Sunday, June 3, 2007

Үндэсний баялаг бүтээлцдэг траншейны жаалууд буюу Осло орох богино зам

"Улаанбаатарт хасах 30 хэм хүйтэрч байна. Орон гэргүй, траншейнд амь зогоож байгаа хүүхдүүдэд тусламжийн гараа сунга. Кристин Нобель сан" гэсэн зар суртчилгаа энэ дэлхийн аль л том гэсэн зурагтуудаар байнга гарна. Ингэдэг болсоор 15 жил өнгөрч байна. Дээхнэ үед дэлхийн хүмүүсийн амьдралын тухай хамгийн үзүүштэй нэвтрүүлэг нь хүний мах иддэг папуачууд, хортой ургамал зуурч иддэг Амзоны шугуйн индианчууд, нүүрээрээ нэг шивээс үйлддэг мауричууд байсан бол өнгөрсөн хэдэн жилд үхсэн хүнээ сүхээр таслан жиргээд шувуу тэжээдэг төвдүүд, траншейнд амьдардаг монголчууд л болж хувирах шив дээ.

Баян Америкийн дэд Ерөнхийлөгч Спиро Агню 10 мянган долларын бэлэг авлаа гээд огцорч үүрд улс төрөөс хөөгдсөн бол Монголд гаалийн байцаагч 10 мянган доллар өгсөн хүнийг "наадахаа овоон дээр аваачиж өргө" гэж басамжилана.

Чинээлэг Японы Ерөнхий сайд Танака сая долларын бэлэг авсан хэргээр таван жил шоронд сууж байхад манайд бол "надад хагас сая доллар өгье гэхээр нь голоод хөөгөөд гаргасан" гэж хээв нэг ярина.

Бийлэгжуү Германд сайд нь улсын машинд эхнэрээ суулган ажил руу нь зөөдөг нь баригдангуут шившгээ хутган огцорч байхад манайд бол хариуцаж байгаа ажлаа тэр чигээр нь хувьчлаад авчихна.

Хөрөнгө мөнгөтэй Англид парламентын гишүүн хүн хэдийгээр улсын ажилд явсан боловч хувийн компаниар онгоцны тийзээ даалгасан учраас улс төрийн хариуцлага хүлээж байхад манайд бол гишүүд нь тойрогтоо тарааж өгнө гээд тус бүрдээ 250 мянган доллар Засгийн газраасаа дээрэмдэн авчихаад түүнээ чамлан сууна.

Хувиараа аж ахуй хөтөлж үзээгүй мөртөө гавьяат уяачийн одон тэмдэг гялалзуулан араб морь уралдуулан цамаархах, тансаг том орд харшид эхнэр хүүхдээ олохгүй утас цохидгоо гайхуулах, барууны аль л чөмөгтэй гэсэн ганган лимүзнүүд онхолдуулан сүйтгэснээ бах болгон ярих, зөвхөн бугуйндаа зүүсэн цаг нь бүхэл бүтэн ядуу хорооллын жилийн орлоготой тэнцэж буйгаараа бахархах ийм төр засгийг нь мөнөөх траншейний хүүхдүүдтэй зэрэгцүүлэн нэвтрүүлэг хийвэл ёстой гоё болно. Дээр нь энэхүү тансаглал баярхал нь Японы буцалтгүй тусламж, АНУ-ын үр тарианы тусламж, Олон улсын байгууллагуудын хөнгөлөлттэй зээл болон шал хэрэггүй мангар төслүүдээр санхүүжигддэг болохыг баримтаар харуулбал ийм кино Оскарын шагналд ч дэвшиж магадгүй.

Хэдийгээр ийм зэрэгцүүлэл нь огиудас хүрмээр, бөөлжис цутгамаар, зэвүүцэл буцлам зүйл боловч үүнийг сайхан уран сайхантай харуулж чадвал догь бүтээл болно. Пазолинигийн кинонууд бөөлжис цутгам заваан боловч урлагийн хувьд шилээвэр шүү дээ. Энэ бол Соддом буюу нуурын эрэгт 120 хоног киноны сэдвээс ч заваан эд л дээ. Монголд ядууст зориулагдсан тусламж халамжийн 70 хувь нь зориулагдсан эзэндээ очихгүй байна гэсэн америкчуудын судалгааг үзүүлж судалгаа хийсэн хүнээр нь яриулбал бүр ч шилээвэр болно.

Америкийн зүгээр өгсөн үр тариаг нь спирт нэрж архи болгон зараад түүгээрээ авсан тансаг харшдаа ваннд цэлийлгэсэн дарсанд орон алжаалаа тайлж байхад нь камер доошлоод л муу усны сувагт нь өлсөж даарсан хүүхэд хоног төөрүүлж байгааг харуулж чадвал ёстой садизм гэдэг ч мөн болно л доо. Үүнээс гоё сэдэвт үзүүлбэр өнөөгийн соёлжсон ертөнцөд өөр олдоно гэж үү.

Аа тийм, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нь гишүүдээр санал өгүүлэхийн тулд долоон өрөө байраар шагнаж байгааг. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар ажиллагсдадаа том том байшин бариулж байгааг бас харуулах хэрэгтэй. Гоё оо, гоё!!!

Аль ч оронд, тэр байтугай баян Америкт ч орон гэргүй хүмүүс зөндөө бий. Ид ес тачигнаж байхад Нью Йоркийн гудамжинд тэд цаасан хайрцаг нөмрөн чичрэн хэвтэнэ. Баян Японы төв цэцэрлэгт орон гэргүйчүүд сандал дээр гулдайн нойр авна. Тэнд баян байх эрхтэйгээс гадна хүн бас ядуу байх эрхтэй. Харин тэнд ганц ч хүүхэд байхгүй. Хүүхэд ингэж амьдрахыг нийгэм нь зөвшөөрдөггүй. Ийм байдалд хүргэж байгаа гол буруутан нь эх эцэг учраас шүүхээс тэдний эх эцэг байх эрхийг нь хасаад төр өөрийн халамжинд авдаг.

Эрх чөлөөг хүндэтгэх боловч насанд хүрээгүй хүүхдэд ийм "эрх чөлөө" эдлэх эрхийг өгдөггүй. Эрх чөлөө бол хариуцлага хүлээх хүнд ногдох болохоос бусдын асрамжинд байх ёстой хүмүүс болоод бүх хүүхдэд бүтнээрээ ногддоггүй. Тиймээс тэднээс үгүйдээ л санал авдаггүй, сонгуульд оролцуулдаггүй, гэр бүл болбол бүртгэдэггүй. Уул нь манайд ч ийм хуулийн зарчим бий.

Хүүхдүүдийг траншейнаас нь хүчээр суга татан аваад улсын асрамжинд өгөх, архичин, янхан эх эцгээс нь үүрд салгах эрх төдийгүй үүрэг Төрд бий. Төр энэ хүүхдүүдийг суртчилж гаднаас үнэгүй будаа оруулж ирэн үүгээрээ спирт нэрэх эрх харин байхгүй. 76 гишүүн болгонд ногдсон 250 мянган долларын зөвхөн ганц гишүүнд оногдсон мөнгө нь л траншэйнд 400-500 хүүхдийн байр хоолыг хангахад бүрэн хүрээд цаана нь илүү гарна. Эднийг сайн чихвэл Нямдоржийн хахуулиар авсан долоон өрөөнд багтаж л орхино. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудад зориулсан байшин эдний байр хоол сургалтыг бүрэн дааж чадна. Харж харгалзаж байх цагдаа, багш, хүмүүжүүлэгчийн цалинд адгийн сайдын жилийн унааны төсөв элбэг хүрэлцэнэ. Траншейны хүүхдүүдээр түрээ барин дэлхийгээр нэг хандив гуйгаад яваа авгайгийн цуглуулж чадахаас хавьгүй их мөнгийг хотын төвийн хахуулиар өгч авалцдаг газрыг ганц удаа л дуудлагаар зарахад олж орхино.

Согтуу галзуу нэгийг нь тооцохгүй бол энэ оронд арга ядсандаа өлбөрч үхсэн, хөлдөж үхсэн тохиолдол нэг ч бүртгэгдээгүй. Хичнээн ядуу байгаад дундаж иргэн нь 2800 ккал хоол иддэг, жилдээ 125 кг мах зооглодог. Ямар ч авлигачин хахуульчин байгаад өдөрт арван тогоо хоол идэх бололцоогүй учраас дээрх статистикийг жигд ногддог гэж ойлгож болно.

Шилжилтийн эхэн үед бид бэрхшээлтэй байсан нь үнэн. Бидэнд хүнсний тусламж, хүмүүнлэгийн тусламж, буцалтгүй тусламж зайлшгүй хэрэгтэй үе байсан. Одоо ийм төрлийн тусламж гагцхүү хэрэггүй болсон төдийгүй эдгээр нь авлига хээл хахууль, шамшигдууллыг хөөргөдөн нийгмийг хордуулж байна. Тусламжийн, хөнгөлөлтийн гэгдэх хэрэгтэй хэрэггүй элий балай төслүүд нийгэмд хэрэг болохгүй төдийгүй аль л олигтой гэсэн боловсон хүчнүүдийг маань ховх сорон тэднийг нийгмийн идэвхтэй бүтээлч хөдөлмөрөөс холдуулж байна. Урьд Монголын нийгмийн паразитууд нь лам нар байсан бол эдүгээ гадаадын болон олон улсын төслийнхөн болжээ.

Монгол Улс баяжиж байна, мөнгөтэй болж байна, тэр хэрээрээ мөн ч сайхан мангуу болж, тэнэгтэж байна даа. Энэтхэгт сүм байгуулж байхаар траншейны хүүхдүүдийг оромжтой болгох хэрэгтэй баймаар. Сайд дарга нар гадаадаар их явах л юм. Уг нь тэд ярилцаж буй хүнийхээ хэлж буйг ойлгодогсон бол цаадуул нь "Хөлдуү траншейнаасаа гарч ирсэн та манай сайхан оронд тавтай гэсээрэй" гэж мэндэлж байгаа шүү дээ. Цаадхынх нь ч буруу биш, Монголын тухай авсан ганц мэдээлэл нь монголчууд траншейнд л амьдардаг, хүүхдүүд нь өлсөөд, хөлдөөд үхээд байгаа учраас бадар барин хуучин хувцас, хоолны үлдэнгэр, хугацаа нь дууссан эм тариа, хаяхаас хойш гэсэн хог новш гуйж сураглаж яваа гэсэн ойлголт.

Хүүхдэд траншейний тэнүүлчин байх эрх олгосон ийм гоё чөлөөт орон дэлхийд өөр байхгүй. Тэгээд тэр нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот шүү. Энэ бол аль ч орны мэдээллийн хэрэгслэлд олдошгүй гоё сенсаци үзүүлбэр. Энэ бол нэр алдар горьдсон ямар ч мессионерт буян үйлдэх олдошгүй гоё талбар. Энэ хүүхдүүд бол өнөөгийн Монгол орны нэрийн хуудас нь, гуйлгын мөнгө олдог ганц үнэт эрдэнэ нь. Удахгүй эдгээр ноорхой жаалууд овсгоотой менежерээ дагаад мөн л хүйтэн Осло хотод очно. Менежер найруулагчийнхаа шагналын ёслолд оролцох юм.

Source: www.origo.mn

2 comments:

Anonymous said...

Oi, achei teu blog pelo google tá bem interessante gostei desse post. Quando der dá uma passada pelo meu blog, é sobre camisetas personalizadas, mostra passo a passo como criar uma camiseta personalizada bem maneira. Até mais.

Anonymous said...

Baabar-t handaj helehed alivaa zuiliig zuv unshih talaar jaahan mongolchuuddaa lektc bolgon heden yum bichmeer sanagddag. Yaagaad gevel namaig arvan jild baihad unshsanaa erguulj yarij l dun avdag baisnaas bish unshsan yumandaa shuumjlelttei handah naad zahiin oilgolt baihgui yum bna gedgee end ireed yerduu ESL angid syrahdaa l oilgoson. Tegeed bas unshsan yum bolgonoo unen gej barag l itgedeg, hezee ch nom sonin setguul hudlaa yarij bolno gesen oilgolt baihgui herev hen negen erdemten doctor professor gechihvel bur ch unen geed oilgochihdog. Getel end USA-d ireed erdemten hun hurtel setgeliin ui hudulguunuur uuriinhuu dotroo bodoj yavdag batlagdaagui zuilee onoltoigoo holiod yarih tal baidag bolohoor uuniig yalgaj salgaj zadalj shinjilj oilgoh hetcuu bish murtluu mash chuhal zuiliig mongolchuud maani orhigdyylaad bh shig sanagddag. Nadad iim oilgolt bgaaguigees butcaad minii amnaas haa negtei unshsanaa unen gej bodoj hamaagui burah za tegeed tcaashlaad bi hezee ch unshsan yumniihaa zohiogch bolon heden oniih zereg zuiluudiig togtoodoggui baisan yum. Herev hun yaaj unshihiig syrchih yum bol yadaj amnaas garch baigaa uguulberee haanaas yamar barimtnaas ishlej avch baigaa ed naraa medej bh bolno shuu.

Etsest ni helehed Baabar maani ih mundag medlegtei hun baij bolno. Gehdee mongoliin ard tumen maani yamar bilee odoogiin seheetnuud ni heden onii onol medlegtei bilee geed bodood uzehed uul ni iim jijig murtluu chuhal zuiluudiig oilguulah zuil bichih yum bol ter tomoor yariad bgaa zuiliig ni hoshignoliig ni hamaagui iluu oilgoh yum shig sanagddag.