Wednesday, January 23, 2008

Заавал сумын хоршоондоо бумаар заруулна

Цаана чинь сүйд майд болж байна. Монгол улсыг маань мэдээж хэрэг шулж өвчиж байна. Ясыг нь цайртал мэрцгээж байна. Хамаг хөрөнгийг нь зөөгөөд алга болох нь. Юм үлдээхгүй бололтой. Амьтны идэш болж дууслаа л даа. Хаана гэж үү? Хаа юу байхав дээ, бирж дээр. Хонконг, Лондон, Токио, Нью-Йоркын бирж дээр Монголыг зарж байна. Яг л бохь, талх, төмс шиг зарж байна. Эх орныг маань хэсэглээд хэрчээд хуваагаад огтлоод хиам аятай жижиглээд дэлхийн биржүүд дээр үнэ дуудан борлуулж байна, түгшүүр, түгшүүр!

Сүүлийн үед манай мэдээллийн хэрэгслүүд ингэж шуугиж гарлаа. Мэргэжилтнүүд нотолж байна. Хөшөөтнийн нүүрсний уурхай Ховдод биш Хонгконгод цохиж явна гэнэ. Тавган дээр аваачаад тавьчихсан, тэндэхийн хужаа нар тал талаас нь зулгааж сууна. Бөмбөг болгож тоглоод, биен рүүгээ шидэлцэн жонглердож байна. Монголын хөрөнгийн биржийн захирал гэгч нэг нөхрийн нотлож байгаагаар ганц Хөшөөт биш гэнээ. Хамаг өөдтэй өнгөтэй болгон маань энд тэндэхийн биржүүд дээр закууск, хуурга, шөл болчихсон, дуртай нь халбагадаж суугаа гэнэ. Монголын ашигт малтмалын лицензийг тэнд аваачаад үзүүлэнгүүт баруун зүүнийхэн овооролдон мөнгө шидээд л, тэнд аваачсан нөхөр мөнгийг хүүдийлж өгч байна гэнээ. Монголын хөрөнгөөр ингэж захын гуйлгачингуут дам хийн өмдөндөө багтахгүй болтол таргалж буй аж. Үүнээс яаж хамгаалах вэ? Хөрөнгийн биржийн захирал гэгч аргыг нь мэдэж байна. Хууль гаргаж Монголын хөрөнгийг гадаадын бирж дээр гаргахыг хориглоод үүнийгээ бүх дэлхий даяар мөрдүүлэх аж. Бирж дээр хувьцаа гаргая гэвэл мань хүнд өргөдлөө өгөөд л эх орны баялагийг Сүхбаатарын талбай дээр хадгалж үлдэх нигур оршвой.

Орчин үеийн санхүүгийн ертөнц бол тэр чигээрээ үнэт цаас юм. Хүмүүс урьд үхэр, сүх гээд биет зүйлээр бартерийн худалдаа хийдэг байжээ. Дараа нь алт мөнгө гээд ховор зүйлсийг солилцооны хэрэгсэл болгосон юм. Удахгүй металь зоосонд шилжжээ. Авч явахад төвөгтэй энэ төмрийг цаасаар солихын тулд европчууд 400 жил зарцуулсан аж. Цаасанд итгэдэггүй ээ. Ингэж солилцооны үндсэн хэрэгсэл хялбаршихын хэрээр улам хийсвэр, төлөөлийн чанартай болж байлаа. Зуугаад жилийн өмнөөс чек, вексэль гээд гарын үсэгтэй цаас болж хувирлаа. Одоо зүгээр л карт гээд алга дарам паластмаас болсон аж. Хөрөнгө гэдэг ойлголт ч тал дүүрэн мал, уут дүүрэн үнэт чулуу металл байхаа больжээ. Тэрбайтугай үйлдвэр завод, байшин барилга ч хөрөнгийг шууд илэрхийлэхээ болив. Хөрөнгө хувьцаа гэсэн бүр шал хийсвэр юм болж хувирлаа. Билл Гэйтс 60 тэрбум долларын хөрөнгөтэй. Гэхдээ энэ мөнгөө эсвэл үүнтэй тэнцэх алт эрдэнэсээ гаргаад харуулаадах гэвэл түүнд үзүүлэх юу ч байхгүй. Түүний хөрөнгө хувьцаа хэлбэрээр хорвоогоор нэг тарчихсан байгаа. Дэлхий хавтгай болжээ. Хувьцаа эзэмшигч хэдэн тэрбум хүмүүс манай дэлхийгээр нэг бий. Их, багын л ялгаа бий. Хөрөнгийг ингэж хорвоогоор нэг тарааж буй юм нь хувьцаа, тараагч нь биржүүд.

Бирж бол муухан зүйрлэхэд бараан зах юм. Монголын хөрөнгийн биржийн захирлын ойлгож байгаагаар ерөөсөө л шууд боловсон хар зах. Тэр нь үнэн. Гэхдээ боловсон гэдэг нь дотроо ариун цэвэр сайтай, тооцоогоо компютэрээр хийдэг зэргээр хязгаарлагдахгүй. Мэдээж манай төв талбай дээрх шиг боловсон хар зах нь ч бий. Тэндээс юу ч худалдаж авч магадгүй, ямар ч баталгаа байхгүй. Энд гүйлгээ хийж байгаа, гэхдээ хувьцаагаа зарж буй компанийн тайлан гэгчид итгэснээс итгээгүй нь дээр. Зах дээр худалдаа хийгч бараагаа юу ч гэж магтаж болно, тэр болгонд нь үнэмшдэггүй биз дээ, хамгийн гол нь бараа хямдхан учраас л авчихдаг. Дэлгүүрээр бол ТҮЦ л юм даа. Нөгөө авсан хувьцааны цаад компани дампуураад алга болбол хувьцаа худалдан авагч л хохирно. Захаас авсан бараа хулхи байвал захын захиргаа хариуцдаггүй биз дээ. Түүнтэй адил хуучин Элдэв кино театр юу ч хариуцахгүй.

Бирж дээр хувьцааг унагах, өсгөх есөн шидийн арга бий. Энэ тухай Монте Кристо гүн зохиолд ч гардаг. Орчин үеийн биржүүд үүнээс ангид байдаг. Хуулийн орчин нь сайн учир ийм эрсдэлээс ангид. Биржүүд зиндаатай. Дэлхийн хамгийн том биржүүд Нью-Йорк, Токио, Лондон, Хонконгийнх. Үүнээс гадна биржүүд мэргэшсэн аж. Ноос ноолуурыг Шанхайн бирж дээр зардаг бол байгалийн эрдэс баялагийг Торонто, Альбэртийн бирж дээр зарна. Зэсийн үнийг Лондонгийн бирж тогтоодоггүй тухай манайхан хууль гаргасныхаа дараа олж сонсон онигоотож байсныг санаж байна уу. Нэр хүндтэй биржүүдэд зөвхөн баталгаатай хувьцаа зарна. Цаад зарагдаж буй бараа болон компани бүх тайлан тооцоогоо ямар ч будлиангүй дэлгэсэн, өдөр тутмын үйл ажиллагаа нь ил тод, үйлдэл болгон нь нарийвчлан мэдэгдэнэ. Иймээс биенээ танихгүй үй олон хүмүүс биржид итгэн хувьцааг нь авдаг. Тэд хувьцааг нь авч буй үйлдвэр заводынхаа үнэ өртгийн өсөлтөнд итгэсэндээ ингэж байгаа юм. Нэр хүндтэй бирж өөрсдийг нь хуурахгүйд итгэж байгаа юм.

Бирж дээр мөнгө босгож буй компани нь үй олон хүний мөнгийг хүсэж буй хэрэгцээт зүйлд нь зарцуулахын тулд цуглуулдаг юм. Түүнээс ямар нэг лиценз харуулаад л амьтны баахан мөнгө аваад алга болчихдог юм биш. Авсан мөнгөөрөө юу хийж байгаагаа өдөр тутам тайлагнана. Тайлан балаансыг нь мөн л нэр хүндтэй хөндлөнгийн аудит шалгаж баталгаа гаргана. Худлаа хэлээд баригдвал шууд л шорон. Энэ чанараараа Хадгаламж зээлийн хоршооноос шал өөр. Газар хөдлөлт, Засгийн газрын гэнэтийн солигдол, дайн, гэнэтийн шинэ нээлт ололт гээд бирж дээрх зарим төрлийг гэнэт унагаан дампууруулах тохиолдол элбэг. Ийм эрсдлийг хувьцаа худалдан авагч тооцсон л байх ёстой.

Олон улсын том бирж дээр гарна гэдэг нэр төрийн хэрэг. Ядуу буурай орнууд энд юугаа ч гаргаж чаддаггүй. Бирж хүлээж авахгүй гэсэн үг. Дахиад л олон улсад танигдсан том компаниуд л нэр сүр итгэл даах чадвараараа дулдуйдан буурай орны ялангуяа уул уурхай ашигт малтмалыг гаргаж дөнгөнө. Бирж дээр үнэ үргэлж хэлбэлзэж байдаг. Үр ашиггүй, нуугдмал, хүн мэдээгүй юмыг итгэл даах компаниуд “боож баглаад” үнэлэмжийг нь дээшлүүлнэ, хувьцаа эзэмшигчид эндээс хожоо олно. Ухаан нь Монголд байгаа нэг орд газрыг үйлдвэрлэл явуулах нэртэй зүстэй компани аваад хэрхэн босгож, ирээдүйд ямар ашиг гарах тооцоог нь хийн аудитаар шалгуулж тайлангаа үзүүлбэл олон хүмүүс үүнд нь итгэн хувьцааг нь авна гэсэн үг. Хувьцаа гаргагч хэний ч үл таних нэгэн байвал, цаад газар нь тогтворгүй байвал, ордын олдворын эрэлт бага байвал, үйлдвэр нь хэтэрхий муу технологитой бол... хувьцаа борлогдохгүй. Иймээс хувьцаа худалдаж авч буй болгон авах юмаа нягт шалгадаг. Өөрөөр хэлбэл бирж дээр гарсан болгон үй түмэн хянагчтай гэсэн үг. Бирж дээр Засгийн газрууд нэлээд амжилттай гарч чаддаг. Учир нь орчин үед улс алга болно гэж байдаггүй бололтой. Гэхдээ л зэрэглэлтэй. Америк, Японыг Афгани, Суданы Засгийн газартай захын хүн харьцуулж тооцно шүү дээ. Нэр хүндтэй бирж дээр олон компани бараа нь гарч чадсан газар хүндлэгдэнэ, итгэл хүлээнэ. Энэ бол найдвартай гэсэн тамга шүү дээ.

Юу ч гэх юм бэ дээ. Хотын захын ТҮЦ-д хэдэн арван сая төгрөгийн үнэтэй алмаазан шигтгээтэй швейцарь цаг зарж байвал та итгэх үү? Хэрэв ийм юм худалдаж авмаар санагдвал аль дэлгүүрт хандаж таарах вэ? Эсвэл таны хийсэн ямар нэг бараа гудамжинд зарагдвал ямар үнэтэй, тансаг дэлгүүрт зарагдвал ямар үнэтэй байх вэ? Таны бараа тансаг дэлгүүрт зарагдаад унангуут нь та “миний бараагаар нэр төр олж баяжлаа, би заавал сумынхаа хоршоонд улаан Бумаагаар заруулна” гээд унавал хүмүүс таныг юу гэж бодох бол?

Олон улсын нэр хүндтэй бирж дээр гарсан компани бол хувийн өмч гэхээсээ олон нийтийн өмч юм.

Эзэмшигч нь дэлхийн өнцөг булан бүрт буй сая сая хүмүүс. Хувьцаа бүх хүний өмнө нээлттэй, бирж дээр биеэр очоод, эсвэл интернэтээр дамжуулаад худалдан авч болно. Майкрософтын хувьцааг та авчихлаа гэхэд “энэ муу монгол миний хувьцааг авч АНУ-ыг сөнөөх санаатай байна” гэж Гэттс гомдоллохгүй, харин ч мэдвэл талархана. Хувьцаа эзэмшигч бүгд компаний үйл ажиллагааг хянаж байдаг, учир нь өөрийнх нь хөрөнгө тэнд байгаа. Иймээс бирж дээр гарсан компани маш найдвартай, бүх юм нь дүрэм журмаараа явдаг, хамаг юм нь ил тод. Монголын олон олон компани, Монголын баялагийг эзэмшиж хариуцаж арвижуулж хөрөнгө оруулж буй олон олон гадны компани дээд зэрэглэлийн бирж дээр хувьцаагаа борлуулж байвал хичнээн аятай. Бүх юм хяналтанд, бүх юм ном журмаараа, Монгол улсын нэр төрд ч хичнээн сайн. Юутай сайхан, юутай баяртай.

Жич: Сумын хоршооны худалдагч улаан Бумааг таарах тохирох ажилд нь аваачмаар юм шигээ. ХХI зуун гарчихаад байна шүү дээ. Хүний өмнөөс ичих шиг хэцүү юм хаа байна!

2008.01.22 Єдрийн сонин

3 comments:

Anonymous said...

haha,,,,,, Жич: Сумын хоршооны худалдагч улаан Бумааг таарах тохирох ажилд нь аваачмаар юм шигээ. ХХI зуун гарчихаад байна шүү дээ. Хүний өмнөөс ичих шиг хэцүү юм хаа байна! ,,,, ene Bumaa gej ter Mongoliin hurungiin birjiin zahiraliig helj bgan bh da.?! ..hehe.

yutai ch goyo niitlel bna. Baabar bol argagui l shildeg niitlegch.

Anonymous said...

Сайн нь ч сайн л бичиж л дээ.Гэхдээ Баабар хөрөнгийн биржийн талаар яаж ийм сайн мэдэж байгаан бол?

Anonymous said...

hurungiin birjiin talaar sain medeed baih ch yu baih ve , engiin yumiig eogt helbereer mongolchuudad tohiruulj , oilgogdohoor lbichij.
Sodoog bol go heljee tee/ eej ni hunii neriig shuud bitgii bichij bai, irgeed har energy ni irdiin gej helsen uchraas/ Bumaa gej kk