэг дарангуйлагчтай тэрсэлдэж яваад үхлийн аман дээр оччихоод ирсэн нэгэн. Дарангуйлагчид бүгд хоорондоо усны дусал мэт адил. Хаана, хэзээ гэдгээсээ үл хамаараад шүү. Хэдийгээр бичиж тэмдэглэгдэн үлдээгүй боловч агуйд амьдрах сүрэг хүнэнцрийн догшин толгойлогч зарчмын хувьд Калигулагаас ялгагдана гэж үү? Цэнь Шихуанди, Төмөр хоёрын хэнийг нь илүү дутуу гэж үнэлэх вэ? Ганцхан социалист дарангуйлагчид л өөр. Ленинийг аваад үзье. Тэр хүүхдэд хайртай, дэндүү хайртай учраас сая сая хүүхдийг өнчрүүлсэн. Сталин бол хүүхэд 12 нас хүрсэн бол буудчихдаг байлаа. Нүгэл хийж амжаагүй ч гэсэн ирээдүйд хийх нүглийнх нь төлөө урьдчилан тонилгож буй нь тэр. Социалист дарангуйлагчид энэ бүх тарчлаанаа нийтийн аз жаргалын төлөө, гэрэлт ирээдүйн төлөө хийдэг. Нэрон Ромын ард түмний аз жаргалын төлөө гэж хэзээ ч яваагүй, харин ч ромчууд ганц цавчилтааар өнхрөөд өгөх нэг хүзүүтэй болоосой гэж байв. Харин Пол Пот камбоджийн иргэдийг умбасан жаргалд хүргэж өгөхийн тулд хяддаг, Ленин хоолны нормоо өнчин хүүхдийн асрах газар руу явуулдаг, Мао нөхөөстэй хувцастай маажгий гуталтай явдаг байлаа. Бүх нийтийн аз жаргалын төлөө зүтгэгчид өөрийн хувийн жаргалыг ор тас мартдаг юм. Үүнийг Эрүүч тодорхой хэлсэн. Үнэмшихүйц ярьсан. Бүх нийтийн аз жаргалын тулд дахин төрсөн Христийг шоронд суулгаж, маргааш цаазлана гэдгээ мэдэгдсэн. ХХ зуунд социализм байгуулагчид сүм хийдийг галдан шатааж Христийн иконыг дэвсэлж байв.

Ингэхээр Достоевский бол аугаа зөнч. Тэр Бурханыг өмөөрөх байдлаар зад шүүмжилсэн. Төгс бишийнх нь төлөө түүнийг яллажээ. Бурхан аугаа, гэвч төгс биш. Тийм учраас төгс бишийн онгорхой завсраар эрлэг ирнэ. Эрлэг Бурханы төгс бишийг нөхнө. Тэднийг аугаа эрүүч гэнэ үү, аугаа социалист гэнэ үү, ямар ч байсан нийт хүн төрлөхтөнд аз жаргал олгохоор зүтгэж байгаагаараа Бурхантай ижил зорилготой. Гээд тэд Бурхан биш. Бурханы хүү биш. Тэр бол эрлэг. Тэр бол чөтгөр. Чөтгөр аугаа биш. Чөтгөр бол өчүүхэн шалихгүй өөдгүй новш. Чөтгөрт аугаа юм байхгүй. Чөтгөр муу муухайн эзэнт гүрэн биш, ердөө л муу муухайн шалихгүй гулгидас... Парадокс. Түй чоорт, юу ч ойлгохоо болилоо!

Жич: Бурхан ч аугаа юм уу, буг ч аугаа юм уу... Юутай ч Достоевский бол маргашгүй аугаа. Энэ аугаа дээжийг монголчуудад Гомбосүрэн гуай царан дээр тавин авч ирлээ. Ингэх юмсан гэж Баасанхүү олон жил мөрөөдсөн, номыг редакторлаж байж сая санаа нь амарлаа. Ингэх юмсан гэж Сандаг бас л олон жил бодсон. Тэрээр бүтээлийг монголчлох санаачлага гаргаж, ивээн тэтгэгчийг олохоор хөөцөлдөж их л хөдөлмөр гаргалаа даа. Ингээд хүний түүхэнд ховор тохиох аугаа их бүтээл, оюуны мөнхийн талх бэлэн боллоо. Та таалан соёрх!

Source: http://www.news.mn/news?section=essay&page=show&content=essay&id=185

3 comments:

Anonymous said...

laitai urt um bna daa

Anonymous said...

Тийм байна, философийн шалгалтаа өгөх гэж иймэрхүү уртаас урт дэмийрлүүдийг их уншдаад, сүүлдээ бүр тархи шажигнаж сонсогдоод байх шиг болдог байж билээ.

Anonymous said...

Bibli sudryig yzej toiruulaagyi bol, Hrist itgeliin tyyh,
Church-n tyyh, Teologi, terchlen "Gem zem" nomyig unshij toiruulahgyigeer sanaa n' ter byr buuhgyi l bolov uu?

Ene bol demiirel bish l dee! Medeelelgyi negend l tegj sanagdah baih!