Thursday, October 11, 2012

Энхсайхан

Цэдэнбалаас хойш МАХН ерөнхийдөө манлайлагчгүй болсон. Сүүлийн гучин жилд Энхбаяр, Баяр гэсэн хоёр манлайлагч удирдагч л төрсөн байх. Удирдагч нь шууд утгаараа албан тушаалтай холбоотой бол манлайлагч холбоотой ч байж болох ч олон түмнээр хүлээн зөвшөөрөгдөх гэсэн айхавтар том шалгууртай. МАХН-тай харьцуулахад 1990 онд шинээр төрсөн ардчилагчид багтахгүй олон манлайлагчтай байлаа. Юутай ч 2000 он хүртэл хүлээн зөвшөөрөгдсөн долоон манлайлагч байв. Ардчилсан холбооноос Зориг, Элбэгдорж; Ардчилсан намаас Бат-Үүл, Энхсайхан; МСДН-аас Баабар, Гончигдорж; МҮДН-аас Ганболд. Магадгүй хэн нь ч хэнийгээ өөрөөсөө дээгүүр гэж хүлээн зөвшөөрдөггүй байсан байх, гэхдээ тус болгондоо үй олон дагалдагсадтай. 2000 онд намууд нийлж улс төрийн нэг хүчин болсноор эдний манлайллын эрин дууссан болов уу. Одоо Элбэгдорж ямар нэг хэмжээгээр, Бат-Үүл хотын дарга болсноосоо хойш мөн ямар нэг утгаар манлайлагчаар үлдсэн гэж тооцож болох юм. Үгүй ч байж магадгүй, учир нь энэ нь тодорхой шалгуургүй, хэлэхэд хэцүү бодлого. Энхсайхан бол 1990 онд төрсөн гол манлайлагчдын нэг байлаа. Би л лав түүнийг сүүлийн арван хэдэн жил дандаа л магтдаг. Тэр Монголын түүхэнд өөрийн дүрээ мөнхөлсөн хүн. Мэдээж би түүний дагалдагч биш, мэдлэг боловсролыг нь шүтэн бишрээд явдаггүй (социализмийн үеийн эдийн засагчдыг ойшоодоггүй болохоор), нэг үгэндээ төдийлөн хүлээн зөвшөөрдөггүй. Энэ бол хүн хоорондын хувийн дүгнэлт харилцаа. Харин Энхсайхан Монголын нэн шинэ түүхэнд тодорч товойхуйц үүрэг гүйцэтгэж том орон зай эзэлсэн гэдэг бол тусдаа асуудал. Энэ бол түүхийн үнэлгээ дүгнэлт. Энхсайхан 1996 оны сонгуульд Ардчилсан хүчнийг удирдаж орсон. Ялалт авчирсан. Дараа нь Ерөнхий сайдаар томилогдож хоёр жилийн дотор асар том реформ хийсэн. Салбар болгонд. Өнгөрсөн 22 жилийн явцыг эргэж харахад Монгол улсын Засгийн газруудын ажиллагаанаас гялайж галтайх юм нь 1990-92 оны Бямбасүрэнгийн, 1996-98 оны Энхсайханы Засгийн газраас л харагдана. Бусад нь ч яахав дээ, хоёр гурав дугаар зэрэглэлийнх. Зарим нь ч байсан эсэхийг нь ч хүн санахгүй байх. Тэр сайн зохион байгуулагч. Огцорсныхоо дараа хөдөөний фракц байгуулан өчигдөр байгуулснаа нураах гэж бас л том цохилт өгч эхэлсэн дээ. 2004 оны сонгуулийг бас удирдсан, бас л ялалт авчирсан. Даанч увайгүй муухай луйвардуулж хоёр нам тэнцсэн болсон. Харин дараа нь түүнийг намын даргаас хусаад хаяж билээ. Тэгэнгүүт шаралхаад парламент дотор шинэ нам байгуулж тэмцлийн хурц үзүүрийн 180 градус эргүүлсэн. Ер нь шазруун, хэний ч дор орох дургүй, хэрэг гарвал салаавч ч үзүүлнэ, зодолдсон ч чадна. Унжийсан амьтан биш, эрийн хугархай. Ийм хүн Энхбаярын дор орон дагалдан тоодгор нь болчихсныг гайхаад учрыг нь олдоггүй юм. Чойбалсан, Цэдэнбал гээд дарангуйлагчид өчнөөн л дагалдагчидаар өөрийгөө магтуулж байсан, гэхдээ тоодгоруудын хэн нь ч арай шүлэг бичиж байгаагүй юм шүү. 2004 онд Энхсайханыг Зоригийн хэрэгт холбогдуулан баривчлах нь нийтэд бараг тодорхой болчихсон байлаа. Үүнийг хонзорхуу дээрээ тэнэг Нямдорж мэдээллийн хэрэгслэлээр эрээгүй ил тод зарлаж байсан. Цагдаагийн даргаас санаачлага нь гарч Нямдоржоос халуун дэмжлэг авч, Тагнуулын газрыг татан оролцуулж Европоос хүн худгайлах ажлыг биеэр зөвшөөрөн операци явуулсан хүн нь тэр үеийн Ерөнхий сайд өөрөө байлаа. Гэвч хулгайлж авчирсан хүн нь үхэж, нууц ажиллагаа дэлхийгээр нэг ил болон шившгээ хутгаж, хэрэгтний өмгөөлөгчийг Нямдорж шоронд хорьсноор асуудал өөрөөр эргэсэн төдийгүй сонгуульд МАХН ялагдаж Энхсайханаар удирдуулсан АН ялалт байгууллаа. Энхбаяр улайм цайм луйвар хийж байж намаа тэнцүүлсэн болгосон. Намын дарга Энхсайхан ч шинэ УИХ-д гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хороон дарга боллоо. За одоо ч хөөрхий муу Энхбаярын бөөрийг гаргана даа. Мань хүн ийм юмыг өршөөх хүн биш. Оросын өрийг төлөх явцад 50 сая долларын асуудал гарсныг шалгах комисс байгуулан даргаар нь Энхсайханыг тавихдаа АН-ыхны инээд хүрч байв. Харин мань хүн долоо ч хонолгүй тайлангаа тавьж Энхбаярыг тэнгэрт тултал нь магтлаа. Удалгүй өөрөө зүтгэсээр байж байгуулсан АН - Эх орон намын хамтарсан эвслийг тарааж орхив. Ингээд Ардчилсан намыг сөрөг хүчин болгох мөртөө өөрөө Үндэсний шинэ гэх тодотголтой нам байгуулаад МАХН-тай очоод эвсчихдэг байгаа. Одоо МАН- чууд бүлэг байгуулж өгөхгүй байна гэж орой болгон зурагтаар гоншиногоод л байна. Харин тэр үед 25 гишүүнтэй АН-ыг хоёр жил бүлэггүй явуулж шарлаасан юм шүү дээ. 2005 оны сонгуульд Энхсайхан Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшлээ. Үүндээ тэр үнэхээр хойрго байсан. Сонгууль дөхөх тусам улам арагшаа ухарч штабаасаа бултан олон хоногоор алга болчиж байсан. Алтан гадас ч Энхсайханыг унагах гэж намын аппаратыг зориуд ажиллуулаагүй. Сонгуулийн тооллого эхлээд удаагүй байхад нөхдөө хорьсоор байтал Энхбаяр руу утасдан Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь халуун баяр хүргэн утасны цаанаас үнсэлт илгээлээ. Ийм л юм болсон доо. Цаашаа ч бүр ундарч өгсөн л дөө. Улс төрийн тайзанд хоёр Э-ийн дүэт магтаал ерөөл өндөрлөж байснаа 2009 оны сонгуулиас хойш хараал зүхэлийн бөөгийн дуудлага хангинах боллоо. Энхсайхан бол хотын сэхээтний шинэ үеийн нийтлэг дүр. Уламжлал зан заншлыг төдийлөн мэддэггүй, мухар сүсэг гэхээсээ шинжлэх ухаанд илүү итгэл үнэмшилтэй, шашны тухай ойлголтгүй, үндэсний үзэл гэхээсээ өрнийн соёлыг шүтдэг, чөлөөт зах зээл, ардчилал, эрх чөлөөний тухай ухамсаржсан цэгцтэй ойлголттой, иргэншсэн сэтгэлгээтэй урбан соёлтой сэхээтэн. Харин Энхбаярыг дагаснаасаа хойш ярьж хэлж буй нь өөрийг нь дагалдаж буй эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй галзуу солиотнуудаас ялгагдахгүй болсон төдийгүй зарим салбарт илүү гарах боллоо. Нэг харахад өвчтэй болчоо юу гэлтэй, нөгөө харахад хүн шаралхахаараа эрүүл ухаанаа алдчихдаг юм болов уу гэмээр. Мэдээж түүний дагалдагсад дотор түүнтэй ижил гомдлоор амьсгалж яваа эрүүл саруул хүмүүс мэр сэр бий л дээ. Жишээ нь Уянгыг Алтан гадасынхан хөөгөөд явуулчихсан юм. Ардчилсан нам, тэр дундаа Алтан гадсынхан Энхсайханыг сүнсгүй муухайгаар гомдоосон нь үнэн. Энэ намд хоёр удаа ялалт авчрахад нь амбаардаад явуулсан. Гэхдээ энэ бол улс төрийн тэмцэл. Харин эрүүл үнэлэмжээр өөрөөс нь хавьгүй доогуур нэгний цагаан хоолой болж, Лин Бао, Молотов, Геббельсийн зэрэглэлээр эзнээ магтан дуулж, нулимс хүртэл дуслуулан хоолойгоо цахиртуулж шүлэг уншин дуу дуулж, яаж ч бодоод итгэл үнэмшил өссөн хүмүүжил мэдлэг боловсролд нь үл нийцэх юм ярин, дагалдан тоодгорын зэрэгт өөрийгөө аваачсан нь ёстой тайлагдашгүй оньсого, өөрийгөө гутаасан үзэшгүй муухай доромжлол. Юутай ч Энхсайхан мөнгөнд толгойгоо мэдүүлэх хүн биш. Тэр бол үл худалдагдах хүн. Ганцхан тайлбар байж болох нь гаталж барах аргагүй барьцаанд орвол л хүн ийм болж болох байх. Энэ тухай маш олон янз таамаглал байдаг??! Энхсайхан Энхбаярт зүүгдэж явсны хүчинд энэ жил дагалдагсадын хамт улс төрийн ялалт байгууллаа. Энэ нь түүний их улс төрд эргэн орж ирэх замыг нээв. Голлох удирдагчийн хувьд түүнд шинэчлэлийн гэх Засгийн газарт зүй ёсоор томоохон суудал олдох байлаа. Түүнийг Сангийн сайд болохыг АН нэгэн дуугаар (ганц нэг хүний эсэргүүцлийг эс тооцвол) дэмжиж байлаа. Гэтэл үйл явдлын шууд гэрч болсон маш ойрын хүрээллээс гарсан мэдээллээр бол Энхбаяр эмнэлэгээс шууд утасдан “Чиний сангийн сайд гэж юу байсан юм! Хохь чинь шүү, хэрээ мэдээрэй” гэжээ. Уг нь МАХН-чууд Сономпилээс Эрчим хүчний сайдыг нь булаах гэж байсан болохоос Энхсайханд ямар ч гомдолгүй байжээ. Энхсайхан ч дээдсийн сануулгыг шууд хүлээн авч суудлаа чөлөөлж өгсөн байна. Ингэхээр аймаар нээнтэг барьцаанд байгаа нь үнэн юм шиг. Дараа нь бүр толгой эргүүлсэн юм боллоо. Энхсайхан ярилцлага өгч өөрийг нь Энхбаяр шахсныг хүлээн зөвшөөрсөн төдийгүй үүнд гомдолтой байгаагаа илэрхийлэн түүнийг шоронгоор ялласан нь шудрага зөв зүйл болсон гэдэг байгаа. Түүнийг 15 жил дагаж гүйсэн Цолмон намыг нь хөсөр хаяж байгаагаа зарлаад Энхбаярын нам руу давхиад орчихов. Энхбаярын хүү эцгийнхээ хувь заяатай эвлэрээд энэ улсын хамгийн эрх мэдэл бүхийн суудлын нэгэнд “дэвшин” очлоо. Энэ бүхэнд ямар логик, ямар оньсго байна? Хэрэв Энхсайхан аймшигт нээнтэгт байсан бол гэнэт ингэж зоригломооргүй. Гэтэл барьцаанд байгаагүй юм бол ийм ширүүн ааштай биеэ тоосон хүн өчнөөн жил өөрийгөө доош нь оруулж Энхбаярын үгээр “бөгс долоож” явмааргүй юм. Энхсайхан цаадахтайгаа муудалцаад өөрийн өмчөө тасдан АН-д эргэж нэгдэх гэж байгаа юм болов уу? Энэ Засгийн газарт хайр зарлан дэмжиж тогтвортой ажиллуулахыг нийт ард түмэндээ уриалснаас нь үзэхэд магадгүй юм шиг. Болохгүй ч юмгүй л дээ. Цагтаа Эрдэнэ тусдаа нам байгуулж АН-ыг бөөлөн харааж дөвчигнөж л байсан, даанч тэр мангууг дагах хүн олдоогүй, “уучлаарай” гээд л эргээд ороод ирсэн, одоо сайд царайлчихаад сүүлээ чирээд гэдийгээд алхдаг болчихсон байна билээ. Гүндалай ч тусгаарлаж явснаа буруугаа хүлээж байна л гэсэн. Мань Батзанданг хар, одоо их л ширүүн дуутай хувьсгалч шудрага төрхтэй болсон байгаа биз дээ! Гэтэл Цолмон? Цолмон ч яахав, өнгөрсөн хорин жилд өчнөөн нам дамжиж будаа түүсэн хүн, гэхдээ л Энхсайханы үгнээс гардаггүй, тэр хэрээрээ нээнтэгт нь байдаг тэрээр гэнэт ийм шийдвэр гаргасан нь ямар шалтгаан байна? Өөрийнхөө мангар тайлбарт эрхбиш өөрөө үнэмшчихээгүй байлтай. Энхбаяр 60 гарсан түүнд зуун жилийн алтан ирээдүй амалсан юм болов уу? Энхбаяр шудрага эвслээ задалж засгаас гарган сөрөг хүчин болговол өөрөө “олон улсын хуулиар” жинхэнэ улс төрийн хэлмэгдэгч болж харагдана. Ийм төлөвлөгөө хийж байгаа бол хүүхдээ тийм аймаар том дарга болгомооргүй юм? МАХН нь МҮАН-аас салж дангаараа МАН-тай нэгдэх байгаа гэж үзье л дээ. “Намайг дагавал манай нам аврагдана” хэмээн Энхтөвшин эмнэлэгт Энхбаярыг эргэсний дараа хэлснээс үзэхэд тийм байж болох. Гэтэл сонгуульд хамтарч орсон эвсэл тарвал бүлэггүй болох төдийгүй, жагсаалтаар орж ирсэн хүмүүс автоматаар хасагдаж, Цог, Тэрбишдагва, Уянга, Батцогт гэсэн хэдхэн хүн л хуралдаа үлдэнэ шүү дээ. Яагаад гэвэл жагсаалтаар оруулж ирсэн субъект нь байхгүй болохоор жагсаалт хар аяндаа хүчингүй болж суудлыг нь үлдэх гурван нам хувааж авна. Энэ бол хуулийн маш ойлгомжтой энгийн логик нь. Энэ рүү тэмүүлээд байна гэж үгүй л баймаар? Ёстой бүү мэд, хорвоод математик логик, эмэгтэй хүний логик гэж хоёр тусдаа юм байдаг юм гэнэлээ. Үүнээс гадна монгол логик гэж бас нэг тусдаа юм байдаг байх аа. За больё больё, тархи хүрэхгүй юм байна! 2012.10.8 Дэлгэрэнгүй унших...

Wednesday, September 22, 2010

Урагшгүй төрийн увайгүй үйлдэл

Сонирхолтой түүх ярьж өгье. Тээр жил Гүндалай бөөн шуугиан үүсгэж Нямдоржийг гадаадын тагнуул байсан тухай баримт материал дэлгэлээ. Би бол ердөө л хөндлөнгийн ажиглагч, улс төрийн үйл явдалд дүн шинжилгээ хийдэг хүн. Тэгээд энэхүү нийтийн шуугианд хошуу нэмж хоёр ч өгүүлэл бичсэн. Юун түрүүн Нямдоржийг гадаадын тагнуул гэдэгт итгэхгүй байгаагаа хэлсэн. Сансарт хүн нисгэдэг, цөмийн зэвсэгтэй, дэлхийн тэргүүлэгч гүрэн очиж очиж Нямдорж шиг эргүү амьтнаар тагнуул хийлгэхдээ яахав дээ гэсэн юм. Логиктой зөрчилдөөд байгаа байхгүй юу. Харин Францаас хүн хулгайлах ажлыг зохион байгуулсан байх магадлалтай, яагаад гэвэл Хууль зүйн сайд учраас. Гэтэл мань муйхар эр өөрийгөө гүтгүүллээ гээд намайг цагдаад өгчээ. Цагдаа нь ч цагдаа, гал түймэр бүртгэх хэлтэст өгч, тэндээс нь хүн олдоогүй бололтой хөдөө сумаас нэг цагдааг яаралтай дуудан шилжүүлж авчраад намайг хариуцуулжээ. “Нямдорж тагнуул биш гэж би хэлсэн, мөн юм бол та нар мөн гэдгийг нь батал” гэсэн шаардлага тавьсан чинь арга нь барагдаж яаралтайгаар гомдлоо эгүүлэн татаж авсан юмдаг.

Сонирхолтой түүх ярьж өгье. Тээр жил Гүндалай бөөн шуугиан үүсгэж Нямдоржийг гадаадын тагнуул байсан тухай баримт материал дэлгэлээ. Би бол ердөө л хөндлөнгийн ажиглагч, улс төрийн үйл явдалд дүн шинжилгээ хийдэг хүн. Тэгээд энэхүү нийтийн шуугианд хошуу нэмж хоёр ч өгүүлэл бичсэн. Юун түрүүн Нямдоржийг гадаадын тагнуул гэдэгт итгэхгүй байгаагаа хэлсэн. Сансарт хүн нисгэдэг, цөмийн зэвсэгтэй, дэлхийн тэргүүлэгч гүрэн очиж очиж Нямдорж шиг эргүү амьтнаар тагнуул хийлгэхдээ яахав дээ гэсэн юм. Логиктой зөрчилдөөд байгаа байхгүй юу. Харин Францаас хүн хулгайлах ажлыг зохион байгуулсан байх магадлалтай, яагаад гэвэл Хууль зүйн сайд учраас. Гэтэл мань муйхар эр өөрийгөө гүтгүүллээ гээд намайг цагдаад өгчээ. Цагдаа нь ч цагдаа, гал түймэр бүртгэх хэлтэст өгч, тэндээс нь хүн олдоогүй бололтой хөдөө сумаас нэг цагдааг яаралтай дуудан шилжүүлж авчраад намайг хариуцуулжээ. “Нямдорж тагнуул биш гэж би хэлсэн, мөн юм бол та нар мөн гэдгийг нь батал” гэсэн шаардлага тавьсан чинь арга нь барагдаж яаралтайгаар гомдлоо эгүүлэн татаж авсан юмдаг.

Гол нь энд Нямдорж бид хоёрын хэрүүлийн тухай ярих гэсэн юм биш. Арай том жинтэй хэрэг ярих гээд байна шүү дээ. Гадаадаас хүн хулгайлаагүй гэдгээ батлахын тулд мань сайд Францаас Энхбат гэгчийг хулгайлах ажлыг гардсан мэргэжилтнүүдээр тодорхойлолт гаргуулж хавсаргажээ. Хавтаст хэрэгт өнөөдүүл нь улсын хамаг нууцыг дэлгээд тавьчиж. Хэн тушаал өгсөн, яаж гүйцэтгэснээ бичээд, хамгийн гол нь энд сайд Нямдорж маань ямар ч холбогдолгүй гэсэн байх юм. Ийм гүйцэтгэх ажлыг ингэж шүүх цагдаагаар дамжуулан илэн далангүйдээ орж болдоггүй л юм л даа. Ийм нарийн ширийн гүйцэтгэлийн нууцыг дэлгэж болохгүйг ойлгох хэмжээний хүн учир би тэгэсхийгээд чимээгүй өнгөрсөн юмдаг.

Үнэндээ Энхбат гэгчийг гадаадаас хулгайлж авчрахын өмнө Ардчилсан намыг сонгуульд даргагүй орно, сонгуульд шившгээ хутгана, Зоригийн хэрэг удахгүй илрэнэ гэж Нямдорж өөрөө ил далд зөндөө ярьсан. Энэ тухай мэдээлийн хэрэгслэлээр бишгүй нэг шуугисан. Ойлгогдсоноор бол Ардчилсан намын дарга Энхсайхан нь Зоригийн аллагын хэрэгт холбогдолтой юм байна, үүнийг Нямдорж олж илрүүлээд удахгүй дэлгэх юм байна, үүнээс болж Ардчилсан нам шившгээ хутгаж сонгуульд ялагдах юм байна гэсэн ойлголтыг өгч байсан хэрэг. Дараа нь үнэхээр хамаг хэрэг дэлгэгдсэн. Энхбат гэгчийг Францад гудамжнаас мунадаж унагаад ч юмуу хулгай хийж. Үүнийг Парист суух элчин сайдтай зөвшилдөн хийж. Дараа нь тэрийг машинаар зөөж Бельгид Элчин сайдын яаманд авчирч хэсэг хугацаагаар хорьж. Үүнийг мөн элчин сайдтай зөвшилдөн гүйцэтгэж. Тэндээсээ машинаар Берлинд авчирч. Мөн л элчин сайдтай зөвшин гүйцэтгэж. Сайд бүр орогнуулах байр гаргаж өгч. Ингээд манай чекистүүд Энхбатыг хилээр сэм нэвтрүүлэн МИАТ-ын онгоцоор Улаанбаатарт авчираад Ганц худагт хорьчиж. Харин Монгол нь чөлөөт хэвлэлтэй, тэр нь дажгүй болохоор долоон булчирхайг нь олж мэдээд сонин хэвлэлээр шуугиад унасан. Дээрх мэдээлэл сонинд нэгэнт гарсан, нууцаа алдсан эд.

Дараа нь яахав дээ, дэлхий даяар шившигээ хутгаж гарахгүй юу. Герман, Франц, Бельгид суугаа манай хэрэгт холбогдогч элчин сайд нарыг тэндхийн тусгай албаныхан илэрхий дарамтлан доромжилж, байх суух газаргүй болгосон. Ум хумгүй эх орондоо зугтаж ирэн даалгавар өгсөн хүнийхээ ивээлд багтан бүгд л дээш дэвшсэн дээ. Эх орны өмнө гавъяа байгуулсан юм чинь аргагүй, аргагүй, хөөрхий. Хэргийг хүлээлгэх гэж нөгөө Энхбатыг тамласан бололтой байдаг. Гээд Монгол нь бас л эрх чөлөөтэй орон учир өмгөөлөгч нь хамаг хэргийг мэдээллийн хэрэгслэлээр дэлгэж орхив. Гэтэл яасан гээ, өмгөөлөгчийг улсын нууц задалсан хэргээр шоронд хорьж орхисон. Ингэхээр чөлөөт орон биш ч юм шиг. Угаасаа хүнд өвчтэй байсан Энхбат ч тун удалгүй үхсэн дээ. Үнэн худлыг нь мэдэхгүй эргэн тойронд нь аймаар аймаар цуу тарсан. Энхбатыг тээвэрлэж ирсэн онгоцны үйлчлэгч болон зэрэгцэж суусан гэрч нар тун удалгүй гэнэтийн ослоор үхсэн гэх юм билээ. 2004 оны сонгуульд хоёр нам ч тэнцсэн, эвийн гэрээ байгуулж хамтарсан засгийн газар байгуулсан, хоёр намын дарга нар биендээ хачирхмаар үнэнч найз нөхөд болон хувирсан.

Европын орнуудад манай дипломатууд баривчлагдаж эхэллээ. Францад сууж байсан дипломат Австри болон Германд онгоцны буудал дээр баривчлагдсан шүү дээ. Мөн гүйцэтгэх алба хэрэгжүүлсэн офицерууд баривчлагдаж эхлэв. Хамгийн сүүлд тухайн үед дээрээс өгсөн тушаалын дагуу үүргээ гүйцэтгэсэн гүйцэтгэх ажилтан Лондонд онгоцны буудал дээр баривчлагдан хоригдлоо. Дипломат ажилтан даалгавар биелүүлэх үүрэгтэй, цэргийн хүн тушаал биелүүлэх үүрэгтэй. Алдаатай шийдвэрийн төлөө гүйцэтгэгч биш шийдвэр гаргагч хариуцлага хүлээх ёстой. Энэ бол хаана ч мөрддөг энгийн дүрэм. Долоон сарын нэгний хүн буудсан асуудалд тушаал өгсөн хүн хэрэг хүлээх болохоос буудсан хүн хариуцлага хүлээхгүй. Харин тухайн цагдаа ямар ч тушаалгүйгээр өөрийн дураар хүн буудсан бол өөр хэрэг. Тони Блэйрийг Иракт дайн өдөөсөн гэж англичууд алчих гээд л байна. Англи цэргүүд тэнд террорист болон эндүүрлээр энгийн хүнийг ч олныг цааш нь харуулаа биз. Гэхдээ тушаал биелүүлж яваа цэргийг алуурчин гэж хэн ч яллахгүй. Үүргээ л гүйцэтгэсэн. Тэр дундаа цэргийн хүн тушаал биелүүлэхгүй бол эх орноосооо уравсанд тооцдог. Хаана ч тэгдэг.

Аль ч улс өөрийн хуультай. Аль ч төрийн үүрэг бол өөрийн хамаарах газар нутаг дээр хуулиа сахиулах явдал. Хууль нь хуудуутай байж болно, тэрийг засдаг болохоос муу хууль гээд зөрчих эрх хэнд ч байхгүй. Даяаршиж байгаа өнөөгийн ертөнцөд орон орны хууль хоорондоо төстэй болж байгаа төдийгүй биенийхээ хуулийг харилцан хүндэтгэснээр энх тайвнаар зэрэгцэн орших үндсэн нөхцөл бүрдэж байгаа юм. Иргэд өөрсдийн болон хүний хуулийг зөрчих явдал маш түгээмэл, тухай болгонд нь арга хэмжээ аваад л явдаг. Манай сайн эрс гадаадад мөн ч шуугиантай гэмт хэрэг өдүүлэх юм. Тээр жил Солонгост 70 настай чавганц хүчиндээд алчихсан манай иргэнд ердөө 3 жилийн ял өгч байсан. Гэр орноор нь хүйс тэмтэрсэн явдал ч гаргаж л байлаа. Хар тамхийг монголчууд л зөөдөг болоо шив дээ. Гэхдээ энэ болгоныг хувь хүний үйлдэл гэнэ үү гэхээс хэн ч Монголын төрийн зориудын явуулга гэдэггүй. Манайд ч гадныхан хэрэг тариад ялаа үүрдэг. Харин нэг төр нөгөө орны хуулийг санаатайгаар зохион байгуулалттайгаар зөрчиж байгаа бол энэ бол наанадаж өдөөн хатгалага, цаанадаж дайсагнал мөн. Тэгэж л үздэг юм, өнөөгийн ертөнц.

Тээр жил Америкт төрийн үүрэг гүйцэтгэж байсан ажилтнаа мөн л хулгайлан авч ирсэн. Гавалчихсан явж байгаад цагдаад баригдсан. Тэдний хуулиар гадаадынхан байтугай өөр мужийн цагдаа муж хоорондын хил давж хүн баривчлах эрхгүй. Америкийн кинон дээр энэ тухай зөндөө гардаг даа. Мангар хууль санагдаж магадгүй гэхдээ л тэндээ хүчинтэй. Ингээд Вашингтонд суух Монголын элчин сайд өөрийн биеэр тайлбарлаж баригдсан этгээдийг Зоригийг хутгалж алсан хүн яг мөн хэмээн таниснаар нааш ачсан юм. Хөөрхийг энд бүтэн жил шоронд суулгаад эцэст нь хуурамч дипломтой байсан гэдэгт нь нэг жилийн ял өгөөд тэрийгээ мөрдөнд эдэлсэн болгоод суллан тавьсан. Манай орон хүний эрхийг хүндэтгэдэг эрх чөлөөт улс мөн үү? Үндсэн хуулиа биелүүлдэг газар мөн үү? Бусад орны хуулийг төрийнхөө зүгээс зохион байгуулалттай зөрчинө гэдэг бол гадагш нь дайсагнасан бодлого явуулж буй хэрэг биш гэж үү?

Хүний хуулийг Монголын төр дайсагнан зөрчих мөртөө өөрийн нутаг газар дээрээ хичнээн сул дорой гэж санана? Засгийн газрыг эсэргүүцэж байгаа нэрийн дор төв талбай дээр төрийн цагдаа олны нүдэн дээр хутгалсан хүнийг тээр жил эгээтэй л шагнан алдсан. Төрийн гол үүрэг бол хэн хүний өмчийг хамгаалах явдал. Америкийн зэрлэг цагдаа нар жагссан ажилчдыг буудсан тухай олон жилийн домог байдаг, үнэн чанартаа жагсагчид бусдын өмчид халдсан учраас төр өмч хамгаалах үүргийнхээ дагуу л гал нээсэн хэрэг. Долоон сарын нэгэнд Монголын цагдаа нар Ху намын байрыг хамгаалсан нь төр өөрийн үүргээ гүйцэтгэсэн л гэж боддог. Харин бүх асуудал нам жим болсны дараа хэсэг цагдаа хүн агнаад явж байсан бол гэмт хэрэг. Маргаашаас нь хүмүүсийг хомроголон барьж эрүүдэн шүүсэн нь гэмт үйлдэл. Энэ бүхнийг ялгаж салгаж ойлгомоор юм.

Төр сул дорой учраас, өөрийн үүргээ биелүүлэх чадваргүй учраас хийтэй хэнээтэй болгоны дураар авирлалт хэтэрч байна. Бусдын өмчийг буудаж эвдэн сүйтгэсэн гэмт хэрэгтнүүд өнөөдөр ард түмний баатар мэт аашлана. “Энэ төр бол хууль бус төр” хэмээн хээв нэг өөрсдийгөө зөвтгөж байна. “Бид улсын биш хувийн өмчийг устгасан” гэж хөөрөлхөж байна. “Бид ухамсартайгаар бэлтгэж бусдын хөрөнгөд халдсан, энэ бол дөнгөж эхлэл, дахин ингэх болно” гэж шулуухан заналхийлж байна. Монголын төр тэргүүнээ гудайлган унжийж зогсоно. Үндсэн хуульд өмчийн бүх хэлбэрийг тэгш эрхтэй гээд алив өмчийг хамгаалах үүргийг төрд хүлээлгэсэн. Энэ бол төрийн үндсэн үүргийн нэг. Чухам үүний тулд хүмүүс татвар төлдөг. Хэрэв хүн болгон “эх орны сайн сайхны төлөө” хэний ч хөрөнгө рүү халдаж болдог, хэний ч эрүүл мэнд амь насанд заналхийлж болдог юм бол бид ийм арчаагүй төртэй байгаад яах юм бэ? Татвар төлж байгаа мөнгөөрөө өөр өөрсдөө зэвсэглээд, өөр өөрийгөө л хамгаалъя л даа. Эсвэл дургүй харагдсан болгоныгоо буудаж унагаад, хажуу айлаа дэлбэлээд эх орончоороо гайхуулцгаая л даа. Байгаль хамгаалах стандарт тогтоох, тэрийгээ хэрэгжүүлэхийг албадах нь төрийн үүрэг. Төр энэ үүргээ биелүүлээгүй бол төрийн төлөөлөгчдийг солих ёстой юу, эсвэл олон нийтийн шүүх ажиллуулж хэн дуртай, хэн хийтэй, хэн “эх оронч” нь газар дээр нь цээрлүүлэх арга хэмжээ авах ёстой юу? Шүүхээс гадуур шүүх байхыг Үндсэн хуулиар хориглосон биш билүү? Унжийж увайгүйтсэнээрээ Монголын төр сайн дурын шүүх оршин байхыг чимээгүй зөвшөөрөөд байгаа юм уу? Хэрэв тийм бол иргэн болгонд өөрийн хувийн шүүх байгуулах эрх бий, иргэн болгон өөрийн үзэмжээр хэнийг ч яаж ч цээрлүүлэх эрхтэй. Монгол улсын Хууль зүйн сайд байсан хүн эдгээр сайн дурын эх оронч гэмт хэрэгтнүүдэд Улсын баатар цол олгохыг шаардаж байна гээд бод доо. Маргааш нь зүлгэн дээр гишгэсэн хүнийг хутгалаад өөрөө Баатрын таван хошуугаар энгэрээ мялаах нь!

Бид юу дуртайгаа ярьж үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй боловч дайн сурталчлах, шашин итгэл үнэмшлийг доромжлох, арьс өнгө үндэс язгуур хүйсээр ялгаварлахыг сурталчлах нь Үндсэн хуулиар хориотой. Бид юу дуртайгаа хэлэх эрхтэй ч юу дуртайгаа үйлдэх эрх байхгүй. Хуулиар хориотой болгоныг үйлдвэл төрийн хууль шууд таслан зогсоож цээрлүүлж байх ёстой. Ийм л учраас төр гээч юм байдаг. Хотын дарга асан нэг улаан нөхөр газрын асуудлаар хөрштэйгээ маргаантай юм байна л даа. Маргаан энд тэндгүй л байдаг. Гэхдээ тэр нөхөрт асуудлыг шүүхээр шийдүүлэх эрх бий болохоос хөршийнхөө хашааг дураараа юу юугүй нураагаад унах эрх байхгүй. Төрийн хууль тогтоогч хуульд ингэж хандахаар бусад нь яах болж байна? Төрийн төлөөлөгч төрийн сул доройг ингэж ашиглаж байна. Өөрсдөө дураар аашилж байхын тулд Монголын төрийг зориуд сул дорой байлгаж байна. Хүчтэй төр гэдэг бол дарангуйлдагтаа биш, хуулиа сахиулж чаддагийг нь хэлдэг юм. Төрийг зориуд доройтуулаад тодорхой эрх мэдэлтнүүд хувийн эрх ашиг нэр алдрын тулд гадаад орнуудын эсрэг Монголын төрийн нэрээр дайсагнасан ажиллагаа явуулж байгаа юм шүү дээ. Эрх мэдэлтний дураар дургих, улсаа хорлох үйлдэлд хяналт тавих, таслан зогсоох механизм манайд байхгүй. Аймхай хүн л хүн алдаг, аймхай төр л бусад оронд дайсагнадаг.

Жич: Америк болон Европоос хүн хулгайлсан ажиллагааны гүйцэтгэлийг гадны мэргэжлийнхэн харин шүтэж ярьдаг юм билээ шүү. Тэнэг үйлдэл, тушаал өгөгчид нь увайгүй амьтад, гэхдээ гүйцэтгэгчид нь гайхамшигтай чадварлаг хүмүүс гэж надад Германы хариуцлагатай албаны том хүн ярьж билээ. Гүйцэтгэгчдийг хэлмэгдүүлэх биш тушаал өгөгчдийг цээрлүүлж байж л Монголын нэр цагаадна даа. Тэгэж байж л уучлал гуйх эрх нээгдэнэ
Дэлгэрэнгүй унших...

Tuesday, May 18, 2010

Барааны үнэ буулгадаг ерөнхий сайд

Герег улс дампуурснаар араасаа аварга том Европын холбоог хөлдөө чирлээ. Заан чирж нүх рүү унах гэж байгаа оготно. Юун түрүүн еврод аюул учруулав. Цаашлаад ерөөс Европын холбоо хэмээх энэ том айл оршин тогтнохыг эргэлзээтэй болгож байна. Герегийн хямрал Азийн бирж дээр хүртэл мэдрэгдэн донсолгоо үүсгэв. Арван хэдэн сая хүнтэй жижигхэн муу Герег мөрөөрөө байсан бол тэдний дампууралд хэн ч өртөхгүй байсан. Дампуурдаг л юм байгаа биз, хаа холын Шанхай, Токиогийн биржид ямар хамаа байна?

Гэтэл тэд дундаа нэг валюттай хүчирхэг гэрбүлд гишүүнээр оржээ. Дундаа хоол хийдэг гэсэн үг. Бодвол дээр үед Македоны Александр хаан байхад манай Герег Энэтхэгийг хүртэл эзэлж байсан гэхээс өөр юм хийхгүй зүгээр суугаад байдаг юм байгаа биз. Юм хийдэггүй мөртөө зэргэлдээ ажилсаг германчууд францчуудын цалинг нэхээд хэвтчихсэн. Ард түмнээ харж үзэхийн дон болсон төр нь жагсаал болгоны дараа нэхсэн хэмжээгээр нь өгөөд байтал нэг харсан чинь дампуураад уналаа. Мөнгийг нь хэн төлөх вэ? Ажил хийдгүүд нь! Ангэла Мэркэль авгай муухай уурласан. Гээд яахав дээ, өмхий гээд хошногоо тайрдаггүй гэгчээр 400 тэрбум евро өгөхөөр боллоо. Зүгээр өгч байгаа юм биш шүү, эргүүлж төлөөрэй гэж авгай анхааруулсан. Ажилсаг германчуудын хөлсөөрөө олсон мөнгийг зүгээр суусан герегчүүдэд зүгээр өглөө гэж уурссан германчууд Мэркэлийн намыг орон нутгийн сонгуульд унагаж орхив. Чехийн Ерөнхийлөгч Клаус герегчүүдэд хандан ингэж хэлсэн: “Та нарт гурван зам байна. Эхнийх нь бүх цалин тэтгэмжээ 30-40 хувиар багасгаж орлого зарлагаа тэнцүүл. Эсвэл Европын холбооноос гарч евро хэрэглэхээ боль. Сүүлчийн арга нь улсын хувьд бүрэн дампуур”.

Герегчүүд 400 тэрбум евро аваад ч засрах магадлал муу. Асуудал мөнгөндөө байгаа биш, тэдэнд өөрсдөд нь бий. Тэд хийснээсээ илүү авах гэдэг. Байсхийгээд л жагсана, сүүлдээ байчихаад төв банкаа шатааж орхисон. Хэрвээ тэд Европын холбооны улс биш байсан бол мөнгөн тэмдэгтээ үйлдвэрлээд л инфляцид баригдаад өөрсдөө зовоод л дампуураад явах байлаа. Гэтэл хэрэглэж байгаа мөнгө нь евро болохоор мөнгөний ханш унахгүй харин дотроосоо өөрийгөө идээд л явна гэсэн үг. Герегийн араас Португал, тэгээд Испани орж байна. Бага ажиллаж их авах натуртай хэсэг нь ингээд Европын холбоог дампууруулах нь л дээ. Сая Румынд тэтгэвэрийнхэн жагсан Төрийн ордон руугаа дайрлаа. Тэтгэвэрийн дундаж хэмжээ 190 доллар, төсвийн ажилтны дундаж цалин 350 доллар юм байна. Яаж л ажиллаж байна, тэр хэмжээндээ авч байна гэсэн үг. Европын орон мөртөө манайхтай л адилхан төвшинтэй юм. Ялгаатай нь тэд Европын холбоонд орох гээд оочирлоод зогсчихсон байгаа. Яг одоогийнх шигээ ажиллаж германчууд шиг цалин нэхэх нь. Ингэхээр Европын холбоо цаашид оршин тогтнох бололцоо бий юу?

Нийгмийн харилцааны хамгийн чухал илтгэцүүр бол мөнгө. Мөнгө бол зөвхөн солилцооны хэрэгслэл төдийгүй хөдөлмөрийн үнэлэмж, үнэ тогтоогч, нийгмийн гишүүдийн хоорондын болон төр иргэний хоорон дахь итгэлийн илтгэлцүүр юм. Зуун долларын дэвсгэртийн хэвлэлийн өртөг нь хорин цэнт юм гэнэлээ. Манай хорин мянгатын дэвсгэртийн өртөг зуу хүрэхгүй төгрөг байх. Гэхдээ түүгээр 6-7 кг мах, эсвэл 3-4 шил архи авч болно. Ингэхээр тухайн дэвсгэрт эдийн засгийн хүрээнд өөрийн өртгөөсөө өөр үнэлэмжтэй байдаг байх нь. Тухайн улсад байгаа бараа үйлчилгээ, хөдөлмөр баялаг нь тухайн цагт зах зээлд байгаа нийт дэвсгэртийн тоо хэмжээтэй мөргөж байдаг. Нэгж дэвсгэртэд ноогдох нэгж бараа, нэгж үйлчилгээ, нэгж хөдөлмөр харгалзана. Баялаг, хөдөлмөр нэмэгдээгүй байхад цаасан мөнгөний тоог нэмээд унавал энэ харьцаа алдагдана. Үүнийг инфляци гээд байгаа юм. Сая манайд хэсэг эх орончдын шаардлагаар цалинг 30 хувь нэмэхээр боллоо. Нийгэм дахь баялаг, хөдөлмөрийн хэмжээ энэ хооронд ердөө дөрвөн хувь өсөх учраас инфляци 26 хувь болно гэж Сангийн сайд мэдэгдэв. Ингэхээр цаасан мөнгөний тоо зохих хувиар нэмэгдэх боловч тухай дэвсгэртээр худалдан авах бараа үйлчилгээ, хөдөлмөр бараг өсөхгүй болж таарч байна. Монгол нь Герег шиг еврогоор наймаа хийдэг байсан бол учиртай, цалингаа нэмчихээд л зөрүүгээ ажилсаг германчуудаас хусахгүй юу.

Хүйтэн дайнаас хойш дэлхийн эдийн засаг хоорондоо нягт уялдаатай болжээ, өөрөөр хэлбэл дэлхий хавтгай болсон. Бараа үйлчилгээ, хөдөлмөрийн үнэлэмж ерөнхийдөө адил болсон гэсэн үг. Тэгвэл яагаад Румын, Монгол хоёрын адил ажил эрхэлж байгаа хүний хөдөлмөрийн үнэлэмж хоорондоо ижил мөртөө мөнөөх ажилсаг германчуудынхаас арав дахин доогуур байгаа юм бэ? Үнэлэмжийг нь зах зээл тогтооно. Тэдний хөдөлмөр, хөдөлмөрөөр буй болсон бараа болон үйлчилгээ зах зээл дээрээ илүү үнэлэгдэж байна. Үүний цаана бараа үйлчилгээний брэнд, брэнд бүтээхэд шингэсэн хөдөлмөр хүч хөрөнгө, итгэл хүлээсэн байдал, чанар, найдвар, туршлага, овсгоо гээд олон юм бий. Нэг л үгээр хэлэхэд монгол, румын хүмүүсийн хөдөлмөр зах зээл дээр германчуудынх шиг үнэлэгдэх яагаа ч үгүй байна гэсэн үг. Ийм л учраас үнийг зах зээл тогтоодог, ямар ч дарга тушаалаар, ямар ч жагсаалчин шаардлагаар, ямар ч иргэн гомдлоор үнэ тогтоодоггүй юм.

Саяхан жагсаалчин цуглаанчдын шаардлагаар цалин нэмэхээр боллоо, улс төрийн намуудын амлалтаас болж иргэн болгондоо эхний ээлжинд 70 мянган төгрөг тараалаа. Үүний араас монгол төгрөгийг даах нэмэлт бараа үйлчилгээ, хөдөлмөрийн үнэлэмж, нэмэлт баялаг орж ирээгүй. Ингэхээр төгрөг тутамд ноогдох баялагийн хэмжээ буурч таарна. Ийм юм өөрөө хийчихээд Ерөнхий сайд маань зах дээр оччихсон өргөн хэрэглээний барааны үнийг бууруулах үүрэг өгөөд явж буй нь зөөлхөн хэлэхэд шог л юм. Нэгэнт УИХ-ын шийдвэрээр зах зээл рүү ардаа батлагаагүй төгрөг асар ихээр нь хийхээр инфляциас бага ч гэсэн хамгаалахын тулд Монгол банк бодлогын хүүгээ нэмэхээс өөр арга үгүй. Гэтэл ийм юм хийх шийдвэр гаргасан гишүүд маань төв банкаа буруу алхам хийлээ гээд шүүмжлээд унаж байгааг яаж ч зөөлнөөр нэрлээд ч “хар мал аа” гэж дуун алдахаас өөр яалтай!

Цалин тэтгэвэрээрээ авч байгаа барааны чанар эсвэл тоо хэмжээ нь аажмаар улам нэмэгдсэн нь дээр үү, эсвэл яг л тийм тоо хэмжээний барааг улам олон тоотой дэвсгэртээр авсан нь гаажтай юу? Хэрэв их цалин аваад тэрэнтэй харгалзан их мөнгөөр мах гурилаа авах гэж байгаа юм бол цалинг ердөө дөнгөж данган хоёр дахин нэмэгдүүлнэ гэж байхаар шууд л арав дахин нэмбэл зүгээр юм биш үү? Тэгээд кг махаа дөрвөн мянгаар биш 40 мянгаар авбал урамтай биш үү? Мах дөрвөн мянга хэвээрээ тэгээд цалин арав дахин нэмэх гэж байгаа бол бидний олох баялаг, хөдөлмөрийн үнэлэмж арав дахин өсөх ёстой. Энэ нь өөрөө зах зээлийн хууль, үүнийг зөрчих ямар ч бололцоогүй. Төр олон юм зохицуулж болох байх л даа, гэхдээ хэл, үнэ хоёр дээр шонгүй. Холивүүдийн кино, солонгосын дээдсийн амьдралын цуврал сериал үзсэн зоргоор бид шууд тэдэн шиг амьдрах бололцоогүй. Цаанаа өөрийн үл захирагдах хуультай! Зах зээлд зэсийн үнэ огцом өссөнтэй холбогдож 2007 онд цалинг 80 хувиар нэмэгдүүлж болж байсан. Дараа нь хямрал болоо биз дээ.

Америк хүний хөдөлмөрийн бүтээмж нь ийм юм байна л даа, судалгаанаас авсан дүн хэлье. Хүн эхний 25 жилдээ сурч барьсаар байгаад бусдын тэтгэмжээр амьдрана. Дараагийн 25 жилд нийгэмд мөнгө хийдэг юм байна. Тэрний дараагийн 25 жилд мөнөөх хоёр дугаар үед хийсэн баялагийнхаа үр шимийг хүртдэг гэнэ. Тэнд мастер хамгаалсан хүн бүтээмжийн үедээ 2.5 – 3.5 сая долларын бүтээмж үйлдвэрлэдэг бол доктор хүн 7.5 – 11 сая долларын баялаг бүтээдэг аж. Гэхдээ энэ бол статистик дундач. Майкл Жордантой холбогдож буй болсон мөнгөн дүн 65 тэрбум доллар ч хүрсэн аж. Солонгосын нэг сериалын жүжигчин 40 тэрбум долларын эргэлт буй болгосон гэдэг. Энэ нь Жордан ийм их мөнгө хувьдаа авчихлаа гэсэн үг биш, тэрний зураг хөрөг, реклам, тоглолт гээд л түүнтэй холбогдсон мөнгөний эргэлтийг хэлж буй юм. Үүнтэй адил америкийн дундаж нэг докторыг тойрсон 25 жилийн мөнгөн эргэлт 8-9 сая доллар болох нь л дээ. Ингэхээр тэр хүн сайн цалин авах зах зээлийн бүрэн нөхцөл байгаа биз? Румын болон монгол доктор юун нийгэмд баялаг бүтээх, дээр нь нэмж нэхээд байхаар түүний зах зээлийн үнэлгээ ямар байх нь тодорхой.

Өнөөдөр зах зээл дээр борлуулагдаж байгаа бараа үйлчилгээний үнийн 40 орчим хувь нь өртөгтөө шингэдэг гэнэ. Гэтэл бараг 60 хувийг нь пи ар, чанар, брэнд, копи райт, туршлага, уламжлал, мөн бүтээгдэхүүн хийж байгаа орны нэр хүнд зэрэг нь бүрдүүлдэг гэнэ. Румын болон монгол үйлдвэрлэгчийн бараа үйлчилгээний борлуулах үнэнд энэ 60 хувь огт байдаггүй, өөрөөр хэлбэл ямар ч брэнд үгүй, аягүй бол хулхи юм хийсэн учир копи эрхгүй, улсынх нь нэр айдас хүрмээр байгаа. Ингэхээр бид холивүүдийн ямар ч гоё кино үзлээ гээд амьдрал дээр өөрсдийгөө болон бараа бүтээгдэхүүнээ кинонд өгүүлсэн шиг үнэ хүргэж чадахгүй. Ердийн л муухай үнэн энэ байна.

Дэлхийн дайны дараа Японы бүтээгдэхүүн нь чанар муутай боловч хямд юм зайлуул гэсэн нэрээр барууны зах зээлд гарч эхэлжээ. Өнөөдөр Япон гэдэг бол чанар гэсэнтэй ижил утгатай. Тайван, Солонгос ч энэ замыг туулсан. Одоо хятадууд араас нь хүчтэй түрж орж байна. Харин Филиппин, Индонез гэсэн нэр ямар байсан тэрүүгээрээ л үлдсэн. Юутай ч япон, солонгос, тайванчууд энэ замыг туулахад 50 жил зарцуулснаас гадна өөрсдийнх нь овсгоо самбаа нөр хөдөлмөр асар их орсон. Румынчүүд болон бид нар уг нь ажилсаг л даа, гэхдээ л цаана нь хугацаа хэрэгтэй байна.

Бид яаж ажиллаж байна, тэрэндээ л тохирсон цалин авч байгаа. Гэнэтийн бороо шиг хааяа хааяагийн 70 мянга, хүүхдийн мөнгө, авилгачдын хулгай дээрмийг энд тооцолгүйгээр зүгээр статистик дундачаа хэлж байна. Монгол багшийн бэлдсэн мастер цолтон ихэнхдээ зах дээр ногооны худалдагч болдог учраас, монгол эмчийн бүтээлийн үр дүнд дундач наслалт 70 хүрдэггүй, хүн амын дундах халдварт өвчлөлт өндөр, ой хүртэл хүүхдийн эндэгдэл дэлхийн төвшнөөс дээгүүр учраас манай цалин ийм байгаа. Монгол өвчтөн олсон мөнгөөө хармайлаад үгүйдээ л Эрээний эмнэлэг рүү, үгүй бол лам бөө үзмэрч рүү гүйдэг учраас. Дундаж монгол шүүгчийн гомдол барагдуулалт ихэнхдээ хэний ч сэтгэлд нийцдэггүй учраас. Монгол үйлдвэрлэгч нар 999 - үүлээ нийлж тус бүрдээ 700 доллар гаргаад энэ мөнгөөрөө 11 тэрбум долларын ашиглалтын өртөгтэй ордыг эзэмшинэ гээд таван кийлийн хүрз бариад дайрдаг учраас. Монгол дуучдын энүүхэндээ хит болсон хөгжим нь гадны юмыг эрээгүй хулгайлсан байдаг учраас. Монгол хүмүүс субботникоор 70 гаруй жилд ширэнгэ болохуйц олон мод тарьсан боловч 99 хувь нь ургадаггүй учраас. Монгол инженерүүд байгаа цахилгаан станцынхаа засварт хоёр шинийг барих мөнгө үрдэг учраас. Монгол эрдэмтэд “шинэ нээлтээ” зах зээлд гаргаж худалдахын оронд зөвхөн Монголдоо, эх орондоо зориулна, гадныханд ашиглуулахгүй гэж марзан юм ярьдаг учраас. Монголын парламентийн гишүүдийн үнэн сэтгэлээсээ ханддаг ганц юм нь морь уралдуудах байдаг учраас. Монголын Ерөнхийлөгч улсаа хөгжүүлэхийн тулд уул тахиж, хөгжлийн түлхүүрийг савдагаас гуйдаг учраас. Монгол Ерөнхий сайд зах дээр очиж өргөн хэрэглээний барааны үнийг буулгах үүрэг өгдөг учраас... бид ийм л цалин авдаг юм даа. Румын ч бас ялгаагүй ийм л юм шиг байна лээ. Лам хувраг, үзмэрч, бөө удган, илбэ жатгачингууд юу ч хэлдэг үздэг бай, энэ хорвоо өөрийн жамаараа л урагшилдаг.

Байхгүй юмандаа сэтгэл гутрах биш байгаадаа сэтгэл дүүрэн жаргалтай явах гэж нэг үг бий. Дундуур аягыг бараг хоосон байна ч гэж хэлж болно, бараг дүүрэн байна ч гэж хэлж болно. Монгол улсын тусгаар тогтнолын 100 жилийн ой болох гэж байна. Улирах зуунд ийм том дэвшил хийж урагш нэвт түрэн гарч ирсэн өөр үндэстэн энэ дэлхийд төдий л олон биш байх. Өнгөрсөн 20 жилд дэлхийн жаяг хэмжээ дамжааг ойлгосон бидний хурд бүр ч турботой эрчимжсэн. Сүйрлээ сүйдлээ, үхлээ хатлаа гээд явсаар хүний амьдралын богино хугацааг өнгөрүүлэх юутай гунигтай. Сүүлийн 100 жилд европ америк хүмүүсийн үе хооронд техникийн дэвшлийг эс тооцвол бараг хувирал гараагүй. Харин монголчууд бид юун үе байтугай тав арван жилийн дотор ямар их өөрчлөлтийн хуй салхинд яваа билээ. Үүнийг уншигч та эцгээсээ өвөөгөөсөө, хэрэв байдаг бол элэнц хуланцаасаа асуугаад үзээрэй. Бид хурдтай урагшилсаар л байгаа, гэхдээ Холивүүдийн киноны амьдрал хүртэл бас л хол байна.

2010 оны 5 дугаар сар 17

Эх Сурвалж-http://baabar.niitlelch.mn/content/1955.shtml
Дэлгэрэнгүй унших...

Thursday, February 18, 2010

Баабар: Зөв явбал энэ хорвоо зөөлөн шүү дээ

“Ярилцъя” та бүхэнтэй шинэ зочныхоо хамт мэндчилж байна. Зочин маань манай нийгмийн хамгийн алдартай эрхмүүдийн нэг нийтлэлч БААБАР.


НАДАД ТӨРД АЖИЛЛАХ ХҮСЭЛ АЛГА


-Таныг төрд ажиллаасай гэсэн хүсэл нийгэмд их байх юм. Гэтэл та эргэлт буцалтгүй хувийн хэвшлийн хүн болжээ?

-Манай сэтгүүлчид л надад ажил олоод өгчих са­наатай их санаа тавих юм. Би хөөцөлдөөд сайд бол­бол надад амархан байх аа. Бүр болдоггүй юм гэхэд нэг агентлагийн дарга энэ тэр болоход бол надад ядаад байх юм байхгүй дээ. Нэг газар Элчин сайд бо­лоод явъя гэхэд надад хэн унжих юм бэ! Эсвэл хо­тынхон газраа хуваагаад л байна, очоод надад нэг төвийн газар өгчих гээд хэлэхэд хэл амгүй өгнө дөө. Одоо энэ алалдаад байгаа уул уурхайгаас чинь би нэг орд авна гээд зүтгэвэл зүгээр оочиргүй л өгнө дөө. Гэвч би өөрийнхөө чадлаар л хуулийн дор амьд­рах ёстой байхгүй юу, тийм үү? Яагаад би зоригтой бай­даг юм? Яагаад гэвэл би цэвэр. Надаас ухаад хууль бус юу ч олохгүй. Би хууль бус юу ч хийдэггүй. Тийм учраас л би бусдын булхайг хэлж чаддаг. Хоёрдугаарт, нөгөө талаар галзуу солиотой хүн шиг хүн гүтгэх ямар ч шаардлага надад байхгүй. Энэ бол дахиад л хууль зөрчиж байгаа хэрэг.




-Манай сэтгүүлчид зөвхөн таны төлөө санаа зовоод, Баабарыг төрд ажиллуулах юмсан гэж дуугардаг юм биш л дээ. Нийгмийн тодор­хой хэсгийнхэнд хүсэл байдаг. Жишээ нь, пар­ламентад янз бүрийн нөхдүүд сууж байна шүү дээ. Хар захын эзэн ч байж байх шиг. Гэтэл тэнд чинь бодлого хийдэг, идей гаргадаг хү­мүүс баймаар байна. Үүнээс болоод л хүмүүс үгүйлдэг, санал гаргадаг байх?

-Хүмүүсийн хүсэл эрмэлзлэлийн нэгдэл бүх ний­тийн сонгуулиар л илэрнэ шүү дээ. Одоо болохоор энэ Их хурлаа нэг их зүхэх юм. Өөрийгөө толинд ха­раад л зүхээд байгаа хэрэг шүү дээ. Яагаад гэвэл УИХ бол манай нийгмийг жижигрүүлж проекцолсон тусгал нь.

-Тийм ээ. Өөрсдийн маань сонгож явуулсан нөхдүүд?

-Хариуцлагаа хүлээж сурмаар юм. Өөр хэнд ха­риуц­лага үүрүүлэх гээд байгаа юм? Өнгөрсөн 20 жил буу тул­гаж байж сонгуулчихсан тохиолдол нэг ч га­раа­гүй. Мэ­дээж зальдсан, луйвардсан явдал бий л дээ. Гээд ерөн­­хийдөө л та бидний сонголт дүн ну­руу­гаар гарч бай­­гаа. Тэгээд л амлалтад болчихлоо ч гэх шиг. Тэгвэл юу гэж амлалтад нь болсон юм? Өө­рийнх нь байж байгаа ца­рай л тэр. Би бол УИХ-ын ги­шүүн болох гэж үнэхээр нэг ч удаа зүтгэж байгаагүй. Ерэн оны анхны сонгуулиар л баахан нөхдүүд “ста­дион барина”, “дэлгүүр барина” гээд эхэлсэн. “Миний ажилладаг институдэд түлэнхийний тос байдаг юм. Тү­лэгдэж барьсан хүн байвал би тос үнэ­гүй олж өгч чад­на шүү” гэж би хэлсэн. Яг үнэндээ тэр чинь хүнд юм үнэгүй олж өгдөг мест биш шүү дээ. Тэгээд л би ерөө­сөө тэр ерэн оны анхны сонгууль дээр л уна­сан. Тэрнээс хойш би дандаа л юм тараах хоосон амла­хаас холуур байсан. Гэхдээ би намын дарга марга бай­сан л даа. Ямар орохгүй гээд байлтай нь биш. Тэгээд ороод л нөгөөдүүлд нь тэгж хэлээд л уначихдаг байсан хэрэг. 1996 оных чинь бол ёстой нөгөө давалгаа байсан байх.

-Бор халзан хонинуудын дунд та ч гэсэн тууж ява­ад гараад ирчихсэн гэж үү?

-Нийгмийн давалгаа л тийм байсан. Бод л доо. Би нэг цуйван яаж хийх вэ гэдэг жортой, хүүхдийнхээ зурсан зурагтай хагас нүүр сонин тараасан, өөр юу ч хийгээгүй.

-Та өөрөө хүсдэггүй юм байж. Нам яв л гэдэг биз дээ. Та ч гэсэн тэрэнд нь түлхэгдээд явж л байсан. Сонгинохайрханд “Ном, ноолуур, тамхи гурав өрсөлдөж байна” гээд л байсан. Та бас уначихсан?

-Тэгсэн л дээ. Гэхдээ наад сурталчилгаа чинь худ­лаа. Улсуудын л гаргасан яриа. Би нэг их ном тараа­гаад л гүйгээд байсан юм байхгүй. Хүүхдийн хөөрхөн газ­рын зураг хийсэн. Тэрийгээ айлуудаар тараах ёс­той боллоо. Тэгсэн чинь хайран санагдаад нэгдүгээр хорооллын наад хэсгийн хэдэн айлаар л тараагаад, үлдсэнийг нь дэлгүүрт тавиулаад зарчихсан. Хайран санагдаад. Аягүй гоё газрын зураг даа.

-Үзэж байсан...

-Монголд гарсан хүүхдийн хамгийн хөөрхөн газрын зураг тэр болсон байх.


БИ ЭРГЭЛТГҮЙ ГОМДСОН


-“Непко”-г байгуулаад хэр удаж байна аа?

-Одоо дөрөв дэх жилдээ орж байна.

-Монголын оюун санааны ер­төн­цөд өөрийн байр суурьтай том компани болж тогтлоо. Эндээсээ та амьдралынхаа бүх хэрэгцээг хангаж чадаж байна уу. Манайд оюуны хөдөлмө­рийн үнэлэмж тааруу болохоор л ийм асуулт тавьчихлаа?

-Үгүй, хангалгүй яадаг юм. Оюуны хөдөлмөрийн үнэлэмж тааруу гэдэг үнэ хүрдэггүй хүмүүсийн яриа байх аа. Зах зээл шударгаар л үнэлж бай­гаа. Би нийгэмтэйгээ таардаггүй бай­сан хүн, энэнээсээ болоод 1979 онд шоронд хүртэл орж байсан. Манай ний­гэм юугаараа миний дургүйг хүр­гэдэг байсан гэхээр миний эрх чөлөөг л боодог байсан. Тэгээд 1990 онд эрх чө­лөөгөө олж авсан. Одоо тэгээд яах юм, би ямар хулгайч луйварчин болох гэж байгаа биш. Нэг их том дарга болж бусдын өмнөөс хариуцлага хүлээх гэж үү? Би хүний өмнөөс хариуцлага хү­лээх үнэхээр дургүй. Би төрд зүтгэсэн үү, зүтгэсэн. Би Монголын банк сан­хүүгийн секторт хамгийн том реформ хийсэн. 1990 оноос хойш хийсэн хэдхэн том реформын нэг юм байгаа юм шүү дээ, яг үнэндээ бол. Д.Бямба­с­үрэн гуайн хийсэн чөлөөт зах зээл рүү орж, үнэ чөлөөлсөн реформ байна. Энэ банкны реформ байна. Дараагаар нь газрыг хувьчилсан реформ. Үүнийг Н.Энхбаяр хийсэн. Тэрний дараагаар С.Баярын хийсэн ашигт малтмалыг эргэлтэд оруулсан реформ. Яг ерэн оноос хойш хийсэн эдийн засгийн бүх шинэчлэл энэ хэдхэн реформ дээр тулгуурласан. Тэрний нэгийг би хийсэндээ ихэд бахархдаг. Хичнээн гүтгүүлж хараал­гаж байж хийв. Ёстой дургүй хүрсэн дээ. Хоёрдугаарт бол надад хувьд маань эрх чөлөө олгочихсон байхад би одоо хүний өмнө хариуцлага хүлээж, хэдэн мунхаг тэнэг юмтай ноцолдож явах ямар хэрэгтэй юм! Тийм биз дээ? 2000 онд нэг харсан чинь би гэрээ тэжээж чадахаа байчих­сан байсан. Төрд дөрвөн жил зүтгэ­сэн. Эргээд харсан чинь манайх гэдэг айл бараг гуйлгачин болж. Энэ МАХН-ын Далайхүү намайг гэртээ засвар хийсэн гэж сониноор заргалдаад л явж билээ. Гэтэл би гэдэг амьтан өмнө нь бичсэн номуудынхаа бүх мөнгийг дуусгаад, тэгээд бүр сүүлд нь гэрийн­хээ юмнуудыг аваачиж нөгөө юунд тавьсан даа...

-Юунд?

-Комисс, ломбард энэ тэрд тавь­сан. Гэтэл би гэдэг хүн гэр орныхоо өмнө л нэгдүгээр хариуцлагыг хүлээх ёстой юм байгаа биз дээ? Тэр үүргээ хөсөр хаячихаад, дээрээс нь баахан гүтгүүлээд зүтгэж явдаг. Энэ бүхэнд дургүй хүрсэн. Магадгүй би их эмзэг хүн байх, эргэлтгүй гомдсон.

-Банк бужигнуулсан гэмт хэрэг­тэн гэгдээд л үү?

-Тэр чинь Монголын эдийн засагт хийсэн хамгийн том реформын нэг. Хэрвээ тэр банкны реформыг тэгж цэгцлээгүй бол төрийн баахан банк зүгээр л алж өгөх байсан. Тэр үед чинь бүр ийм норм үйлчилж байсан, зээ­лийн хорооныхон хүн дуудаж авчирч зээл өгөөд 10 хувийг нь өөрсдөө авдаг. Тэр бол зүгээр тогтчихсон жишиг байсан. Чи одоо банкны нэг таньдаг хүн дээрээ очоод „Хөгшиндөө зээл өгчих, тэгээд чи 10 хувийг нь ав” гээд нэг хэлээд үз дээ. Чамд зээл өгөх нь үү, яах нь вэ? Ийм балай юмыг цэгцэлсэн дээ. Хэрвээ үүнийг хийгээ­гүй бол сүйрэх байсан. Ер нь сүйрчих­сэн байсан даа. Банк, санхүү нь улсынхаа мэдэлд, тэгээд бүх арил­жаа нь төрийн мэдэлд ингээд явсан бол энэ улс чинь ёстой хаашаа өнхрөх байсан бол оо. Үүнийг улсууд одоо л ойлгож байх шиг. Сая “Зоос” дампуурлаа. Тэгсэн нөгөөдөхийг нь харин эсрэгээр төрд авдаг гэнэ ээ! Би чинь улсын дампуураад, үхчихсэн юмыг нь хувийнхныг худлаа ярьж, панаалдаж байгаад өгчихсөн байхгүй юу. Яахав жаахан жудаггүй л юм даа. Эд нар цаашаа сүйрвэл сүйрэг гээд худлаа ярьсаар байгаад өгчихсөн. Ёстой сайхан өөхөнд боож байгаад атгуулчихаж байгаа хэрэг. Жаахан хударгагүй л юм болсон. Ер нь бол тэгж болохгүй л дээ. Төрийнх л болж байвал хувийнхан яах ийх нь ямар хамаатай юм гэж хандаж болохгүй л дээ, уг нь.


БИДНИЙ ДАРАА ЗАВСРЫН ҮЕИЙНХНИЙ ШИЛИЙГ ХАРЖ БАЙЖ ШИЛЖИЛТ ДУУСНА


-Хэдийгээр ажил хэрэг ярихгүй гэсэн ч арга буюу орж ирээд байна. Одоо энэ банкны сис­темд юу болоод байна вэ. Банк дампуурлаа. Тэгэнгүүт сайн активуудыг нь түүж аваад тө­рийн банк гээд байгуулчихаж ч байх шиг. Яг юу болоод байна вэ?

-Наадахь чинь нэг л юмнаас болчихсон юм биш шүү дээ. Ноднин­гоос эхлээд хүний хадгаламжийн эрсдэлийг улс даана гээд хэлчихэж байна аа даа. Төр бүрэн хариуцна гэж хууль гараа биз дээ. Томрох гэсэн хэсэг нь цаашаа явдаг л юм байгаа биз. Жижиг банкуудын хувьд энэ чинь сайхан далим болно биз дээ. Хамаа­тан садандаа зээл нэрээр бүгдийг нь тарааж хаячихаад, дампуурчихсан гээд л зарлачихна биз дээ. Гол уурлаж дайрах улсууд чинь хадгаламж эзэм­шигчид. Тэдний хөрөнгийг улс ха­риуцах болчихож байгаа юм чинь. Энэ бол нэг том шалтгаан. Хоёрдугаар том шалтгаан нь эдийн засгийн хям­рал. Дээрээс нь ёстой ниргэсэн дээ. Ялангуяа хууль дүрмээ ягштал бие­лүүлдэггүй хайнга, назгай газруу­дад бол том цохилт болсон. Гурав­дугаарт энэ арилжааны банкуудыг чинь байн­га хянаж шалгаж байдаг тогтолцоо нь алдагдсан. Энэ чинь ард түмний өмч шүү дээ. Ард түмний энэ тэр гэхээ больё л доо. Ямар ч байсан хүн итгээд юмаа хадгалуулж байхад тэрийг нь идчихэж болохгүй биз дээ. Банк бол итгэлцэл дээр тогтдог эд. Дөрөв­дүгээрт, манайд банкууд хадга­ламж зээлийн хоршооны хэлбэрт орчихсон байгаа. Хоёр банк бирж дээр очиж хувьцаагаа зараа биз дээ. Тэгээд нөгөө зарсан хоёр банк нь хоёулаа сүйрчихэж байгааг хар! Тэгсэн чинь Содхүү юу гэлээ? Ёстой гайхам­шиг­тай үг хэлсэн дээ. “Хохь нь” гэж. 20 сая долларыг нэг өдөрт босгож бай­сан. Уг нь залилангийн хэргээр шоронд суумаар юм. Хадгаламж зээлийнхэн шоронд сууж байгаа биз дээ?

-Та бол нийгмийн ёс зүй, мо­ралтьтай олон жил үзэж байгаа хүн. Залуучуудад олон юмыг нь цэгцэлж өгсөн. Өнөөдөр тэгээд нөгөө ноцолдоод байсан юманд тань үр дүн их бага гарсан юм биш үү. Р.Содхүү мэтийн нөхдүүд хүмүүсийг хохь нь гэж тавлаж загначихаад огцрох ч үгүй сууж байна шүү дээ?

-Би зүгээр ингэдэг юм, тэгдэг юм гэж хэлж байгаа болохоос биш энэ улсын ёс суртахуун хариуцсан хүн биш шүү дээ. Хоёрдугаарт, залуучууд намайг их дэмждэг л дээ. Шинэ үе ши­нээр боловсорч байна. Түүнд нь тус дэм болох гэснээс цаашгүй. Бидний үеийнхэнд бол тархинд нь мэс засал хийгээд ч нэмэр байхгүй. Тэртэй тэргүй тэгж төрөөд, өсөөд, бойжоод, чулуужаад, цементжихсэн улсыг чинь яах юм! Тэгээд би нэг удаа хэлсэн дээ, 40-өөс дээш насны улсууд зайгаа тавьж өгсний дараа энэ улс эрүүл­жинэ гэж. Шилжилтийн үе гэж бид баахан ярьдаг. Хүн шилжих тухай л яриад байгаа юм шүү дээ, гол нь. Түү­нээс биш хэдэн байшин хувьчилчи­хаар тэр нь шилжилт болчихгүй. Иргэд нь өөрсдөө нийгмийнхээ байгуулам­жийг зөв ойлгох ёстой. Шинэ нийгэм­дээ төрж өсч, бойжиж бий болсон улсууд нь тэр нийгмээ зөв ойлгоно уу гэхээс... Нэг үгээр бид чинь энэ шинэ ний­гэмд саран дээрээс бууж ирсэн ул­сууд шүү дээ. Одоо нөгөө миний хэл­сэн насныхан чинь. Шилжилтийн үед завсрын үеийнхэн гэж нэг айхтар улсууд гарч ирж байна. Бид ч бас цэгцтэй боловсрол олчихсон улс. Гэтэл энэ завсрын үеийнхэн маань ерөөсөө 35 үсгээсээ 15-ыг нь март­чих­сан, тэгээд доктор, профессор юу юу гэнэ вэ, базар дарь минь, акаде­мич, доцент энэ тэр болоод явчихсан. Шилжилтийн замбараагүй үед тэд чинь ганцхан хулгай хийхийг л сурсан улс. Одоо тэд давалгаалаад гараад ирлээ. Тэгэхээр бидний үеийнхний дараа бас энэ завсрынхны шилийг харах ёстой. Үүний тулд дахиад 20 жил хэрэгтэй. Түүнээс ямар чартаа тоглож байгаа биш, ганц үсрээд шилжинэ гэж хаа байхав.


НАДАД АЛДАЖ ГИШГЭХ ЭРХ БАЙХГҮЙ


-Танай компаниас эрх­лэн гар­гаж байгаа ном, сэт­гүү­лүүд энэ зах зээл дээр бор­луулалтаараа тэр­гүүлж байгаа. Сард үйлд­вэрлэдэг бүтээгдэхүү­нүү­­дийн тоо, орлогын та­лаар сонирхож болох уу?

-Сая бид тооцоо хийж үзсэн. Улсад татвар, гааль, НӨАТ, эрүүл мэндийн даатгал, ашгийн татвар энэ тэр нийлээд 500 сая төгрөг өгсөн байна. Манай энэ талын өрөөнд дүүргийн тэргүү­ний татвар төлөгч гэсэн нэг жааз өлгөчихсөн байгаа биз? Энэ хэдэн авлигачийн мөнгийг бэл­дэж өгчихөөд, тэгээд ха­риуд нь нэг цаас авдаг нь ч юү ч билээ дээ. Манай нягтлан баярлаад өрөөндөө хад­чихсан. Би бол ичээд байдаг юм.

-Хуучин сонгодгуудыг дахин шинээр орчуулж гар­гаж байгаа. Бас дэл­хийд бестселлер болж бай­гаа номуудыг ч ор­чуулж хэвлэж байна. Зохиогчийн эрхийг ху­дал­даж авдаг биз дээ?

-Өнөөгийн дэлхий хавтгай бол­чихлоо. Бид дизайн энэ тэрээ хүртэл интернэтээр захиалгаа өгөөд огт танихгүй улсаар хүртэл хийлгэдэг. Мөн­гийг нь шилжүүлээд л болоо. Хамгийн хялбар, хамгийн чадвартай, хамгийн хямд үнээр ажлаа явуулах ёстой биз дээ. Хоёрдугаарт, бид номын бизнесийг цэгцлэхийн тулд олон ажил хийж байна. Гэхдээ хэзээ ч хуулиас гадуур юм хийж болохгүй. Одоо бид Бри­таника нэвтэрхий толь дээр гу­рав дахь жилдээ ажиллаж бай­на. Удахгүй дуусна. Зөвхөн үү­ний эрхэнд гэхэд 45 мянган дол­лар төлсөн.

Collins-ийн толь гээд ма­най­хаас гаргасан. Эрхийг нь 20 мян­ган доллараар худалдаж ав­лаа. Бид зах зээл рүүгээ харж ажилладаг. Зах зээл ямар юмыг сонирхож байна, ямрыг со­нирхохгүй бай­на гэдгийг су­далдаг. Түүнээс биш буяны бай­гууллага биш. Манайх ба­руу­ны стандартаар л ажилла­хыг хичээдэг. Олсон ашгийн 10 хувийг сурталчил­гаанд зо­риул­даг. Одоо ном рекламддаг улс ер нь биднээс өөр байна уу? 10 хувийг нь буяны ажилд заа­вал зориулдаг. Энэ дагуу ша­ш­ны хичнээн олон ном гар­гаж тараав даа. Хамгийн тү­рүүнд сүм хийд, шо­рон­гуудад үнэгүй тараасан. Гэх­дээ буян хийж байгаагаараа хэ­зээ ч гайхуулж рекламдаж бол­доггүй, тэгвэл буян биш болно.

-Борлуулалтаас ажиглаж байхад ямар чиглэлийн ном илүү эрэлттэй байдаг вэ?

-Борлуулалт юун түрүүн зохиогчийн брэндээс ха­маар­на. Автор нь хэн бэ гэдэг асуу­дал байдаг юм. Ер нь энэ дэл­хийд юун түрүүн брэнд л зар­даг юм даа. Миний ном сайн бор­логддог оо.


-Тийм байх. “Баабар ин­гэж өгүүлэв” цувра­луу­дыг гэхэд өмнө нь со­ни­ноос уншчихсан ч ахиад л авдаг. Тэгэхээр та зах зээлд хаанчлахаас өөр яахав дээ?

-Би чинь Монголын зах зээл дээр 600 мянган ширхэг ном зар­сан хүн шүү дээ.


-Би 10 жилийн өмнө тан­тай ярилцлага хийж бай­сан. Тэгэхэд та өөрийн­хөө уншигчдыг ангилж байс­наа санаж байна уу. Ми­­ний уншигчдын то­дор­­хой нэг хэсэг галзуу­гийн больницынхон шүү дээ гэх мэтээр?

-600 мянган ширхэг ном зарчихлаа гэдэг 600 мянган уншигч авчихлаа гэсэн үг ерөө­сөө биш л дээ. Нийгмийн унш­даг хэсэг гэж бас байна шүү дээ. Тэд бол миний ихэнх ун­шиг­чид. Уншдаггүй хэсэг нь бол хэнийхийг ч уншихгүй. Ер нь зах зээлийн борлуулалт авто­роосоо л их шалтгаална. Хоёр­дугаарт, шуугиантай номууд. Одоо бид жишээлэхэд Дэн Брауны гурван номыг хийгээд гаргах гэж байна л даа. “Да Винчигийн код”, “Сүүлчийн бэлгэдэл” гээд л.


-“Да Винчигийн код”-ыг өмнө нь орчуулаад гар­чихсан шүү дээ?

-Тэр чинь хулгайн эд л дээ. Тэгж болохгүй... Тэртэй тэргүй ба­ригдана. Хуулийн хүрээнд амьдарч сур л даа. Болох юмыг заавал хулгайлж байж өөрийн болгох хэрэг юун.


-Тийм дээ. “Нэпко” гар­галаа гэхэд уншигчдыг илүү татах байх л даа.

-Харри Поттерийг өмнө нь манайхан хулгайлж орчуулж хэвлэж байсан. Дараа нь баригдаад Английн Элчингийн шахалтаар шатаалгасан. Бид эрхийг нь ном ёсоор худалдан авч бүгдийг хуулийн дагуу хийх гэж чармайдаг. Бид “Харри Поттерийг” эрхийг нь худалдаж аваад хэвлэхэд дороо борлог­дож чамгүй л ашиг өгч байна. Ийм байхад хулгай хийх хэрэг юу байна? Үүний дээр номын үзэм­жид их анхаардаг. Одоо хү­мүүс эрх нь хууль ёсны, сай­хан хэвлэгдсэн ном дуртай ху­дал­дан авч байна. Соёл л доо...


-Нэг хэсэг олон нийтийн өмнө мэдээллийн хэ­рэгс­лээр тантай ноцолдвол их нэрд гарна гэсэн го­рьд­лого байдаг байсан. Баабарын бичсэн хэлс­нийг мөшгихийн төлөө ба­гагүй хөлс хүч хаядаг бай­лаа. Одоо тийм улс цөө­рөө юу даа?

-Тэдний хэн нь ч амжилт олоогүй байх аа. Тэднийг санаж байгаа доголон нохой ч алга. Ний­гэмд тодорч буй хүн ч ний­гэмтэйгээ ойлголцоход бас цаг хугацаа хэрэгтэй байдаг байх. Нийгэм бид хоёрын ойл­голцол урьдыг бодвол илүү ша­танд гарсан байх гэж бодож байна.


-Биднийг оюутан байхад таны зааварчилгаа их хэрэг болдог байсан. Тэрийг эхээр нь уншаа­рай. Харин тэрийг бол ту­хайг нь олоод уншчи­хаарай гэх мэтээр. Одоо “Непко”-оос зарим сон­годгийг хялбаршуулж, ху­раангуйлсан хэл­бэ­рээр гаргаж байна. Энэ бизнес үү. Достоевскийг жишээ нь хүүхдүүд энэ хэлбэрээр уншаад юу авах юм?

-За ямар ч байсан “Непко” компани нийгмийг хүмүүжүү­лэх энэ тэр үүрэг бол ерөөсөө хүлээгээгүй. Тийм зорилго ч тавиагүй. Хамгийн түрүүний асуудал ерөөсөө ашиг л байх ёстой биз дээ? Шударгаар хэлэхэд тийм биз дээ? Гэхдээ мэдээж энд өөрийн хязгаарууд бий. Ашгийн төлөө гээд одоо жишээ нь хүн хуурсан, хул­хидсан юм хийгээд байж бо­лохгүй. Юу яасан долоо хоно­гийн дотор англи хэл сургадаг, хоёр сарын дотор баяжуулдаг ном энэ тэр вэ! Мэргэ төлгийн ном энэ тэр гээд хичнээнээрээ гарч байна. Тэдний дэргэд бидний хийж байгаа зүйл бол өндөр моралиар хянагдсан, хуулийн доорхи бизнес. Ямар ч байсан би өөрийгөө үлгэр жишээ л байх ёстой гэж боддог.


-Танайх хэвлэх үйлдвэр­тэй юу?

-Байхгүй. Хэвлэх үйлдвэр­тэй байх шаардлагагүй. Улаан­баатарт 30 гаруй хэвлэх үйлд­вэр байна. Тэгэхээр тэнд хүн хийж чадаж байгаа юмыг дахиж хийж чадах гээд яах юм бэ? Бид үйлдвэр сайн ажиллуулж чадах уу, үгүй юү? Надад бол ийм зарчим байдаг. Миний хийж байгаа юм юун түрүүн улсдаа нэгдүгээрт л байх ёстой гэсэн. Хэрвээ би гуанз байгуулж ажиллуу­лаад, тэр нь улсын хэмжээнд чанараараа гурав­дугаарт орж байвал би гуанз ажиллуулахгүй. Нээрээ шүү! Хэв­лэлийн үйлдвэр, хэвлэлийн га­зар гэж хоёр тусдаа юм байна аа даа. Тэрийг манайхан хольж ойл­гоод байдаг юм. Тэгэхээр манайхыг хэвлэх үйлдвэр ажиллуулаад л, номоо өөрсдөө хэвлээд л, машин зашин ажиллуулаад байдаг гэж ойлгоод байдаг. Гаргаж байгаа бүтээгдэхүүний тухайд хам­гийн сайн нь манайх л байх ёстой. Хамгийн сайн нь л байж чадахгүй бол хийж яах юм! Гагцхүү ахин хэлэхэд миний үйл ажиллагаа хуулийн хүрээнд л байх ёстой. Одоо ухаан нь хууль бус юм би хийх юм бол намайг анаад сууж байгаа улсууд цаана чинь зөндөө байгаа. Хичнээн янзаа­раа хэлүүлчихсэн улс чинь намайг өөрсөдтэйгөө адилхан хулгайч гэж батлахын тулд өдөр шөнөгүй харуулд гарч байгаа. Тэгэхээр би хуулиас гадуур юм хийх эрхгүй. Би өөрөө тэрнийг зөвшөөрдөггүйгээс гадна надад тийм эрх байхгүй. Ерэн хэдэн онд цаадуул чинь намайг гүтгэхээрээ нэг болсон. Яаж гүжирдэж байлаа даа? 2000 оноос эхлээд би тэднийг зөндөө л хэлсэн. За, чиний идсэн төч­нөөн сая долларыг би ингэж ин­гэж тооцоод гаргаж ирлээ. Хэр­вээ би чамайг гүтгэсэн бол шо­ронд сууя гээд байгаа. Би хэр­вээ алдаж гишгэх л юм болбол барьж аваад шоронд хийх, шууд түлхэж унагаах хүн зөн­дөө байгаа. Тийм учраас надад алдаж гишгэх эрх байхгүй.


НЭГ ЯРИЛЦЛАГААР ӨНХРӨӨД ӨГДӨГ ЕРӨНХИЙЛӨГЧ ҮҮ?


-Та хурц, хорон үгтэй, арай ч дэндүүлжээ гэж өм­нөөс нь яс хавталз­маар нийтлэлүүд олон жил бичсэн. Одоо харин харж байхад соён гэ­гээрүүлэх, танин мэдэх чиг­лэл рүү түлхүү бичдэг болж. Надад нэг хүн нийт­лэлчийн эр зориг ч цаг ху­гацаатай байдаг юм аа гэж хэлж байсан. Энэ байр байдал тань нас тогтож, хувийн амьдрал ахуй, бизнес, бүх зүйл нь төлөвшсөн хүний шинж үү, эсвэл та тэгж дайсан татаж байхаас залхаа уу?

-Үгүй. Зориг мохоод байх юм бол байхгүй. Зүгээр, харин нас тогтоод ирэхээр хүнийг нэр усаар нь дуудаж дайраад байх дэмий гэж манай эхнэр, ээж энэ тэр байнга загнадаг. Залуу насанд хүний зан авир омголон, хурц байдаг.


-Н.Энхбаярын тухай таны тэр ярилцлага түүнийг түл­хэж унагахад нэлээн том түлхэц болсон байх аа?

-Мэдэхгүй. Би нэг их түлхэж унагаах зориулалтаар, эсвэл захиалгаар ч юм уу хийсэн юм байхгүй. Тодорхой хувь хүнээс болоод нийгмийн тогтолцоо чинь өөрөө дампуурч унах нь байна шүү гэдгийг л би нотолж хэлсэн. Хэрвээ миний энэ но­толгоо худлаа байх юм бол тэр шүүх сэргийлэхдээ хан­дана биз. Би хэзээ ч хүн гүт­гэхгүй. Хэрэв гүтгэсэн байх юм бол тэр чинь хуулиас гадуурхи асуудал болоод явчихна аа даа. Түү­нээс биш надад тэдэнтэй бу­лаацалдах юм юу ч байхгүй. Би ганц ярилцлага өгөхөөр л өнх­рөөд өгдөг хэврэг Ерөн­хийлөгч юм бол одоо яая гэх вэ дээ.


-Нээрэн яагаад таныг шүү­хэд өгдөггүй юм бол. Ч.Улаан жишээ нь шүү­хээр ноцолдохдоо гар­гуун хүн шүү дээ ?

-Улаан бол ер нь шүүхээр л явж байдаг хүн дээ. Та яагаад тэр Баабартай шүүхэддэггүй юм гэж өөрөөс нь очиж асуух­гүй юу. Та энэ асууд­лынхаа ард нь гараач гэж хэлээч, цаадах­даа.


МУНХАГ ХҮНЭЭС ЗУГТАА!


-Baabar.mn гэж сайт ажил­лаж байгаа. Энэ сайтын ажил ямархуу байгаа вэ. Ма­­найхны зарим хэсэг цаа­сан сонины эрин ч одоо дуусч байна даа гэж хэлэх болж?

-Электрон эрин рүүгээ эрчимтэй шилжээд эхэллээ л дээ. Том том сонинууд дам­пуурч байна. Ингэхэд бид чинь дэлхий дээр болж байгаа үйл явдлуудыг түрүүлж биш юм аа гэхэд, зэрэг олж мэдэх, зэрэг­цэж алхах хэрэгтэй юм байгаа биз дээ. Түрүүлэхээ байг л даа. Ядаж хоцроод яахав дээ. Юм удахаа болилоо шүү дээ. Наад барьж яваа гар утасныхаа жишээн дээр хар л даа. Хоноод маргааш сэрэхэд л нэг шинэч­лэл хийгдэж байгаа биз дээ? Одоо жишээ нь хэрэглэж байгаа компьютеруудаа хар. Наад гар утаснуудаа л хар. Ямар хурдан хуучирч хэрэггүй болж байна. Энэ дэлхий ийм хурдацтай өөрчлөгдөж байна. Санаж байна уу, арваад жилийн өмнө хоёр гурван компани гар утас оруулж ирж байхад зэ­рэгцүүлж пейжер оруулж ирээд хиншүү үнэрттэл шатсан хү­мүүс байдаг. Ерөөсөө жилийн дараа л хэрэггүй болчихсон. Сонин бол байх нь байлгүй л яахав. Гэхдээ энэ электрон ертөнцийн хурдыг яаж гүйцэх юм бэ? Одоо чиний сүүлийн хийсэн ярилц­лага дээр чинь 30 мянган хан­далт тоологдсон байна. Цааш нь нэг хандалтан дээр хичнээн хүн байх вэ, чи бо­доод үз л дээ. Гэтэл танай сонинг хэдэн хүн унших юм?


-Эрэгтэй эмэгтэй хоёр хүний юманд хандах хандлага үнэхээр ялгаа­тай л даа. Жишээ нь би өмнө нь нийтлэлийнхээ дор сэтгэгдэл хүлээж ава­хаас татгалзсан. Хаал­гачихдаг байсан. Янз бү­рийн бүдүүлэг хараал зүх­лээс залхаад. Одоо ч гэсэн хааж болох уу?

-Хааж болно л доо. Би л лав хаалгах дургүй. Хаалгачихаар хүн уншаагүй юм шиг санаг­даад байдаг юм.


-Юу гэсэн үг юм бэ. Ун­шигч­дын маш цөөхөн хувь нь тийм юм хийж бай­­гаа шүү дээ. Эсвэл та­ныг доромжилж, зүхдэг­гүй болохоор тэр байх л даа?

-Юу гэж байгаа юм? Учир­гүй зүхдэг юм, зайлуул.


-Таныг уу даа?

-Гэхдээ би цөмөөрөнгийнх нь хаягийг мэдэх юм чинь яах юм. Үүнийг олж мэдэхэд ядаж цөхөх юмгүй дээ. Дорой, үг цөөтэй, хамаг юм нь дотроо илжирчихсэн улс л жорлонгийн ханан дээр юм бичиж өөрийгөө тайтгаруулдаг биз дээ. Энэ чинь нэг ёсондоо мастурбаци мая­гийн л юм даа. Тэгэхээр тэрийг өрөв­дөх ёстой байх аа. Зай­луул, чааваас хөөрхий, тэр хүн­дээ бол хором ч гэсэн аз жар­гал байх л даа. Чааваас тэр нэг муу амьтан бас жаргаг л дээ. Сэтгэгдлийг хаагаад хая­чихаар нөгөө нөхөр чинь яах юм, аягүй бол амиа хорлоно...


-Би сард нэг удаа тэдний хийснийг орж хардаг. Сэтгэл хямарч, гомдох шиг болдог?

-Үгүй, дараа чи тэр бичиж байгаа хүнийг нь олоод нэг харчих юм бол инээд чинь хүрнэ. Ямар арчаагүй амьтан байдаг гэж санаж байна. Хүн болгонд дээрэлхүүлээд л явдаг хүн байдаг даа. Нийгэм нь тоохгүй. Гэр бүл, ойр дотнынхон нь тоохгүй. Хэн ч тоохгүй. Бүх хүнд адлуулаад л явдаг дорд амьтан. Тэр хүний ялан дийлж болох ганц гарц нь энэ.

Үргэлж хүмүүсийн нүдэнд хог шиг үзэгдэж явдаг. Царай зүс, боловсрол мэдлэг, найз нөхөд гээд бүх юм байхгүй. Нийгэмд эзэлж байгаа байр суурь, үг хэл бүх юмаараа дээрэлхүүлээд явдаг тийм хүн дотроо ямар муу­хай хонзон өвөрлөж явдаг гэж санана? Тэр хонзон нь аль нэг газраараа гарах ёстой. Эсвэл үргэлж амьдралд гом­доллож явдаг, энэ хорвоогийн бүх хүн түүний эсрэг гэсэн ганц зориулалттай болж төрсөн мэтээр ойлгож, хүн болгонтой муудан өсөрхөж явдаг хүн байдаг. Амьдрал нь бүтэлгүй, тэрнийхээ бурууг хүн болгонд тохож явдаг мөнхийн гомдол­той хүмүүс бий. Тэд л дээхнэ жор­лонгийн хананд юм сараач­даг байлаа. Одоо бол нэг муу бичиг үсэгтэй болчихсон бо­лохоор чадах юмаа хийж байгаа нь тэр. Ийм өрөвдмөөр амьт­дад гомдож яах юм! Над дээр идэвхтэй бичдэг найм есөн сэтгэгдэлчин бий, би бүгдийг нь мэднэ. Жишээ нь “Галт гарди” гэж нэг компаниас байнга бичдэг. Нус нь уруулаа давчих­сан нэг өрөвдмөөр амьтан байна билээ. Японд нэг бий, мэднэ. Америкт миний эртний таних нэг эр бий. Ажил сургууль байхгүй, айл айл хэсээд л явдаг... Анх сургуульд очсон юм байна, тэгээд бүтээгүй. Тэнд өлсч, даарч, ядарч, хүний нутагт зовж байгаа амьтан. Бас архи уумар болдог, ажилд тогтдоггүй тэнээд л явна. Үгүй тэгээд тэр хүн чинь зовлон зүдгүүрээ тэгж нэг тайлж байна шүү дээ хөөрхий. “Хужаа” гэж бичиж тайтгардаг нэг өвөр монгол бий. Датакомын толгой компьютерээс нэг нөхөр байнга бичнэ. Надтай мөнгөний хэрүүлтэй бас нэг чааваас бий. Сайн ажиглавал цаадуул чинь өөрийнхөө зовлонг бичдэг юм. Бэлгийн асуудалтай болчихсон бололтой нэг нөхөр Цэнддоо бид хоёрыг байнга “зөнөж” гэж бичнэ. Хөгжлийн бэрхшээлээс болоод авгай олддоггүй нэг гар бий, тэрээр байнга “мэлхий, квазимодо” гэнэ. Өвөрмонгол, эрлийз хүмүүс “хужаа” гэж их бичнэ. Хөөрхий дөө! Чи наад бичиж байгаа улсуудаа мэдэхээрээ хүчирхэгээ мэдэрнэ. Чи өөрийнхөө ямар томыг мэдрэх байхгүй юу. Чи үнэхээр том юм бол тийм нусаа гоожуулсан, хорвоог зүхсэн арчаагүй юмнуудыг авч хэлэлцэж юугаа хийх юм бэ? Чи хүчирхэг болоод л хөөрхийс шаналж байгаа нь тэр. Чамайг хү­чирхэг болохоор л атаархаж байгаа, нур­найсан юм байсан бол өрөв­дөц­гөөнө биз дээ? Өрөвдүүлс­нээс атаар­хуул­сан нь хавьгүй том бахар­хал. Гомдоно гэдэг чинь илүүдээ гар­сан ажил. Гар хангалга хийж байгааг нь харахад харин ч зугаатай юм биш үү?


-Мунхаг хүмүүсийг засах хэрэггүй гээд байна аа даа?

-Би чамд их гоё сургаал ярьж өгье. Энэ бол Ошо багшийн номоос авсан сургаал шүү. Есүс гэгээрснийхээ дараа хар хурдаараа гүйж явна гэнэ. Араас нь нэг тариачин гүйцэж очоод “Та юунаас ингэтлээ зугтаана вэ?” Есүс хариулж байна. “Мунхаг хүнээс зугтаж байна”. “Тань шиг ингэтлээ гэгээрсэн хүн тэднээс юунаас нь айдаг болж байна?”. Есүс ингэж хэлжээ: “Үхсэн хүн амь орохыг хүснэ, өвдсөн хүн эдгэхийг хүснэ, харин мунхаг хүн мунхагаа мэддэггүй болохоор энэ зовлонгоосоо салах юмсан гэж хэзээ ч боддоггүй. Иймээс хамгийн аюултай ороолон бол мунхагууд. Тэднээс үргэлж зугтааж бай”.


ХОЦРОГДОЛ ДЭНДҮҮ ӨНДӨР ӨРТӨГТЭЙ


-Улстөрчид хэвлэл мэ­дээллийн хэрэгсэлтэй бол­дог нэг моод бий бол­лоо. Энэ яг ямар хэрэг­тэй юм бэ. Та бол бүгдийг нь мэ­дэж байгаа. Теле­визүүд гэхэд бүгд улс­төрч­дийн гарт байна. Биз­несийнхэн бас со­нинтой болж байна. Сүүл­дээ бүүр гаднын компа­ниуд орж ирж хэвлэл эрхэлж эхэллээ?


-Ардчилал гэдэг чинь өөрөө их сайхан тогтолцоо шүү дээ. Манайд мэдээллийн хэрэгсэл цөөтэй, нэг л зурагттай бай­саан. Өдөр тутмын нэг л сонин­той. Ийм нөхцөлд шинээр мэ­дээллийн хэрэгслүүд нэмэг­дэж, тэр нь нэгэн үе нийгэмд аягүй том нөлөөлж чаддаг бай­саан. Одоо зарим нь нөгөө инер­циэрээ л бодоод байх шиг. Нэг юмтай болчих юм бол сай­хан хүн гүтгээд, хүнийг сайхан доош нь хийгээд, алаад өгч болдог юм байна гэж бодоод эхэлсэн.


-Өөрийгөө хамгаалах хам­гаалалт гэж бас ха­раад байх шиг байна?

-Өөрийгөө хамгаална. Бусдыг рэкет хийж болно энэ тэр гээд ойлгочихож. Тэгээд ингэж ойлгоод баахан хөрөнгө зараад хийчихсэн чинь өнөө­дөр өдөр тутмын сонин хорин гурав байна. FM гэхэд хорин найм байна уу. Зөвхөн Монгол хэлээр гарч байгаа телевизийн суваг гэхэд бараг 40 хүрчихлээ. Ингээд жигд хуваарилагдаад ирэхээр зөвхөн чанарын асуудал дээр л өрсөлдөөн гараад эхэлж байгаа байхгүй юу. Тийм үү? Ийм байхад тэр нэг муу 200 хувь гардаг сонин дээрээ юу гэж ч хэлээд нөгөөдөхийг нь хэн олж унших юм бэ! Нийгэм ардчилсан бо­лоод эхлэхээр мэдээлэлд бу­лаг­даад эхэлж байна. Тэрэн дот­роос гялалзаж, ялгарч л харагдахгүй л бол хэнд ч тоогдохгүй. Тэгээд нөгөөдөх чинь зайлуул сонин дээрээ очиж бичүүлсэн, хажуу айлдаа очиж ярьсан хоёр нь тэнцүү болчихож байгаа юм. Нэг ийм бороохойтой болчихвол болно гэж бодож болно. Гэхдээ тэр ганцаараа бороохойтой бол мундаг л даа. Цөмөөрөө бороо­хойтой тохиолдолд хэн нь сэр­гэ­лэн, хүч чадалтай ухаалгийн асуу­дал болж хувирна аа даа. Наа­дахь чинь бас л нэг сэтгэл­гээний хоцрогдол ш дээ. Чаа­ваас даа, аналоги телевизийн хэ­дэн суваг булаацалдаад л үх­чих гээд гүйлдэх юм, гэтэл дэл­хий бараг бүхлээрээ тоон сис­тем рүү шилжлээ, удахгүй 3 Ди телевиз цөмрөөд ороод ирнэ.


-Хоцрогдлоос хамаагүй ангид хүн хүртэл сонин байгуулаад эхэлж байна шүү дээ. Энэ юу гэж?

-Зах зээл, энэ салбарын онцлог энэ тэрийгээ буруу л хараад байгаа хэрэг. Хичнээн их гарлага гарч байгаа бол? Хай­ран мөнгө биш үү? Хоцрог­дол ч дэндүү өртөгтэй эд дээ.

-С.Баяр дарга та хоёрыг хүртэл телевизтэй бол­чих­сон гэсэн яриа гарах юм даа?

-Харин тийм. Тэр нь яахав дээ, чааваас нэг нь захиалаад л, нөгөөх нь түгээж байгаа хэ­рэг. Улаан хацартын “Б” теле­визийг л Б гэдэг нь Баяр, Баа­бар гэсэн үг гээд л ярих юм. Би тийм юмнуудтай заргалдаж явал­тай биш. Нөгөө талаасаа ер нь бид хоёр телевизтэй байж ч болно шүү дээ. Хуулийн дагуу бол.



ТАВАНТОЛГОЙН НҮҮРСИЙГ 900 ЖИЛ ЗӨӨНӨ


-С.Баярыг тантай их хард­даг. Бүх юмны ард та­­ныг давхар хардсан хард­­лага явдаг байсан?

-Баяр тийм тэнэг хүн юм уу? Халбага сэрээгээр ам руугаа хоол хийлгээд явдаг эргүү хэрэг үү? Ард нь би нэг их ухаантай амьтан бүх юмыг зааж өгөөд л... Ийм юм ярьж байна гэдэг өөрсдийнхөө сэтгэлгээний төвшинг л харуулж байгаа хэрэг дээ. Баяр шиг ухаантай, сэргэлэн, юмаа хийж чаддаг тийм Ерөнхий сайд Монголын түүхэнд хэд байсан юм бол доо ер нь. Баяраас өөр хүн байсан бол энэ Оюутолгойн гэрээг батлуулж чадах байсан уу. Хэдэн Засгийн газар дамж­лаа даа? Энэ хамтарсан Зас­гийн газраар чинь Оюутолгой, Та­ван­толгойн гэрээнүүдийг бай­гуулуулж, энэ улсыг мөн­хийн ядуурлаас нь гаргах зам руу нь орууллаа шүү дээ. Энийг л хийхийн тулд энэ Засгийн газ­рыг байгуулсан. Мэдээжийн хэ­рэг тэр санаа Баяраас гарсан байж таарна. Ингэж л явуу­лахгүй бол өөр ямар ч арга зам алга байв?


-Одоо ч гэсэн хэдэн нөх­дүүд суучихаад “Энэ бол гай гамшгийн гэрээ” бол­лоо гээд л шүүмж­лээд байгаа ?

-Хэн тэгж байгаа юм. Их хурал баталчихсан. Шийдвэр гаргагч нар дотор тэгж орилоод байгаа хүн бараг байхгүй байх аа. Харин ч тэдний насны бахархал байх шүү. 1992 онд Үндсэн хууль батлахад бараг хүн болгон янз бүрийн юм яриад байсан, одоо бол бүгдээрээ л Үндсэн хууль хийхэд гар бие оролцсоноороо ихэд бахархдаг.


-Хэдэн нөхдүүд орой бол­гон л ярьж байгаа ха­рагд­даг шүү дээ. Эрдэм­тэд гэсэн хэсэг хүн суучи­хаад эсэргүүцээд л ярьж байгаа харагддаг?

-Одоо цаана чинь бүгд эрдэмтэд болчихсон. Эрдэм­тэн биш хүн байгаа юм уу? Гараад л чи нүдээ аньж байгаад нэг чулуу шид дээ. Шууд л нэг эрдэмтний толгой хага. Наад эрдэмтэн гэдэг чинь одоо “амьд хүн” гэсэн утгатай үг болчихсон.


-Та инээд хүргээд байх юм аа. С.Батболд одоо Та­вантолгойн гэрээг хийж чадах болов уу?

-Хийгээсэй л гэж бодож байна. Би одоо яаж мэдэх юм бэ? Тэр хүнээс өөрөөс нь л шалтгаална. Тэр хүний эр зориг, ухаан, чадвар, сүйхээ энэ тэрээс л хамаарна даа.


-Тантай өдөр болгон уул­зах биш. Уулзсан дээрээ асууя гэж бодож байна. Одоо “Тавантолгой”-гоос татах төмөр замын асуу­дал ид яригдаж бай­на. Дахиад хэрүүл. Олон хүн байр сууриа илэр­хийлж байгаа. Таныхыг хүмүүс үнэхээр сонир­хож байгаа?

-Хоёулаа зүгээр л нэг тоо бодъё. Манай төмөр замын жилийн ачааллын даац нь 10 сая тонн. Вагоноор бид явахаа болчихъё, элдэв юмнуудаа зөөхөө болчихъё, дан нүүрс л зөөе. Есөн тэрбум тонн нүүрсийг манай энэ даацаар гаргахад хэдэн жил хэрэгтэй вэ? За бодъё. Жилд 10 саяыг гаргана, 10 жилд 100 саяыг гаргана. 100 жилд нэг тэрбумыг гаргана гэхээр есөн зуун жил зөөх нь ээ? Есөн зуун жил ганцхан Тавантолгойг л зөөх нь байна даа. Усан онгоц, нисэх онгоцоор зөөх бололцоо байхгүй. Манай нэг хэсэг нөхөд таван метр хүрзээр ухаад зөөдөг гэж ярьсан. Зурагтаар бүр нэлээн боловсролтой хүн ярихыг сонссон шүү. Нөгөө талаасаа 2050 оноос эхлээд дэлхий дээр нүүрсийг шатааж хэрэглэхээ болино гээд байгаа юм. Одоо дэлхийн дулаарал болж нүүрсний шаталтаас болоод хүлэмжийн хий хэтэр­лээ. Өөрөөр хэлбэл шинэ тех­нологитой болохгүй бол дэлхий чинь өөрөө даахаа больж байна шүү дээ. Яагаад одоо ингэж их хүйтрээд байгаа юм бэ? Энэ чинь дулаарал байхгүй юу. Италид хүртэл энэ жил хасах 20 хэм хүрлээ. Энэ бол дулаарлын гол том илрэл. Хойд мөсөн далай хамгийн ойр бүсийнхээ халуун агаарыг сорж авч байгаа хэрэг. Энэ чинь мөс хайлж байгаа процесс шүү дээ. Мөс хайлахаар фазын шилжилт гэж юм болж орчныхоо дулааныг сордог юм. Хойд бүсийн орнууд ингэтлээ хүйтэрдэг бол аягүй том дохио. Хүн гэдэг амьтан чинь эргээд дэлхийгээ сөнөөчих гээд байна даа.


-Нүүрсээ гаргая, харин аль замаар гаргах вэ гэж хэрэлдэж байна. Хойшоо юу, урагшаа юу. Аль маршрут нь зөв юм бэ гэж л тулсан асуулт тавьж байгаа юм. Ахиад зургаан жил хэрэлдэх юм биш биз дээ?

-Би ямар шийдвэр гаргагч юм уу?


МАХН АЛДААГАА ӨӨРӨӨ ОЛЖ ХАРСАН НЬ САЙН ХЭРЭГ


-Ойлголоо. Таны удахгүй гар­гах ээлжит номын ту­хай мэдээлэл түгээд уд­сан. Тэр бол “Сталин”. Одоо яг ямар шатандаа явж байгаа вэ. Яагаад та энийг барьж авсан ту­хайгаа яривал?


-Сталины тухай намтар олон гарсан. Оросын жүжгийн том зохиолч Радзинский гэдэг хүн хамгийн анх нууц асан архив руу ороод үнэн мөнийг нь олж ном бичээд Америкт хэвлүүлсэн.

-Эрх нь Америкт байгаа юм уу?

-Тийм л байна. Гэхдээ би энэ номыг орос хэлнээс орчуулсан. Радзинский өөрөө оросоор бичээд Америкт эхэлж хэвлээд, сүүлд нь Орост гарсан юм. Би өөрөө сая Москва яваад хэвлэлийнх нь газраар ороод эрхийг нь өгчих гэсэн чинь “бидэнд зөвхөн Орос дахь эрх бий, бусад нь Америкт байгаа” гэсэн. Тэгээд Америкаас эрхийг нь худалдаж авсан юм л даа. Дэлхийн маш их олон оронд хэвлэгдсэн. Яагаад гэхээр өмнө нь хүн мэддэггүй байсан асар их баримт энд байгаа. Хоёрдугаарт, энэ хүний бичлэг, зохиомж минийхтэй их төстэй. Маш задгай бичсэн. Ийм хэмжээний чөлөөт хэлбэр одоо ер нь зөвлөлтийн бичлэгт өмнө нь байсан ч юм уу, үгүй ч юм уу гэмээр. Та нар номыг уншихаараа мэднэ. Гуравдугаарт, би олон ном нэлээн хэдэн хэлнээс орчуулж байсан. Орос хэлнээс ийм том ном орчуулж үзээгүй. Урьд нь Солженицын, Чехов, Шукшин нарын богино өгүүлэл, өгүүллэг орос хэлнээс орчуулж байсан. Орос хэлнээс орчуулах чадвараа бас шалгах гэсэн юм. Би бас өөрийнхөө чадвараа харуулах гээд байна шүү дээ.


-Том сенсаац дэгдэх байх даа. Бүрэн хэмжээний түүх нь биз дээ. Өөрөө их зөрчилтэй, хүчтэй фигур. Намтар нь ээдрээтэй. Төрсөн он, сар, өдөр нь ч хэдэн янз байдаг биз дээ?

-Оросын ард түмний өөрийнх нь тэр их онцлогийг их илэрхийлсэн зохиол байгаа. Орос орон өөрөө их парадокс­той. Ард түмэн нь хоёр хязгаар дээрээ байдаг тийм сонин орон шүү дээ. Тэр өнгө төрхийг нь Радзинский сайхан гаргасан байна лээ.


-Хувийн нууцууд нь хэр их байна вэ. Бүсгүйчүүд, бутач хүүхдүүд гээд. Бүсгүйчүүдээс нь гэхэд ганц хоёрхон нь дурдат­галаа бичсэн байдаг юм билээ. Бусад нь далд амьдралаар явчихсан?

-Өө, маш нарийн юмнууд байгаа. Ер нь бол бүх л цаад наад талтай нь гаргаж ирсэн. Архив олж ирэх яах вэ, нэг тустай асуудал. Тэрийг хол­боод дүгнэлт хийх чинь өөрөө хамгийн том агуу ажил юм шүү дээ. Түүнээс гадна олон түмэнд хүргэхийн тулд зохиомж сайтай бичнэ гэдэг зөвхөн авъяасаас хамаарах эд.

-Алиевийн номыг гара­хад улс төрийн хүрээ­нийхэн л илүү уншсан бай­сан. Ардаа шивэр авир хийцгээгээд л. Хэн нэ­гэнтэй жишээд л. Ста­линыг бас тэгэх юм биш биз дээ. Арай бас цаад са­наанаас тань далд ямар нэгэн адилтгал энэ тэр гарах юм биш биз дээ?

-Үгүй үгүй. Яахав тухайн юмыг жиших гэдэг бол хүний төсөөллийн асуудал. Алийг алинтай ч жишин төсөөлж болно шүү дээ.


-Таныг бол дандаа л тий­мэрхүү юм руу холбодог шүү дээ?

-Алиевийг орчуулсан явдлыг жишээ нь би их таашаагаад байгаа.


-Яагаад?

-Яах юу байдаг юм. Тэрийг чинь МАХН өөрөө санаачилж, “Үнэн” сонины эрхлэгч нь ор­чуулаад, тэгээд тэрийгээ яг тэр бага хурал дээрээ аваачиж та­раагаад, тийм ээ? Энэ бол зо­риуд МАХН өөрөө хийсэн ажил шүү. Надад ямар хамаатай юм.


-Дараа нь өөрсдөө ун­шаад л. Элдэв шог гар­гаад л?

-Өөрсдөө уншаад л... МАХН өөрөө өөрийнхөө алдааг олж хараад, тэгээд тэрэн дээрээ жиших юмаа гаргаж ирээд, өөрийнхөө бага хурал дээр ингээд тарааж байна гэдэг бол эерэг үзэгдэл. Хүн өөрөө алдаагаа олж харах чинь маш чухал юм байдаг биз дээ.


АМЬД ЯВСНЫ УТГА УЧИР


-Сталин бол тиймэрхүү хардлагад өртөхөөргүй өөр хэмжээний сонгол­тоор явж байгаа юу. “Нян­гар хаданд гарсан нь” дээр гэхэд таныг зөндөө харааж байгаа дуулдсан?

-“Нянгар хаданд гарсан”-ыг 2004 онд бичлүү дээ. Энэний эх зохиол нь анх 1920-иод онд бичигдсэн зохиол юм байгаа юм ш дээ. Бид тэр романыг кино болгосон. Тэгээд л одоо гар­гаад ирэхээр өөрөө өөрсдийгөө олж харчихаад уурлаж үхчих гээд байгаа царай нь тэр.


-Би нэг МАХН-ын нэлээн нэрд гарсан залуу сай­даас сүүлийн үед үзсэн ки­нонуудынх нь тухай асуусан юм. “Би чамд хайр­тай-2”-ыг үзсэн гээд л ярьж байна. “Нянгар хаданд гарсан”-ыг та үзээгүй юм уу гэтэл шууд би үзэхгүй гэж хариулж би­лээ. Яагаад гэсэн асуул­тад хүмүүс үзээд хэ­рэггүй гэж зөвлөсөн гэсэн юм?

-Өөрийгөө олж хараа биз.



-Танай эхнэр Амарсанаа Оксфордын англи-мон­гол толь зохиосон учир өнгөрсөн жил “Гоо зүйн шаг­нал” авч байсан. Анг­ли хэлний мэргэжлийн хүн үү?

-Уг нь Харьковын их сур­гуу­лийг физикч мэргэжлээр төгс­­сөн. Бид хоёр нэг инсти­тутэд хамт ажиллаж байсан. Да­раа нь хамт Москвад аспи­ратурт байлаа. Генийн инженер болсон юм. ШУТИС-т моле­куляр биологийн багшаар ажил­лаж байсан. Оксфорд, Кол­линзын хоёр толь удирдаж хий­сэн. Одоо Коллинзын монгол-англи толь хийгээд сууж байна. Монголд буй болсон хамгийн анхны стандарт барууны толь доо. Цаанаасаа шаардлага маш өндөртэй.


-Мундаг эхнэртэй юм аа?

-Би амьдралд дандаа азтай, аатай явсан. Харамсах юм юу ч байхгүй. Сайхан ч амьдарсан. Энэ амьдралыг би үрэн таран хийгээгүй, амжилт­тай, аатай, азтай, үр бүтээлтэй, зөв шударга ашигласан. Эц­сийн бүлэгт хүнд энэ л бахар­хал юм гэж боддог, амьд явсны утга учир энэ биш үү? Зөв явж чад­вал хорвоо зөөлөн шүү дээ. Эрх чөлөөт хүн өөрийнхөөрөө амьд­рах шиг сайхан юм хаа байнa?!


Сэтгүүлч Б.ГАНЧИМЭГ

Эх сурвалж-http://ganchimeg.niitlelch.mn/content/1387.shtml;jsessionid=31F43E7B6955CE9A986E92A111364ACF?returnFromCas=true
Дэлгэрэнгүй унших...

Sunday, January 17, 2010

Хомо наурус

Науру гэж нэгэн арлын жижиг улс Гадаад далайд байх юм. Газар нутаг нь 21 ам км гэхээр хааш хаашаа 4-5 км болж таарах нь. Хүн амын хувьд дэлхийд хамгийн багын нэг, ердөө 10 мянга хүрэхгүй иргэнтэй. Хүн амд ноогдох орлогын хувьд дэлхийн хамгийн баян орны нэг. Үүний цаад шалтгаан нь арал тэр чигээрээ маш өндөр концентрацитай фосфор юм. Арлыг 19-р зуунд германчууд эзэмшиж байж. Дараа нь австраличууд мэдэлдээ авсан боловч дайны үеэр япончууд булаан авчээ. Дайны дараа Австрали эгүүлэн авсан боловч 1968 онд тусгаар тогтнуулж орхисон байна. Ийнхүү 5 мянган хүнтэй хамгийн жижиг тусгаар бүгд найрамдах улс үүсчээ.


Науру гэж нэгэн арлын жижиг улс Гадаад далайд байх юм. Газар нутаг нь 21 ам км гэхээр хааш хаашаа 4-5 км болж таарах нь. Хүн амын хувьд дэлхийд хамгийн багын нэг, ердөө 10 мянга хүрэхгүй иргэнтэй. Хүн амд ноогдох орлогын хувьд дэлхийн хамгийн баян орны нэг. Үүний цаад шалтгаан нь арал тэр чигээрээ маш өндөр концентрацитай фосфор юм. Арлыг 19-р зуунд германчууд эзэмшиж байж. Дараа нь австраличууд мэдэлдээ авсан боловч дайны үеэр япончууд булаан авчээ. Дайны дараа Австрали эгүүлэн авсан боловч 1968 онд тусгаар тогтнуулж орхисон байна. Ийнхүү 5 мянган хүнтэй хамгийн жижиг тусгаар бүгд найрамдах улс үүсчээ.

Хүн амын 80 шахам хувь нь уугууд иргэд. Урьд бол ядуу зүдүү тэд загас барьж жимс түүж дөнгөн данган гол зогоодог байж. Харин одоо бол баяжиж пээдийгээд идэхээс өөр хөдөлмөр хийдэггүй. Науру арлын амьдралын тухай Дисковэри сувгаар тун сонирхолтой баримтат кино саяхан үзүүллээ. Арал дээр фосфорит ачихаар сардаа нэг удаа асар том хөлөг онгоц ирэх юм. Муу жижиг арал битүү тоосонд хучигдана. Тоос эргэж унан тунгалгажитал дахиад бүтэн сар болдог гэнэ. Ингээд тэдний төрд хүн амтай нь харьцуулахад асар их мөнгө үлдээгээд явах аж. Мөнгө хуваарилдаг ардчилсан засаг тэдэнд бий. 18 хүнтэй парламенттэй, тэндээсээ ерөнхийлөгчөө сонгочихоно. Науручуудын ажил эрхэлдэг гэх хэдэн хүн ийнхүү төр засагтаа ажиллан мөнгө хуваарилах нөр хөдөлмөр үйлдэх ажгуу.

Толь бичигт тэмдэглэгдсэнээр хүн амын ихэнхи нь өөрийн сайн дураар хөдөлмөр эрхэлдэггүй ажгуу. Ийм их мөнгө эргэлдэж байгаа болохоор ажлын мест олон боловч үүнийг нь “муу заяат” гадныхан эрхэлнэ. Харин Дисковэри сувгийн үзүүлж буйгаар уугуул иргэд унтаж унтаж босоод гэрээсээ гольфын “багаж” чирээд “ажилдаа” гарна. Арал дээр буй хамгийн том байгууламж нь гольфын талбай. Асар үнэтэй алт мөнгөн цохиураа барьсан науручууд өдөржин гольф цохин наадна. Тэдний хийдэг цорын ганц ажил нь. Мөнгийг нь ач буянтай төр нь амаар нь гартал цутгана. Мөнгө тэдэнд аз жаргал олж ирсэн үү? Өөрснөө ч тарган цатгалан сайхан л харагдаж байна. Гэхдээ эрчүүдийн дундаж наслалт нь ердөө 48. Архи ууна, дээр нь үргэлжийн дэгдэх фосфоритын тоосон дотор амьдрана. Өөрснөө ч үүнээ тоож байгаа юм алга даа. Чааваас ойлгодоггүй ч юм шиг билээ дээ.

Байгалийн баялагийн хараал гэж энийг хэлдэг аж. Байгалийн баялагтайдаа биш, тэндээс буй болсон мөнгийг зөв ашиглах тархи толгойгүйдээ хараал хүртдэг ажгуу. Австрали, канад, норвеги, өмнөд африк, катар, чили хүмүүс байгалийн баялагаа ашиглан хүнээ хөгжүүлж, бурханы энэ бэлгийг зөв зүйтэй ашиглан бусдын атааг хөдөлгөж байхад зарим нь мөнгө баялагтай болсон биш ингэтлээ уруудан доройтдогийн учир юу вэ?

Зүгээр олддог мөнгө төгрөг ганцхан байгалийн баялагаас эх сурвалжтай биш аж. Европын колончлогчид ялангуяа ХХ зууны эхнээс нутгийн уугуул иргэдийг дэмжих нэрээр үнэгүй тэжээх болжээ. АНУ-д бол уугуул индиануудад өөрийн үзэмжийн хуулиар амьдрах газар тасалж өгсөн байна. Харин тэд эзэмшил нутаг дээрээ казино байгуулуулж тэндээсээ сул орлого олон өдөр шөнөгүй архидаж суух. Бусдаас илүү эрх эдэлж сул мөнгө авч суудаг Шинэ Зеландын мауричууд, Австралийн аброгенүүд, Хавайн полонезүүдийн амьдрал үнэнийг хэлэхэд өрөвдөлтэй. Ажил хийдэг хүн бараг байхгүй, сул ирэх тэтгэмжээрээ голдуу л архи гударч суух юм. Хавайн аралд буй уугуул иргэд хүн амдаа өчүүхэн хувь эзлэх боловч шоронгийн хоригдлын үлэмж хэсгийг эзлэнэ. Шинэ Зеландын албан хэл нь нь англиас гадна маури хэл юм байна. Ажил эрхэлдэг гэх цөөн хэдэн мауричууд яам тамгын газар хэн ч үл ойлгох маури хэлээр ирсэн зочдод тайлбар хэлдэг ажилтай. Салбадай л юм даа. Гэхдээ овоо ухамсартай хэд нь шүү, бусад нь сул тэтгэмжээ аваад согтуурхаж хэвтэхийгээ дээрд үзнэ. Эд бараг бүгдээрээ жингийн хэтрэлттэй, хэрээ мэдэхгүй иддэг бололтой. Дэлгүүрт ороод харж байхад худалдан авч буй юмныхаа үнийг хэзээ ч хардаггүй, тоодоггүй. Мөнгөгүйн зовлон мэдэхгүй улс даа.

Манай нам төрөөс ард түмнээ харж үзэн зүгээр тэжээх нөр хөдөлмөр мөн л байгалийн баялагийн эх сурвалжтай. Зэсийн үнэ нэмэгдэн улсын орлогод сул мөнгө ороод ирүүт биологийн үйл явдлыг хөхиүлэх уралдаан өрнөлөө. Хүүхэд болгонд мөнгө, хүүхэд төрүүлбэл мөнгө, хүнтэй суувал мөнгө… сургуульд сурвал унаа үнэгүй, төрд ажиллабал байр, хүүхдийн сургалт, үнэгүй эмчилгээ… эх орны хишиг… эрдэс баялагийн хувь… бид ер нь цаашид ажил хийх хэрэг байгаа юм уу? Науру арлын амьдрал манай ирээдүйн проекцолсон жижиг загвар юм биш үү? Ухаант хүнийг хомо сапенс гэдэг. Хомо советикус хэмээн зөвлөлт маягийн хүний загварыг шоолж нэрлэнэ. Түүнтэй ижил тэжээлгэж таргалаад ажил хийхээ болин арчаагаа алдсан хүмүүсийг хомо наурус хэмээн тавлан шоолох болжээ.

Өмнөговь бол манай орны хамгийн том нутагтай ч хамгийн цөөн хүн амтай аймаг. Саяхан болтол тэнд ажиллагсад говийн нэмэгдэл гэж шагнал авдаг байлаа. Одоо тэд “өмнөговь хүн” гэдэг хаягаар тэнд ажилладаг уул уурхайн компаниудаас сул тэтгэмж авах болжээ. Сонирхолтой нь өгөх талууд хоорондоо өрсөлдөнө. Ард түмний дэмжлэг авч буй нь тэр. Хүмүүс ч дорхноо эвдрэн буйлж байна. Өмнөговийн засаг дарга гэгч саяхан хэвлэлд ярилцлага өгчээ. Яг л Науру улсын ерөнхийлөгч, Мауру овгийн толгойлогч, аброгенчүүдийн удирдагч. “Өмнөговьчууд” бүхнээс тэргүүнд хүртэх ёстой гэнэ. Тэднийг үл онцгойлбол нааш юм харуулахгүй юм байх. “Өмнөговьчууд” хэмээх шинэ нэр томъёо. Хомо сапенсдаа багтдаг эсэхийг мэдэхгүй, юутай ч бусад монголчуудаас хавьгүй дээгүүр бодгал бололтой.

Ландаар хонь хариулж, парадогоор усаа зөөж, эрхий шиг бүдүүн алтан гинж эрхний орноос зүүсэн зарим “өмнөговьчууд” Улаанбаатарыг нэгэнт тоохоо больжээ. Хилийн боомт орж хэрэгцээгээ хангана. Тэд улам бүр урд хилээс хамааралтай болж байна. Хамаг түншүүд нь тэнд бий. Байгалийн баялагаа хэнд өгөх, хэнтэй наймаалцах, үүний шанд юу авах, нутаг дундуураа ямар зам татуулахыг “өмнөговьчууд” л мэднэ гэсэн итгэл үнэмшил улам газар авах өнгөтэй. Тэрийг нь байнга хөөргөж, элдэв амлалт өгөх компаниуд ч олшрох төлөвтэй. Саяхан баялаггүй хоцорчих гээд байсан баруун сумдад Тавантолгойгоос ч дутахгүй нөөцтэй орд нээгдлээ. Одоо ч хадандаа гарлаа л даа. Урагш сүжирч засаг даргатайгаа нийлэн төв захиргааг үл тоомсорлох болсон “өмнөговьчууд” удахгүй “хойдговьчууд” ч болж болох юм. Дэлхийгээр нэг ийм жишээ бий. Брунэйд их хэмжээний нефть нээгдсэн учраас Бритиш Пэтролиум компани Малайзаас тасалж ийм улс байгуулжээ. Нефтиэс болж Их Колумби улсаас Венесүэл тасарсан бол суваг татах шалтгаанаар америкчууд Панам хэмээх тусгаар улсыг бодож олсон байна. Хэсэг хугацаанд тусгаар бүгд найрамдах улс гэгдэж байсан Туваг Зөвлөлтийн холбооны яамны шуудангийн маркны бизнес ч гэх хүмүүс байдаг.

Өмнийн говьд аж төрөн суугаа говийн зоригт эрэгтэй эмэгтэйчүүдийн амьдрал ахуй гэнэт өсөн дээшилж буй нь туйлын сайн хэрэг. Үүнийг буруутгах эрх хэнд ч үгүй. Тэдний орлогыг булаацалдсан хүн ч алга. Гагцхүү халамж тэтгэмж, зүгээр өглөг юун түрүүн тэднийг эвдээд эхэллээ. Юу ч хийгээгүй байж нэг л их нэхсэн, шаардсан, тунирхсан, гомдсон, айлгасан, эсэргүүцсэн хүмүүс. Өмнөговийн нутгийн индиануудын шаардлага тавих холбоо ч гэх шиг. Цаана нь мэдээж хоорондоо өрсөлдсөн компаниудын эрх ашиг байгаа. Дээр өгүүлсэн хомо наурус хэмээх зүгээр тэжээлгээд арчаагаа алдчихсан хүний шинэ зүйл бидэнд халдвал яах вэ? Науру нь өмнөговьчуудын, өмнөговьчууд нь монголчуудын түрүү загвар байвал яах уу?

Науру хүн буй болгодог гол буруутан нь тэжээгч нь байдаг. Брүнэйчүүдийг английн нефтийн компани, мауричуудыг Шинэ Зеландын хууль, науручуудыг фосфорит олзворлогчид, аброгенийг Австралийн Засгийн газар... буй болгожээ. Оросын зохиолч Беляевын Талх гэсэн өгүүлэлд эрдэмтэд өөрөө өсдөг талх бүтээгээд нэгэн загасчны тосгонд аваачиж өгөн туршдаг. Бэлэн талх идээд юу ч хийхээ болин загас барихаа мартсан загасчид эцэст нь тосгоноороо сүйрээд дуусдаг. Таргалаад, хөдөлж чадахаа болиод... Үндэстнийг мөхөөе гэвэл хамгийн хялбар үр дүнтэй арга энэ л байна. Үүнийг дээрхи жишээнүүд ч тод харуулна. Олдох их баялагийн сураг дуулдав уу үгүй юу л Монголын төр юун түрүүн тарааж цацах, ард түмнээ харж үзэхээ амлан бүлтэрцгээнэ. Тэрбум тэрбумаар нь хувааж авч байгаад л жалга жалгандаа цацана. Уул уурхайгаас олдох анхны мөнгийг цагаан сарын бэлэг болгон цацах гэнэ. Үүнээ олон улсын туршлага ч гэж ичихгүй нааж байна. Тиймээ, олон улсын туршлага мөн, Науру арлын туршлага.

Энэ болгон явсаар нийгмийн тогтолцоо, ардчилал эрх чөлөөний аминд хүрдэг. Жар гаруй жилийн өмнө Хаек Боолчлолд хүрэх зам зохиолдоо чухам төрийн энэ их оролцоо, халамж, тэтгэмж эцэст нь эрх чөлөөг багалзуурддаг гэж бичиж байв. Үүний том жишээ бол Венесүэль. Уго Чааваас нефтиэс олох мөнгөө хүмүүст тарааж цацсаар байгаад ард түмнээ худалдаад авчихсан. Венесүэльчүүд түүнийг насан туршийнн ерөнхийлөгчөөр сонгосон. Тэр эрх чөлөөгөө зарчиж буй нь тэр. Харин эцэст нь дарангуйлагч болж цусандаа хутгалдсан түүнээс салахын тулд эргүүлээд мөн ч ихийг төлж таарна даа.

2010 оны 1 дүгээр сар 5


Дэлгэрэнгүй унших...

Monday, May 11, 2009

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА

Монголын ардчилсан хувьсгалын пионеруудын нэг, нэрт нийтлэлч Баабар гадаадад суугаа Монголчууддаа хандаж ил захидал бичсэнийг та бүхэнд хүргэж байна. - Цахим Өртөө Сүлжээ

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Гадаадад суугаа Монголчууддаа хүргэх ил захидал/

Би Танд хүүгийн хувиар хандаж байна. Наслалт харьцангуй өндөрссөн өнөө үед аав ээжийн минь насны олон мянган өтгөс амьд сэрүүн яваа.
Би Танд дүүгийн хувиар хандаж байна.
Би чамд өвөөгийн хувиар хандаж байна. Би хэдий өвөө болж амжаагүй ч миний үеийнхний ихэнх нь ач зээтэй болсон.
Би чамд эцгийн хувиар хандаж байна. Би насанд хүрч буй хоёр хүүхэдтэй хүн.
Би чамд ахын хувиар хандаж байна. Нас минь тавийн босго алхжээ.
Би та бүхэнд монгол хүний хувьд, Монгол улсын иргэний хувьд хандаж байна.

Тэвчээр минь барагдсандаа хандаж байна. Миний эх орон ямар их бузар булай, хулгай луйвар, хууран мэхлэлд баригдаа вэ. Тиймээ, хорин жилийн өмнө болсон нийгмийн их өөрчлөлтөд оройлон оролцож байсан хүний нэг би мөөн. 1996 онд эхэлсэн эдийн засгийн их реформд бас гар бие оролцож байсан.

Энэ бол зайлшгүй шилжилт байлаа. Үүнийг манай ард түмэн нийтээр дэмжсэн. Бидэнтэй 40 орон шилжилт хийсэн, хийгээгүй үлдсэн нь хойд Солонгос л байх шив. Бид алдсанаасаа олсон нь илүүтэй эхний арван жилийг үдэж бусдаас тасарч түрүүлээгүй ч сүүл мушгиагүй. Хүмүүс эрх чөлөөтэй, хувийн өмчтэй болж, сэтгэлгээнд нь хувьсгалт өөрчлөлт гарлаа. Монголд өнөөдөр 400 мянган автомашин хөлхөлдөж, нэг сая долоон зуун мянган гар утас ажиллаж, 165 мянган оюутан суралцаж, 43 сая мал сүрэг багширч, хувийн хэвшлийн 40 мянга шахам аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, жилд 600 мянган иргэн хилийн дээс алхаж, 150 мянган иргэд маань хилийн чанадад ажиллаж сурч амьдарч байна. Хорин жилийн өмнө нийтээрээ ганц сая хүрэхгүй долларын хадгаламжтай байсан иргэд маань өдгөө зөвхөн дотооддоо бараг хоёр тэрбум долларын хадгаламжтай болжээ.

Бид чөлөөт нийгэмд шилжсэнээр хүмүүст урьд нь хэзээ ч байгаагүй өргөн боломжийг нээж өгсөн боловч хууль төгөлдөржөөгүй, ёс суртахуун төлөвшөөгүй, сайн муугийн үнэлэмж тогтворжоогүйн гайгаар луйварчин хулгайч дээрэмчин нарт бүр ч том болгомж гаргаж өгчээ. Ардчилал, зах зээлийн тогтолцооны сул болон суларсан цэг болгоныг тэд ашиглан манай нийгмийг ашиг завшаан олж увайгүйгээр улайм цайм идэж уух зэвсэг багажаа болгосон байна. Тэд энэ орны эрх мэдэл эд хөрөнгөнд эзэн сууж ард түмнийг цөлмөн тонож, тонох мөрөөрөө тонохгүй үүнээ ид бах болгон дээр нь нийтийг доромжилж суух боллоо. Ардчилал бүрэн төлөвшөөгүй газар нийгмийн хамгийн адаг шаарууд нь дээр нь авиран гарч зайдлан суудаг учрыг нэрт эрдэмтэн Хаек “Боолчлол руу чиглэсэн зам” зохиолдоо яруу тод илтгэсэн. Манай нийгэм яг тэр замаар явж байна. Бид өөрснөө боолчлол руу дөртэй үхэр шиг хөтлөгдөн явж байна.

Сонгуулийн кампанийн хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Улаан Ховд хотод оччихсон ярьж байнаа. Тогтвортой байдлын гэрээг Элбэгдорж буруу хийснээс болоод Монгол улс их хохирч байгаа гэнэ. Хэдийгээр тухайн үед үйлчилж байсан хуулийн хүрээнд гэрээ хийгдсэн боловч, за яахав буруу болсон юм байж. Гэтэл тэр гэрээгээр буй болсон Сүхбаатар аймагт буй цайрын ордыг яахаараа хуулийн заалт болгоныг нь зөрчин байж, эрүүгийн аргаар Сангийн сайд Улаан хувьдаа иддэг байнаа? Тэр үүнээс гадна өнгөрсөн 10 жилд цадахаа мэдэхгүй их луйвар хулгай хийсэн хүн. Зөвхөн ганцхан жишээ хэлэхэд Японы Иточу пүүсийн авлагын асуудалтай холбогдуулан улсын төсөвт тусган байж гурван тэрбум төгрөг хулуусан этгээд. 100 саяын Гансүхийн хэрэг гэж дуулиантай явдал гарч байв. Түүнд шүүхээс 7 жилийн хорих ял өгч байсан. Гэтэл зөвхөн энэ хэрэгтээ Гансүхээс 30 дахин их мөнгө хулгай хийсэн Улаан 210 жилийн ял авах ёстой юм биш үү? Өөрийнх нь хулгайн асуудал ярихаар урьдаас нь баахан гүтгэлэг явуулж адилхан хулгайч мэтээр асуудлыг замхруулах гэж ширэн нүүрлэж буй хэрэг. Улааны хэргийн материал хангалттай бий. Хэрэв би хүн гүтгэсэн бол ямар ч өчиггүй зохих ялаа эдлэхэд бэлэн байна. Энэ бол сонгуулийн өдөөн хатгалага биш. Тиймээс энэ хэргийг шүүх цагдаад өгч олны нүдэн дээр нэг талд нь гаргая л даа. Гомдлоо гаргаач?

Улаан бол манай нийгмийг бүрхсэн торны эзэн аалзнуудын зөвхөн нэг нь. Хамгийн том нь ч бас биш. Зарим нэгний тооцоолсноор аалзнууд энэ орны хөрөнгөнөөс сүүлийн арван жилд гурван тэрбум доллар хулгайлжээ. Энэ ямар их мөнгө болохыг мэдэх үү? Төгрөгт шилжүүлбэл арван гурван оронтой тоо гарч байна. Бид ийм л тогтолцоонд амьдарч байна. Эдэнд тонуулсан ард түмний олонхи нь өдрийн хоолоо арай ядан түүж олж байхад эд ганц удаагийн луйврын үйлдлийнхээ хахуулинд 400 мянган долларын араб азрага бэлэглүүлж зугаацаж сууна. Эдэнд зайдлуулсан эмгэд хөгшид эмний мөнгөгүй, жаахан үрс талхны үртэсгүй чичирч суухад эд ганц удаагийн зугаагаа гаргах гэж Сөүл нисэн казинод тоглож өдөрт нь хэдэн зуун мянган доллараа алдаж наргиж байна. Нийгмийн шинэ бололцоог ашиглан арга ухаан хөдөлмөр зүтгэлээрээ хөлжин хөл дээрээ дөнгөж өндийж буй манай анхны хөрөнгөтнүүд өөрөөс нь хавьгүй тэнэг, хавьгүй залхуу, хавьгүй увайгүй эдгээр шуналын тулам болсон төрийн тэрбумтнуудыг царайчлан амьдарч байна. Айдаст баригдсан нийгэм маань адгийн шаар болсон эднийг тойлж амь зуухаас өөр аргагүй болжээ. Нийгэм маань улам ялзарч, улам жихүүдэс хүрэм болж, улам мухардаж байна. Ийм нийгэм байгуулах гэж монголчууд хорин жилийн өмнө Сүхбаатарын талбай дээр зуун мянгуулаа цуглан жагссан юм гэж үү? Хувьсгалыг ухаантнууд бодож олдог, зоригтнууд хийдэг, адаг шаарууд үр дүнг нь хүртдэг гэсэн Бисмаркын үг юутай үнэн.

“Энхбаяртай бол учраа олж болно, хэдийгээр тэр араас хутга шаадаг, найз нөхрөө худалддаг ч гэлээ олхиогүй тэр амьтантай наана цаанаа гарч байгаад ярьж болно, харин Элбэгдоржтой бол юу ч ярих аргагүй, тэр бүх юм ухаж биднийг шорон руу бөөнөөр нь явуулна” гэж төрөөс төрсөн тэрбумтнууд ярьж байна. Тиймээс тэд Энхбаярт хичнээн чадуулж байсан ч гэсэн түүний төлөө үхэхээ мэдэхгүй зүтгэн, зүсэн зүйлээр үзэж юу ч хийхээс буцахгүй улайрч байна. Доромжлогдсон үрс нь авилгын загалмайлсан эцгээ хамгаалан тэмцэнэ. Түүний төлөө биш өөрийнхөө төлөө. Иймээс тэд сонгууль болгоныг юунаас ч айхгүй улаан цагаангүй луйварддаг нь цаанаа аргагүй ойлгож болохуйц учир шалтгаантай юм. Тэдний хувьд сонгуульд ялагдах эсэх нь үхэл амьдрал шийдэж байгаа маш чухал амь дүйсэн хэрэг. Луйвар хийх хэдэн зуун арга тэдэнд бий, үүндээ бүр гаршсан. Гадаад явсан, нас барсан, сонгуульд ордоггүй бүх хүмүүсийн бүртгэл тэдэнд бий. Үүнийг нь цуглуулж тэдэнд зардаг доод үйлчилгээний мэргэшсэн албатууд бэлэн байгаа. Энэ сүлжээнд төрийн тэрбумтнууд мөнгө хайрладаггүй юм. Мэдээллийн хэрэгслэлээр явах суртчилгаа бол задгай мөнгөндөө хийж буй үзүүлбэр нь. Бид итгэж найдаж буй хүнээ дөрвөн жилийн хугацаагаар сонгох гэж байгаа бол тэд бүхий л амьдралынхаа үхэл сэхлийг сонгож байгаа юм. Иймээс сонгууль бидэнд гэхээсээ тэдэнд илүү ач холбогдолтой.

Би энд Ардчилсан нам нь сайн, МАХН нь муу гэж яриагүй. Аль алин нь зуу зуун мянган гишүүнтэй, аль алин нь улс орны хөгжил цэцэглэлийн төлөө яваа манай нийгмийн голлох хоёр улс төрийн хүчин. Аль алин нь эгнээндээ эх оронч хөвүүд охидоо ч багтаасан, адаг шааруудыг ч хавчуулсан. Манай нийгэм энэ хоёр намд хуваагдан талцдаг байсан нялхсын үеийн өвчнөө нэгэнт өнгөрөөжээ. Одоо тонуулчид нэг талдаа гарч тоногдогсод нь нөгөө талдаа ялгарч байна. Торны аалзнууд нэг талдаа гарч торонд орооцолдон баригдаж идэгдэж байгаанууд нь нөгөө талдаа гарчээ. Гэвч идсэн эрүү хувхайрч идэгдсэн дов ногоордог юм шүү.

Тэвчээр барагдлаа. Энэ торыг зад татацгаая. Би Элбэгдоржид найдаж байна. Түүнийг би эх орноо эгшин зуур хөгжүүлж шууд л цэнгэлийн манлайд аваачина гэж итгэж байгаа юм бишээ. Тэр хоёр удаа Ерөнхий сайдаар томилогдсон авч эхнийхэд нь Эрдэнэтийг ухлаа гэж, дараагийнхад нь авилгачдыг илрүүлж эхэллээ гэж аалзнууд нийлж байгаад түлхэн унагасан юм. Тэр одоо аалзнуудаар томилогдох биш ард түмнээр сонгогдоод гараад ирвэл манай нийгмийг боймлон ороосон торноос чөлөөлж өгөх болов уу л гэж горьдож байна. Магадгүй миний сүүлчийн горьдлого. Энхбаяр сонгогдвол манай орон маргааш нь сөнөчихөнө гээд байгаа юм бишээ. Энэ байтугай зовлон гамшиг туулсан ард түмэн байна эрхбиш тэсээд гарах биз. Ямар ч булхай луйваргүйгээр манай ард түмний хүсэл эрмэлзлэлээр тэрээр сонгогдвол тэр л биз. Бид үнэхээр өөрснөө хүсэж байгаа бол энэ нь ард түмний л сонголт. Элбэгдоржид найдаж байгаа нь миний л хэрэг, Энхбаярт талтай байгаа нь таны л хэрэг. Гагцхүү манай ард түмний сонголт үнэн мөнөөрөө тодрох ёстой. 2004 оны сонгуулийг хэрхэн луйвардаж байсныг бүгдээрээ харсан. Юм хэлээгүй. Өнгөрсөн жил бас л луйвардсан. Хатагтай Бурмаа гурван шатын шүүхээр явж бодитой баримт гаргаж чадсаны хүчинд 2008 оны сонгууль луйвар болсныг нотлон шүүхийн бүх шатанд ялж, шүүхээр үүнийг хүлээн зөвшөөрүүлсэн. Луйварт дургүйцсэн иргэд хэдэн арван мянгаараа талбайд бөөгнөрөхөд тэднийг Америкийн империалистуудын өдөөн тухиралтаар өнгөт хувьсгал хийхийг санаархагчид гэж нэрлэсэн. Бидэнд өнгөт хувьсгал биш, зүгээр л үнэн дүн хэрэгтэй байна.

Ачдаа, хүүхэддээ, ахдаа, дүүдээ, найздаа, эх орон нэгтнүүддээ хандахын учир: таны саналыг луйвардаад байгаа учраас та үүндээ хяналт тавиачээ. Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, эх орныхоо төлөө ганц удаа ч гэсэн санаа тавь л даа. Дөрвөн ханатай умгар гэрээс дөчин долоон хүн санал өгсөн баримт илэрсэн шүү дээ. Талийгчийн ясыг өндөлзүүлж хаа газрын нэгмуу луйварчин танай бүрлээчийн өмнөөс санал өгч байгааг зогсоолгооч. Гадаадад байгаа хэдэн зуун мянгаар тоологдох иргэд та бүхэн энд байгаа гэр орон руугаа бичиж өөрийн чинь өмнөөс адгийн нэг новш санал өгөөд байгааг болиулаач. Үнэн шудрагаараа бол манай улсын ерөнхийлөгч хэн болсон ч яадаг юм, ард түмний л сонголт юм чинь. Луйвар булхайгаар бол бурхан өөрөө сонгогдсон ч эрхээ ашиглуулж дээрэмдүүлсэн бид эрс эсэргүүцэн тэмцэх ёстой. Болбол бүгдээрээ сонгуульд оролцооч, төрийн эрхийг барихаар олгогдсон дөрвөн жилд нэг олддог ганцхан минут чинь шүү дээ. Хэрэв чи сонгуульд ороод саналаа өгөөд явдаг байсан бол өнөөдөр манай орны нүүр царай хувь тавьлан хавьгүй өөр байх байсан ч юм бил үү? Боолчлол руу чиглэсэн зам дагаад чи өөрөө алхаад байна шүү дээ. Одоо болоо, сэхээрч үз ах минь, эгч минь, дүү минь, хүү минь, найз минь. Уул нь бидний хувь заяа бидний л гарт байгаа юм шүү дээ, үүнийгээ олж хараач.

2009 оны 5 дугаар сар 10
БААБАР

Дэлгэрэнгүй унших...

Saturday, January 31, 2009

Б.Баабар: С.Баяр чамайг арай хулхидахгүй байлгүй дээ!

Б.Баабартай уулзаж ярилцлаа.

Дифляцийг анх удаа биеэр мэдэрч байна

-Таны "Ерэннайман он" гэсэн цуврал хэзээ ном болж гарах юм бэ? Энэ бол news.mn-ийн хэрэглэгчдийн асуулт шүү.

-"Ерэннайман он" цуврал бол дангаараа ном биш. "Нүүдэл суудал"-ийн 5-р дэвтрийн нэг бүлэг, түүний нэг хэсэг нь.

-Тэгвэл "Нүүдэл суудал" хэзээ уншигчдын гар дээр очих вэ?

-Одоогоор мэдэхгүй байна.

-Эдийн засгийн хямрал болж байна. Танд энэ мэдрэгдэж байна уу?

-Мэдрэгдэлгүй яахав. Бүх хүнд л мэдрэгдэж байна. Чамд мэдрэгдэхгүй байна уу?




-Яаж мэдрэгдэж байна?

-Дөнгөж саяхан 37 хувийн инфляцитай байсан. Ганцхан хөрвөөд л дифляци болж байна. Инфляци биш бүр дифляци. Дифляцийг анх удаа биеэр мэдэрч байна. Манайд урьд нь дифляци болж байгаагүй юм. 1995 оныг санаж байна уу? Инфляци 360 хувьд хүрч байлаа. Өдөр бүр юмны үнэ нэмэгдээд. Засгийн газар сар бүр цалин нэмээд л, сүүлдээ цалин нэмлээ гэж хэлэхээ болиод "нөхөн олговор" гэх болсон… Инфляциас аюултай нь дифляци гэж онолын хувьд ярьдаг юм. Бид нар мэддэггүй байж. Одоо л мэдэж байна. Хүмүүсийн гар дээр мөнгө алга боллоо. Бүх юмны үнэ хямдраад эхэллээ. Бараагаа худалдаж байгаа хүмүүс мөнгөтэй болохын түүс болж байна. Юун ашиг машиг! Ядахнаа хагас мөнгийг нь ч гэсэн олж авах юмсан гэж байна. Бүх юм үнэгүйдэж байна. Хэрэглээний сагсанд 200 орчим бараа байдаг. Дифляци гэдэг чинь юм хямдраад байдаг, худалдан авагч байхгүй болохыг хэлж байгаа юм. Манайд яг л энэ болж байна. Дэлгүүрээр ороод үзээрэй.

-Харин ч зарим бараа, тухайлбал архи, махны үнэ өсөөд байна шүү дээ.

-Ямар ч хямрал дунд баталгаатай үйлдвэрлэл гэж байдаг. Энэ бол хүнс, эм хоёр. Ямар ч үед хүн хүнсээ авдаг, эмээ авдаг. Монголын онцлог болохоор согтууруулах ундаагаа бас үнээс үл хамааран байнга авч таарна.

-Цагаан сар болох гээд үнэ өсөөд байна уу?

-Баталгаат үйлдвэрлэлээс бусад бүх үйлдвэрлэл баларч эхэлж байна. Монголын хилээр 50-60 мянган бараа орж ирдэг байсан. Тансаг хэрэглээний бараа бол бүр зарагдахаа больсон байна. Хүнснээс хямд нь зарагдана уу гэхээс үнэтэйгээс нь хүмүүс татгалзаж байна. Лав жимс борлогдохоо больж.

-Энэ хямрал хэр удаан үргэлжлэх бол?

-Тэрийг чинь л мэдэж байвал сайнсан.

-Мэдэх боломж байхгүй юу?

-Байхгүй. Том эдийн засагчид 2008-2009 онд үргэлжилнэ гэж байна. Эдийн засаг өөрийн дүрэмтэй, инфляциа багасгах ч гэдэг юм уу, логиктой байлаа. Одоо тэр байхгүй болсон. Стандарт арга хэмжээ утгаа алдсан. Тэгэхээр ердийн арга хэмжээ явахаа больж байгаа хэрэг. Эдийн засаг сэргээд ирвэл хуучин арга руугаа орох байх л даа. Сая Ангела Меркель хэлж байна лээ. "Бидний эдийн засагт авч хэрэглэж байсан аргачлал нураад уначихлаа. Үүнээс гарах аргаа олохгүй байна. Шинэ аргачлал эмчилгээг 2009 онд олчих байх. Ингээд 10 онд эдийн засаг сэргэчих байх" гэж. Хямрал бол зөвхөн Монголын асуудал биш, дэлхийн нийтлэг зовлон болоод байна. Америкийн худалдаа руу интернэтээр ороод үзээрэй. Бүгд л нэгийг авбал хоёр, гурвыг нэмж өгнө гэсэн байгаа. Хүмүүс бараанаасаа салахын түүс болоод байна шүү дээ. Одоо болоод байгаа чинь санхүүгийн хямрал. Юм хямдраад ч хэрэг алга байна. Бараа гүйхээ болихоор яах вэ? Хамгийн түрүүнд үйлдвэрлэл зогсоно биз дээ. Хичнээн олон хүнийг ажлаас нь халж таарна биз дээ. Одоо дэлхий дээр өдөрт 80 мянган хүн ажилгүй болж байна. Уул уурхайн орон Чили дөнгөж сая 13 тэрбум долларын хөрөнгө оруулалтаа тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Интернэтээр ороод л харахад энд тэндгүй болж бүтэхгүй тухай мэдээ...

-Хямрал үргэлжлээд байвал яах вэ? Монголд юу болох бол?

-Энэ бол Монголын асуудал биш дэлхийн асуудал гэж түрүүн хэлсэн дээ. Дэлхийн эдийн засгийн хямрал Монголд нөлөөлөөд байна. Манай хамаг валютын орлогыг хангадаг байсан зэсийн үнэ уналаа. Ингэхээр Эрдэнэт хэрэглэсэн цахилгааны мөнгөө ч төлж чадахгүй байна. Яг 98 онтой адил. 98 онд Эрдэнэтээс цахилгааны өр болох гурван тэрбум төгрөгийг авчих юм бол наадмаар цалин тавьчих гээд байсан байхгүй юу, тэр үед.

-Та Сангийн сайд байсан үе үү?

-Тийм. Одоо Эрдэнэт долоон тэрбум төгрөгийн өртэй байна. Загнасаар байгаад гурвыг нь авсан. Одоо гурав гаруй тэрбумын өртэй гээд цахилгааны газрын дарга зурагтаар ярьж байна. Эд нар мөнгөө өгөхгүй бол цаашид бид эрчим хүч үйлдвэрлэхэд хүндрэл учраад байна гэж байна. Эрдэнэт яагаад мөнгөө өгч чадахгүй байна гэвэл зэсийн үнэ уначихсан. Тэгэхээр энэ чинь гадаад шалтгаантай байгаа биз? Ингэхээр зэсийн үнэ унахаар эрчим хүчний үйлдвэрлэл унаад цаашлаад явах нь. Даалууны эффект гэдэг юм. Даалуу босгож өрөөд нэгийг нь унагахад ар араасаа биенээ дэрлээд нурдаг шүү дээ.

-Сая эдийн засагчид ордонд хуралдаад гадаад гэхээсээ дотоод үрэлгэн байдал хямралд нөлөөлсөн гэж ярьсан?

-Үнэний тал бий. Чамд онигоо ярьж өгье. Хямрал нисэж явна гэнээ. Америк дээгүүр нисэнгээ "Эд овоо хөдөлмөрч юм гээч, босоод ирж байна шүү". Европ дээгүүр нисэнгээ "Ажиллаад байвал эргээд босож магадгүй болчиж". Тэгээд хямрал Монголын дээгүүр нисч. Тэгснээ дуу алдан "Энд би урьд нь ирээгүй юмсан, хэн нь ирээд ингээд сүйтгээд хаячихсан юм бол?" Бид сүүлийн 4-5 жил ингэтлээ үрэлгэн загнаагүй бол овоо хуримтлалтай болчих бололцоо байсан. Тэгсэн бол өдийд хавьгүй хөнгөн байх байлаа. Гэхдээ манай үрэлгэн байдлаас болж дэлхийд хямрал үүссэн гэвэл арай дэндэх байхаа.

О.Чулуунбат л ганцаараа эрүүл юм яриад байна билээ

-Одоо тэгэхээр бид дэлхийн эдийн засаг сайжрах нь уу гээд л хараад байж байх уу?

-Бидэнд гарах гарц байна.

-Ямар?

-Тодорхой юм яръя. Монгол Улсад дэлхийн бусад бүх улсын адил мөнгөний эргэлт үгүй болчихоод байна. Бид зах зээл рүүгээ мөнгө хийх хэрэгтэй байна. Хуучин бол зэсээ зардаг байж, гадаадад байгаа манайхан мөнгөө явуулдаг байж.

-Одоо?

-Одоо орж ирэх урсгал хаагдсан. Тэгэхээр өөрөөр яаж бид нар мөнгө оруулж ирж болох вэ?

-Танаас эргүүлээд асууя?

-Сая тэр эдийн засагчид чинь цуглаад хэмнэлтийг аврал гээд байна билээ. Хоёулаа энгийн тооцоо хийгээд үзье. Монголын эдийн засаг хэдхэн жилийн дотор бараг дөрөв дахин өссөн. Манай зах зээл дээр жилд бараг 4 тэрбум доллар эргэж байв. Гол шалтгаан нь түүхий эдийн үнийн өсөлт. Үнэ унангуут эргээд, за яахав бүдүүвчээр тооцоё, эргээд нэг тэр бум болжээ. Гэтэл тогоо маань дөрөв дахин томорчихсон. Улсын төсөв гэхэд сүүлийн арван жилд бараг 10 дахин өссөн юм шүү дээ. Энэ олон бүтэн болон дутуу барьсан барилгууд чинь тэр томорсон тогоон дотор эргэлдэж байсан. Хэт өсөлтөөс болоод халалт ч болж байсан. Эдийн засаг хэдхэн сарын өмнө байсан эргэлтийн овор хэмжээгээ нэхээд байна. Одоо тэр эргэлтэндээ эргэж орохын тулд шинээр 3 тэрбум доллар хэрэгтэй болж байгаа биз? Тоог би ойлгомжтой байлгахын тулд бүдүүвчилж авч байна шүү. Ингэхээр үлдсэн ганц тэрбумаасаа хэмнээд хэмнээд хэдийг гаргаж болох вэ? Тогоо 4 тэрбумыг нэхээд байдаг, бидэнд ганц тэрбум байна, эндээс их хэмнээд л 200 саяыг гаргаж ирнэ, энэ нь дутсан нийт хэмжээний өчүүхэн хэсэг. Хэмнэхийг буруу гээд байгаа юм биш, гагцхүү хэмнэлтээр хямралаас гарах бололцоогүй л гэж байна.

-Эдийн засагчид хуралдаж хуралдаж буруу дүгнэлт гаргажээ гэж үү?

-Би ярьж байхыг нь зурагтаар харсан. Ядарсан үедээ бусдад шулуулахгүйн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг хэсэгтээ хаая ч гэх шиг. Болдог бол тэднийг хямрал дуустал эргэлт авах эрхтэйгээр далдхан хорьчих юмсан. О.Чулуунбат л ганцаараа эрүүл юм ярьж байна билээ. Тэрийг нь ойлгож байгаа хүн ч алга.

-Тэгэхээр хямралаас гарах ямар арга байна?

-Энэ улайм цайм дутагдаад байгаа 2-3 тэрбумыг олж ирж эдийн засагт оруулах хэрэгтэй. Би цалин тавих тухай яриагүй шүү. Банкууд зогсолтонд орохоор нийгмийн цус гүйхээ больж эхэллээ, ингэхээр энэ цусны гүйдлийн тухай ярьж байна. Ингэхээр нэг нь зээлэх арга байна. УИХ зээл авахыг Засгийн газарт зөвшөөрлөө. Араас нь улс төрийн дарамт шахалт л ирэхгүй бол энэ арга мөн. Харамсалтай нь ийм даралт шахалт ирэх магадлал дэндүү өндөр. Дэлхий даяар мөнгөгүй болчоод байгаа болохоор хэн зээлэх билээ? Ямар зорилгоор? Зүгээр л биднийг өрөвдөөд үү? Балтын орнууд, Исланд энэ тэр биднээс ч өрөвдөлтэй болчихоод байна шүү дээ.

-Нөгөө арга нь?

-Хөрөнгө оруулалт. Бололцоотой зүйл нь ганцхан уул уурхай, ашигт малтмал. Энд гаднын хөрөнгө оруулалт орж ирэх алтан боломж бол нэгэнт өнгөрсөн. Гэхдээ бололцоо шавхагдаагүй. Оюутолгойд өнгөрсөн онуудад нэгэнт тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Ингэхээр гэрээ хийж чадвал том хөрөнгө оруулалтыг энэ жилээс хийж болох байна. Урьд нь бид янз бүрийн нөхцлөөр шахаж болж байсан бол одоо тийм бололцоо үгүй болсон. Миний бодоход энэ 2009 ондоо хэдий хэрийн хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг нь бидний зүгээс тавих гол шалгуур баймаар. Зөвхөн Оюутолгойд ондоо багтаад тэрбум долларын хөрөнгө оруулалт хийвэл хямрал туулахад мөн ч том тус болно доо. Бид нар 150 жилийн дараа хэдэн төгрөг алдах олохоо ярихын тулд эхлээд амьд үлдэх ёстой биз дээ. Эхлээд амьдар, дараа нь философид гэж аль дээр эртний ромчууд ярьдаг байсан юм шүү.

Таван толгойд мөн ийм гэрээ хийгээд энэ жилдээ багтааж тэрбумын хөрөнгө оруулалт оруулж ирэхээр бодъё. За яахав, ураан дээр бас 300 саяын хөрөнгө оруулалт авъя. Ингэж чадвал өнөө хоосорчихсон тогоогоо дүүргэдэггүй юм гэхэд нэлээд гайгүй болгоод авч байгаа биз?

-Бас өнөө хэмнэх гээд байгаа үрэлгэн зардлын 200 сая байна?

-Тийм. Ингээд энэ хоёр тэрбум доллар Монголын жижигхээн зах зээлийг эргүүлээд бужигнуулчих байхгүй юу. Тоног төхөөрөмжөө зөөнө. Галт тэрэг ачаагүй болчихоод байна гээд байгаа, тийм үү, өнөөдөр, тэд ажилтай болох нь ээ. Ажилтай болсон юм чинь хүмүүсийг ажиллуулнаа даа. Цалингий нь өгөөд эхэлнэ, тиймээ? Ганц Таван толгойн уурхайг дагаад 500-800 төрлийн бизнес гарч ирнэ гэсэн тоцоо байна. Төмөр зам, цахилгаан станц, цементийн үйлдвэрээс эхлээд уурхайчдын ажлын хувцас хүртэл ямар их бизнес байна гэж санана! Бидэнд хоол дутаад байгаа юм алга. Манай мал хэдэн мянган жилийн түүхэнд байгаагүйгээр 40 гаруй сая болчихоод байна. Бүх юм байхгүй байхад 90, 91 онд дан мах идээд болоод л байсан, тийм үү? Өнөөдөр бидэнд эдийн засгийг эргэлдүүлдэг мөнгө байхгүй болчихоод байна. Тэгэхээр хоёр тэрбум доллар манай эдийн засгийг эргүүлчихнэ. Магадгүй хоёр тэрбум доллар Орос, Хятад байтугай Москва Бээжин гээд том хотуудад юм болохгүй байх. Гэхдээ цөөн хүн амтай, даруухан хэрэглээтэй манай зах зээлд бол аврал. Хямрал хэзээ дуусах нь бид нараас хамаарахгүй. Харин хямралаа туулаад цаана нь гарч чадах эсэх нь биднээс хамаарна. Тэгэхээр өнөөдөр гаднын компаниудтай хэлэлцээр хийх нэгдүгээр утга учир бол 2009 онд хэдэн долларын хөрөнгө оруулалт хийх юм бэ гэдгээ ярих. Энэ бол нэгдүгээр үзүүлэлт. Оюутолгойг ашиглахад 5.5 тэрбум доллар хэрэгтэй, хамгийн сүүлийн үеийн тооцоогоор. Уг нь 3.5 тэрбум байсан юм. Нөгөө алт, мөнгөн үеийг нь өнгөрөөгөөд хаячихсан юм чинь, одоо яая гэхэв. 5.5 дөрвөн жилд орж ирнэ. Тэгээд хуваахаар эхний 9 сард нэг тэрбумыг оруулж ирж болно. Үүний дор хаяж 20 хувь нь Улаанбаатарт зарцуулагдана гэсэн тооцоо байдаг байхгүй юу.

Үүдэн дээрээсээ хөөгөөд байвал хоосон хоцорно

-Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад юу саад болоод байгаа юм бэ? Тохиролцож чадахгүй байна уу? Иргэний хөдөлгөөнийхний яриад байгаа шиг сул хоол өгчих гээд байгаа юм уу?

-Нэгдсэн нэг бодлого алга. Нэгдсэн нэг бодлого байтугай нэгдсэн нэг ойлголт алга. Хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгоод. Ядахдаа Засгийн газар хийж байгаа ажлаа ард түмэндээ зөв ойлгуулах хэрэгтэй. Гэтэл Засгийн газрын тайлбар гэж алга. Төрийн тайлбар байхгүй болохоор хүн хүн өөр өөрийнхөөрөө гуйвуулаад байна. Энгийн жишээ хэлье л дээ. Монгол Улсын газрыг өмчлөх, эзэмших, ашиглах гээд гурван ойлголт байна, тийм үү?

-Аанхаа?

-Ашиглах онцгой эрх Засгийн газарт байдаг байхгүй юу. Өмчлөл нь манай ард түмнийх. Гэрээ хийхдээ Хүрэлбаатар юу гэж тайлбарласан гээч. Монголд юу ч ногдохгүй байхад нь би 34 хувийг авчирлаа гэж ярьж байсан. Гадаадад өмчлүүлэх тухай огт яриа байхгүй, энд. Гэтэл өөрөө ойлгохгүй байгаа байхгүй юу. Ашиглах эрх өөрт нь 100 хувь байгаа. Засгийн газарт шүү дээ. Ашиглах гэхээр өөрт мөнгө байхгүй бол хүнээр ашиглуулж болно. Өөрөө ашиглаж болно. Хамтраад ашиглаж боно. Ашиглаад ашиг гарна, тэр үед мөнгийг яаж хуваах тухай асуудал бидэнд байгаа. Уг нь Хүрэлбаатарын хийсэн гэрээгээр тэндээс шинээр бий болж байгаа ашгийн 55 хувийг Монголд ногдохоор хийсэн байхгүй юу. Үүнийгээ тайлбарлаж чадахгүй. Өөрөө ойлгоогүй юм чинь яаж тайлбарлахав дээ. Уг нь аймаар ашигтай гэрээ байгаа биз? Зүгээр сууж байгаад өмч эзэмшигчийн хувьд ашгийн 55 хувь нь Монголд ирнэ. Мөнгө гаргалгүй бий болж буй баялаг. Буруу тайлбараас буруу ойлголт гараад байдгийн жишээ энэ. Гэтэл Хүрэлбаатарын гурван жилийн өмнө хийсэн гэрээ одоо эдийн засгийн хүнд үед биелшгүй гэрээ болж байна. Зэсийн үнэ 9000 доллар байхад яригдаж байсан гэрээ шүү дээ. Одоо зэс 3000 доллар хүрэхгүй байна. Ойлгомжтой биз дээ?

-Хүрэлбаатарын буруу юу, тэгээд?

-Заавал хувь хүн буруутгаад яахав. Үүнд төр өөрөө буруутай. Юмаа зөв тайлбарлаад, эрхийнхээ дагуу шийдвэр гаргаад явах нь төрийн үүрэг. Юмаа тайлбарлахгүй, хүн гуйвуулчихаар тэрэнд нь татагдаад байдаг. Юманд чинь дараалал гэж чухал юм байна. Өнөөдөр энэ хямралын үед хамгийн чухал нэгдүгээрт юуг тавих, хоёрдугаарт юугаа тавих вэ гэдгээ тогтоох хэрэгтэй. Хүрэлбаатарыг гэрээ хийж байхад бид ирээдүйн хожоог нэгдүгээрт тавьж байсан гэж бодъё. Өнөөдөр бид дэлхий дахинд болж байгаа хямралыг даван туулах нь нэгдүгээр асуудал болчихоод байна. Үндэстнээрээ тураад үхдэггүй юм гэхэд эдийн засгаа нураагаад хаячихгүйн тулд. Нэг нурчихвал эргүүлж босгоход цаг нарнаас эхлээд маш их өртөг гарна шүү. Бидэнд өнөөдөр эдийн засгийг эргүүлдэг мөнгө хэрэгтэй байна.

-Та байсан бол юу хийх байсан бэ?

-Юутай ч гэсэн монголчууд бид цэнхэр хошноготой, Чингисийн удам гэж гүйхгүй. Бидний бөгсний өнгө хэнд ямар хамаатай юм бэ?

-Та бол ямар ч байсан гэрээ хийлгэх гээд байна тийм үү?

-Ерөнхийлөгч Энхбаярын зурагтаар ярихыг сонссон. Өнгөрсөн намар Казахстаны Назарбаев ирээд Энхбаярт хэлсэн гэнээ. "Та нар хөрөнгө оруулагчдыг оруулаад юмыг нь хийлгэчихээд дараа нь чангалаач. Үүдэн дээрээсээ хөөгөөд байхаар хоосон л хоцроно шүү дээ" гэж. Сайхан зөвлөгөө байгаа биз?

-Таныг Сангийн сайд байхдаа буруу гэрээ нууцаар хийснээс болоод Бороо гоулд Монголын хамаг алт эрдэнийг гадаадад зүгээр өгчихсөн гээд л шуугих юм.

-Наад асуудлыг чинь ойрд их шуугих болно. Оюу толгой, Таван толгойн гэрээг тасалдуулахын тулд Бороог муу үлгэр болгон тоглож байгаа хэрэг. Цаанаасаа захиалгатай юм. Нэг кино хийсэн, эхнийх премьер нь ТВ9-өөр гарна гэдгийг нь ч би мэдэж байгаа. УИХ-аас Засгийн газарт хоёрдугаар сарын 20-ны дотор гэрээ хий гэсэн. Энэ үеэр нөгөө киногоо гаргахаар аль хэдийнэ бэлтгэсэн байгаа. Монголд нууц юм гэж байдаггүй юм шүү дээ. Кино хийж байх явцад нь л оролцогчид нь надад авчирч үзүүлсэн. Баахан гүтгэлгийн монтаж. Харин харамсалтай нь "жүжигчид" нь хэний санхүүжилтэн дээр бүжиглэж буйгаа мэдэхгүй. Би мэднэ, түүгээрээ давуу. Санхүүжүүлэгчээ мэдэнгүүтээ тэд яах бол? Ер нь тэр "жүжигчид" нь үнэндээ бол газрын лицензтэй наймаачид шүү дээ.

1997 оны ашигт малтмалын хуулийн хавсралтыг Засгийн газар баталсан. Тэнд гэрээний загвар нь батлагдсан. Ингэхээр тэр загвараар гэрээ хийнэ үү гэхээс сайд ч юм уу цаад компани текст зохиож хийнэ гэж байхгүй шүү дээ. Хоёрт гэрээнд гарын үсэг зурахад бүх мэдээллийн хэрэгслэлийг урьж баяр ёслолын байдалтайгаар зурсан болохоос нууцаар зурна гэж юу байхав. Нэгэнт хууль байгаа болохоор гэрээ хийх нь миний үүрэг. Хуулийг хүн болгон биелүүлнэ, Засгийн газар бол хэрэгжүүлнэ. Ингэхээр биелүүлэхийн тулд Засгийн газар байдаг юм шүү дээ. Гуравт Би Английн компанитай зурсан, тэгэхэд ямар ч Канадын компани байгаагүй. Гэрээ ёсоор хоёр жилийн дотор хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол Газрын хэвлийн хуулийн дагуу хүчингүй болохоор заагдсан болохоор 2000 оноос хүчингүй, учир нь тэд 2003 оноос хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Сүхбаатарын цайрт болон энэ Бороогийн ард тэр үеийн МАХН-ын эрх баригчид байсан, тэгэхээр би тэдэнд юм хийж үйлчлээд гүйж байсан байх нээ?

2001 оны 12-р сарын 26-нд алтны онцгой татварыг хүчингүй болгосны дараа Бороо гоулд хөрөнгө оруулж эхэлсэн нь харин хачирхалтай санагдаад байдаг юм. Хуулийн төслийг Содхүү оруулж Энхбаяр зохион байгуулж, Гунгаадорж, Алтай гээд 5 гишүүн Монголбанкны байраар шагнуулсан байдаг юм. Үүнийг би урьд нь зөндөө л хэлж байсан. Энэ онцгой татварыг үгүй болгосноор 100 сая долларын алдагдал гарсан байдаг. Нөгөө талаар Бороо гоулд орж ирснээр нийт 800 тэрбум төгрөгийн эргэлт гарсны 400 тэрбум нь Монголд зарцуулагдсан байдаг. Татвар, цалин гээд л явна. Ингэхээр тэр "жүжигчдийн" яриад байгаа тоо моо ч лоосуутай шүү. Энд гол нь Бороогоор жишээ аван гүтгэж байгаад Таван толгой, Оюу толгойн гэрээг тасалдуулах зорилго агуулж байгаа. Хэнд ийм сонирхол байх вэ?

Надтай улс төр тоглож яахнэв дээ. Би ямар сонгуульд үзэх гээд байгаа биш. Харин хэлэх үгээ би хаана ч хэзээ ч хэлнэ. Энэ эрхийн төлөө би түрүү нийгэмд шоронд ч орж байсан. Ийм үнээр олсон эрх чөлөөгөө би хэнд ч булаалгахгүй. Гэхдээ улс оронд нэг төгрөгийн хохирол учруулсан байлаа ч би тэрнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай. Зурагтаар мөнгөө төлөн төлөн орилж байхаар цагдаад хандмаар юм.

-Та түрүүн нэгдсэн бодлого алга, Засгийн газрын тайлбар ч алга гэсэн. Засгийн газар юу ч хийхгүй байгаа хэрэг үү?

-Засгийн газар харин сая зөв шийдвэр гаргалаа. Хууль хүлээхгүй гэрээ хийе гэж. Хууль гаргана гэвэл гурван жил хүлээж магадгүй. Би энд нэг тодорхой жишээ хэлмээр байна. Казахстан өнөөдөр хямраад хүнд байна. Нефть, хий, зэс, ураан, цайр, цинк гээд байгалийн баялгаараа амьдардаг ч, үнийн уналтаас болоод баларч байгаа. Гэхдээ нэг давуу чанар байна. Үйлдвэр байна. Үнэ унаж хүндэрсэн ч үйлдвэрүүд ажиллаж татвараа төлнө, газрын роялтигаа өгч байна. Гаднын хөрөнгө оруулалтыг оруулж ирчихээд шахаж байна. Гэтэл манайх хөрөнгө оруулалт үүдэн дээр нь ирэхээр түлхээд гаргачихдаг. 20-30 Эрдэнэт барих, босгох боломж байсан. Ганц байгаа Эрдэнэт эдийн засагт хичнээнийг эргүүлдэг билээ? Манай Асгатад хөрөнгө оруулна гээд бүтээгүй Оросын Полиметал компанийнхан одоо бөөн баяр хөөр явна. Монгол хүн харахаараа талархаад бараг л барьж авч үнсэх гээд байдаг бололтой. Монголын тал тэгэхэд зөвшөөрсөн бол тэд гурван сарын дотор хил дамнасан хар зам, өндөр хүчдэл татахаар төлөвлөчихсөн байжээ. Ингэсэн бол тэдэнд аймшигтай гарз, монголчуудад бурхны бэлэг болох байж. Полиметал одоо хямралаас болоод дампуурлын ирмэгт тулсан, гэхдээ Монголд хөрөнгө оруулчихсан бол бүр дампуураад алга болох байж.

-Хамгийн сүүлийн мэдээгээр Рио Тинто манай Засийн газарт санал ч юм уу, болзол тулгасан гэнэ. Ямар гэдгийг та мэдсэн үү?

-Лиценз эзэмшигч нь Рио Тинто биш Айвенхоу майнз юм шүү дээ. Айвенхоу майнз ойролцоогоор 4 тэрбум доллар босгосон байсан. Тухайн үеийн өртөг ийм тусч байсан. Одоо хямралаас болоод барих өртөг 5.5 тэрбум доллар болж, нэгдүгээрт. Хоёрдугаар асуудал Айвенхоу майнз өөрөө чадахгүй болоод байна. Чи Блүмбэрг рүү ордог уу?

-Манай сонин мэдээлэл авдаг л даа.

-Үнийн индекс байна. 10-р сарын 15-нд 600 сая доллартой болтлоо навс унасан. Нөгөө 4 шахам тэрбум доллар нь хямралаас болоод ингээд байхгүй болчиж буй нь энэ. Яг өнөөдрийн чи бид хоёрын ярилцаж байгаа цаг минутад 700 сая доллар байна. Энэ нь Оюу толгойг босгох нийт өртгийн хэдэн хувь бэ? 5,5-ийг 7-д хуваа даа.

-7 арай бага, 8 орчим.

-7x8=56. 8 дахин бага байна. Тэгэхээр Айвенхоу майнз чадахгүй. Бүх босгосон мөнгө нь аягүй бол хэдэн трактор бульдозор аваад дуусна. Рио Тинто дэлхий дээр хамгийн том уул уурхайн компани. Айвенхоу майнз бол жижиг шүү дээ. Миний бичсэн "Оюутолгой" гэж нийтлэл уншсан уу?

-Уншсан.

-Тэнд хамаг үнэн байдлыг бичсэн дээ. Айванхоу майнз компани Монголд ийм том орд нээж өгснөөр үе үеийн монголчуудын өмнө их буян болсон юм шүү дээ. Гэхдээ цааш энийгээ өөрөө ашиглаад хөгжүүлэх тэнхэл байхгүй.

-Таны тооцож байгаагаар ойрын үед гэрээг хийх боломж бий юу? Засгийн газар, Их хурал яах бол?

-Боломж байгаагаар барахгүй, байхгүй байсан ч энэ боломжийг бий болгохгүй бол энэ 2009 онд бид өвдөг сөхөрнө шүү.

Би зөвлөгөөг хэнд ч өгдөг

-Одоо хоёулаа жаахан "улстөржие". Хамтарсан Засгийн газрыг байгуулах саналыг таныг гаргасан гэсэн. Оросууд байж магадгүй гэхдээ Баабар л С.Баярт зөвлөсөн гэдэг юм билээ.

-Баярт би ч зөвлөөгүй, оросууд ч зөвлөөгүй байлгүй. Орос бид хоёр ч бас юу юм билээ! Гэхдээ би зөвлөгөөг бол ер нь хэнд ч өгдөг шүү дээ. Хэрэв миний зөвлөгөө хэрэгтэй болоод асуувал. Бүх улсуудад. Сонингоор ч, радиогоор ч өгдөг. Ингэвэл дээр, тэр нь дээр гэхчлэн. Аль ч юманд л бололцоотой гарц байгаа бол тэрийг хэлдэг.

-Таны зөвлөгөөг бүх хүн авах уу?

-Авах хүн ч байна, авахгүй хүн ч байна. Бүр өсөрхөөд эсрэгээр хийдэг гарууд ч цөөнгүй. Гэхдээ миний зөвлөгөө ихэнхдээ зөв л байдаг юм даа. Сүүлийн 20 жил бичиж байсныг минь эргээд уншаарай. Сайн бол хоёр жил эсэргүүцээд л сүүлд нь өнөөдүүл чинь хэлж байсныг минь өөрийн үг болгочихсон постулат маягтай давтаж явдаг юм. Гэхдээ би зохиогчийн эрх булаацалдаад байгаа юм биш шүү дээ.

-Хамтарсан Засгийн газар байгуулснаар хожив уу, алдав уу?

-Дэлхий даяараа энэ хямралтай тэмцэж байна. Энэ бол нийтийн дайсан. Цааш гүнзгийрвэл манай танайгүй завьтайгаа хөмрөнө. Ганц манайх ингэж байгаа юм биш гэж дээр хэлсэн дээ. Цаана чинь Обама хамтарсан Засгийн газар байгуулаад байна. Засгийн газарт нь БНН-ын хоёр хүн байгаа биз дээ.

-Хамтарсан Засгийн газар байгуулах үед эдийн засгийн хямрал мэдэгдээгүй байсан. Гэхдээ далд бол эхэлсэн л байсан юм билээ. Банкууд зээлээ багасгаад эхэлсэн байдаг?

-Хямрал ноднингийн мөржингөөс эхэлсэн шүү, тэгэж яривал.

-Ноднингийн 3-4-р сараас тийм үү?

-Бугшиж бугшиж 9 сараас ил болон дэлбэрсэн.

Тэр үед Ардчилсан нам "үхсэн" байсан

-Хамтарсан Засгийн газар байгуулаад Ардчилсан нам алга болчихлоо гээд байна. Таныхаар Ардчилсан нам байгаа юу?

-Ардчилсан нам байхгүй болсон үе чинь 2000-2005 он. Хэдэн дуракууд тамгаа булаацалдаад би дарга болно, чи болохгүй гэж гүйгээд хачин юм болоо биз дээ. Өөрийнхөө хүнийг нэр дэвшүүлчихээд нам нь унагах гээд. Намын үүр, хороод руугаа Энхсайханыг битгий дэмж гэж бичиг явуулж байсан. Тэд нар нь тараах материалыг нь шатааж байсан байгаа юм. Энэ үед Ардчилсан нам бүр "үхсэн". Яах гэж нам байдаг юм? Сонгуульд оролцож ялалт байгуулж, засгийн эрх барихын тулд байдаг юм байгаа биз дээ. Марк цуглуулагчдын гол сонирхол марк цуглуулах бол улс төрийн намын гол сонирхол сонгуульд оролцох баймаар. Гэтэл сонгуульд хүнээ ялагдуулах гэж оролцож байлаа. Би 2000 оноос хойш улс төрийн амьдралд орохоо байсан. Гэхдээ Ардчилсан намын гишүүн. Ардчилсан намын төлөө саналаа өгнө. Миний үүрэг чинь тэр шүү дээ. Өнөөдөр яагаад Ардчилсан нам байхгүй гэж байгаа юм? Нам байхгүй болсон үе чинь Н.Энхбаярын засаглалын үе дэх тэр увайгүй, элэг авмаар байсан тэр л үе байсан байх. Одоо бол хамтраад засаг байгуулаад байгаа биз дээ. Үйл ажиллагаагаа явуулаад л байгаа биз дээ. Нам муу ажиллаж байна гэвэл харин шал өөр хэрэг.

-Та сая 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед Ардчилсан нам ямар элэг авмаар байсныг ярилаа. Одоо Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэр түүх давтагдах юм биш үү? Алтангадас, МоАХ-ийнхан тэмцэлдэж эхэлсэн гээд байна.

-Би ямар үзмэрч биш, яаж мэдэхэв. Дэвшүүлсэн хүнийхээ араас тийм бичиг явуулбал бас л тийм юм болох байлгүй. Гэхдээ нам өөрийнхөө үндсэн үйл ажиллагааг явуулах байлгүй дээ.

-Та УИХ-ын сонгуулийн өмнө таамаг дэвшүүлээд байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийг ч гэсэн таамагла л даа.

-Сонгуулийн дараа ийм юм болох болов уу гэж таамаглаж "Наадам болохгүй найр болно" гэж бичиж байсаан. Энэ бол үзмэрдэлт биш шүү дээ. Тогтолцоо маань ийм болчихсон учраас боломжит үр дүнг л таамагласан хэрэг.

-Түүн шигээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч юм уу, дараа юу болох бол гэдгийг хэлж болно шүү дээ?

-Сонгууль болохоо больчихоод байна шүү дээ. Ард түмний сонголтоор асуудлыг шийдэхгүй, тойргийн хорооныхон л шийддэг боллоо. Сүлжээ бүх асуудлыг шийддэг боллоо, яг үнэндээ. Саяны сонгуулиас харахад Хан-Уул дүүргийнхэн ардчилсан талынх юм уу? Баянгол дүүргийнхэн хувьсгалт намынхан юм уу? Тэгэж яривал Хан-Уулынхан чинь урьдын судалгаанаас харахад хамгийн ху баримжаатай хүмүүс байхгүй юу.

-Тэгээд Хан-Уулынхан энэ удаа яагаад ардчиллыг дэмжсэн гэж?

-Тэнд ху намын байгуулсан сүлжээ нь уначихсан байхгүй юу. Нөгөө Загджав нь яваад, хоорондоо хэрэлдээд, Загджавт ар гэрийн гачигдал гарч хөөрхий амьтан сонгуулийн үеэр Ховд руу явчихсан. Сүлжээ нь алга болчихоод сонгуулийн шөнө гэрэл таслах хүнгүй болчихсон. Тэгэж яривал баянголынхон чинь хамаагүй ардчилсан үзэлтэй улсууд. Хэн нь ямар талаа дэмждэгтээ биш, хаана сүлжээ ажиллаж байна, сүлжээг хэн барьж байна түүнээс л хамаарна. Сонгууль чинь ийм болчихоод байна.

-Сая С.Эрдэнийг шүүхээр оруулж авилгын хэргээр шоронд хийчиж байгаа нь бас л сонгуультой холбоотой бололтой?

-Үнэхээр хулгай хийгээд тэр нь нотлогдсон бол яллагдах ёстой л байх л даа. Гэтэл энд өөр юм ярьж, өөр юм хийгээд байна. Нэг гайгүй жипний үнийн хэртэй юм яриад байнаа даа. Гэтэл цаана нь гайгүй тийрэлтэт онгоцны хэмжээний юм хусчихсан олон хүн бий. Би л лав айдаггүйгээрээ бишгүйдээ нэгийг нь нэрлэж, үйлдсэн хэрэгтэй нь бичиж байсан. Би ямар матаач биш, гомдол гаргаад гүйгээгүй л дээ, гэхдээ нийгмийн шудрага ёсны зарчмын үүднээс хэлмээр санагдаад байдаг юм. Хууль адикват байх ёстой. Эрдэнэд 6 жил өгч байгаа юм бол цаана нь цаазаар авахуулах норм биелүүлчихсэн олон хүн байна. Энд асуудал авлигадаа биш сонгуульдаа байна. Гол зорилго нь сонгуулийн дүнг өөрчлөх. Шүүхийн тогтоолын гол зорилго Эрдэнийн бүлгийнхэн сонгуулийн дүн засчээ, уул нь Баяртсайхан ялсан юм гэж хэлээд байна шүү дээ. Авилгын асуудал нь хавсралт юм даа. Үүний тулд Нямдорж зориуд Увсаас хүн авчирч шүүх хурал хийлгэсэн гэцгээх юм. Дахиад адикватаа ярья. Сонгууль улайм цайм булхайддаг явдал 2000 оны сонгуулиар анх "албан ёсны" болсон. "Бат-Үүл Зоригийг алсан нь тогтоогдсон учир сонгож болохгүй" гэсэн заавар Сэлэнгэд очиж байлаа. Ингээд улаандаа гарч гэгээн цагаан өдрөөр сонгуулийн хайрцгийг аваад мотоциклаар зугтааж байсан явдал 2000 онд Сэлэнгэд гарч байв. Тэд шийтгэгдэх байтугай хөхиүлэн урамшуулагдаж байсан.

-Тэгвэл ерөнхийлөгчийн сонгууль хийгээд хэрэггүй юм биш үү? Хувьсгалт намын сүлжээ байсаар байгаа юм чинь. Тэгээд ч хямралтай байна, Ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн тэрбум төгрөг зарцуулна.

-Тэгэж магадгүй гээд сонгууль хийхгүй байх гэж үү? Төрийн тэргүүнгүй байх юм уу? Засгийн газаргүй байх юм уу? Эндээс сонин асуудал гарч ирж байна. Төр оршин тогтнох, төрийн ардчилсан хэлбэр орших хоёрыг хооронд нь холиод байнаа даа?

-Сонгууль хийх ёстой юм бол дээр үеийнх шигээ МАХН-аас нэг хүний нэр дэвшүүлээд л сонгууль хийсэн болохгүй юу?

-Худлаа байна уу, үнэн байна уу хамаагүй, төр улс байх ёстой юм бол сонгууль хийх л учиртай. Эсвэл сонгууль хийхгүй, Буш гуай тэнд тэтгэвэрт гарчихлаа гээд уриад аваад ирэх үү? Сонгуулиа шудрага болгоё, ардчилсан байя гэж байгаа бол нэг хэрэг, олигтой сонгууль хийж чадахгүй учраас ерөөсөө төргүй болоод тарчихая, тараачихая, байхгүй болгочихоё гэж байгаа бол бас өөр хэрэг, тийм үү?

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болъё гээд яриад байсан. Болохгүй юм уу? Мөнгө төгрөг хэмнээд.

-Монголд хууль өргөн барих эрхтэй 78 субъект байдаг. 76+Засгийн газар+Ерөнхийлөгч. Үүнийг өөрчлөх бол Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой. Ард түмнээр хэлэлцүүлнэ гээд л ярих юм. Ард түмнээр хэлэлцдэг юм гэж юу байх вэ. Бололцоогүй зүйл. Одоогоос 2500 жилийн өмнө Герегт улс гэж байгаагүй хотууд гэж байсан. Афиныхан бодож олсноор бүгдээрээ хотын захад очиж асуудлаа хэлэлдэг байж. Сүүлдээ хотын захад багтахаа болиод дундаасаа төлөөлөл сонгодог болсон. Ингэж төлөөлөх ардчилал үүссэн юм. Одоо ард түмнээрээ хууль хэлэлцдэг юм гэж хаана ч байхгүй. Саяхан Швейцарьт ард түмнээрээ хэлэлцэж туршсан. Компьютерийн систем ажиллуулаад хүн бүрийн саналыг авч. Жилд 40 орчим асуултанд иргэд хариулна. Улс орны амин чухал асуудлаар. Утгагүй юм байна гэдэг нь харагдсан. Ямар ч ойлголт байхгүй, ямар ч сонирхолгүй хүнээс юу олж сонсох вэ? Ардчилал гэдэг чинь нийгмийн тодорхой идэвхтэй хэсгийн оролцооны асуудал болохоос массаар нь хамруулах тухай биш юм. Найруулагч Милош Форманы "Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг" /Оne flew over the cocoo`s nest/ гэж кино үзсэн үү?

-Үгүй.

-Ээ! Тэнд галзуугийн больницод өвчтөнүүд зурагт үзэх эсэх тухай санал хураалт явуулдаг юм. Өвчтөнүүд зурагт үзнэ гээд. Сувилагч нь дарангуйлагч. Ингээд асуудлыг шудрага сонгуулиар шийдэхээр болно. Сувилагч шахсаар байгаад огт ухаан мэдрэлгүй хэвтрийн өвчтөнүүдийг санал хураалтанд оруулна. Тэд ойлгох байтугай гар өргөх чадваргүй учир татгалзсанд тооцож сувилагчийнхаар шийддэг. Зарчим нь санал өгөх нь бүх хүний эрх, гэхдээ оролцох эсэх нь тухайн хүний хэрэг. Солонгост орон нутгийн сонгуульд нийт сонгогчдын 18-20 хувь сонгуульд оролцдог аж. Манайд орон нутгийн сонгууль хүчингүй болж бөөн юм боллоо. Дараагийн сонгуульд улам цөөн болно, яана? Ач холбогдол багатай орон нутгийн сонгуулийн ирцийн кворумыг өөрчлөх хэрэгтэй. Нийгмийн идэвхтэй хэсгийн саналын олонхи гэж байхаас ямар ч сонирхолгүй хүнийг түлхэж оруулаад санал өгүүлдэг байж болохгүй байхгүй юу.

Бидний үе өөрчилж амжихгүй

-Та дараагийн ерөнхийлөгчийг ямар хүн байгаасай гэж бодож байна вэ?

-Дараагийн ерөнхийлөгчийг парламентаасаа сонгогдчихдог, нас тогтсон, элдэв юм руу хутгалдаж ордоггүй, Монгол Улсын Үндсэн хуулинд заасны дагуу Засгийн газар, шүүх гэхчлэн олон ажил руу ордоггүй, нейтраль, улс төрийн намуудын арганд ордоггүй, нөлөөнд автдаггүй Монгол Улсын төрийг төлөөлдөг тийм хүн байгаасай гэж бодож байна. Манай улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын үндсэн логик чинь төлөөлөх эрхэнд байгаа юм. Элчин сайдыг томилдог, жуухыг нь өгдөг, авдаг. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүн таслах гурван өндөрлөгийн гаргасан шийдвэрийг төрийн өмнөөс төлөөлөн танилцуулдаг, сурталчилдаг, хэлдэг, дамжуулдаг. Яг Германы ерөнхийлөгч шиг. Энэ үндсэн логик үүргээ ойлгодог, тэр хэмжээгээ барьдаг хүн байгаасай гэж бодож байна. Манайд чинь "двойная власть" буюу давхарласан засаглал буй болчихоод байна шүү дээ. Тухайн асуудлыг нэг харахад хэн ч шийддэггүй юм шиг. Шийдэх болохоороо шамбааралдаад завааралдаад бүгдээрээ шийдэх гэж дайрдаг. Энэ улсын төрийг алаад байгаа юм чинь энэ! Тодорхой биш. Ямар хүн Ерөнхийлөгч, ямар хүн Ерөнхий сайд, ямар хүн шүүхийн дарга болсноос юм нь хамаардаг. Хүнээс хамаарах ёсгүй байхгүй юу. Машин нь ажиллаж байх ёстой юм. Хүнээс хамаардаг болоод л төрийн нэгдсэн бодлого, нэгдсэн механизм байхгүй болчихоод байна. Эрх үүрэг нь тодорхой биш. Хэн хариуцах нь тодорхой биш. Шийдэх болохоороо өөр өөрийнхөөрөө шийдчихээд хариуцлага хүлээх болохоороо бүгдээрээ байхгүй болчихдог. Ийм байна.

-Манай Ерөнхийлөгч шүүгчдийг томилох эрхтэй гээд хуулинд заасан байгаа. Ер нь их эрхтэй гэж та хэлэх гээд байна уу?

-Бүх юм руу орно. Орохгүй юм гэж байхгүй. Шүлэг уншсан ч ивээн тэтгэж байдаг, бөх барилдсан ч ивээн тэтгэж байдаг. Миний тоолсноор сүүлийн 4 жилд 200-гаад арга хэмжээг ивээлдээ авах шив, ивээхээрээ ч яадгийм! Тэр нь яахав дуртай юм гэж бодоход гүйцэтгэх, шүүн таслах эрх мэдэл рүү дуртай үедээ хутгалдаж институцийн өмнөөс шийдвэр гаргах, шахах, нөлөөлөх нь арай ч хэтэрлээ.

-Эрх мэдлээ хэтрүүлээд байгаа юм уу, тэгээд?

-Хууль нь өөрөө тодорхой биш юм. Тодорхой зааж өгөөгүй байхгүй юу. Тодорхой бус болохоор шургаж ордог сайхан нүх хаанаас л бол хаанаас олдог. Зөвшилцөх гэдэг үг байгаа. Юу гэсэн үг юм бэ? Тэрүүгээр тоглоод эхэлдэг байхгүй юу. Би зөвшөөрөхгүй гээд л болоо. Ер нь манай тогтолцоо, хуулийн логик төлөвшөөгүй байгаа.

-Хэзээ, хэрхэн төлөвших бол?

-Тиймээс ч бүх л юм болохгүй бүтэхгүй болоод байгаа байх. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж бий. Энэ бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл болох асуудалд улсын нууцыг мэддэг хүмүүс зөвшилцөөд энэ дээрээ бодвол яасан юм бэ гэсэн зөвлөмж гаргадаг газар. ҮАБЗ дээр одоо хэлэлцэх асуудал гээд 150 гаруй асуудал овоорчихсон байна. Өөртөө таалагддаггүй, хутгалдаж болох, мөнгө төгрөгөөр рекэтлэх юм байвал ҮАБЗ-өөр оруулна гээд гацаачихдаг. Энэ төрийн машиныг гацаадаг сайхан арга болчихоод байгаа. Яаралтай шийдэх олон асуудал, газрын зөвшөөрөл лиценз гээд тэнд Монголын бүх асуудал байгаа. Шийдэхгүй буюу шийдүүлэхгүй байна гэдэг чинь рекэтэлж байгаагийн нэг хэлбэр шүү дээ. Эрх үүргийн нарийн хуваарлалт байхгүй учраас хариуцлагын тогтолцоо байхгүй болчиж байгаа юм. Ингэхээр хэн ч хариуцлага хүлээхгүй юм чинь гацаах, сүрдүүлэх зэрэг аргаар эрх мэдлийг эрх үүрэгтэй газраас нь салган өөр рүүгээ хандуулж болдог юм. Бид хаа хаанаа амьдарч байгаа нийгмийнхээ логик зарчмыг ойлгохгүй мэдэхгүй байна. Энэ бүх тогтолцоо дэлхий дээр цоо шинээр хийж байгаа юм биш. Түмэн бэрхшээл зовлон туулаад өөрийн төгс төгөлдөр хэлбэр рүү орсон байгаа. Бид зөв логикыг ойлгож, зөв орчуулах тухай асуудал л байна. Тэгэхгүй бол бид асуудал болгонд тав, зургаан дугуй шинээр хийн угсраад байна. Сүүлдээ хаалга үүдээр орох ч аргагүй боллоо, тойроод битүү дугуйтай. Аль талаараа явах юм бүү мэд, тийм ээ.

-Үүнийг хэн өөрчлөх вэ?

-Үүнд цаг хугацаа хэрэгтэй байхаа. Яагаад гэхээр болдоггүй юм байна гэдгийг ном, сониноос уншиж, эсвэл очиж үзэж болно. Гэхдээ ийм юмыг арьс махан дээрээ амсаж байж л ойлгодог бололтой юм байна. Тэгэхээр дор хаяж нэг хоёр үе өнгөрөх ёстой бололтой. Өнөөдөр бидний үе үүнийг хийж чадахгүй, ойрын 20, 30 жилдээ үүнийг өөрчлөх боломжгүй. Энэ маань ерөөсөө өнгөрлөө баларлаа гэж байгаа юм биш, цаг хугацаа их шаарддаг юм байна гэдгийг л хэлж байна. Одоо байж байгаа юмнууд бүгд авахын аргагүй юм болоод Монгол Улс сөнөчих гээд байгаа юм алга. Төлөвших шатан дээрээ явж байгаа зүйл. 50 жилийн дараа бол инээдтэй харагдах зүйл байх л даа. Унаад, өнхрөөд, онхолдоод, шороо тоостой холилдоод л, баас шээстэйгээ хутгалдаад ингэж явж байж л энэ нийгэм чинь төлөвшинө. Хурдан болчихдог юм биш бололтой. Харин нийгмийн дэвшлийн хувьд хурдан байгаа шүү. Магадгүй хэт халалттай, хурдан байх шиг байна. Техник технологийн дэвшлээ хүний сэтгэлгээ нь гүйцэхгүй байна. Байгуулж байгаа нийгмийнхээ үндсэн логикт жижигдээд, тэрнийхээ хурдыг гүйцэхгүй ойлгохгүй байна. Нэг талаас бодоход арга ч үгүй. Ердөө 50 жилийн өмнө бид бүгдээрээ хонь хариулаад л явж байсан шүү дээ. Төлөвшсөн нийгмүүд өнөөгийн төвшиндөө очихын тулд хэдэн зууныг туулсан. Гэхдээ алсын утгаар нь бол би их өөдрөг бодолтой шүү. Болноо, болж л таараа!

Би ерөнхийлөгч болбол хээнцэрдэх байлгүй

-Яриа маань нийгмийн болохгүй бүтэхгүй юм руу аяндаа орчихож. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гээд байгаа хүмүүс байна. Н.Энхбаяр, С.Баяр, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гээд л. Энэ хүмүүс дотор таны хүсээд байгаа хүн байна уу?

-Мэдэхгүй. Баяр дэвшихгүй гэж хэлсэн биз дээ?

-Тийм л дээ. Гэхдээ нам итгэл хүлээлгэж байхад, би уг нь дэвшихгүй гэсэн юм, гэтэл болсонгүй гээд дэвших ч юм уу гээд яриад байна л даа.

-Чамайг хулхидаад дэвшчиж магадгүй гэж үү? Үгүй байх аа.

-Бүр МАХН, АН хоёр нийлээд дэвшүүлэх гэж байгаа юм биш үү?

-Баярыг олон жилийн өмнөөс мэдэх юм байна. Хэлсэндээ байдаг хүн шүү дээ. Хотын соёл гэж байдаг юм. Хэлсэндээ байдаг. Монголын уламжлалт нэг хөдөө маягийн юм байдаг л даа. За үгүй нь мэдэгдэхгүй. Болбол жижиг юман дээр ч хулхидах гээд л. Баяр 40 мянгатад өссөн, зодоон цохион ч хийж яваа биз, гэсэн ч хэлсэндээ хүрдэг байхгүй юу. Хэлсэндээ байх сайхан шүү дээ.

-Одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаярыг ахин нэр дэвшээд ялах байх гэж хэн хүнгүй ярьж байна. Таны хэлээд байгаа сүлжээг бодсон ч тэр. Яах бол?

-Ямар л ард түмэн байна, тийм л төр байна шүү дээ. Ямар л хүүхэн байна өөртэйгөө таарсан нөхөртэй болно биз дээ. Траншейны архичин оны мисс хүүхэнтэй суух бололцоо бий юу? Их хурлын хэдэн гишүүн өөрснөө сонгож гаргаж ирчихээд араас нь хараагаад л. Өөрснийх нь байж байгаа царай нь л тэр шүү дээ. Тэр Бат-Эрдэнэ, тэр Арвиндаа сонгогчид нь таарсан л байгаа шүү дээ. Өөр хэнийгээ сонгох гээв?

-Та Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхгүй юм уу?

-Би юу даа? Гоёдох байлгүй! Хээнцэрдэнэ. Дэндүү шудрагадана, дэндүү ухаантайдана, дэндүү зөвдөнө... өөрөөр хэлбэл хэн ч намайг сонгохгүй.

-За за. Гэхдээ та асуултаас битгий зайлсхий л дээ. Та Ардчилсан намын гишүүн. Танай намаас хэн дэвших бол? Ерөнхийлөгч болох шалгуурт нийцэх хэн байна вэ?

-Мэдэхгүй.

-Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарын тухайд? Э.Бат-Үүл их зөв юм яриад байгаа ш дээ. Хуучин АИХ-ын чуулган гэж байсан даа.

-Зөв санаа шүү, тэр АИХ байгуулна гэдэг. 1990-92 онд туршаад үзсэн. Байнгын ажиллагаатай биш. Жилдээ ганц хуралддаг. Засгийн газар байгуулах, төсөв батлах зэрэг асуудал дээр хуралддаг. Манай энэ УИХ бүх юмыг шийддэг аймаар газар болоод байгаа. Энд даруулга өгдөг газар хэрэгтэй байгаа юм. Эргээд бодоход УБХ, АИХ дэгтэй байсан байна лээ. Японд дээд танхим гэж бий, хуучин сайд нараас бүрдэнэ. Англид Лордын танхим гэж байх. Лордын танхим бараг хэзээ ч хуралдахгүй. Хэдэн гишүүнтэйгээ ч мэдэхгүй. Лав 6 мянга гаруй гишүүнтэй байх. Онц үед давхиж ирээд нийтийн танхимдаа шахалт үзүүлээд, наадах чинь болохгүй гэх жишээний. Даруулга л юм даа. Түүнээс биш тэд хууль тогтоодоггүй. Ингэхээр 400 хүнтэй байнгын бус дээд танхим байгуулбал ард түмний төлөөлөл өргөжинө. Манайд ард түмний санал гэж их ярьдаг. Яг үнэндээ тэр ард түмэн гэдэг чинь хаа байгаа хэнийг хэлээд байгаа юм бэ?

-Улстөрчдийн хэлдэг гоё үг.

-Яг тийм. Гоё үг. Үнэндээ бол нохойд барьдаг мод шүү дээ. Ард түмэн өөрдийгөө төлөөлөх өргөн төлөөлөлтэй л байх ёстой. Ард түмний шийдвэр гэж юу юм бэ? Монголын ард түмний 90 хувь нь ийшээ, 10 хувь тийшээ гэвэл алийг нь ард түмэн гэх вэ. 10-ийг ард түмэн гэх үү, 90-ийг нь ард түмэн гэх үү. 90-ийг нь ард түмэн гэвэл 10-ийг нь яагаад хасаад хаяж байна гэсэн асуулт үүснэ. Иймээс л ард түмний гэхээсээ олонхийн шийдвэр гэсэн ойлголт байдаг. Нэг талаас үнэхээр ард түмэн гэж бий, гэвч нөгөө талаас ард түмэн гэхээр хийсвэр ойлголт болчихдог. Шударга гэдэгтэй адил үг. Юуг шударга гээд байгаа юм бэ? Хүн хүн өөрийнхөөрөө тайлбарладаг. Тиймээс хуулийн хэллэгт шударга гэж байдаггүй юм шүү дээ. Хуулийн хүрээнд, хуулиас гадуур гэхчлэн тодорхойлно.

-Сүүлийн үед Ерөнхийлөгчийн засаглалтай болно гэж хүмүүс ярих боллоо. Хуулийн төсөл санаачилсан ч гэх шиг. Тухайлбал Путин шиг хүн Монголд хэрэгтэй гэх маягийн зүйл ч сонсогдох боллоо. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хүмүүс гэж хэн, хэдэн хувь, ямар хүмүүс байгаа юм бэ? Дахиад л нөгөө ард түмэн гэдэг шигээ юм яриад уналаа. Ер нь бол төрийн ямар ч сайн шийдвэрийг хүн амын 25 хувь заавал эсэргүүцдэг юм гэнэлээ. Ер нь тэгээд тэр Путин чинь хаана байгаа юм? Энхбаяр уу? Путиндээд л сууж байна шүү дээ, одоо бас ямар эрх мэдэл нь дутчаав? Олгосон байтугай олгоогүй эрхийг эдлээд сууж байгаа нь чамлалттай байна уу?

-Энэ яриа төдий л зүйл байх гэж үү?

-Үгүй байх. Ямар засаглалтай байхыг эрх бүхий хүмүүс л шийднэ. Эрх бүхий хүмүүсийн дунд тийм үзэл дэлгэрсэн гэж бодохгүй байна. Хуулийг өөрчлөх, бий болгох, тогтоох, мөрдүүлэх үүрэг бүхий улсуудыг булхайтай ч байна уу, булхайгүй ч байна уу сонгуулиар гаргаж ирсэн биз дээ. Тэр улс шийдэх болохоос нэг нөхөр зурагтаар байн байн ярьж байгаад шийддэг асуудал биш. Үргэлж тийм юм байх болно. Тэр хүн тэрийгээ илэрхийлэх бүрэн эрхтэй. Ер нь Ерөнхийлөгчийн засаглал гэж юуг ойлгоод байгаа юм? Улсуудын ярьж байгааг хараад байхад Ерөнхийлөгчийн засаглал гэж хаант засаглалыг ойлгоод байгаа байхгүй юу. Хаан гэдгийгээ л Ерөнхийлөгч гэх юм билээ. Абсолют монархизм гэж байдаг. Тэрийг л Ерөнхийлөгчийн засаглал гэж ойлгоод байгаа юм. Үнэндээ хамаг юмаа хариуцуулаад, сайн хүн олж тавина гээд инээдтэй юм яриад байх юм. Бид парламентын засаглал ерөнхийлөгчийн засаглал гэж яриад байгаа чинь гүйцэтгэх засаглалаа шууд сонгох уу, дамжуулж сонгох уу гэдэг асуудал юм. АНУ-д Обамаг сонгоно гэдэг шууд Засгийн газрыг сонгочихож байгаа хэрэг. Тэр өөрөө засгийн газраа үзэмжээрээ бүрдүүлнэ. Парламентийн засаглал гэдэг нь парламентаа сонгуулиар бүрдүүлээд тэндээсээ Засгийн газраа томилдог. Ерөнхийлөгчийн засаглалтай үед гүйцэтгэх засаг шууд сонгогддог бол Парламентын засаглалтай үед гүйцэтгэх засаг дамжин томилогдож байна. Ерөнхийлөгчийн засаглал гэж яриад байгаа улсын мөрөөдөөд байгаа тэрхүү абсолют монархизм чинь өнөөгийн ертөнцөд цөөхөн газар байгаа. Оманд байгаа байх. Саудын Арабт байгаа биз дээ. Тэр бол бүтэхгүй байх аа. Манайд абсолют монарх дахиж бий болохгүй байх.

-Сэдвээ жаахан өөрчилъе. Сүүлийн үед долларын ханш өслөө. Юу болоод байна вэ? Монголбанкны ерөнхийлөгчийг сольчихвол бараг буурах юм яриад байсан. Улам л нэмэгдээд байдаг?

-Биднээс өөрөөс болсон юм их бий. Саяын хэдэн жил бид их цамаархлаа. Засгийн газрууд мөнгөөр ёстой нэг туйлсан шүү дээ. Гадаадын хэд хэдэн хөрөнгө оруулчихсан, уул уурхайнуудаа ашиглачихсан, хүүхдийн, гэр бүлийн мөнгө гээд тараалгүй улсын эрсдлийн санд нэг тэрбум доллар цуглуулчихсан, Монголбанкаа шахаж элдэв юм бололгүй 3-4 тэрбум долларын нөөцтэй болчихсон байх л байлаа. Бид чинь уул нь даруухан хэрэглээтэй даржин ард түмэн байлаа даа, уг нь.

-Та Сангийн сайд байсан. Манайд эдийн засгийн урт хугацааны төлөвлөгөө, бодлого гэж байдаг юм уу ер нь?

-Бид нарын ерөнхий зорилт улам дэвжин дээшлэх, өсөх, хөрөнгө чинээтэй болох. Энэ чинь л чиг хандлага юм шүү дээ. Бүх улс оронд ийм. Түүнээс биш тэдэн онд нөөцийг тэгнэ, валютын ханшийг ингэнэ гэсэн юм байхгүй. Тэгэж төлөвлөх бололцоогүй. Бололцоогүй болохыг нь энэ хямрал харуулж байгаа биз дээ? Цогц бодлого гээд хачин юм хийсэн л байна билээ. Бас л өнөө мундаг хүний ивээл дор! Мөрөөдөж болно, хүсэж болно, харин тэрийгээ тулгаж болохгүй. Үе үеийн Засгийн газрууд нөхцөл байдалдаа тохируулж л урагшлах болохоос хүний мөрөөдлийн жагсаалт биелүүлж явах учиргүй. Хөгжинө, дэвшинэ, урагшлана, баяжина, боловсроно, эрүүлжинэ, хүн амын амьдралыг дээшлүүлнэ гэсэн зорилт чинь л өөрөө өнөө ерөнхий бодлого чиглэл төлөвлөгөө чинь шүү дээ.

-Гэхдээ өрхийн төсвөө барьдаг би ч гэсэн энэ сард тийм зарлага гаргана, ирээдүйд хүүхдээ сургуульд оруулах учир мөнгө хураана гэх мэт төлөвлөлт хийдэг байхад манайд байсхийгээд л солигдоод байдаг Засгийн газрууд таг харанхуйгаар зөвхөн өөрсдийнхөө нэр хүндийг бодсон алхам хийгээд байгаа нь манай эдийн засгийг улам дампууруулаад байгаа юм биш үү?

-Манай төр төлөвлөгөөгүй учраас дампуураад байгаа юм бишээ. Түрүүний хийснийг нь дараагийнх нь нурааж цоо шинээр амьдрал эхлэх гээд байдаг нь дампуурал руу чирж байна. Хуримтлал буй болгох, эрсдэлийн сан байгуулах, инфляцаас сэргийлэх, нөөцөө нэмэгдүүлэх, боловсролыг дэмжих энэ тэр чинь төлөвлөгөө биш зарчим. Үе үеийн хаанахын ч төрийн баримтлах зарчим. Манай аль ч Засгийн газар өмнөхийнхөө бүх юмыг үгүйсгээд нураадаг ч гэсэн энэ ерөнхий зарчмыг юутай ч баримтлаад л байгаа шүү дээ.

Ярилцсан С.ГАНТОГОО


Дэлгэрэнгүй унших...