Tuesday, October 2, 2007

Баабар: Зах зээлд диплом биш, чадвар борлогдоно

-Та амьдралдаа хичнээн ном уншсан бэ?-Мэдэхгүй би тоолж үзээгүй. Уул нь утга учиргүй олон ном уншаад байх ч тийм сайхан юм биш л дээ. Хамгийн гол нь хүний мэдлэг системтэй байх л ёстой. Ухаан, ухаан дээр суурилсан мэдлэг, мэдлэг дээр суурилсан мэдээлэл гэсэн дараалал байдаг. Сараа дахиад хүүхэдтэй болчихжээ гэдэг бол мэдлэг ч биш, ухаан ч биш, энэ бол ердөө мэдээлэл. Цаг минут болгонд бидэнд гаднаас орж ирж байгаа иймэрхүү мэдээллүүдийг цэгцэлдэг зүйл бол мэдлэг. Мэдлэгийг хүн системтэй сургалтаар олж авдаг юм. Мэдлэг ухаан дээр суурилж тогтоно. Ухаан голдуу төрлөхийн байдаг. Угаасаа дебил, оюуны хөгжлийн кофицент нь 70-аас доош төрчихсөн бол цаашаагаа мэдлэг авах боломж байхгүй. Юу хэлэх гээд байна гэвэл өдөр тутам сонсож уншиж олж авч байгаа зүйл чинь ихэнхдээ мэдээлэл байдаг, түүнээ ангилж ялгаж чадахгүй бол энэ нь хэнд ч хэрэггүй хог, тархи чинь хогийн сав болноо л гээд буй хэрэг. Цаанаа хүлээж авч ангилах мэдлэг болон ухааны суурь байхгүй бол тэгтлээ их ном унших хэрэг юун. Ухаан бол цаанаасаа байгалиас өгөгдсөн задлан шинжлэх, тогтоох авъяас. Харин мэдлэг бол ангилал зүй. Чамд юу хэрэгтэйв, чи юу мэдмээр байна, юунаас таашаал авмаар байна, түүнийгээ л мэдэж аваад, зөв ангилахаар эргээд тэр чинь хэрэг болдог. Яг л компьютертэй адилхан. Зөв ангилж ялгаагүй компьютерээс чи хэрэгтэй файлаа хайгаад хайгаад олж чадахгүй шүү дээ. Байшин тоосгоноос бүтдэг. Тоосгыг зөв, ном журмаар нь төлөвлөсөн дагуу технологиор нь өрөөд тавьчихсан болохоор байшин болчихсон байна. Овоолоод тавьчихвал хог. Овоолоостой тоосго л гэж ярихаас байшин гэхгүй биз дээ.-Тэгвэл боловсрол гэж яг юу юм бэ. Таныхаар томъёолбол?-Боловсрол гэдэг бол орчныхоо тухай зөв системтэй мэдлэгтэй болохыг л хэлнэ. Яагаад нар манддаг, салхи хаанаас үүсдэг гээд наад захын байгалийн ойлголтоос эхлээд хүний нийгэм гэдэг чинь юу юм, нийгэмд өөрөө ямар байр суурьтай, байх ёстой юм гэхчилэн явсаар зөв боловсон хооллох хүртэл багтах байхаа. Эргэн тойрныхоо тухай системтэй ойлголт мэдлэгтэй болохыг л хэлэх юм уу даа. Хүн хүний нийгэмдээ хүн болдог учир мэдээж ямар нэгэн хэмжээгээр боловсрол авч таарна. Боловсролыг мэргэжлээс ялгах хэрэгтэй. Гарын уртай учир сийлбэр хийдэг бол тэр боловсрол биш боловч боловсролтой болчихвол тэндээс нандин урлаг төрж магадгүй. Маш сайн хагалгаа хийдэг эмч байлаа гэхэд энэ бол боловсрол гэхээсээ илүү мэргэжил юм. Ер нь нийгэм судлаачдын үзэж байгаагаар аль ч нийгэмд хүмүүоийн таван хувь нь л өндөр боловсролтой байдаг. Хүний нийгэм гишүүн болгоноосоо өндөр боловсрол шаарддаггүй. Дээр үед нийгмийн язгууртан хэсэг нь өндөр боловсролтой байсан. Тийм бололцоо, шаардлага нь байсан. XX зуунаас хүн төрөлхтөн хөгжлийн цоо шинэ эрэмбэд гарч иржээ. Тзтэхээр гарвал, нийгмийн анги давхрагаас үл хамаараад хэн хүнд боловсролтой, ялангуяа өндөр боловсролтой болох бололцоо нээгдсэн байна. Хүний нийгэмд хөдөлмөрийн хуваарь гэж нэг чухал юм бий. Иймээс хүн болгон ямар нэг мэргэжил эзэмшдэг, үүнээс гадна бүх нийтэд ямар нэг хэмжээгээр боловсрол олгодог тогтоц буй болжээ. Үүнийг бид ерөнхий боловсрол гэж нэрлээд байгаа шүү дээ. Хими, математик, физик, астроном гээд ерөнхийдөө л хүний эргэн тойрон дахь ертөнцийн тухай анхдагч түвшингийн хэмжээний боловсролыг дунд сургуулиас авч байгаа, Сэтгүүлч хүнд математик нэг их хэрэг байхгүй байж магадгүй. Гэхдээ л дэлхий дээр амьдарч байгаа зургаан тэрбум хүн болбол бүгдээрээ язгуур гаргах, Ньютоны хууль, молекулын тухай төсөөлөлтэй байх ёстой. Эрин зуун ингэж шаардаж байгаа юм.-Харин өндөр боловсрол гэж…?-Өндөр боловсрол гэдэг бол нийгэм дотор байдаг оюунлаг хүмүүст илүү хамааралтай болов уу. Дээд сургууль ч өндөр боловсрол өгч чадахгүй. Дээд сургууль голдуу мэргэжил олгодог, энэ нь нарийсахаараа мэргэшил болгож болно. Харин нарийн тодорхой юманд мэргэшсэн, дээр нь өндөр боловсролтой байх юм бол нийгэмд амьдрахад илүү хямд. Яг төдөн балл оноо авахаараа өндөр боловсролтойд тооцогдоно гэсэн нарийн зааг хэмжүүр шалгуур байхгүй л дээ. Боловсрол нь системтэй мэдлэг олсон хүнд хүнээс өөрөөс нь хамаарч буй болон тогтоно. Боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ, ямар хэмжээний юм мэдсэн байх ёстой вэ гэж би өөрөө боловсрол олж байх үед тохиолдож байсан бэрхшээл гэдэг ч юм уу, түүн дээрээ тулгуурлаад “Дори идэр дүүдээ” гээд ном бичсэн. 30-аад мянган хувь борлогдсон. Ямар мэргэжил эзэмшсэнээс үл хамаараад хөгжмийн, бүжгийн, түүхийн, киноны, физикийн тухай анхны ойлголттой байх л ёстой. Харин нийгмийн цөөхөн хэсэг нь ийм өндөр боловсролтой болдог учир төрөлхийн авьяас гээч юмнаас ч бас хамааралтай. Ер нь бурхан шудрага болохоос тэгш биш. Энэ хорвоогийн хүний хагас нь эмэгтэй. Эсвэл гайхалтай сод тенор, сафрон хоолойг хэдэн зуун мянгаас нэгэнд нь заяадаг, Эйнштэйн, Ньютоныг зуун жилд нэг удаа илгээдэг. Олонхи хүнд өөрт нь таалагдахгүй гоо сайхан, царай зүсийг хайрласан байдаг.Харин ерөнхий боловсрол бол өнөөгийн эринд хүн болгоноос шаардах ёстой юм шүү. Манайд өндөр боловсролын тухай ярихаа болиё гэхэд ерөнхий боловсролын түвшин ямар байгааг “АХА” гээд зурагтын нэг нэвтрүүлэг тодорхой харуулдаг. Сургуулиудын аль гайгүй хүүхдүүдийг нь авчраад оруулдаг. Тэггэл элэг хатаж үхмээр юм хариулдаг, тэд нар. “Чингис хааны эхнэрийг аль аймгийнхан булаасан бэ?” гэхэд “Архангай аймгийнхан” ч гэх шиг… “Хоол боловсруулах эрхтэнг юу гэдэг вэ?” гэсэн чинь “дэлүү” гэж байна. “Буруу, дараагийнх нь?” гэсэн чинь “хэлүү” гэдэг байгаа. Манай ерөнхий төвшинг л харуулаад байгаа хэрэг шүү дээ.-Манай залуус орчин үед бүгд л өндөр боловсролтой болохыг хүсч байгаа.-Ер нь бол өндөр боловсролын тухай асуудал цөөхөн хүнд хамааралтай. Харин шинэ зууны иргэн болгон ерөнхий боловсролтой байх ёстой. Ерөнхий боловсрол дорой болохоор хүн өөртеө болоод нийгэмд хэрэгцээтэй мэргэжлээ сонгож чадахгүй байна. Өнөөдөр 180 мянган хүн дээд сургуульд суралцаж байна. Зөвхөн эдийн засгаар гэхэд 60, 70 мянга, хуулиар 40, 50 мянган хүн сурч байна. Хууль зүйн мэргэжилтнээр ажиллах Монголын зах зээлийн багтаамж нь гурван мянга, Тэгэхэд тийм олон хүн сурч байна. Эцсийн бүлэгт зах дээр ногоо зараад зогсож байх байсан юм бол тэр дипломыг авах гэж хайран мөнгө цагаа алдах ямар хэрэг байв. Гэтэл өнөөдөр маш олон мэргэжил зах зээлд асар эрэлттэй байна. Манайд барилга барих хүн алга. Шаварчин, будагчин, гагнуурчин маш их хэрэгцээтэй болчихоод байна. Ийм мэргэжилтэй хүмүүсийн цалингийн хэмжээ асар өндрөөр үнэлэгдэж байна. Сайн асрагч, сувилагч их хэрэгтэй байна. Гаднын тусламжийн болон шашны байгууллагынхан өндөр цалин амлаад мэргэжлийн сувилагч хайгаад явна, манайд тэр нь олдохгүй байна шүү дээ. Хий дэмий нэг диплом авчихаар л ажил амьдрал олддог юм санаад байнаа даа. Зах зээлд диплом биш чадвар борлогдоно шүү дээ. 200-гаад дээд сургууль ажиллаж байна. Яг үнэндээ эд чинь ямар ч мэргэжил олгохгүй байгаа газрууд. Яагаад гэхээр хамгийн нарийн мэргэжлийг хүртэл самбар дээр зааж байгаа. 300 мянган төгрөгөөр дээд мэргэжил гэдгийг олж авах ямар ч боломж байхгүй. Хүн сурахад асар их техникийн бааз хэрэгтэй. Үүнд мөнгө хэрэгтэй. Бүр асар их мөнгө шүү. Энэгүйгээр самбар шохой хоёроор аргалж байгаа бол хулхи болжтаарна биз дээ. Ингэхээр сургууль өөрөө худлаа, луйврын, хулхи болж байгаа байхгүй юу.
Ярилцсан Чулуунбаатарын БОЛОРТУЯА

сонин.мн-ээс авав.

7 comments:

Anonymous said...

Baabaryin niitleluudiig haij yavahgui harin neg doroos unshih bolojtoi bolloo. bayarallaa Dori!

meesh said...

Сайхан л ярилцлага.

Anonymous said...

“Хоол боловсруулах эрхтэнг юу гэдэг вэ?” гэсэн чинь “дэлүү” гэж байна. “Буруу, дараагийнх нь?” гэсэн чинь “хэлүү” гэдэг байгаа. Манай ерөнхий төвшинг л харуулаад байгаа хэрэг шүү дээ

нөгөө талаас нь харвал тэр хүүхэд хэлүү гэдэг нь хэл мөн үү гэх маягтай хариулсан байж болох шүү дээ баабр ахаа

Anonymous said...

боловсрол, мэргэжил, дээд ба ерөнхий боловсрол, мэргэшил чадвар зэргийн тухай маш гоё систэмтэй бичжээ, баярллаа танд.

Anonymous said...

Монголчууд бид хэн илүү хорон үгээр хүн шүүмжилж чадаж байна тэр хүнийг ухаантай гэж боддог basic instict-тэй. Ер нь бол ихэнх шүүмжлэгч нар өөрсдөө шүүмжлэл хүлээж авах тал дээр тааруухан байдаг гэсэн судалгаа байдаг. Баабарын тал дээр сайн мэдэхгүй юм. Мэдээж өөрийгөө байгаа гэдгийг дараагийн сонгууль хүртэл мэдүүлэх сайн арга бол нийтлэл. Магадгүй хамгийн сайн арга ч байж болох юм. PR-аа /Public Relation/ хэрхэн хийх нь их чухал. Ажиглацгаая улс төрийн амьд индикатор ажилж байгаа цагт түүний нийтлэлүүдээр дамжуулж хэний ч дуулж байгаагүй мэдээлэлийг авдаг нь сайн л хэрэг. Гэхдээ "хэлэх", "хийх" 2-н хооронд хэнбугайн ч хүү амждаггүй байсныг манай улсын нүүр царай бэлхнээ гэрчилнэ. Баабар ах тэгэхгүй байгаасай билээ. Амжилт хүсье.

Anonymous said...

Нэмж хэлэхэд Баабар ахын блог их сайхан болжээ. Тийм учраас би өөрийнхөө блог дээр линк болгоод нэмчихлээ. Илүү олон хүн уншиг гэж бодоод. За амжилт хүсье "Дори Идэр" дүүгээ дагуулсан Баабар ахаа.

Enkhe said...

Bravo, Baabar!