Saturday, June 30, 2007

Алган дээр буусан дэлхий

Одоогоос таван зууны тэртээ Фэрдинанд Магэллан дэлхий тойрохоор гарчээ. 241-үүлээ явсан байна. Гурван жилийн дараа гарсан газрынхаа эсрэг зүгээс ердөө 17-уулаа буцаж ирж. Тэдний дунд ахмад Магэллан байсангүй, галт зэвсгийн давууг Филиппиний арлын зэрлэгүүдэд харуулах гэж яваад нум суманд харвуулж үхсэн аж.

Өнөөдөр тэрхүү зэрлэгүүдийн удам болох ердийн нэг филиппин бизнесмэн Дели, Станбул, Парис, Вашингтон, Сиатл, Хонолулуд ажил хэргийн уулзалт хийчихээд долоо хоногийн дараа ниссэнийхээ эсрэг зүгээс гэртээ эргээд ирэхэд хэн ч гайхахгүй. Зам туулах нийт хугацаа нь ердөө 30 орчим цаг л болох байх. Тэрээр өөрийн энэхүү техник технологийн дэвшил ашиглаж байгаагаа хэнд ч гайхуулж чадахгүй, учир нь ердийн ийм зүйлд хэн алмайрах билээ. Энэ аялал түүнд амь насаа байтугай хуруугаа шалбалах ч эрсдэл дагуулахгүй.

Багадаа би Артур Кларкийн зөгнөлийг унших дуртай байлаа. XXI зуун гэхэд дэлхийн номын сантай болно гэсэн зөгнөл их сонирхол татдагсан. Дэлхийн номын сан гэхээр нэг их том байшин байх юм уу, эсвэл дэлхийн бүх хэвлэмэл материал нэг цэгт цуглах юм уу? Өнөөгийн интернэтийн тухай төсөөлөл Кларкт аль дөчөөд оны үед байгаагүй байх. Гэтэл интернэт бол дэлхийн номын сантай зүйрлэшгүй аугаа юм. Энэ дотор бүх дэлхий багтчихна. Өөрөөр хэлбэл, хорвоо тэр чигээрээ алган дотор багтчихлаа гэсэн үг. Одоогоос хорь гаруй жилийн өмнө Олвин Тофлэр Эрх мэдлийн шилжилт гэж шуугиантай ном бичсэн. Тэнд эрх мэдлийг буу, мөнгө, мэдээлэл гэсэн гурван хэлбэрт хадгалагддаг гэсэн ба биендээ хэрхэн чөлөөтэй шилжих чадвартайг өгүүлдэг. Өнөөгийн алганд багтсан дэлхийн мэдээлэл хүн бүхэнд хүртээлтэй болчихлоо. Ухаад, ангилаад, олоод, системлэж чаддаг л юм бол ёоз ёозын мэдээлэл бүгд өмнө чинь.

Дээр жишээнд өгүүлсэн мөнөөх филиппин эр тэр олон хотоор хэсэж онгоцонд ядарч явах ч хэрэгцээ үгүй болсон. Интернэт нь мэдээлэл солилцдог төдий зүйл биш. Үүгээр явагдаж буй худалдаа дэндүү том хэмжээнд хүрлээ. Өөрийг нь хөлслүүлж ажиллуулж буй эзнээ хэзээ ч хараагүй мөртөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг явдал ердийн зүйл болжээ. Америкийн олон бизнес эрхлэгчдийн нарийн бичгийн дарга нь Энэтхэгт байна, учир нь цагийн зөрүүтэй, хэлний бэрхшээл байхгүй учраас тэр шүү дээ. Бараа төдийгүй төрөл бүрийн үйлчилгээг интернэт санал болгож байна. Олон улсын хурал уулзалтыг мөн л ийм байдлаар хийдэг болчихсон.

2003 оны Британика тольд нанотехнологи гэсэн үг алга. Гэтэл ердөө сүүлийн гурав дөрөвхөн жилийн дотор нанотехнологи хүмүүсийн өдөр тутмын амьдралд бүх талаас нэвтрэн орлоо. Арвын хасах есөн зэрэгт буюу молекулын түвшинд хүн үйлдэл хийж чаддаг болсноор мэдээллийн багтаамж хязгааргүй болж буй хэрэг. Хамгийн бүдүүлгээр хэлэхэд ийм түвшинд хийгдсэн хантаазыг ямар ч сум нэвтэлж чадахгүй нь. Цаашлуулах юм бол шатрын дэлхийн аварга тэр улсын тэр хүн гэгдэхээ болиод тэр компанийн тийм загварын компьютер нөгөө компанийн компьютерт дэлхийн аваргаа алдлаа гэх болж. Нэг үгээр хэлэхэд амьдралын норм хэмжээ байтугай утга учир ч өөрчлөгдөж байна. Хүнийг өөрийг нь канондоод хувилчиж болж байгаа болохоор өдгөө хүртэл хүний ертөнцийн мөрдөж ирсэн ёс суртахуун, ёс зүй, гэр бүл гэсэн ойлголтууд хэрхэн өөрчлөгдөх, ерөөс өөрчлөгдөх нь зөв үү гэх мэтийн мянган асуулт гарч ирнэ. Хүний соёл иргэншил мянга мянган жилийн турш байгалийн нууцыг нээж түүнээ өөртөө ашиглаж иржээ. Гэтэл 1980 оноос биотехнологийн салбар шинээр буй болж Бурхны бүтээснийг засварлаж эхэлсэн юм. Байгаль дээр огт байдаггүй организмууд байгалийн бус аргаар буй болж эхэллээ.

Наяад оны дундуур капитализмтай өрсөлдөж байсан коммунист орнууд шинжлэх ухааны таван салбарыг онцгойлон авч үзээд тэргүүлэх чиглэлээр зарласан билээ. Энэ таваас Монгол Улс биотехнологийг өөрийн гол анхаарах чиглэл гэж үзэхээр болов. Монгол Улс ч юу байхав улс төрийн товчоо л доо. Учир нь био гэхээр амьд амьтантай холбоотой байж таарна, Монгол бол авахаас олон малтай гэж бодсон энгийн тооцоо. Түүнээс хойш хорь гаруй жил өнгөрлөө. Биотехнологийн үйлдвэрлэлийн 80 хувийг АНУ, арав, арван хувийг нь Япон, Европ тус бүр атгаж байна. Учир нь биотехнологи нь дэндүү өндөр технологи, нарийн шинжлэх ухаан. Гэхдээ өдөр тутмын хэрэглээнд хавтгайран дэлгэрсэн эд. Нөгөө хөгжүүлж баллах төлөвлөгөө гаргаад байсан бид олигтой хэрэглэгч ч болж чадаагүй л явна. Бусад салбараа больё гэхэд орчин үеийн Монголын анагаах ухаан, мал аж ахуй, газар тариалан биотехнологийн ололтоос мөн ч хол явна даа.

Сүүлийн үед нанотехнологи буй болсонтой холбогдуулан дааж давшгүй мөнгө нэхэгчид олширч байна. Нэгэн өвгөн нанотехнологи үйлдвэрлэл хөгжүүлэх гээд мөнгөний гачаалд орчихсон явна, мань хүн тавиад оны үед оюутан байхдаа л биотехнологи нь хөгжин төгөлдөржсөний дараа нанотехнологи араас нь явна гэж бодож байсан чинь амьдрал дээр нано нь урд нь гарчиж гэнэ. Нанотехнологи гэдгээ молекулын завсраар хий шахчихдаг маягтайгаар тайлбарлаадах шиг болсон шүү. Үнэндээ бид хөгжүүлэгч, санаачлагч, бүтээгч байх бололцоогүй. Үүнд дэндүү их мөнгө, туршлага, боловсон хүчин, технологийн чадвар шаардлагатай. Бид шинжлэх ухаан технологийн дэвшлийн овсгоотой хэрэглэгч байхад л хангалттай. Сайн хэрэглэгч болохын тулд юун түрүүн боловсрол мэргэжлийн сургалтанд яаралтай хамрагдах ёстой юм. Өдгөө Монголын залуу үе компьютер технологийн муугүй хэрэглэгчид болж чадаж байна. Иймээс ч бэлэн деталиуд цуглуулаад made in Mongolia электрон төхөөрөмж угсрах нь төдий л гайхалтай зүйл биш болжээ.

Тоон систем амьдралд нэвтэрснээр бүхэл бүтэн хувьсгал гарлаа. Дижитал ардчилал ч гэж ярьж байна. Кино, клип хийх нь хөрөнгө мөнгөний болоод технологийн хувьд бүхэнд хүртээлтэй хялбар зүйл болчихлоо. Тийм л сүрхий юм бол, хорвоод хосгүй авьяас чинь мөнгөнөөс болоод боогдоод байдаг байсан юм бол одоо чадлаа үз л дээ. Дэлхий өмнө чинь тавган дээр тавиастай байна. Залуу найз аа замд гараачээ, заавал тийшээ хамтдаа явцгаагаач ээ.

Эдгээр асуудлын тухай Дэлхий хавтгай хэмээх шуугиан тарьсан номыг Томас Фридман бичжээ. Энэ ном гарсан даруйдаа хэдэн саяар борлогдож хэл болгонд орчуулагдав. Нэгэнт дэлхий “хавтгай” болчихсон болохоор дорхноо монгол хэлээр бууж уншигч таны гарт очиж буй нь энэ. Энд дэлхий биет утгаараа хавтгай болчихсон тухай биш тавган дээр тавьчихсан юм шиг бүгдэд хүртээлтэй болсон тухай өгүүлсэн билээ. Ингэхээр “тэгшхэн дэлхий” эсвэл “алган дээр буусан дэлхийн” тухай өгүүлээд буй хэрэг. Өнөөдөр оцон шувуунаас өөр амьтангүй Антарктид тивд цахилгааны зөөврийн эх үүсвэр тавьж байгаад компьютерээр интернэтэд орон мөнөөх тэгшхэн тавагнаас дуртайгаа авах бололцоотой. Харин ингэхийн тулд оцон шувуу биш хүн, хүн хүндээ технологийн дэвшил ашиглаж чадахуйц боловсролтой хүн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хавтгай дэлхийн тавцан дээр өрөгдсөн жимс амьд организм болгонд хамаатай зүйл биш. Боловсролгүй, технологи эзэмшээгүй нэгэнд дэлхий бөөрөнхий хэвээрээ байгаа.

Өдрийн Сонин
2007 оны 06-р сарын 13

1 comment:

Anonymous said...

http://www.epiic.com/colloquium/2005/members.html

Uuunig sanaandgui olloo. Tufts University d surna gedeg bol uneheer muruudul mini baij bilee. Ene bol mash ner hundtei, unetei, huviin surguuli yum.
Ene ohin (manai eruul mendiin saidiin ohin) aav eejin buyanaar neeree saihan yavjee, but schweizari d hurtel amidarch surch baisan baina. Uneheer yamar ih mungutei yum be...r l amerikiin oyunii mash tom uurhai, hamag bayachuudiinh ni amidarch ajillaj surdag New England (bas US d hamgiin unetei gazar) orchimd high school d yavaad l, Tufts univ. (Tufts shuu!!!!) d suraal tegeed bas zaashid yaahaaa medehgui baigaa genee. Uul uurhaigaar sursan bolohoor ... Saidiin ohin ch yu durtaigaa hiij haa durtaigaa yavna sh dee... Hoorhii jiriin mongol, yaduu bas chadaltai huuhduudiin aav eejiin tatvariin munguur......