Saturday, March 10, 2007

Баабар: Зургадугаар палатын ослын буулт

-Энэ нөхөр бол шизотой
-Үгүй, би хөдөө эрүүл агаарт төрсөн.
-Тээндрээс нэг сая доллар завшсанаа яахнав?
-Тэгвэл нүүрэлдүүлэл дээ. Еэ муу... өөрөө гурван тэрбумыг хусчихаад...
-За тэгэхээр ийм байна. үхсэн хүнийг чандарлахад их учир бий. Эхлээд сайхан шатаагаад, дараа нь ясыг нь гурилын модоор сайхан ганжиндаж нунтаглаад, тэгээд элдээд, тэгээд шавартай хутгаад... сайхан гоё зуураад... тэгээд тос усыг нь тохируулж сайхан зуураад, тэгээд сайхан нэг тийм гоё болоод ирэхээр нь суврага бүтээж байгаа юм даа. Тэгээд ном уншуулнаа. Хамаагүй ном уншуулбал нөгөө үхсэн хүний чинь сүнс нь төөрөөд ороолон болоод эргэж босоод шөнө мөнөөр сүйд хийнэ шүү дээ. Ингэхээр чаддаг мэддэг алдартай лам хүнээр л хийлгэх ёстой. Ёстой үхэнгүүт нь л шарилыг нь сайхан шатаагаад, ясыг нь сайхан махнаас нь салгаж байгаад элдээд нунтаглаад, сайхан гоё зуураад... Миний утас уу? Захиалга авч байгаа... Утас маань ерэн ес...

* * *

-Энэ нөгөө намынхан бол идээчин уугаачин юм байна. За тэр нөхөр... бас тэд нар бол улсаас их мөнгө завшсан. Би сайд хүн болохоороо хамаг баримтыг нь олчихсон. Хэрэг гарахаар тэрнийг нь илчлэх гээд л байгаа юм. Дээлийг нь нөмрүүлнэ...! Би юу...?, би тэрэнд уг нь хамаагүй л дээ. Гадуур л тэгж шуугиад байх юм. Их хурлын гишүүний нэр төр хуулиар хамгаалалттай шүү. За за тэр яахав. Адилхан гишүүн байж тоглоом даадаггүй юм уу даа! Хэн чамайг шоронд хийнэ гэсэн юм? Манай нутагт дээл нөмрүүлнэ гэдэг чинь барилдаад унагана гэсэн үг байхгүй юу.

* * *

-Бид саяхнаас хорт хавдрыг эдгээдэг эм хийлээ. Хорт хавдар ингээд байхгүй болов. Хүн төрөлхтөн олон мянган жил үүнийг эдгээх гээд чадахгүй байхад бид хийв. Хамгийн гол нь монгол хүний ген гэдэг бол ийм мундаг юм. Бид ДОХ-ыг эдгээх шатандаа явна. Тэр ч амархан л даа. Монгол хүн ч цаанаа өөр тусгай гентэй. Ариун генээ л цэврээр нь хадгалж яваарай, монголчууд минь!

* * *

-Том дарга бид хоёр ууланд гараад. Нэг олсноос холбоотой дүүжлэгдчихвээ. Сүүлдээ хоолой боогдоод амьсгал авч чадахаа болиод... Том дарга маань их сайн хүн. За та минь түүнд л итгээрэй. Итгэл даах хүн дээ, дарга маань. Би түүнд зориулж шүлэг тэрлэснээ уншия. Зээ... Миний хэнз дарга магнай халзан зурвастай...

* * *

-Одоо ингэж байгаа юм шүү дээ. Хүний оюуны илтгэцүүр гэж байна. Уншаад л судлаад л байвал нэмэгдээд л байна. Намайг харахгүй юу, уншаад л ном уншаад л байсан чинь толгой маань томроод малгайдаа багтахаа больчихсон шүү дээ.

* * *

-Өө за за. Намайг хууль зассан гээд загнаад байгаа ухаантай юм уу? За тэгвэл та нар сонс, хохь чинь шүү, би одоо хэлчихье, дахиж би хууль засахгүй шүү. Гуйсан ч засахгүй шүү, дураараа байтугай ерөөсөө засахгүй шүү, хохь чинь шүү. Батлагдсан хууль чинь тэгээд тэр чигээрээ явж байг, мэд үү. Ёстой хохь чинь, би л лав УИХ-аас батлагдсан хуулийг дахиж засаж байхгүй дэг, хохь чинь ээ хохь чинь...

* * *

-Сая би говийн тэр аймагт очиж тэнгэрийн тахилга хийвээ. Бороо орохгүй ган гачиг болоод их зовж байна, тэд. Аймгийн дарга нь гуйгаад аймаг хөгжүүлэх сангаасаа 30 сая төгрөгөөө барьж ирж гуйгаад... Ингээд их богд Чингис хааныхаа сүнсийг дуудваа. Богд Чингис маань хүрээд ирвээ. Асууж байна аа,
-Юу болов? Би хэллээ.
-Ган гачиг болоод ард түмэн зовж шаналаад мал үхээд энэ тэр гэхгүй юу. Сүнс хэлж байнаа, бишээ Чингис Богд маань,
-Зүгээрээ ингэсхийгээд бороо оруулаад өгье. За тэгсэн чинь асгачихдаг юм байна. Ороод байдаг, ороод байдаг. Хичнээн сайхан зун болов оо.

* * *

-Би хулгай луйвар хийгээгүй гэдгийг бурхан гэрчлэнэ. Хууль номоор нь л явсан. Улс орноо л гэж явахад... ийн ийн. Тэр банк, тэр өрнөөс чинь би юу ч аваагүй гэдгийг хожим бурхан тэнгэр шүүнэ... Одоогийн манай шүүх үү? Чадахгүй ээ чадахгүй. Ганцхан тэнгэрийн шүүх л шударгаар шүүнэ. Гандангийн ахлах лам хүртэл япончуудын зурагт аваарай, хуваагаад тэнцүү аваарай гэж өгсөн 110 мянган долларыг дараа нь 120 байсан гэж гүрийгээд надаас тоолж байгаад 60 мянган доллар цохиж орхисон шүү дээ. Яахав би шударгаар тоолоод л өгсөн.

* * *

-За энэ миний бичсэн ном. Уншаад долоо хоноход л гадаад хэл сурчиж байгаа юм. Хагас жилийн дотор 25 хэл сурч болно. Маргааш их дэлгүүрт зарна, худалдаж аваад л уншвал шууд гадаадаар инээж ханиагаад эхлэнэ. Намайг хөдөө сурч байхад багш маань толгой руу их зоддог байж билээ. Ингэж л би хүн болж хүмүүжсэн юм даа.

* * *

-Энэ сайд адилхан сайд байж сайд намайг сүрдүүлээд. Тэгээд би их айж байгаа. Айгаад унтаж чадахгүй байна. Надад төрийн тусгай хамгаалалт өгч энийг шорон моронд явуулж өгөөч. Яанаа, ий, би айгаад байна аа... Бид хоёр эвлэрсээн. Би айхаа больсон. Улсын хөрөнгө мөнгийг хайрлаад тусгай хамгаалалт авахаа болилоо. Одоо бид хоёр та нарыг харж байхад эвлэрээд үнсэлдэе... өчигдөр би айсандаа болоод эвлэрчихжээ. Би айгаад л байна. Ерөнхий дарга маань эвлэр гэж загнаад байхаар нь би айсандаа айгаад эвлэрчихсэн юм.

* * *

-Ум ядам, лувсан, гомбо сухаа, чойжоо, хаймчиг, цэдэнбал, сүрэн, чойбалсан, балдан, нямаа, балай багш, чогжоо, хум сухаа. Ум хум сухаа сухаа. Дашийн шогоо. Мөнгөө төлөөрэй. Ердөө иймхэн үү? үхсэн баас сухаа...

* * *

-Би эх орондоо маш их хайртай учраас газар шорооноос нь аваагүй, лиценз энэ тэрийг үзэн яддаг хүн л дээ. Тэгсэн надад хулгайгаар сэм газар өгсөн байна. Миний паспортыг хулгайлж канондоод, регистрийн дугаарыг минь тавиад, гарын үсгийг минь дуурайж зураад ингээд надад газрын лиценз өгч орхисон байгаа юм даа. Таван мянган ам.доллар миний өмнөөс төлж байгаад надад газар өгсөн байна. Би тэр этгээдийг олно, энэ талаар шүүхэд хандана. Энэ бол хуулиар хамгаалагдсан их хурлын гишүүний нэр сүрэнд халдаж байгаа хэрэг юм. Олноо би, тэр таван мянган доллар надад өгсөн этгээдийг, заавал олно.

* * *

-Манай Монгол орныг хятадын эрлийзүүд Хятадад худалдаж дууслаа. Төр засгийн удирдлага 100 хувь хятадын эрлийз болжээ. УИХ-ын бүх гишүүд хятадын эрлийз юм. Бүх аймгийн дарга болон иргэдийн хурал тэр чигээрээ эрлийз. Малчид хүртэл эрлийзжиж байна. Монголын нийт хүн амын 99 хувь нь хятадын эрлийз болжээ... Би юу? Би бол цэвэр халх цустай, хэдийгээр өвөө маань өвөр газраас шилжин ирсэн боловч жинхэнэ говийн хольцгүй шижир халх билээ, би.

* * *

-Торой банди, Тогос Чүлтэм, Чүлтэмийн Улаан, Улаантны Энхбаяр сонсоо, хавьтсанаа хусна, харснаа шаана, хажуудахаа мурина, хариуцсанаа гол гаргана... Улаан туг залуучууд хоёр ихэр юм. Уралдаан... тэгээд юу гэдэг билээ? Морины уралдаан бил үү?

* * *

-Энэ жил улсын наадамд сайхан барилдаж 20 саяар начны болзол хангасан алдарт бөх тэрэндээ зориулж “Тамирчны алдар хямдхан олдоогүй” дуугаар цэнхэр дэлгэцээр мэндчилж байна аа.

* * *

-Сайхан хэрэлдэх сайхан ш дээ. Миний их хурал дээр хэрэлдэж байгаа маань сонгогч олны маань л захиас. Хөөе чи юу гэж хуцаад байгаа юм? Зоригийг чи алаа биз дээ муу хар п...аа минь ээ...

* * *

-Монгол хүн бол онцгой гентэй юм. Иймээс олон авгай авах хэрэгтэй. Герман, англи хүүхнүүдийг гуравдугаар авгайгаа болгож авах ёстой. Хууль л гарчих юм бол тэдний хүүхнүүд наашаа цувж гарна шүү дээ. Намайг авгайтай юу гэж асууж байгаа юм уу? Авгайтай байсаан. Даанч намайг хаяад явчихсан.

* * *

-Би хэдийгээр Их хурлын гишүүн болсон ч гэсэн жилд хоёр удаа нүцэглэж ард түмнээ баясган баярлуулах болно.

* * *

-Ээжийнхээ ачийг яанам бэ хөө...
-Тэгвэл чи яагаад төрүүлсэн эхээ сүхдээд алчихаж байгаа юм бэ?
-Хүн дуу дуулж байхад чинь битгий мангартаад бай.

* * *

-Чоно буудаагүй ээ, үнэг алсан. Би буудаагүй ээ, манай дүү буудсан, Японы парламентын гишүүн биш ээ. Тэдний хамгийн аймаар том намынх нь гишүүн, яг над шиг. За муу цагдаа царайлсан лалар сэтгүүлч хулгайчаа хохь чинь шүү. Тэр чинь онхолдсон юм биш. Ослын буулт байхгүй юу. Жудогийн тамирчид ослын буулт хийхээрээ дээшээ хараад л хялайгаад унадаг шүү дээ, лалар аа. Улс орноо хөгжүүлэх гэж ослын буулт хийж байхад чинь битгий дүнкүү царайлаад байгаарай лалар аа.

* * *

-Зургадугаар палатынхан тариагаа хийлгээрэй. Эмээ уугаарай, тариагаа хийлгээрэй. Үгүй, энэ зургадугаар палатын хаалган дээр бичсэн “МОНГОЛ 21” гэсэн хаяг юу гэсэн үг вэ? Хүндэрсэн өвчний нэр биз? Халдвартай юм байх даа, бүгдээрэ тусаад бүгдээрээ хүндэрчихсэн байх чив.

* * *

-Чи шизотой, гэхдээ чамайг цагдаад өгөхөө болилоо.

* * *

-Үгүй, би нуурын эргээр хөл нүцгэн явдаг байсан, гэхдээ чамайг огцруулахаа болилоо.

Өдрийн сонин №053 www.dailynews.mn 2007.03.03

No comments: